Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2016/03991/и |
Дугаар | 001/ХТ2017/00115 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2017/00115
Ц.Чимгээгийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00649 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1898 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : Ц.Чимгээ
Хариуцагч : Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ
Нэхэмжлэлийн шаардлага: 4.435.469 төгрөг гаргуулах тухай
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ононгийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Автобус нэг ОНӨААТҮГ-ын захирлын 2009.10.05-ны өдрийн 66 тоот тушаалаар Чингэлтэй бригадад кондуктороор ажилд орсон. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын захирлын 2015.12.18-ны өдрийн Б/1842 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус байгууллагад тасралтгүй 6 жил 2 сар ажилласан.2014.01.22-ны өдрийн Автобус нэг ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2013.02.05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах Нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар 6 сарын тэтгэмж авах байтал надад нэг сарын тэтгэмж олгож миний эрхийг зөрчсөн. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ҮЭХ-оос хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаггүй талаарх баримтыг хавсаргаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д хамтын гэрээнд заасан тэтгэмжийг авна гэж зааснаар хамтын гэрээний 8.5-д зааснаар 9 сарын тэтгэмж авахаар зохицуулсан байна. Гэтэл нэг сарын тэтгэмж болох 555.443 төгрөгийг олгосон, үлдэх 8 сарын тэтгэмж болох 4.435.469 төгрөгийг өгөхгүй хохироож байгаа тул уг 8 сарын тэтгэмж болох 4.435.469 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 66 тушаалаар кондуктороор ажилд орж байгаад 2015.10.15-ны Б/1518 тоот тушаалаар 2 дугаар баазад шилжин ажилласан. 2015.12.18-ны өдрийн Б/1842 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн. 2016.3.25-ны өдрийн Б/310 тоот тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 554.433 төгрөг олгосон.Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар манай байгууллага 3 хамтын гэрээ мөрдөж ажиллах хууль зүйн боломжгүй. Нэхэмжлэгч нь 2 дугаар баазаас тэтгэвэрт гарсан. Хуучнаар Цахилгаан тээвэр компани буюу одоогийн нэгтгэлийн 2 дугаар баазын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн 2012-2014 онд байгуулсан хамтын гэрээ нь 2012.5.09-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөөд 2014.5.09-ний өдөр хүчингүй болсон хамтын гэрээ юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэн хамтын гэрээ нь Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. 2 дугаар баазын ажилчдад хамаарахгүй. Автобус-1 нь НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014.10.01-ний өдрөөс Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ байгуулагдсан. Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр компаниуд татан буугдсан учраас тус тусын гэрээг мөрдөж ажиллахгүй учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт аж ахуй нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Хамтын гэрээг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014.01.06-ны өдөр 1 албан тоотод ҮЭХорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан тоотоор ҮЭХорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015.01.09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажиллаж байна. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00649 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 4.435.464 төгрөгийг гаргуулж, Ц.Чимгээд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85.917 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1898 дугаартай магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00649 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зорчигч тээврийн нэгтгэл нь нэгтгэлийн үэх, автобус-1 дүгээр баазын ҮЭХ, автобус-2 дугаар баазын ҮЭХ, автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй байна. Яагаад гэвэл хөдөлмөрийн тухай хуулийн 14.2-т "аж ахуйн нэгж, байгууллагад хүүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна", мөн үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна" гэж заасан учраас манай байгууллага 3 хамтын гэрээ мөрдөж ажиллах хуульзүйн хувьд боломжгүй байна. 2. Ц.Чимгээ нь 2 дугаар баазаас тэтгэвэрт гарсан. Шүүх нэхэмжлэгч ц.чимгээ нь автобус нэгдүгээр баазад ажиллаж байгаад автобус хоёрдугаар баазад шилжин ажилласан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно гэж. ИХШХШТ хуулийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Яагаад гэвэл 2015.12.18-ны өдрийн 6/1842 тоот ажлаас чөлөөлөгдөх тушаал, 2016.3.25-ны 6/310 тоот тушаалууд нь бүгд хоёрдугаар баазын тушаал байсан. Үүнийг шүүх үнэлээгүй. Хоёрдугаар баазаас гарсан гэдэг нь нотлогдох дээрх 2 тушаал байсаар байтал ганц шилжүүлсэн тушаал байхгүй гэдэг үндэслэл гаргасан нь хэтэрхий нэг талыг барьж хэргийг үнэн бодитой шийдвэрлээгүй. 3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэсэн хамтын гэрээ нь автобуснэг ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. 2 дугаар баазын ажилчдад хамаарахгүй. Автобуснэг нь нитт-ын 2014 оны 132 дугаар тогтоол, нийслэлийн засаг даргын а/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014.10.01-ний өдрөөс "зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ байгуулагдсан. Автобус-1, Автобус-3, цахилгаан тээвэр компаниуд татан буугдсан учраас тус тусын гэрээг мөрдөж ажиллахгүй яагаад гэхээр хөдөлмөрийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт "аж нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтаны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөе нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Иймд хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ц.Чимгээ нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдуулан 8 сарын тэтгэмжид 4.435.464 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.
Анхан шатны шүүх Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 4.435.464 төгрөг гаргуулж Ц.Чимгээд олгожээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн Автобус-1 компанийн захирлын 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар тушаалаар Чингэлтэй бригадад кондуктороор ажилд орж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан учир Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б/842 дугаартай тушаал гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар Ц.Чимгээд 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 554.433 төгрөгийг олгосон зэрэг нь тогтоогджээ.
Үйлдвэрчний эвлэлийн хороо, Автобус-1 ОНӨҮГ-ын захиргаа нарын хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамаарч тэтгэмж олгох талаар заасан бөгөөд 6-10 жил ажилласан бол 9 сарын тэтгэмж олгох тухай заасан байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид олгох тэтгэмжийг хамтын гэрээний дагуу тооцоогүй нь нотлогдсон бөгөөд энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Автобус -1 ОНӨҮГ-ыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т нэгтгэгдсэн, Автобус-1 ОНӨҮГазрын эрх, үүрэг, эд хөрөнгө, хариуцлагыг хариуцагч эрх залгамжлан авсан баримт хэрэгт авагдсан байх тул энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00649 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1898 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ононгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 85.917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ