Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0253

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0253

Улаанбаатар хот

 

 

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5 дугаар шийдвэртэй, Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ны давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэг заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/69 дүгээр захирамжийг хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хууль зөрчсөн захирамжийн улмаас ажилгүй байх хугацааны цалин, цалингийн зөрүүг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг асуудлаар иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр байгааг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “ ... Шүүхийн шүүгч нь аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бусдын нөлөөнд автахгүй, гагцхүү хуульд захирагдаж хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой. Төрийн хуулийг дээдлэх, шударга байх, шүүхийн нэр хүндийг өндөрт өргөх, хариуцлагатай байх нь шүүгчийн эрхэм үүрэг байдаг

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.З нь захиргааны хэргийг шийдвэрлэхдээ хууль дээдлэх зарчмыг алдагдуулж. хуулийг зөв хэрэглээгүй, хэргийн нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьж хууль зөрчсөн шийдвэр гаргасан, хэргийг шударга шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна.

Шүүхийн шийдвэрт “ ... Хавтаст хэргийн материалд авагдсан Ц сумын хүүхдийн цэцэрлэгийн ажилтнуудын ажлын цаг ашиглалтын бүртгэлд Г.Б  нь 2017 оны 06 дугаар сарын 27, 28, 29, 30, 7 дугаар сарын 3, 4, 5-ны өдрүүдэд ажил тасалснаар бүртгэжээ. Гэхдээ Г.Б г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж, үзэхэд учир дутагдалтай байна ...” гэжээ. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд Г.Б нь ажил олгогч буюу аймгийн Засаг даргаас чөлөө аваагүй боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн байна.

Шүүхийн энэхүү шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан Ажил олгогч ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Г.Б нь наадам зохион байгуулах ажилд оролцсон, бэлтгэл ажлыг хангах зорилгоор Улаанбаатар хот руу явсан бол цагийн бүртгэл дээр албан томилолтоор ажилтай гэж бүртгэлд тэмдэглэх ёстой байсан. Гэтэл тасалснаар бүртгэгдсэн. Мөн Улаанбаатар хотод томилолтоор ажиллах тохиолдолд заавал албан томилолттой байх энэ тухай ажил олгогч буюу аймгийн Засаг даргад мэдэгдэх ёстой. Гэтэл ажил олгогчид мэдэгдээгүй, албан томилолтгүй байгаа нь албан ажлаар явсан гэх үндэслэлгүй юм. Төрийн албан хаагчдын өөр аймаг, хотод ажилласныг нотлох гол баримт бол албан томилолт байдгийг төрийн албан хаагч бүхэн мэднэ.

Г.Б нь мэргэжлийн бус хүнийг авч ажиллуулсан. Энэ нь сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-д багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх, 11.2.1.боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих биелэлтийг дүгнэх, тайлагнах, 12 дугаар зүйлийн 12.1-д Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана, 12.2-д Багш нь багшлах эрхтэй байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Багшийн хүрэлцээгүй, зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа тохиолдолд албан ёсоор бичгээр Боловсрол, соёл урлагийн газарт хандаж асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ асуудлаар холбогдох байгууллагад хандаагүй Гэрч мэргэжилтэн П.С нь боловсролын салбарыг төлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш. Мэргэжилтэн П.С нь асуудлаа байгууллагынхаа дарга удирдлагад танилцуулж шийдвэрлүүлээгүй. Өөрөө хууль зөрчиж амаар асуудалд хандсан гэж үзэж байна. Боловсрол, соёл урлагийн газраас Ц Э-А-г авч ажиллуул гэсэн албан бичиг, санал байхгүй байна. Мэргэжлийн бус хүн ажиллаж байгааг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсролын улсын байцаагчийн шалгалтаар илэрсэн.

Мэргэжлийн бус хүн ажиллуулснаас цэцэрлэгийн хүүхдүүдэд ямар нэгэн хор хохирол учирвал хэн хариуцлага хүлээх вэ шүүхийн байгууллага, шүүгч хүн хариуцлагыг нь хүлээх шүүхийн шийдвэрт “... Г.Б-ийн тухайд цэцэрлэгийн эрхлэгч төрийн үйлчилгээний албан хаагч тул холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна” гэдэгт Г.Б нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-д багш ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх, 11.2.1-д боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах; 12 дугаар зүйлийн 12.1-д Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана. 12 2-д Багш нь багшлах эрхтэй байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул уг хуулийн 16 дугаар зүйлийн дагуу хариуцлага тооцсон.

Хууль зөрчсөн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Г.Б д хуулийн дагуу хариуцлага тооцож аймгийн Засаг дарга шийдвэр гаргасан шүүх хууль зөрчигчдийг хамгаалж, хууль дээдлэх зарчим, шударга ёсыг алдагдуулж байна.

Иймд Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны оны 02 сарын 08-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дутуу шийдвэрлэсэн байх тул тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулав.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо “... Г.Б нь наадам зохион байгуулах ажилд оролцсон, бэлтгэл ажлыг хангах зорилгоор Улаанбаатар хот руу явсан бол цагийн бүртгэл дээр албан томилолтоор ажилтай гэж бүртгэлд тэмдэглэх ёстой байсан. Гэтэл тасалснаар бүртгэгдсэн ... Засаг даргад мэдэгдэх ёстой. Гэтэл ажил олгогчид мэдэгдээгүй, албан томилолтгүй байгаа нь албан ажлаар явсан гэх үндэслэлгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийг 2017 оны 06 дугаар сарын 27, 28, 29, 30, 07 дугаар сарын 3, 4, 5-ны өдрүүдэд ажил тасалсан гэх боловч нэхэмжлэгчийн тайлбар болон Говь-Алтай аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Баяр наадмын комисс томилох тухай” А/53 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар Г.Б г баяр наадмын сурын салбар комиссын даргаар томилсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “… Г.Б  нь мэргэжлийн бус хүнийг авч ажиллуулсан … Багшийн хүрэлцээгүй, зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа тохиолдолд албан ёсоор бичгээр Боловсрол, соёл урлагийн газарт хандаж асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ асуудлаар холбогдох байгууллагад хандаагүй. Шүүх мэргэжлийн бус хүн цэцэрлэгт ажиллуулснаас хүүхдэд ямар нэгэн хохирол учирвал шүүх хариуцлага хүлээх үү? ... Шүүх хууль зөрчигчдийг хамгаалж, хууль дээдлэх зарчим, шударга ёсыг алдагдуулж байна” гэжээ.

Говь-Алтай аймгийн Ц суманд хүүхдийн цэцэрлэгийн багш хүрэлцээгүй, нэг ангид нэг багштай ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Г.Б нь аймгийн Боловсрол соёл, урлагийн газарт багш, мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудлыг зохион байгуулах үүргийнх нь дагуу удаа дараа мэдэгдэж байсан, аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэргэжлийн багшийн нөөцгүй, орон нутагт багшлах хүн олдохгүйгээс тухайн сумын удирдлагаас санал болгосон япон хэлний багш орчуулагч мэргэжилтэй, дээд боловсролтой Ц.Э-А-г санал болгосныг эс зөвшөөрч байсан боловч Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 9-д “Цэцэрлэгийн нэг бүлэгт нэг багш, туслах багш ажиллана” гэж заасны дагуу түр хугацаагаар багшаар авч ажиллуулсан болох нь гэрч аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын  сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн П.С-ийн мэдүүлгээр нотлогдсон байх тул Г.Б г сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжлийн багш ажиллуулах талаарх дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг санаатайгаар зөрчсөн гэж шууд буруутгах үндэслэлгүй.

Мөн гомдолд “... гэрч П.С нь боловсролын салбарыг төлөөлөх эрх бүхий этгээд биш ...” гэх боловч П.С нь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн байх бөгөөд гэрчээр мэдэх зүйлээ хэлснийг шүүх үнэлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

Харин шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанаар мэтгэлцсэн нэхэмжлэлийн “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт тусгалгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ... талаар тусгана” гэж заасныг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэж, нэхэмжлэгчийн эрх сэргэх нь тодорхойгүй болсон байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг

хэвээр үлдээлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “болгосугай” гэснийг “болгож, нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан Говь-Алтай аймгийн Ц сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ