Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 33

 

Ш.*******ууд холбогдох захиргааны зөрчилтэй материалын талаар

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч М.******* даргалж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Дамба, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдхүүнтэйгээр Завхан аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжийг зөвшөөрч бичсэн Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.******* давж заалдсан гомдлоор Ш.*******ууд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Анхан шатны шүүх: Завхан аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн “ Улсын Их хурлын 18 дугаар ойрогт “ Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл”-ээс нэр дэвшигч Шинэнсамбуу овогтой *******уу “...Улиастай сумын 6 багт байрлах гэрлийн шонд байрлуулсан 110х90 см харьцаатай зурагт самбар байрлуулсан..” гэх гомдол мэдээллийг шалган шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзаж, захирамжийн хувийг нэр дэвшигч Ш.*******уу, гомдол гаргагч Завхан аймгийн Ардчилсан нам-д хүргүүлэхийг шүүгчийн туслах О.*******д даалгаж, энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Завхан аймгийн Ардчилсан нам шүүгчийн захирамжинд гаргасан гомдолдоо: Улсын их хурлын сонгулийн 18 дугаар тойрогт “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвслээс нэр дэвшигч Ш.*******уу ньТовцог, Өлзийт, Богдын гол, Чигэстэй, Жаргалант, Жинст багт байрлах гэрлийн шонд 110x90 см харьцаатай зурагт самбарууд байрлуулсан байгаа. Зурагт болон ухуулах хуудас нь А3 хэмжээнээс илүүгүй байх бөгөөд тэдгээрийг сонгогчид тараахаас гадна зориулалтын зарлалын самбар, нийтийн эзэмшлийн хашаа, хайс, гэрлийн шонд үнэ төлбөргүй байрлуулна. Харин зурагт самбар нь бичгийн А3 цаасны хэмжээнээс илүү хэмжээтй байх бөгөөд зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар үнэ төлбөргүй байрлуулна. Гэтэл Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвслээс нэр дэвшигч Ш.*******уу нь Товцог, Өлзийт, Богдын гол, Чигэстэй, Жаргалант, Жинст багт байрлах гэрлийн шонд 110x90 см харьцаатай зурагт самбарууд байрлуулсан нь Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.2, 77.10, 78 дугаар зүйлийн 78.3-т заасныг тус тус зөрчсөн байна. Энэхүү хууль зөрчсөн үйлдэлтэй холбогдуулан Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт Цагдаагийн газарт 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан бөгөөд зөрчлийг хянан шалгаж 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяалалын дагуу шилжүүлсэн. Харин шүүх Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.2, 77.10 дахь заалтад заасныг зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх талаар хуульд ямар нэгэн зохицуулалт байхгүй учир энэ зөрчлийг гаргасан эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03 тоот шүүгчийн захирамжаар материалыг хүлээн авахаас татгалзсан байна. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт “Тусгаар тогтнол, эв нэгдэл эвсэл”-ээс нэр дэвшигч Ш.*******уугийн Улиастай сумын Товцог, Өлзийт, Богдын гол, Чигэстэй, Жаргалант, Жинст багт байрлах гэрлийн шонд 60x90 см-ын харьцаатай зурагт самбарууд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт хуудасны хэмжээ нь хуульд заасан хэмжээг зөрчсөн эсэх маргаан нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш, сонгуулийн байгууллагын шийдвэрлэвэл зохих маргаан гэж үзсэн. Энэхүү захирамж нь бүхэлдээ Сонгуулийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тухайлбал: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш, сонгуулийн байгууллагын шийдвэрлэвэл зохих маргаан гэсэн дүгнэлтийн тухайд: Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “...захиргааны зөрчил гаргасан талаар аливаа этгээд сум, сум дундын шүүх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шууд гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд зөрчлийн талаарх үйл баримт, нотлох баримтыг хавсаргана...” мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “...захиргааны зөрчлийн талаар шууд ирүүлсэн гомдол, мэдээллийг шүүгч шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл шүүгч гомдол, мэдээлэлд дурдсан үйл баримт, нотлох баримтыг шалгуулахаар тухайн орон нутаг дахь Цагдаагийн байгууллагад даалгавар өгнө...” гэж заасан нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан юм. Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.10, 77 дугаар зүйлийн 77.7.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх талаар хуульд ямар нэгэн зохицуулалт байхгүй учир энэ зөрчлийг гаргасан эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтийн тухайд: Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3.1, 68.3.7 дахь заалтанд сонгуулийн сурталчилгаа хийх, арга хэлбэрийг хуульчилсан бөгөөд зурагт самбарыг хаана байршуулах талаар мөн хуульчилсан. Өөрөөр хэлбэл: зурагт болон ухуулах хуудас, зурагт самбар нь хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн, хуульд зааснаас өөр газар байрлуулсан нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1-д зааснаар өөр арга, хэлбэрээр буюу хуульд заасан хэмжээг хэтрүүлж, сонгуулийн сурталчилгааг хуульд өөр арга хэлбэрээр явуулсан зөрчил юм. Иймд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвслээс нэр дэвшигч Ш.*******уу Улиастай сумын Товцог, Өлзийт, Богдын гол, Чигэстэй, Жаргалант, Жинст багт байрлах гэрлийн шонд 110x90 см-ын харьцаатай зурагт самбар байрлуулж Сонгуулийн тухай хуулийн 77-р зүйлийн 77.10-т заасан ...зурагт болон ухуулах хуудсыг сонгогчдод тараахаас гадна ...гэрлийн шонд үнэ төлбөргүй байрлуулж болно..., мөн хуулийн 77-р зүйлийн 77.10-т... зурагт болон ухуулах хуудас нь А3 хэмжээнээс илүүгүй байна гэснийг зөрчиж байна, энэ хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэж тус аймгийн Цагдаагийн газарт ханджээ. Цагдаагийн газраас дээрх гомдлыг шалган шийдвэрлүүлэхээр харьяалалын дагуу шүүхэд материалыг нь ирүүлжээ. Шүүх тухайн материалыг нь хянаж үзээд Сонгуулийн тухай хуулийн 77-р зүйлийн 77.10, 77.7.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх талаар Сонгуулийн тухай хуулинд ямар нэгэн зохицуулалт байхгүй учраас шүүх энэ зөрчлийг шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд сонгуулийн байгууллагын шийдвэрлэвэл зохих маргаан байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.******* давж заалдсан гомдолдоо: Шүүгчийн захирамж нь бүхэлдээ Сонгуулийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэсний тухайд зурагт болон ухуулах хуудас, зурагт самбар нь хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн, хуульд зааснаас өөр газар байрлуулсан тохиолдолд захиргааны зөрчил гаргагчийг дээрх Сонгуулийн тухай хуулинд заасан үндэслэлээр захиргааны хариуцлага хүлээлгэх талаар хуульд ямар нэгэн зохицуулалт байхгүй учраас асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, тус аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 03 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, тус аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД Б.ДАМБА

Б.НАМХАЙДОРЖ