2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/08699

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 14 191/ШШ2025/08699

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Шарнууд овогт ******* ******* /регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар:*******/,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт Эрдэнэ*******н /регистрийн дугаар:/ нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Нямсүрэн овогтой ******* нь "******* Гүүр Далай" ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлийн Улсын дугаартай, маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн Шар өнгийн автомашиныг 20,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж худалдсан.

Гэрээ хийх үед тус компанийн ерөнхий захирал Эрдэнэ*******н гэдэг хүнтэй нотариат орж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, батлуулсан, гэрээнд зааснаар төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж дуусгахаар харилцан тохиролцсон.

Ингээд гэрээний дагуу тухайн автомашиныг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ******* Гүүр Далай ХХК-ийн өмчлөлд бүртгүүлж, улсын дугаартай болж, одоо тухайн компанийн эзэмшил, өмчлөлд байна.

Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй, төлбөр төлөх хугацааг удаа дараа хойшлуулж, сүүлдээ утсаа авахгүй алга болсон тул ийнхүү шүүхэд хандаж гэрээний төлбөрийг нэхэмжилж байна. Мөн бидний байгуулсан гэрээний 3.6 дах хэсэгт Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө гэж заасан тул гэрээний алдангид 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Н.******* машинаа хэрэглэж байсан яг тэр хэвээр нь хүлээлгэж өгөөд явсан, тэгээд гэрээний төлбөр төлөгдөхгүй байхаар нь үеэл эгчээрээ дамжуулж асуухад төлбөрийг төлнө гэсэн байдаг. Энэ хугацаанд хариуцагч талаас ямар ч төлбөр төлсөн зүйлгүй, машин эвдрэлтэй, асахгүй гэсэн зүйл огт хэлээгүй өдий хүрсэн. Ингээд аргагүйн эрхэнд шүүхэд хандах болсон. Гэрээг компанийг төлөөлж Э. байгуулсан учир хариуцагчаар татсан боловч машиныг компанийн өмчлөлд шилжүүлсэн тул түүнд холбогдох шаардлагаас татгалзаж байна. Нэхэмжлэгчийг машины ачааны чиргүүл салгаж нийлүүлсэн гэдгийг хариуцагч өөрөө мэдэж байсан бөгөөд асахгүй гэдэг доголдлын талаар энэ хугацаанд нэг ч удаа хэлээгүй мөртөө Монгол улсад өчнөөн олон инженер техникийн ажилтан байхад ганцхан Н.******* янзалж чадна гэж ярьж болохгүй юм.

Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах, мөн алдангид 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг "******* Гүүр Далай" ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 251 дүгээр зүйлийн 251.2-т ...Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заасан.

Гэтэл гэрээний зүйл болох авто машин нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, эвдрэлтэй, 3 өөр хятад машиныг угсраад босгочихсон, гаднаас нь харахад машин шиг боловч цахилгааны асуудал үүссэн, асдаггүй, хэн ч Монголд засварлах боломжгүй, гагцхүү Н.******* л өөрөө засварлах боломжтой гэж найдаж байсан.

Уг нь талууд хоорондоо ярилцахдаа Н.*******ыг өөрөө засаж янзлаарай гэж тохиролцсон байдаг. Үүнээс үзэхэд машин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй биет байдлын хувьд доголдолтой эд зүйл бөгөөд хүсвэл Н.******* өөрөө очоод авч болно.

Н.******* өөрөө компанийн аж ахуйн хашаанд 3 машин авчраад босгосон, өнгөрсөн хугацаанд хариуцагчийн зүгээс ашиглах боломжгүй гэж гомдол гаргаагүй нь хүн хоорондын харилцаа байсан. Түүнээс гадна машинаа мөнгөө өдий болтол нэхэмжлэхгүй байсан шалтгаан нь өөрөө машинаа янзалж өгөөд хэвийн ажиллагаанд оруулчих талаар гэрээнд тусгаагүй тул ингэж нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал машиныг хүлээлгэж өгснөөс хойших эрсдэлийг хүлээхгүй гэж байгаа нь эсрэгээсээ залилан мэхлэх шинжтэй, тодруулбал машин гээд төмөр гэж аваачиж өгсөнтэй холбоотой. Талуудын хооронд нэг талаас гэрээний үүрэг гэж шаардсан, нөгөө талаас нэхэмжлэгчийг манай дүү гэсэн харилцаа үүссэн байдаг. Засварыг хийж дусгаад ачаа зөөх хэмжээний болгочихно гэж гэрээнд тусгаагүй тул нэхэмжлэгч мөнгөө нэхэж байна гэж үзэж байна.

Иймд 30,000,000 төгрөг гаргуулах тухай Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, А.өд олгосон итгэмжлэл, Н.*******, Э. нарын хооронд 2024.04.02-ны өдөр байгуулагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-ний хуулбар, Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, Автотээврийн хэрэгслийн мэдээлэл, эзэмшил солигдсон мэдээлэл, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, гэрэл зургийн үзүүлэлт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авхуулах хүсэлт, хамтран хариуцагчаас татгалзсан хүсэлт /хх 1-13, 16, 104/,

3б.Хариуцагчаас ирүүлсэн: Д.д олгосон итгэмжлэл, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, хариу тайлбар /хх 17-19, 47/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Э., ******* ******* ******* ХХК нарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах, мөн алдангид 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад Э.ад холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзсан.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Талуудын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Н.******* нь 3560 ДАА улсын дугаартай Benz маркийн тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр худалдах,

******* ******* ******* ХХК нь үнийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн гэрээ байгуулагджээ.

 

4б. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд гэрээг Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээгээр бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнийг тодорхойлоогүй нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.

 

4в. Харин талууд гэрээгээр харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, тээврийн хэрэгслийн үнэ, түүнийг төлөх хугацааг тохиролцсон, энэхүү гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд хариуцлага болгож алданги тооцохоор тохиролцсон гэрээний талаар маргахгүй байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...худалдах, худалдан авах гэрээний дагуу тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг, гэрээгээр тохиролцсон алдангийн хамт шаардсан гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой гэж тус тус тайлбарласан.

 

6. Талуудын хоорондох 2024.04.02-ны өдрийн гэрээний 2.1-т бага зэргийн засвартай, 3.1-т тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 20,000,000 төгрөгөөр худалдах, 3.2-т төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж дуусгана, 3.3-т тээврийн хэрэгслийг гэрээ хийсэн өдөр хүлээлгэн өгнө, 3.5-т төлбөрийг төлж дуусахаас өмнө тээврийн хэрэгслийг бүртгүүлэх, 3.6-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлөх, 4.1-т Худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй тээврийн хэрэгслийг шилжүүлэх гэж тус тус заасан. /хх 6/

 

6а. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу Н.******* нь 20,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг төлбөр нь бүрэн төлөгдөөгүй байхад гэрээний 2.1-т тусгасан бага зэргийн засвартай байдлаар ******* ******* ******* ХХК-д худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон гэж ойлгоно.

 

6б. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.

 

6в. Гэрээ байгуулагдсан буюу 2024.04.02-ны өдөр Н.******* нь өөрийн өмчлөлийн 3560 ДАА улсын дугаартай, Benz, ND 3250 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн, уг тээврийн хэрэгсэл нь 2024.04.04-ний өдөр ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд 7641 улсын дугаартай, Benz, ND 3250 гэж бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн бүртгэл, нийтэд нээлттэй Тээврийн хэрэгслийн Улсын бүртгэлийн мэдээлэл Smartcar.mn-д тусгагдсан байдлаар тус тус тогтоогдож байна. /хх 7-10/

 

7. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-т Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заасан.

 

8. Хариуцагч нь татгалзлын үндэслэл болгосон тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой байсан талаар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан 2024.04.04-ний өдрөөс хойш Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан шаардлагын аль нэгийг, мөн хуулийн 254.6-т заасан хугацааны дотор нэхэмжлэгчид гаргасныг баримтаар нотлоогүйгээс гадна энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

8а. Түүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т бага зэргийн засвартай гэж тусгагдсан байтал хариуцагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул тэрээр мөн хуулийн 255.1-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

8б.Үүнээс үзэхэд хариуцагч нь тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтойгэх татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолсонгүй.

 

8в. Дээр дурдсан тогтоогдож буй үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл Н.******* нь худалдан авагчийн өмчлөлд  биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх  үүргээ биелүүлсэн, хариуцагч ******* ******* ******* ХХК нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, тэрээр гэрээгээр тохирсон төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

9. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.

 

9а. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т:Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т:Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус зааснаас үзэхэд талууд үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд мөнгөн төлбөр болох алданги тооцохоор анзын гэрээ бичгээр хийсэн, нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги шаардсаныг үндэслэлтэй гэж үзнэ.

 

10. Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, гэрээний 3.6-т заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т заасантай нийцсэн алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******ад олгож шийдвэрлэв.

 

11. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/ дугаар захирамжаар Э.ыг гэрчээр оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангасан боловч шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/ дугаар захирамжаар түүнийг хамтран хариуцагчаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, шүүхээс түүнд 2025.09.10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. /хх 56-57, 70-72, 87-88/

 

11а. Энэхүү байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь Э.ад холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан тохиолдолд хариуцагч түүнийг гэрээр асуулгах хүсэлтээ дэмжих эсэхээ илэрхийлээгүй байхаас гадна түүнийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-т Дараахь хүнийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй, мөн хуулийн 43.8.1-т үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч, зохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн өмгөөлөгч гэж заасантай нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******ад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Э.ад холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******ад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШЗ2025/20093 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ