Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01815

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01815

 

 

 

 

З.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01304 дүгээр шийдвэртэй, З.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Бота, Б.Серикжан нарт холбогдох 11 910 732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолоор Б.Бота,Б.Серикжан нараас 263 000 000 төгрөг гаргуулж З.Лхагвасүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Б.Бота,Б.Серикжан нар шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр урамшууллын гэрээ байгуулж, 264 482 950 төгрөгийг 4.5 хувиар тооцож нийт 11 910 732 төгрөгийн урамшууллыг төлсөн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Хэрэв хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн бол дээрх хохирол учрахгүй байсан. Иймд Б.Бота, Б.Серикжан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас гэм хорын хохиролд 11 910 732 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Бота, Б.Серикжан нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дүгээр зүйлд зааснаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, тухайн гомдлын хариу 2015 оны 8 дугаар сарын сүүлээр ирсэн. Тухайн гомдлыг шийдвэрлэсний дараа 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр З.Лхагвасүрэн нь Шийдвэр гүйцэтгэх албатай урамшууллын гэрээ байгуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан байдаг. Бидэнд шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжит хугацаа олгохгүйгээр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт өгч шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас гаргуулсан байсан. 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна. гэж зааснаар төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын хооронд гэрээ байгуулагдаж, хуульд зааснаар урамшууллын төлбөрийг төлсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 652 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 531 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолоор Б.Бота, Б.Серикжан нараас 264 482 950 төгрөгийг гаргуулж З.Лхагвасүрэнд олгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.2, Хууль зүйн сайдын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/181 тоот журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр авагч З.Лхагвасүрэнтэй урамшууллын гэрээ болон зардлын гэрээнд заасны дагуу 264 482 950 төгрөгийн 4.5 хувь буюу 11 910 732 төгрөгийг урамшуулалд суутган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бота, Б.Серикжан нараас 11 330 254 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Лхагвасүрэнд олгож, үлдэх 580 478 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Лхагвасүрэн нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч З.Лхагвасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 22 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Б.Бота, Б.Серикжан нараас улсын тэмдэгтийн хураамжид 196 234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Лхагвасүрэнд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгаль, Б.Эрдэнэбат нар давж заалдах гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулсан нь З.Лхагвасүрэнгийн өөрийн хүсэл зоригт үндэслэгдсэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын асуудал тул төлбөр гүйцэтгэгчийн зүгээс учруулсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Б.Бота, Б.Серикжан нар шүүхийн шийдвэрийг хүндэтгэн боломжоороо бэлэн мөнгөөр болон үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсан үнээр төлсөн байхад тэднийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэсэн дүгнэлт нь огт үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардлыг төлбөр авагчид тодорхойлж хуваарилсан байхад төлбөр төлөгчөөс гаргуулсан нь хуульд болон шударга ёсонд нийцэхгүй, зөрчсөн. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах гэснийг ноцтой зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч З.Лхагвасүрэн нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж-3 өөрийн байранд байх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу нутаг дэвсгэрийн харьяаллын хариуцагчаасаа татгалзсан. Хариуцагч Б.Бота, Б.Серикжан нар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг байхад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд харьяалах иргэний хэргийг шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч З.Лхагвасүрэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан урамшууллын гэрээний Б.Бота, Б.Серикжан нар оролцогч биш, уг гэрээгээр Б.Бота, Б.Серикжан нар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн. Хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн боловч иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй байна. Б.Бота, Б.Серикжан нар 264 472 950 төгрөгийн төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн хэрэг дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв оновчтой сонгон хэрэглэж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч З.Лхагвасүрэн нь хариуцагч Б.Бота, Б.Серикжан нарт холбогдуулан гэм хорын хохиролд 11 910 732 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж тодорхойлсон.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 652 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолоор Б.Бота, Б.Серикжан нараас 264 482 950 төгрөгийг гаргуулж З.Лхагвасүрэнд олгож шийдвэрлэжээ. Төлбөр авагч нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 15/6983 дугаар гэрээ байгуулж, төлбөрийн үнийн дүнгээс 4.5 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахаар харилцан тохиролцсон, шийдвэр гүйцэтгэгч гаргуулсан төлбөрөөс 11 330 254 /6 050 382+5 279 872/ төгрөгийг урамшуулалд суутган, үлдэх төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлсэн зэрэг нь нотлогдсон байна. /хх-ийн 35, 55 дугаар тал/

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан. Хариуцагч Б.Бота, Б.Серикжан нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, улмаар төлбөр авагчид төлөх төлбөрөөс урамшууллыг суутган авчээ. Хариуцагч нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал төлж улмаар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн авч чадаагүй байх тул гэм хор учирсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт гэм хор учруулсан тохиолдолд үүрэг үүснэ гэж тус тус тодорхойлжээ.

Гэм хор учруулсан этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээн тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлээс 11 330 254 төгрөгийн шаардлагыг хангасан нь зөв болсон байна.

Харин хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх талуудын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг зөв оновчтой сонгож хэрэглэж чадаагүй алдаа гаргажээ. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримталсан нь буруу ба 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлах ёстой. Учир нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхийг зохицуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэл нь хариуцагч нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал төлж хохирсон гэм хорын хохирлоо шаардаж байгаа болохоос гэрээний үүрэгтэй холбоотой учирсан хохирлыг шаардаагүй. Гэтэл шүүх гэрээний тал биш этгээдийг гэрээний үүрэг зөрчсөн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд хариуцагч нарын өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжтой. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад агуулгыг хэвээр үлдээх үндэслэлтэй болно.

Давж заалдах гомдолд хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж байсан, энэ үүргээ гүйцэтгэх боломж олгоогүй, урамшууллын төлбөрийг төлбөр авагч төлөх үүрэгтэй гэх үндэслэлийг заасныг хүлээн авах боломжгүй. Учир нь хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэм буруутай болох нь тогтоогдсон, үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч зардлыг гаргаж хохирох ёсгүй байсан, уг зардлыг нэхэмжлэгч өөрөөсөө гаргаж эд хөрөнгөнд нь хохирол учирсан, 2 жил гаруй хугацаанд буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өр төлбөрийг барагдуулсан байх тул энэ гомдол нь үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан. Нэхэмжлэлд тодорхойлсон 3 хариуцагчийн нэг нь Сүхбаатар дүүрэгт байрлах хуулийн этгээд байх тул харьяалал зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй. Түүнчлэн хэрэг болон нэхэмжлэл гаргах нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн гэж үзсэн бол шүүх өөрөө болон талуудын хүсэлтээр өөр шүүх рүү хэргийг шилжүүлэх эрх нь анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон бөгөөд ийм ажиллагаа хийгдсэн гэх баримт хэрэгт байхгүй байна. Анхан шатны шүүх нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу хэргийг шийдвэрлэсэн эсэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

Мөн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлгүйгээр ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг явуулах боломжтой эсэх талаар шүүх тодруулсан, хэн аль нь иргэдийн төлөөлөгч оролцуулахгүй, эзгүйд нь шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тухай зохигчдын хүсэлтэд болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас үзэхэд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. /хх-ийн 85-89 дүгээр тал/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01304 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 219 дүгээр зүйлийн 219.1 гэснийг 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэж өөрчилж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196 235 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ