Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/159

 

                   2025            01            30                                     2025/ДШМ/159

 

М.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Р.Батбаяр,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, шүүгч Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 21ий өдрийн 2024/ШЦТ/1043 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Р.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Эд холбогдох эрүүгийн 2402004900266 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14ий өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгч М.Э нь Малайз улсаас илгээж, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрсэн ачаагаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, “MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай, нийт 84.2 грамм жинтэй, 5 ширхэг хуванцар савтай шингэнийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-15, “Т” ХХК-ийн байранд байрлах “Фэдэкс” (F) олон улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

            Нийслэлийн прокурорын газраас: М.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч М.Эг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Эгийн өмгөөлөгч Р.Батбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Э нь анх удаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой эрх зүйн мэдлэг дутмагаас тус гэмт хэргийг үйлдсэн байна. Э нь энэхүү хэргийг үйлдсэндээ туйлын гэмшиж буруугаа ойлгож байгаа бөгөөд хэргийг мөрдөн шалгахаас эхлүүлээд үнэнчээр оролцож мөрдөн байцаах прокурорын дуудсан цагт бэлэн байж, мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн байцаалтын ажиллагаанд туслан дэмжиж оролцож ирсэн билээ. Өөрийн алдаагаа бүрэн ухамсарлаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргаагүй, бусдад төлөх хохирол байхгүй, шүүх хуралдаанд оролцсон юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлийн зорилго, зорилт нь гэмт хэрэгт анх удаа холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүний шийтгэлийг хөнгөрүүлэхэд чиглэсэн, мөрдөн байцаалтын болон прокурор шүүхэд саад бэрхшээл учруулахгүй байхад чиглэсэн, гэм буруугаа хүлээн ойлгож байгаа хүнд үзүүлж байгаа өршөөлийн нэг хэлбэр гэж ойлгож байна. Хэдийгээр мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис нь нийгэмд үзүүлэх хор уршиг, аюултай хор уршиг ихтэй гэж тогтоолд дурдсан хэдий ч, энэхүү хэргийг онц аюултай байдлаар үйлдээгүй, үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан, мөн хувийн шинж байдал, 18 нас хүрээд удаагүй байгаа, бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж шүүхээс хүсэж байгаа юм.

Өөрийн алдаагаа ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүнд эрх чөлөөгөө хязгаарлуулж хэдэн ч жил хоригдсон түүнд хуулийн ямар ч хариуцлага, хатуу шийтгэл болж чадна. Удаан хорих, хатуу ял зэм өгөх нь тухайн хүнийг зөв засан хүмүүжүүлэхэд чиглэсн үр дүнтэй арга биш юм. М.Э урьд өмнө нь зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ямар нэгэн хэрэг төвөгт орж байгаагүй, зөвхөн буруу хүмүүстэй учирч, түүний хор уршгийг нарийн сайн ойлгоогүйн улмаас гэмт хэрэг үйлдэж түүнд 5 жил 3 сарын хорих ял оногдуулаад байна.

Шүүгдэгч М.Э болон өмгөөлөгч бид гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байгаа бөгөөд гагцхүү түүнд тохирсон шийтгэл оноож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлийг заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оноосон ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч М.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хорих ангид ял эдлэх 2 сарын хугацаанд олон зүйлийг ухаарч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа дээрээ маргахгүй байгаа. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7. дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч 18 настайдаа буюу амьдралд хөл тавьж байхдаа хүнд гэмт хэрэгт холбогдсон. Өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасны дагуу шүүн таслах ажиллагаа явуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг хэрэглэж өгнө үү. М.Э сэтгэцэд нөлөөт бодисыг авсан, мөнгө шилжүүлсэн гэх үйл баримтад маргадаггүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн дээрх заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс М.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцэж гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалтад хамаарах ялыг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, мөн хуулийн 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар шийтгэх тогтоолд дүгнэсэн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдгийг М.Эгийн үйлдсэн гэмт хэрэгтэй холбож нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг харахад тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдээгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн асуудал яригддаг. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч, өгч байгаа мэдүүлэгт “өөрөө сэтгэцэд нөлөөт бодис гэдгийг мэдээгүй” мөн “худалдаалах зорилгоор оруулж ирээгүй” талаар мэдүүлдэг. Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, үндсэн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж ял оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Э нь Малайз улсаас илгээж, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрсэн ачаагаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, “MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай, нийт 84.2 грамм жинтэй, 5 ширхэг хуванцар савтай шингэнийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-15, “Т” ХХК-ийн байранд байрлах “Фэдэкс” (F) олон улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч М.Бын “... 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ... дугаарай олон улсын карго шуудан ирсэн. Тус шуудан улсын хилээр нэвтрээд Чингис хаан олон улсын нисэх буудлын карго терминал дээр эхлээд буудаг. Түүний дараагаар шуудан илгээмжийн гаалийн газрын D дахь гаалийн хяналтын бүсэд ачаа нь татагддаг. D дахь гаалийн хяналтын бүсэд татагдсаны дараа манифестийн дагуу гаалийн хяналт шалгалтад хамрагдсан. Гэтэл F карго компаниар тээвэрлэгдэн ирсэн 2881 гэх манифест дугаартай, 33 гэсэн хүлээн авагчтай илгээмжид бичиг баримтын түвшинд онилгоо хийж, Малайз улсаас иргэн О нэрээр 0,5 гр жинтэй ... утасны дугаартай ирсэн илгээмжийг рентген аппаратаар гаалийн хяналт шалгалтад хамруулахад 1 ширхэг дөрвөлжин хэлбэрийн хайрцагтай илгээмж байсан. Тус илгээмжийг задалж нягтлан шалгахад дотроо 2 ширхэг цаасан хайрцаг байсан ба манго нэртэй цаасан хайрцаг нь хоосон, нөгөө цаасан хайрцагт 5 ширхэг шилэн савтай тосорхог шингэн зүйл байсныг гаалийн үзлэг шалгалтаар тогтоосон. Тухайн бараа нь нэгдүгээрт эрсдэлтэй буюу Малайз улсаас илгээгдсэн, хоёрт илгээгч нь гадаад хүний нэртэй, хүлээн авагчийн нэр нь бүтэн биш О гэх нэрээр илгээгдсэн тул тухайн илгээмжийг эрсдэлд тооцож, Trunarc багажаар үзлэг хийхэд тодорхой бус сэтгэцэд нөлөөлөх, хар тамхи, мансууруулах бодис байж болзошгүй сэжигтэй нөхцөл байдал илэрсэн. ...” /1хх 234-235/,

 

гэрч Т.Т-ын “... 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ...16 цагийн үед шууданг жолооч Б.Ганбол гаалийн хяналтын бүсээс авч ирсэн. ...би “...” гэх дугаарын утас руу залгаж О /.../ мөн гэхэд мөн гэж хэлсэн. Шуудан чинь ирсэн байна. Дөл хотхон гэх хаяг руу хүргэх үү гэхэд өөрөө очоод авъя гэж хэлсэн. Утсаар ярьж мэдэгдсэний дараа 3 давхарт 315 дугаартай өрөөнд шууданг тавиур дээр тавьж, Баярмаад хүлээлгэж “энэ ачааг ирж авъя гэж хэлсэн” гэж хэлээд гарсан. 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай шууданд ирсэн илгээмж нь Малайз улсаас ирж байгаа анхны тохиолдол юм. …” /1хх 226-227/,

 

гэрч Б.Бийн “... намайг өрөөндөө орж ирээд удаагүй байхад буюу 16 цаг орчмын үед 16, 17 насны өсвөр насны хүүхэд орж ирээд ачаагаа утасны дугаараар шүүлгээд О гэх шуудан авах гэж байгаа юм уу гэхэд тийм гэж хэлсэн. Ачаа хүлээлгэж өгөх үедээ тухайн ачаан дээрх утастай тулгаж асуугаад хүлээлгэж өгсөн. Ингэхдээ ачаа авч байгаа  хүний нэр, гарын үсэг, утасны д угаарыг POD буюу ачаа хүлээлцэх хуудас дээр зуруулж баталгаажуулж авсан. Тус хуудасны 8 дугаарт Нисэхбаяр гэж гарын үсэг зурж, утасны дугаар хэсэгт ...гэх дугаар тэмдэглүүлсэн. ...” /41хх 230-231/,

 

гэрч Г.М-ын “... миний монпэй дансыг Э ашиглаж байгаа, ... дугаар дээр нээчихсэн байсан. Тус данс болон ... дугаар нь миний нэр дээр байдаг хэдий ч би ашигладаггүй, Э ашигладаг юм. Надад монпэй данс байдаг гэдгийг ч мэдээгүй. Э данс нээгээд “q pay” ашиглаж 600,000 төгрөгөөр vape-ний шингэн захиалж, 100,000 төгрөг болон 170,000 төгрөгийг ачааны төлбөрт тус тус шилжүүлсэн гэж хэлсэн. ...” /1хх 244-245/,

 

насанд хүрээгүй Э.Н-ын сэжигтнээр өгсөн “:.. 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед О гэх нэртэй эрэгтэй найзын минь … гэх инстраграм хаягаас миний … гэх хаяг руу “... байна уу, завтай байна уу, каргоноос очоод эгчийн нэр дээр гоо сайхны бүтээгдэхүүн ирсэн, 17 цагаас өмнө Тд байрладаг каргоноос 95-тай дугаар хэлээд очоод авчих...” гэсэн чат ирсэн. ...Т дээр очоод 3 дугаар давхар руу гарахад F нэртэй шуудангийн газар байсан. ...гийн надад чатаар бичсэн 95-тай дугаарыг хэлсэн каргог авахад тэгш өнцөрт хэлбэртэй, цагаан өнгийн ууттай, уутан дээр нь F болон ... гэх нэр бичигтэй байсан. Анх чатаар ... надад манай эгчийн нэр дээр карго ирсэн гэж хэлсэн. Каргог авах үед дотор нь юу байсан талаар би мэдээгүй, ямартай ч ... над руу инстаграм хаягаар “юмыг чинь авчихлаа” гэж хэлсэн. ...” /2хх 38-40/,

 

М.Эгийн яллагдагчаар өгсөн “... би Малайз улсаас энгийн электрон тамхины шингэн захиалсан учир нь никотины хэмжээ нь өндөр байдаг учраас захиалсан. Тухайн шингэн дотор мансууруулах бодис байсан эсэхийг мэдээгүй. Би электрон тамхи хэрэглэдэг болоод 1 жил орчмын хугацаа өнгөрч байна. Би мансууруулах бодис хэрэглэхээр хуулийн хариуцлага хүлээдэг гэж мэдээгүй. Би Малайз улсын иргэнтэй электрон тамхины шингэн захиалахаар чат бичсэн нь үнэн. Интернетээс электрон тамхины шингэн гэж хайгаад хамгийн эхэнд гарч ирсэн хүн рүү чат бичсэн. Миний шээс болон цуснаас яагаад мансууруулах бодис илэрсэн гэдгийг мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 4322, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4321 дугаартай дүгнэлтүүд,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-19/,

М.Эгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн орчуулга /1хх 152-214/

Э.Н-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20-29/,

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Н-19/42 тоот албан бичиг /2хх 146/,

бараа хүлээлцэх хуудас /1хх 232/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад нэрлэн заасан бөгөөд энэ хэргийн тухайд “MDMB-4en-PINACA гэх бодисыг Мансууруулах эмийн асуудал эрхэлсэн комисс нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 6 дугаар хуралдаанаар Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад оруулсан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “MDMB-4en-PINACA” гэх бодисыг тус конвенцид нэрлэн зааж оруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарахаар болсон байна.

 

Мансууруулах эмийн асуудал эрхэлсэн комисс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 5 дугаар хуралдаанаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад оруулж, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бүх оролцогч улсуудад мэдэгдсэнээр 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус конвенц хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

            Мөн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үздэг.

            Түүнчлэн, мансууруулах бодисыг бусдад худалдаалах зорилгыг тогтоохын тулд тухайн мансууруулах бодисын үнийн талаарх мэдээлэл, жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа боодол, жин хэмжүүр гэх мэт онцлог эд зүйлс, тухайн хүний амьжиргааны эх үүсвэр, зан үйлийн байдал зэргээс гадна мансууруулах бодисын хэмжээ их байгаа үйл баримтыг илүүтэй анхаарч үзэх шаардлагатай.

            Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисын хууль бус эргэлттэй холбоотой аливаа гэмт хэргийн талаар нотолбол зохих зүйлд мансууруулах бодисын хэмжээ, нэгж хэрэглээний дундаж тун, нийт хэдэн удаагийн хэрэглээний тун байж болох, мөн хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээг тодорхойлохоос гадна тэдгээр бодисын “хар зах зээл дээрх” хууль бус эргэлтэд хэрэглэгдэж байгаа үнийг тогтоох асуудал хамаарна.

            Үүний тулд үндэсний наркологийн хүрээлэн болон холбогдох бусад байгууллагын мэргэжилтнүүдийн тусгай мэдлэгийн хүрээнд тухайн мансууруулах бодисын шинж чанар, хэмжээ, хор уршгийн байдлыг тодруулах, түүнчлэн Нэгдсэн үндэстний байгууллагын Хар тамхи болон гэмт хэрэгтэй тэмцэх газрын зүгээс зөвлөмж болгон гаргадаг олон улсын хар тамхины хууль бус наймаанд хэрэглэгдэж буй жишиг үнийн мэдээлэл, үүний дотор хөрш орнууд, бүс нутаг болон манай улсад хэрэглэгдэж байгаа жижиглэн болон бөөний үнийн мэдээлэл зэрэгт тулгуурлан мансууруулах бодисын үнийн талаар мэдээлэл баримтаар дүгнэлт өгөх шаардлагатай байдаг.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, М.Эгийн гар утсанд авагдсан чатанд үзлэг хийсэн тэмдэглэлийн “... би Монгол зардаг юм аа, 1 мл нь 70pm Монгол энэ их үнэтэй болоод байна, ... миний өмнө харьцдаг байсан нийлүүлэгч маань зарахаа больсон, Тийм учраас шинэ үйлчлүүлэгч хайж байна, ... хэрэв чи над руу нэг шил /10мл/-ийг үнэгүй явуулбал, мэдээж би тээрийн зардлыг төлнө, Монголд заръя. 25мл*70pm=1750pm Би энэ 1750pm-ийг бүгдийг нь чамд өгье, чи 10 шилийг над руу явуулаад нөгөө 10 мл-ийнхээ мөнгийг авчих. ... надад 600,000 төгрөг байна. 835pm-д 5 шилийг явуулж болох уу? ... Ачаа илгээхдээ D ашиглаж болох уу? ... би googlepay ашиглана, ... хоёр цагийн дараа би өөр захиалагчдын захиалгыг ачуулахаар гарна, Чиний захиалгыг мөн ачуулах уу гэхэд Тийм ээ,  ... би бүтээгдэхүүнээ аваад борлуулчихаад илүү том захиалга хийнээ,” /1хх 187-214/ гэх орчуулга, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Н-19/42 тоот “... Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй бодис 1 гр нь гадаад улсын гэмт хэргийн хууль бус сүлжээ буюу дарквебт хийсэн дүн шинжилгээгээр 4-10 доллар буюу 13,600-34,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол Монгол улсын хар зах зээлд 500,000-1,000,000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. ... ” /2хх 146/ албан бичиг зэргээр шүүгдэгч М.Эгийн “MDMB-4en-PINACA” гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэх шинж хангагдаж байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

            Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Эг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж хүсэж үйлдсэн хэмээн үзнэ.

Шүүгдэгч М.Эгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч М.Э болон түүний өмгөөлөгч Р.Батбаяр нарын “...оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг баримтлан хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

 

Өөрөөр хэлбэл, энэхүү гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг шүүх сонгон хэрэглэхдээ тус гэмт хэргийн улмаас учрах, учирч болох хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний шинж чанарыг зайлшгүй харгалзах учиртай.

 

            Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл юм.

 

            Өөрөөр хэлбэл хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

 

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, “ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч М.Э болон түүний өмгөөлөгч Р.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Харин анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт тус гэмт хэргийн объектив шинжээс өөр байдлаар гэм буруутайд тооцсон нь буруу болжээ.

 

Тодруулбал, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцдэг бөгөөд прокуророос яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд М.Эгийн үйлдлийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн” хэмээн оруулж ирсэн байхад анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтын талаар зөв дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт тус гэмт хэргийн “сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн” гэх шинжээр гэм буруутайд тооцсоныг зөвтгөн дүгнэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Э болон түүний өмгөөлөгч Р.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч М.Э нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 70 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/1043 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “... хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “... хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э болон түүний өмгөөлөгч Р.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эгийн цагдан хоригдсон нийт 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

                          ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ