Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 90

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                      Хэргийн индекс:114/2016/0083/З

Дархан-Уул аймаг  дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би нэхэмжлэгч “Цогт Манхан” ХХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч  Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргад холбогдох  “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах ” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болорцэцэг, хариуцагч Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өлзийхишиг нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан буулт хийж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болорцэцэг,  хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өлзийхишиг нар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр харилцан тохиролцон байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

     Хариуцагчтай ойлголцож зөвшилцөлд хүрсэн тул эвлэрэх хүсэлтэй байна. Хариуцагч 150 метр куб хэрэглээний модны хуваарийг аж ахуйн нэгжүүдээс авч өгөхөөр шийдвэрлэсэн.

     Үүнд: 1. “Домогт Шарын гол” ХХК-аас 50 метр куб

                   ”Элбэг Шарын гол” ХХК-аас 50 метр куб

                   ”Тэгш цацралт” ХХК-аас 50 метр кус тус тус өгөхөөр тохиролцсон.

                 2.Шүүхийн тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг хариуцагчаас авахгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Энэхүү захиргааны хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон  боловч нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч    нар   шүүх  хуралдаанаас    өмнө   буюу    2016  оны  11  дүгээр   сарын  28-ны  өдөр

нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан буулт хийж,  эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

     Хэргийн оролцогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дугаар зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5-т заасан эрх болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн тухайгаа  эвлэрлийн гэрээ байгуулж, энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсэг зурсан нь энэ  хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “ нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж  заасан шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

     Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн нь  хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр  зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар  хэрэг хянан шийдвэрлэсний үр дагаварыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулж, энэ тухай зөвшөөрснийг баталж гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

     Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд талууд эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелэгдэхийг мэдэгдэх нь зүйтэй.

     Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан буулт хийж хоорондоо тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, нэхэмжлэгч “Цогт Манхан” ХХК-аас “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах ” шаардлага бүхий нэхэмжлэлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хуралд холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                           З.ЭНХТУЯА