Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 609

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Х овогт Б.Э, Б овогт С.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708005490127 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Х овогт Б.Э, Монгол Улсын иргэн, .............регистрийн дугаартай, урьд дөрвөн удаа ял шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 561 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн  70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

- Сүхбаатарын дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын  09-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүрргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

2. Б овогт С.А, Монгол Улсын иргэн, ................................ регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар байрны 302 тоотод оршин суух иргэн Д.Т-гийн орон сууцны зочны өрөөний хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, иргэн З.У-ын 9,790,000 төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус, гоо сайхны барааг хулгайлсан гэх,

- Мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах иргэн Т.Б-ийн эзэмшлийн хувийн орон сууцны цонхны хаалт төмрийг эвдэн нэвтэрч, компьютерийн процессор, цэнхэр хар өнгийн залгуур хоёр ширхэг ном зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 630,000 төгрөгийн хохирол учруулсан гэх,

Шүүгдэгч Б.Э, С.А нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 10 дугаар орцны 2 давхарт байрлах иргэн Э.Б-ын ажлын өрөөний хаалганы цүүг эвдэн нэвтэрч, сантехникийн багаж, ТСЛ загварын 32 инчийн ЛСД зурагт зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 287,400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

“Х овогт Б.Э 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар байрны 302 тоотод оршин суух иргэн Д.Т-Гийн орон сууцны зочны өрөөний хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, иргэн З.Ундрахын 9,790,000 төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус, гоо сайхны барааг хулгайлсан гэх,

- Мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах иргэн Т.Б-ийн эзэмшлийн хувийн орон сууцны цонхны хаалт төмрийг эвдэн нэвтэрч, компьютерийн процессор, цэнхэр хар өнгийн залгуур хоёр ширхэг ном зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 190,000 төгрөгийн хохирол учруулсан гэх,

- Харваач овогт Б-ын Э, Б овогт С.А нар бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 10 дугаар орцны 2 давхарт байрлах иргэн Э.Б-ын ажлын өрөөний хаалганы цүүг эвдэн нэвтэрч, сантехникийн багаж, ТСЛ загварын 32 инчийн ЛСД зурагт зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 287,400 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд: “...Би иргэн Д.Т-гийн орон сууцны зочны өрөөний хаалганы цоожийг эвдээгүй. Хаалга онгорхой байсан бөгөөд намайг орохоос өмнө Золбаяр уг өрөө рүү орж нэг лонх архи авсан бөгөөд өрөөнийх нь үүдэнд хагалсан юм . Би энэ талаар мөрдөн байцаалтад тодорхой мэдүүлсэн. Харин гоо сайханы бараа хулгайлан авч, зарж борлуулаад архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, миний буруу..., ...Харин хохирогч Б-гийн байшин руу нэвтэрч, компьютерийн процессор, залгуур авч байшингийн хажууд байрлуулсан байсан бөгөөд байшин руу буцаж ороод унадаг дугуй авах гэж байх үед хүн ирсэн тул уг дугуйг авч чадалгүй орхиод явсан юм. Тэгээд байшингийн хажууд орхисон зүйлсээ авч явж байгаад үерийн усны далан дээрх явган хүний гүүрэн дээр цагдаа нарт баригдсан..., ...Шүүгдэгч С.А-тай хамт үйлдсэн хэргийн тухайд мэдүүлэх зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. Шүүгдэгч С.А шүүх хуралдаанд: “...Э ах бид хоёр орцонд архи уугаад сууж байсан юм. Тэгээд би хоёр давхрын хогийн бункерын хаалгыг татсан чинь онгойсон. Би тэнд хүн байдаг гэж мэдээгүй, хуучин модон хаалга байсан бөгөөд гэрэлгүй байсан тул цоожтой эсэхийг нь анзаараагүй. Тэр дотор нэг гудас дэлгээтэй байсан бөгөөд бункерын хоолойн ард байрлуулсан байсан зурагт, цүнхтэй багажийг авсан. Би хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөлөгчийнхөө байр суурийг дэмжиж байна...” гэв.

Эрүүгийн 1708005490127 дугаартай хэргийн хувьд:

3. Хохирогч Д.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн ”...Манай охин З.У нь АНУ-аас гоо сайханы бараа бүтээгдэхүүн оруулдаг юм. Тухайн оруулж ирсэн хайрцагтай бараануудаа манай гэрт байрлуулсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 20-ны орой 23 цаг өнгөрч байхад би гэрийнхээ гадна хаалгыг түлхүүрдээд орж ирэхэд том өрөөний хаалганы цоожийг эвдлээд хаалгыг дэлгэсэн онгорхой байсан. Жижиг өрөөнд З согтуу унтаж байсан. Том өрөөнд охин У-ын гоо сайханы бараа бүтээгдэхүүн байсан. Тухайн том өрөөнд нийт 20 хайрцаг гоо сайханы бараа байснаас намайг тоолж үзэхэд 14 хайрцаг гоо сайханы бараа нь байсан. 6 хайрцагтай гоо сайханы бараа хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 58 дугаар хуудас),

4. Гэрч Т.М-нийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн ”...Хоёрдугаар давхраас нэг ах хайрцагтай эд зүйл өргөөд бууж байснаа бид хоёрт хандан ахын дүү нар хайрцагтай зүйл дээрээс буулгаад өгөөч, ах нь ганцаараа дийлэхгүй байна гэхээр нь юм бодолгүй, настай хүн байна гэж бодоод Б бид хоёр дээш хоёрдугаар давхарт хамт гарахад хайрцагтай эд зүйл шатны хажууд гаргаад тавьсан байсныг нь Б бид хоёр нэг нэгээр нь өргөөд орцноос гаргаад Ундрам гэх нэртэй дэлгүүрийн хойд талын саадны хажууд буулгаж өгөөд буцаад явах гэсэн чинь саадан дотор бусад хайрцагтай эд зүйлсийг харж байсан намхан биетэй ах нэг хайрцаг задлаад хайрцган дотроос савтай 2 ширхэг үнэртэй ус гаргаж өгөхөөр нь юм бодолгүй аваад орц руу орж ажлаа хийсэн. ...Анх орцон дотор байхад 50 орчим насны 170-172 см орчим өндөртэй, шөвгөр царайтай, бараан өнгийн хувцастай ах хайрцагтай эд зүйл зөөгөөд өгөөч гэхээр нь Б бид хоёр нэг нэгээр нь зөөж өгсөн. ...эхлээд 40-45 орчим насны өндөр биетэй эрэгтэй орцноос хайрцагтай эд зүйлс зөөгөөд гаргаад өгөөч гэж хэлсэн.Тэгэхээр нь Билгүүн бид хоёр хөгшин хүн гуйж байгаа юм чинь гэж зөвшөөрөөд орцноос би нэг ширхэг хайрцагтай зүйл, тэр ах өөрөө нэг ширхэг хайрцагтай зүйл, Б нэг хайрцагтай зүйлс зөөж гадаа сааданд гаргахад сааданд махлагдуу биетэй залуу миний санаж байгаагаар 2 хайрцагтай зүйл тавьсан хүлээгээд сууж байсан. ...Бид гурав зөөж гаргасантай нийлээд сараанд 5 хайрцаг эд зүйлс болсон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 38-41 дүгээр хуудас),

5. Гэрч Б.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...”Ундрах” хүнсний дэлгүүрийн ард талд хоч нь Туслик” гэх Э, хоч нь “Тунтгаа” буюу Б гэх хүмүүс зогсож байсан бөгөөд эдгээр хүмүүс 4 хайрцагтай гоо сайхны зүйлс, бас үнэртэй ус зэрэг эд зүйлс -ар дээрээс зарж байсан. ...Гурвалжин зах ороод буцаад ирэхэд ...бараагаа бүгдийг нь зарчихлаа гээд юм яриад архи уугаад сууж байсан. ...Би сураг сонсоход "Гуслик хочтой Э нь найз Золжаргалын хамт архи ууж байгаад гэрт байсан дүүгийнх нь бараануудыг хулгай хийсэн гэж сонсогдсон бөгөөд харин Тунтгаа буюу Б, бусад хүмүүс нь хамт заралцаж архи уусан юм шиг байна лээ. Гуслик буюу Э нь Ундрах дэлгүүрийн ард эрэгтэй, эмэгтэй үнэртэй ус, гоо сайхны бараанууд хайрцагтай нь зарж байсан.…” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас),

6. Гэрч Г.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “...Миний санаж байгаагаар зун 7 дугаар сарын сүүлээр байсан. Би 16-17 цагийн орчимд гэрээсээ гараад тал шил архиа барин байр тойрон урагшаа явж байтал Ундрам гэх дэлгүүрийн ард Э баахан хүмүүсийн хамт хайрцагтай гоо сайхны бараа зараад зогсож байсан. ...Намайг харахад 2 хайрцаг байсан. Намайг ирэхээс өмнө хэдэн хайрцаг байсныг мэдэхгүй байна. ...Э нь тухайн барааг 1000-3000 төгрөгөөр зарж байсан...” гэх мэдүүлэг.…” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 155 дугаар хуудас),

7. Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн ”... гэрээсээ гараад явж байтал Ундрам дэлгүүрийн гадаа баахан хүмүүс бужигнаж байсан. ...Бүх бараа 1000 төгрөг гээд гоо сайхны бараа зарж байсан. ...Намайг харахад хайрцагтай гоо сайхны бараанууд л байсан Тухайн гоо сайхны барааг бүх бараа 1000 төгрөг гээд зарж байсан…” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 116 дугаар хуудас),

8. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 302 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн “...Гадна хаалгаар нэвтрэн ороход ертөнцийн зүгээр баруун тийш харсан алтлаг шар өнгийн бариултай шаргал өнгийн модон хаалга байх бөгөөд хаалганы цоожийг хөшсөн байдалтай, хаалганы модны ирмэг хэсгээс 9x1 см-ийн хэмжээтэй цуурч салсан, хаалганы түгжээний тээглүүр төмөр хөшигдөж эвдэрсэн...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтас, 6-7 хуудас),

9. Эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтас, 11-12 дугаар хуудас),

10. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1 дүгээр хавтас, 13-14 дүгээр хуудас),

11. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтас, 61-67 дугаар  хуудас),

12. “Дамно” Хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн СХЗ-18-46 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Нийт 9.790.600...” тайлан (2 дугаар хавтас, 86-99 дүгээр хуудас),

Эрүүгийн 1708021300279 дугаартай хэргийн хувьд:

13. Хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр 24 дүгээр  нийтийн байрны эзэн бөгөөд 1 давхрын 3 тоот өрөөг би өөрийн ажлын өрөө хэлбэрээр ашигладаг юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би уг өрөөгөө цоожлоод явсан чинь оройн 21 цагийн үед манай хажуу айлын О над руу залгаад 1 дүгээр давхрын чинь баруун хойд талын цонхны хамгаалалт төмрийг нэг залуу эвдлээд дотор талаас нь унадаг дугуйг чинь хар өнгийн цүнхтэй эд зүйлсийн хамт хулгайлаад аваад явж байхаар нь би цагдаа дуудаад бариулсан гэж хэлсэн. ...манай ажлын өрөөний цонхны хаалт төмрийг хөшиж онгойлгоод дотор талын вакум цонхыг нь хагалаад унадаг дугуй, компьютерийн процессор, цэнхэр, хар өнгийн залгуурын хамт, 2 ширхэг ном зэргийг хулгайлж авсан байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 149-150 дугаар хуудас),

14. Гэрч А.О мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20 цаг 50 минутын орчим ...өөрийн эзэмшлийн нийтийн байрныхаа галын өрөөнд гал хийх гээд хашаанаас гартал манай гэрийн ойролцоо айлын цонх хагарч байгаа чимээ сонсогдсон. Тэгээд ойр хавиар хүн хартал юм харагдаагүй. Би гэрийнхээ урд талын явган хүний гүүрээр гарч байсан чинь гүүрний зүүн урд талд байдаг айлын байшингийн цонхны үзүүрт нэг хүн сүүтэгнээд байхаар нь би явж очсон чинь тэр айлын цонхыг нэг залуу хагалчихсан, цонхоор нь хүүхдийн унадаг дугуй гаргаж байсан. Тэгэхээр нь би тэр авч гарч байсан залууд хөөе, чи энд юу хийж байгаа юм бэ гээд тэр залуугийн цонхоор аваад гарч байсан унадаг дугуйнаас нь татсан чинь тэр залуу намайг муу авгай минь, чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд миний татаж байсан дугуйг надтай хамт түлхээд цаашаагаа зугтаад явчихсан. ...180 см орчим өндөр, 40 орчим насны туранхай, бор царайтай, хар куртиктэй, богино халимаг үстэй, жижиг хар өнгийн цүнх үүрчихсэн залуу байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас, 151 дүгээр хуудас),

15. Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байгаад орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр 24 дүгээр байрны орчим явж байсан чинь цүнхтэй эд зүйл барьсан эрэгтэй хүн явж байхаар нь шалгахад тухайн этгээд өөрийн барьсан эд зүйлээ хаанаас авснаа хэлж чадахгүй, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байхад цаанаас нэг эгч ирээд энэ хүн сая энэ байрны нэг давхрын цонхоор орж, эд зүйл хулгайлж аваад явж байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн этгээдийг барьж цагдаагийн хэлтэс дээр ирээд шалгаж үзэхэд өмнө хулгайн гэмт хэргээр шийтгүүлж байсан Б овогтой Э байсныг мөрдөгчид шилжүүлэн өгсөн юм..." гэсэн  мэдүүлэг (1 дүгээр хавтас, 152 дугаар хуудас)

16. Яллагдагч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой ...1 дүгээр хорооллын арын далангаар ганцаараа алхаад явж байхдаа 11 дүгээр байрны харалдаа хойно байрлах Өнөр 24 дүгээр байрны баруун хойд талын цонхоор харсан чинь хаалт төмөр нь эвдэлж болмоор шинжтэй байхаар нь доод талаас нь хүчтэй татсан чинь нөгөө хамгаалалт төмөр нь наашаа сугараад гараад ирсэн. Тэгэхээр нь би тэрийг хөшөөд дээшээ болгож байгаад порчикийг нь түлхэж үзсэн чинь онгорхой байхаар нь дотогшоо ороод хулгайлаад авах зүйл юу байна гэсэн чинь нэг компьютерийн процессор, 2 залгуурын хамт байхаар нь аваад хар өнгийн цүнхэнд хийгээд хэдэн ном байхаар нь тэрийг аваад цонхоор гаргаад тавьсан. Тэнд унадаг дугуй байхаар нь тэрийг бас авах гэсэн чинь цонхоор багтахгүй байхаар нь гарынхаа тохойгоор вакум цонхны том талыг нь хагалж байгаад дугуйг гаргасан. Тэгээд би өөрөө гараад дугуйгаа түрээд явах гэсэн чинь миний араас нэг эмэгтэй ирээд дугуйг татаад аваад явахаар нь би хар өнгийн цүнхтэй эд зүйлээ аваад доошоо явсан чинь нэг цагдаа ирээд намайг бариад авсан юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас, 164-165 дугаар хуудас),

17. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах иргэн Т.Б эзэмшлийн хувийн сууцанд хэргийн газрын үзлэг хийсэн “...Байшингийн зүүн хойд талд зүүн зүгт харсан гадуураа хаалт төмөртэй, хаалт төмрийг нь эвдэлсэн, 148x145 см хэмжээтэй вакум цонхны, 130x85 см хэмжээтэй цонхны шилийг хагалж, хагархай нь гадагшаа бутарч унасан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас, 138-142 хуудас),

18. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас, 144-146 дугаар хуудас),

19. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “...унадаг дугуй 500,000 төгрөг ... нийт дүн 690,000 төгрөг...” гэсэн хохирлын үнэлгээ (1 дүгээр хавтас, 167 дугаар хуудас),

Эрүүгийн 1708016760252 дугаартай хэргийн талаар

20. Хохирогч Э.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Өнөр-12 СӨХ-өөс тус байрны 10 дугаар орцны 2 давхарт байрлах функерт намайг оруулсан бөгөөд уг өрөөнд би ажлынхаа заваар амарч, орой сангийн багажнуудаа үлдээгээд цоожлоод явдаг байсан. Би 2017 оны 9 дүгээр сарын 25-ны орой 22 цаг 00 минутын үед өрөөгөө цоожлоо гэр рүүгээ явсан бөгөөд маргааш өглөө нь 07 цаг 30 минутын үед ирэхэд хаалганы цүүг эвдэн хулгайч орж, дотор нь байсан БСБ брэндийн хуучны том зурагт, 9 дүгээр орцны жижүүрийн ЛСД зурагт, миний саарал өнгийн Өнөр гэсэн бичигтэй арьсандуу материалтай цүнхтэй сантехникийн багаж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...10 дугаар орцны 8 давхар 355 тоотод хулгайч нар ихээр цуглардаг юм гээд байхаар нь уг айл руу ороход манай өрөөнөөс алдагдсан хуучны том БСБ брэндийн зурагт тагтан дээр байж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас, 203-205 дугаар хуудас),

21. Хохирогч П.О-гийн   мөрдөн байцаалтад өгсөн “...ТСЛ загварын хар өнгийн 32 инчийн зурагтаа жижүүрийн өрөөнд ашиглаж байгаад ...алдчих гээд байхаар нь 10 дугаар орцны 2 давхарт байрлах слесарийн өрөөнд оруулж тавьсан юм. ...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө манай байрны слесарь ирээд өрөөний цүүг эвдээд 32 инчийн| ЛСД зурагт, миний багаж, бас хуучны БСБ маркийн ажилладаггүй зурагт зэрэг эд зүйлс алдагдсан байна гэж хэлсэн. ...Слесарийн өрөөг СӨХ-өөс барьж тохижуулсан бөгөөд орцны жижүүр хариуцдаг юм. Уг өрөөний цоожтой байсан хөшиж онгойлгосны улмаас цүү төмөр, модон хаалганы араам мултарсан байсан. Одоо хаалганд цүү төмрийг шрупдэж янзалчихсан болохоор үнэлүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас, 209-211 хуудас),

22. Яллагдагч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би А-ын хамт ...архи уусан. ...Би согтоод А ахын гэрт унтаад өгсөн. Тэгтэл А намайг сэрээгээд доод пункерт зурагт байна, хоёулаа авчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бид 2 Б ахынхаас гараад доошоо 2 давхар руу буутал жижиг өрөөнд дэлгэц нь хавтгай хар өнгийн зурагт, нөгөө нь хуучны дөрвөлжин зурагт, мөн цүнхтэй багажнууд байхаар нь авсан. Би хавтгай зурагтыг тэврээд, А цүнхтэй багажийг бариад дээшээ буцаад Б ахынх руу орсон. Шөнө болсон байсан учраас дөрвөлжин хар хуучны зурагтыг Б ахын гэрийнх нь балкон дээр гаргаж тавьсан. Тэгээд А бид 2 тухайн хавтгай зурагт, цүнхтэй багажийг аваад тэр шөнөдөө А-ын гэрт нь ирсэн. Тэр шөнөдөө А бид 2 унтаж амраад маргааш өглөө 09 цагийн үед тэдний гэрээс хар хавтгай зурагт, цүнхтэй багажийг аваад Хархорин зах руу зарахаар явсан. ...Удалгүй А ирээд багажийг архины мөнгөөр зарсан гэж хэлсэн. Багажзарсан мөнгөөр Хархорин захаас хямдхан архи авсан. ...зарагдаагүй хавтгай зурагтаа аваад Саппоро үйлчилгээний төвийн доор байдаг Намир худалдааны төвийн дотор байрлах зурагт засварт 10.000 төгрөгөөр зарсан. ...Бид 2 тухайн өрөөнөөс хуучны дөрвөлжин зурагт 1 ширхэг, хавтгай нимгэн хар зурагт 1 ширхэг, мөн цүнхтэй багаж тус тус хулгайлсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас, 6-7 дугаар хуудас),

23. Яллагдагч С.А-ын мөрдөн байцаалтад “...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би Э ахын хамт ...архи уусан. ...би бие засах гээд хогийн функер ортол 2 давхарт айл ч юм шиг, оффис ч юм шиг байр байсан. ...хаалга цоожтой байсан. Би хаалгыг нь таттал хаалга онгойсон. ...Тухайн айлаас Э бид 2 цүнхтэй эд зүйл 2 зурагтыг аваад дээшээ Б ахын гэр рүү орсон. Тэдний гэрт ороод Б ахын балкон дээр тавьсан. Нөгөө хавтгай зурагт, цүнхтэй зүйлийг манай эгчийн ...гэрт нь ирсэн. Тэр үед шөнө болж байсан учраас бид 2 амарсан. ...Бид 2 тухайн өрөөнөөс хуучны дөрвөлжин зурагт 1 ширхэг хавтгай нимгэн хар зурагт 1 ширхэг, мөн цүнхтэй багаж тус тус хулгайлсан. ...цүнхтэй багажийг Хархорин зах дээр танихгүй хүнд зарсан. Нөгөө хавтгай зурагтыг мөн “Намир” төв дээр засварын газарт 10,000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас, 4-5 дугаар хуудас),

24. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 10 дугаар орцны 2 давхарт цахилгаан шатны хажуугийн бункерын өрөө гэх цэнхэр өнгийн модон хаалга байв. Хаалганд хар өнгийн бүрээстэй цоож зүүлттэй байх бөгөөд ... хаалганд ямар нэгэн эвдрэлгүй, харин дотор талаас харахад цүүний орчимд хаалганы хавтас мод цуурсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас, 192-199 дүгээр хуудас),

25. “Дамно” Хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн СХЗ-18-171 дугаартай “...Нийт 287,400 төгрөг...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтас, 93 дугаар хуудас),

26. Шүүгдэгч С.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст, 242 дугаар хуудас),

27. Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгэгдэж байсан талаарх ял шалгах хуудас бүхий лавлагаа (1 дүгээр хавтас, 171 дүгээр хуудас),

28. Шүүгдэгч С.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шалгах хуудас бүхий лавлагаа (1 дүгээр хавтас, 172 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.А-ын өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: Миний үйлчлүүлэгч С.А нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрээгүй учир энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал үгүйсгэгдэнэ. Учир нь орон сууцны хоёр давхарын цахилгаан шатны хажуугийн хогийн бункерийн хэсгийг хаалга хийж битүүлсэн байх боловч энэ нь хүн байнга амьдардаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хохирогч Б-ын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжгүй байна. Түүнчлэн, учирсан хохирол нь 300,000 төгрөгөөс бага байх тул хулгайлах гэмт хэргийн шинжгүй болно. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад дараах дөрвөн төрлийн орон байр, агуулах савыг тодорхойлж, хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан байна. Үүнд:

  1. Хүн байнга амьдрах зориулалттай орон байр
  2. Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр
  3. Тусгайлан хамгаалсан байр
  4. Тусгайлан хамгаалсан агуулах

Хууль зүйн хувьд тусгайлан хамгаалсан байр, агуулах нь хүн байнга амьдрах, эсхүл ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг байхыг шаардахгүй бөгөөд хашаа, хаалга, цоож, манаач, хамгаалагч, хяналтын камер зэрэг арга хэрэгслээр хамгаалалт тогтоосон ил задгай болон битүүмж бүхий орон зай байна. Жишээ нь, энэ хэрэг гарсантай адил загварын орон сууцны зарим айлууд дундын эзэмшлийн үүдний хэсэгтээ хөршийн хаалга хийж, тэр дунд үүсгэсэн орон зайд өөрсдийн эд зүйлсийг агуулах нь бий. Энэ орон зайд хүн амьдардаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй боловч тусгайлан хаалга хийж хамгаалан өөрсдийн хэрэгцээнд агуулах хэлбэрээр ашиглаж байгаа нь мөн л тусгайлан хамгаалсан агуулахад хамаарна. Мөн үйлдвэрийн хашаа нь дээвэр, туургагүй задгай боловч хашаа хаалга хийж, харуул хамгаалалт, хяналт тогтоож тусгайлан хамгаалсныг хамааруулна. Учир нь тусгайлан хамгаалсан хашаандаа үйлдвэрийн машин механизм, тоног төхөөрөмж, түүхий эд гэх мэт зүйлсээ агуулах нь түгээмэл байдаг.

Шүүгдэгч С.А-ын нэвтэрсэн хогийн бункер орчмын орон зай нь дээрх хууль зүйн агуулгыг хангасан болох нь:

- Хохирогч П.О-гийн “...Слесарийн өрөөг СӨХ-өөс барьж тохижуулсан бөгөөд орцны жижүүр хариуцдаг юм. Уг өрөө нь цоожтой байсан бөгөөд хөшиж онгойлгосны улмаас цүү төмөр, хүрээ мод мултарсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Э.Б-ын “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Өнөр-12 СӨХ-өөс намайг уг өрөөнд оруулсан бөгөөд би ажлынхаа заваар энэ өрөөнд амарч, орой нь сантехникийн багажнуудаа үлдээгээд цоожлоод явдаг байсан юм...” гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э, С.А нарын хулгайлах үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учраагүй боловч тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрсэн байх тул хууль тогтоогчийн тайлбар ёсоор гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Б.Э, С.А нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгай хийсэн хэмээн гэмт хэргийн шинжийг ташаа тодорхойлсныг шүүх зөвтгөн тусгайлан хамгаалсан агуулах гэж өөрчилсөн бөгөөд ингэснээр Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт өөрчлөгдөхгүй буюу зүйлчлэл хүндрэхгүй байгааг дурдах нь зүйтэй.   

Түүнчлэн, шүүгдэгч Б.Э-ын холбогдсон хохирогч Т.Б-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдлийн хувьд унадаг дугуй хулгайлах үйлдэл нь төгсөөгүй бөгөөд гэрч О гэмт үйлдлийг таслан зогсоожээ. Хэрэв Б.Э гэрч О-ыг харсаар байтал нь уг дугуйг  илээр, хүч хэрэглэхгүйгээр авч явсан бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болох байсан. Иймд энэхүү эд зүйлийг хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйлээс хасаж тооцох нь зүйтэй. Энэ хэргээс унадаг дугуйн үнэлгээг хасаад хохирол нь 190,000 төгрөг болох хэдий ч үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн тул хууль тогтоогчийн тайлбар ёсоор хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Э-ын гурван удаагийн хулгайлах үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн шинжийг хангах үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг байх тул нэг зүйлчилж, нэг ял оногдуулах нь зөв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э, С.А нарын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдэлтээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрт тооцно.

Шүүгдэгч Б.Э-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бүлэглэж нийт гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.А-ыг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Э-аас 10,053,700 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Т-д 9,790,000 төгрөг, хохирогч Т.Б-д 120,000 төгрөг, хохирогч П.О-т 96,000 төгрөг, хохирогч Э.Б-т 47,700 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

Хохирогч Э.Б нар нь С.А-аас хохирлоо хүлээн авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч С.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.А-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч Б.Э, С.А нар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус бүр тооцлоо.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.Э-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, С.А-ыг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүх тогтоосон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-д 5 жил 6 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгч С.А-д 2 жил 1 сарын хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, шүүгдэгч С.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна гэв.

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгчийн дүгнэлтэд: “...Энэ шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлтэй маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруутайд тооцогдсон зүйл, хэсэг, заалтын хүрээнд гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.А-ын өмгөөлөгчийн дүгнэлтэд: “...Энэ шүүх хуралдаанд шүүгдэгч С.А-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Миний үйлчлүүлэгч хэргийн үйл явдлыг анхнаасаа зөвшөөрч мэдүүлж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хамаарах заалтыг хэрглэж, тусгай ангид зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү...” гэв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь холбогдсон хэргийн үйл баримт, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн зүйлчлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт орон байр, агуулахад нэвтэрсэн гэх хүндрүүлэх шинжийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх хуралдаан хоёр үе шаттай явагдсан. Иймд шүүгдэгч С.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Э, С.А нарыг гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчын санал, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгчийн хүсэлтийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-д дөрвөн жилийн хугацаагаар, шүүгдэгч С.А-д хоёр жилийн хугацаагаар тус бүр хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хор уршгийн хэр хэмжээ, тэдний хувийн байдалд тохирсон бөгөөд ялтныг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн шатанд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс шийтгэх тогтоол гартал 26 хоног цагдан хоригдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн зөвшөөрөлгүйгээр эрүүгийн 1708005490127 дугаартай хэрэгт 48 цаг, эрүүгийн 1708021300279 дугаартай хэрэгт 48 цаг тус тус баривчлагдсан байх тул энэ хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 4 хоног цагдан хоригдсоноор тооцож, нийт цагдан хоригдсон 30 хоногийн хугацааг мөн хоногоор түүний эдлэх ялаас хасах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг 1 ширхэг компакт дискийг энэ хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.А-д хорих ял оногдуулсан тул “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс тоолж, тэдэнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:

1.Х овогт Б.Э-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бүлэглэж нийт гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Б овогт С.А-ыг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-д дөрвөн жилийн хугацаагаар, шүүгдэгч С.А-д хоёр жилийн хугацаагаар тус бүр хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-ын цагдан хоригдсон гуч хоногийг мөн хугацаагаар тооцож, түүний эдлэх ялаас хассугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, С.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 10,053,700 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Т-д 9,790,000 төгрөг, хохирогч Т.Б-д 120,000 төгрөг, хохирогч П.О-т 96,000 төгрөг, хохирогч Э.Б-т 47,700 төгрөгийг тус тус олгосугай.

6.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг энэ хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч С.А бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шүүхийн тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.А-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Б.Э, С.А нарын эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э, С.Анарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

ШҮҮГЧ                                                       Б.БАТАА