| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0597/Э |
| Дугаар | 613 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 613
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Б.Энэрэл (томилолтоор), шүүгдэгч У.Ч, хохирогч Ч.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Г овогт У.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708025920157 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овогт У.Ч, Монгол Улсын иргэн, ............................. регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч У.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 10 дугаар байрны 160 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч иргэн Ч.О-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Г овогт У.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 10 дугаар байрны 160 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.О-г зодсоны улмаас бие махбодод нь “доод уруулд шарх, хуйханд зулгаралт, хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч У.Ч шүүх хуралдаанд: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө маш их хэмжээний согтолттой байсан буюу хөл дээрээ тогтож чадахааргүй байсан тул хамтран амьдрагч Ч.О-г зодоогүй. Тухайн үед болсон зүйлийг санахгүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудыг сонслоо. Миний хувьд Ч.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчоос уучлал гуйсан, бид хоёр хоорондоо эвлэрсэн бөгөөд хамт амьдарч байгаа. Иймд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэв.
2. Хохирогч Ч.О нь шүүх хуралдаанд: “...Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “гэр бүлийн гишүүн”-эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж энэ шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.
3. Хохирогч Ч.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...У.Ч-той 2013 оны 10 дугаар сараас одоог хүртэл хамтран нэг гэрт амьдарч байна. 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө У.Ч гэр бүлийн маргаан үүсгэсэн. У.Ч намайг зодож биед гэмтэл учруулсан. ...миний толгой руу баруун гарынхаа дунд хуруунд зүүдэг бөгжөөр нэг удаа цохиж шалбархай үүсгэсэн. Мөн зүүн талын хацар луу нэгээс хоёр удаа алгадсан. Баруун гуяны ар хэсэгт хөхөрсөн байсан. Нуруу руу өшиглөсөн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. …Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 95-100 дугаар хуудас),
4. Насанд хүрээгүй гэрч О.Д мөрдөн байцаалтад өгсөн “...Ч манай ээжийг зодсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 117 дугаар хуудас),
5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14416 дугаартай “....О-гийн биед доод уруулд шарх, хуйханд зулгаралт, хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 42 дугаар хуудас),
6. Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаал, Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт, шүүгдэгч У.Ч-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 55, 57-60, 65 дугаар хуудас),
7. Гэмт хэрэг, зөрчлийн дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн үйлдсэн аюулын зэргийн үнэлгээ (хх-ийн 13-14 дүгээр хуудас),
8. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 27-38 дугаар хуудас),
9. Шүүгдэгч У.Ч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй тул мөрдөн байцаалтын явцад У.Ч-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэнгүй. Харин хэрэгт хууль ёсоор цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, тэдгээрийн эх сурвалжийг магадлах аргаар шалгасны эцэст У.Ч-гийн шүүгдэгчээр өгсөн мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй.
Хохирогч Ч.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг болон хүсэлтээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч У.Ч-гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч У.Ч-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.О-гийн биед гэмтэл учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч У.Ч нь хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх шүүгдэгч У.Ч-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч У.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч У.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүх шүүгдэгч У.Ч-г гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-т 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд ялтныг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч У.Ч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шалгаж тогтоох, олон нийтийн амар тайван байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн төв байгууллагын алба хаагч бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно.” гэж заасан. Шүүгдэгч У.Ч нь нийтийн алба хаагч хэдий ч, түүний үйлдсэн гэмт хэрэг нь ахуйн хүрээнд гарсан байх тул шүүхээс эрх хасах ял нэмэгдлээр оногдуулах шаардлагагүй гэж үзлээ. Гэвч төрийн тусгай алба хаагчийн хувьд албаны болон хувийн орон зайд өөрийн зан үйлийг хянаж, биеэ зөв авч явах нь зүйн хэрэг тул шүүгдэгчид зориуд тайлбарлан анхааруулсан болно.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Г овогт У.Ч-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ч-т долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ч-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ч-г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Ч-г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.Ч-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА