Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

 

 

 

 

Э.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин /цахимаар/,

Хохирогч М.******* /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Баттулгын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.*******д холбогдох 2429000500104 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар  сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст 1-р баг, нүүрс тээврийн автозамын 13 дахь км-т ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 13.1 дүгээр зүйлд заасан /Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваан ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2 Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал: гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгалд явж байсан ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Э.*******ын биед хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Э.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:

Шүүгдэгч Харчин овогт Эрдэнэбилэгийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баттулгын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3,700 /гурван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 3.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ас 29,725,859 төгрөг гаргуулж хохирогч Э.*******т, 4,946,851 төгрөг гаргуулж хохирогч М.*******т, 425,366 төгрөг гаргуулж хохирогч Б.******* нарт тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.*******ын нэхэмжилсэн 7,500,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, М.******* нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, хохирогч Б.*******, Б.*******, М.*******, Э.******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй тус тус үлдээж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгч Э.******* нь хохирогч Э.*******т 1,600,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Э.Баттулгын жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, “*******” ХК болон Э.******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 20,657,160 төгрөг нөхөн төлөхтэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулагдсан болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Иргэн Э.******* миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа бөгөөд дээрх шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт заасан хохирогч нарт учирсан хохирол хор уршгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлж барагдуулах болно. Гэхдээ тус хэсгийн “... 4,946,851 төгрөг гаргуулж хохирогч М.*******т ... олгосугай” гэж заасан хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн 27.10-р зүйлийн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хувьд “...1.Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заасан байх бөгөөд тус гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” байхыг шаардах бөгөөд М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаагүй байхад гэмт хэргийн хохирогч биш, М.*******ын сэтгэцэд учирсан хор уршигт дүгнэлт гарган “Хоёрдугаар зэрэглэл”-г тогтоож, сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөгийг шүүгдэгч Э.*******ас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд нийцэхгүй байна. Учир нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 1.1 дэх хэсэгт "... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад энэхүү журмыг мөрдөнө...” гэж заасан байх ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “...27.10 дугаар зүйл /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана...” хэмээн заасан байх бөгөөд иргэн М.*******т учирсан хохирол дээрх Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжид хамаарахгүй, гэмт хэрэг гэж үзэхгүй ба зөрчлийн хэргээр шийдэгдэх асуудал юм.

Гэтэл зөвхөн гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход ашиглах ёстой журмыг гэмт хэргийн хохирогч биш М.*******т ашиглан сэтгэцэд учирсан хор уршгийг “Хоёрдугаар зэрэглэлийг”-г тогтоож, 3,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр дээрх хуулийн заалтуудтай нийцэхгүй байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны 2024/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт "...

4.946.851 төгрөг гаргуулж, хохирогч М.*******т ... олгосугай” гэх хэсгийг 1.646.851 төгрөг гаргуулж хохирогч М.*******т...олгосугай...хэмээн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

          Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Тэгэхээр энэ хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд шууд хохирол буюу энэ гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан. Шууд бус хохирлоор хөнгөн хохирол учраагүй. Тиймээс энэ хэргийн хувьд хохирогчоор тооцож хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн зүйлийн 2 дахь хэсэг хууль зүйд нийцсэн, тохирсон шийдвэр гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч М.*******т хохирол учраад байна. Тийм учраас энэ хэргийн хувьд хохирогч мөн үү, биш үү гэдэг дээр эргэлзэх зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлд зааснаараа хохирол, хор уршиг учирсан уу, учирсан. Тийм учраас энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулаад шүүгдэгч Э.Баттулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь үндэслэлгүй. Хоёр дахь асуудал нь 2 жилийн хугацаагаар эрх хасах ялыг 1 жил болгож өгнө үү гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцсоны дараа улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаан дээр эрүүгийн хариуцлагын талаар хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд оногдуулах саналыг шүүх хуралдаанд гаргасан. Энэ бол зүгээр нэг зөрчлийн хэрэг биш, эрүүгийн хэрэг. Эрүүгийн хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болон хөнгөн хохирол учирсан хэрэг учраас энэ эрүүгийн хэрэгт шүүхээс оногдуулж байгаа хоёр жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ял оногдуулж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгч Э.Баттулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээр үндэслэлийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хуулийг төсөөтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хоёрдугаарт хохирлыг тодорхойлж байгаа хэсэгтээ өөр хоорондоо уялдаа холбоогүй, үгүйсгэсэн ойлгомжгүй шинжтэй байна.

Өмгөөлөгчийн нэмж тавьж байгаа хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэсэн үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзсэн. М.******* болон Б.******* нарын хөнгөн гэмтэл дээр нь төсөөтэй хэрэглэж хохирогчоор тогтоон сэтгэл санааны болон бусад хохирлыг гаргаж байгаа нь өөрөө хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх бүрэлдэхүүнд хүсэлтээ дахин илэрхийлж байгаа нь шийтгэх тогтоолын 14, 15 дугаар хуудсанд хохирол, хор уршгийг тодорхойлохдоо шүүхээс хууль хэрэглээний алдаа гаргасан, хуулийг төсөөтэй хэрэглэж дүгнэлтийг хийсэн учраас шүүх бүрэлдэхүүн үүнийг засаж залруулж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан жолоодох эрхийг хязгаарласан нэмэлт ял буюу үндсэн ялыг нэг жил болгож бууруулж өгнө үү. Ингэснээр ажил хөдөлмөрөө эрхэлж хохирол, хор уршгийг барагдуулах нөхцөл байдал бодитоор бий болно. Улсын Дээд шүүхээс гэмт хэргийн хохирогч хор уршиг маш тодорхой хэрэглээнд тогтчихсон байгаа энэ асуудал дээр давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү. Хохирол, хор уршгийг төлнө гэдгийг илэрхийлсэнтэй холбогдуулаад бодит байдал дээр хохирогч болон эрүүл мэндэд нь хохирол учирчхаад байгаа энэ хүмүүсийн зардал, хохирлыг төлөх бодит нөхцөл байдал нь ажлаа хийх юм байна. Ажлаа хийх боломжийг нь олгож, нэг жилээр ч гэсэн наашаа болгоод өгөх юм бол эрүүгийн хариуцлагаа хүлээнэ. Торгох ялаа эдэлнэ. Гэмт хэргийн хохирогч нарт Э.******* гуай болон бусад хүмүүст хохирлыг нь барагдуулах бодит боломжийг нь олгож өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

Шүүгдэгч Э.Баттулгын давж заалдах шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн хувьд эс зөвшөөрч байна. Энэ дээр өмгөөлөгчийн хувьд тайлбар хэлэхэд шүүгдэгч Э.Баттулгын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан. Тухайн зам тээврийн ослын улмаас миний үйлчлүүлэгч М.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан. Энэ нь шалтгаант холбоотой гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэдэг бол үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Үүнийхээ дагуу шүүгдэгч Э.*******ас эмчилгээний зардал, мөн бусад зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлээд явж байгаа. Хохирогч М.******* нь сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8,573,400 төгрөгийг нэхэмжилсэн. Давж заалдах шатны шүүхээс 8,573,400 төгрөгийг шүүгдэгч Э.*******ас гаргуулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээр хүний биед хөнгөн гэмтэл учирсан бол хөнгөн гэмтэл 7-14 хоногийн дотор арилах ёстой. Гэтэл энэ зам тээврийн ослын улмаас биедээ авсан энэ нурууны гэмтэл энэ зам тээврийн хэрэг гарснаас хойш буюу 2024 оны01 дүгээр сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нурууны гэмтэл эдгэхгүй, эмчилгээ хийлгээд явж байна. Тэгэхээр шүүх бүрэлдэхүүн энэ нөхцөл байдлыг харгалзаад, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 8,573,400 төгрөгөөр нь тогтоож, шүүгдэгч Э.*******ас гаргуулж өгнө үү. Тэгэхээр анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Баттулгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, мөн миний үйлчлүүлэгч М.*******ын хувьд тухайн зам тээврийн осол болсноос хойш анхан шатны шүүх хурал болох хүртэл, мөн давж заалдах шатны шүүх хурал болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.******* нь нэг ч төгрөгийн хохирлыг төлөөгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзээд гомдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

   Хохирогч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ мөнгийг гаргаад өгчих байх гэсэн хүлээлттэй өнөөдрийг хүртэл би ажил төрлөө хийхэд хүртэл хүндрэлтэй байна. Би хүнд хүчир ажил хийж чадахгүй. Саяхан би 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд тав хоногийн зүү, төөнүүр, эмчилгээний бариа хүртэл хийлгэсэн. 7, 8 сар би ажлаа хийж чадахгүй байж байгаад эргээд ажилдаа орсон. Энэ авто тээврийн ослоос хойш гэмтэл нь мэдэгддэг гэдэг нь болж байх шиг байна. Гэхдээ би энэ бүгд дээр чимээгүй, яршиг даа гээд явсан. Миний зүгээс хувийн байдал жаахан тиймэрхүү санагдаж байна. Сэтгэл санааны хохирол байлгүй яах вэ? би цаашид хүнд хүчир ажил хийхэд миний нуруу хэзээ гэмтэх юм бэ? би тэрийг тааж тааварлашгүй гэдгийг сая 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн биеэр дахин мэдэрсэн. Яг жилийн дараа дахин нуруундаа гэмтэл авч байна. Цаашид дахин гэмтээд, эрүүл эд эрхтнээрээ хэзээ хохирч, хэзээ нуруугүй болохоо хэлж таашгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Э.Баттулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Баттулгын гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

          Шүүгдэгч Э.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч Э.Баттулгын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3700000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Э.*******ас 29725859 төгрөг гаргуулж хохирогч Э.*******т, 4946851 төгрөг гаргуулж хохирогч М.*******т, 425366 төгрөг гаргуулж хохирогч Б.******* нарт тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст 1-р баг, нүүрс тээврийн автозамын 13 дахь км-т ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 13.1 дүгээр зүйлд заасан /Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваан ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2 Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал: гэснийг зөрчсөний улмаас, эсрэг урсгалд явж байсан ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Э.*******ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /1 хх-7/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх- 8-13/,

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /1хх-16/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б *******гийн ”... Цагаан хаднаас гараад миний сууж явсан цагаан өнгийн 4051 УАХ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл урдаа явж байсан нүүрс тээврийн ачааны машин гүйцэт түрүүлэх үйлдэл хийж урсгал сөрж явах үед өөдөөс нь 6306 УБЧ улсын улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл гарч ирж нүд ирмэхийн зуур зам тээврийн осол болсон..." гэх мэдүүлэг /1хх- 32/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.*******ын ”... Тухайн үед миний сууж явсан цагаан өнгийн 4051 УАХ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл том ачааны машин гүйцэт түрүүлж урсгал сөрж орох үед урдаас машин орж ирээд зам тээврийн осол зүүн гар талд болсон бөгөөд осол болох үеийг би харсан...." гэх мэдүүлэг /1хх-27-29/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М. *******ын: "Би осол болох үед тухайн ослыг харсан. Тухайн үед нүүрс тээврийн том машин эсрэг урсгалаар манай машины хажуугаар зөрж байх үед цагаан өнгийн ******* улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж зөрж манай эгнээ рүү орж ирж зам тээврийн осол болсон..” гэх мэдүүлэг /1 хх-35-36/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.*******ын: “.., тухайн газарт эгнээндээ явж байхад урдаас ирж байсан том тэргийг Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх гэж гарж ирээд урдаас гэрэл гялбаад явчихсан, тэгээд 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөөд би ухаан алдаад уначихсан юм. Манай машинтай мөргөлдсөн машин манай эгнээд яг өөдөөс хараад мөргөлдсөн байдалтай зам дээр зогсож байсан.” гэх мэдүүлэг /1хх- 52-53/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.*******ы “...2024.01.07-ны өдөр би Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цагаан хад руу ...замдаа явж байтал оройн 20 цаг 30 минутын үед байх Цогтцэций сумын 2 дахь пост өнгөрөөд 13 дахь км-т явж байтал манай урсгалын нөгөө урсгалд нүүрсний хоёр том машинд явж байсан. Тэгтэл гэнэт тэр хоёр том машины дундаас нэг цайвар өнгийн тоёота приус 30 маркийн машин гарч ирээд урд явж байсан том машины гүйцэт түрүүлэх гэж байгаад манай машинтай мөргөлдсөн.” гэх мэдүүлэг /1хх-65-66/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.ын: “...Тухайн үед миний өөдөс ирж байсан цагаан өнгийн 4051 УАХ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл зүүнээс баруун чиглэлд явж байсан бөгөөд миний явж байсан замын эсрэг урсгалаар том ачааны машин зөрөх үед цагаан өнгийн 4051 УАХ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлж урсгал сөрж миний урдаас гарч ирсэн тэгээд зам тээврийн осол болсон." гэх мэдүүлэг /1хх-68/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 сарын 19-ны өдрийн 435 дугаартай: "1 .Э.*******ын биед баруун 5, 6, 7, 8, 9-р хавирга, зүүн 4-р хавирганы далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамар, баруун хацар, уруул, зүүн шилбэ, баруун өвдөг, тохойд зулгаралт, дух, хамар, хоёр нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, гэмтлийн шалтгаант шилэнцрийн цус харвалт, болорын цайлт, мултрал, торлог болон хүүхэй Харааны урагдал, харааны бууралт 10.08/ гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна, мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтлийн шалтгаант шилэнцрийн цус харвалт, болорын цайлт, мултрал, торлог болон хүүхэн харааны урагдал, харааны бууралт /0.08/ гэмтэл нь шэмьлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 30% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Дээрх ... гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /1хх-132-137/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 03 дугаартай “...Хариулт-1. Toyotа приус маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд. тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; гэсэн заалтуудыг зөрчсөн нь зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Эрдэнэтогтохын ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилт, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хариулт-3: Toyotа приус маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон байна.” гэх замын ослын дүгнэлт /1хх-185-186/,

“” ХХК-ийн 2024 оны 01 сарын 27-ны өдрийн №14049, 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 13887 дугаартай авто машины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1хх-7/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Баттулгыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Баттулгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 700 /гурван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.  

 

Шүүгдэгч Э.******* нь “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад  гэмт хэргийн хохирогч биш М.*******ын сэтгэцэд учирсан хор уршигт дүгнэлт гарган “Хоёрдугаар зэрэглэл”-г тогтоож, сэтгэцэд учирсан хор уршигт хохирогч М.*******т 4.946.851 төгрөг гаргуулахаар заасныг 1.646.851 төгрөг гаргуулан хохирогч М.*******т олгох”-оор өөрчлөлт оруулах агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

          Хэрэгт авагдсан мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор М.*******ыг хохирогчоор тогтоож /1хх-33/, улмаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол /1хх-86/ -ын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1501 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-92-94/-ээр М.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоожээ.

 

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзвэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн тусгаж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож, тэдэнд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний дотор ялыг сонгож оногдуулах учиртай.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд гэмтэл учирсан, эсхүл 1 буюу түүнээс олон хүний амь нас хохирсон тохиолдолд энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх ба анхан шатны шүүх гэмт хэргийн шинжийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Э.******* нь “...тус гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” байхыг шаардах бөгөөд М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаагүй байхад гэмт хэргийн хохирогч биш М.*******ын сэтгэцэд учирсан хор уршигт дүгнэлт гарган “Хоёрдугаар зэрэглэл”-г тогтоож, сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөгийг шүүгдэгч Э.*******ас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд нийцэхгүй байна.” гэх гомдол гаргасан нь үндэслэл бүхий байна.   

 

Энэ гэмт хэргийн улмаас М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон даруйд түүнийг хохирогчоор бус иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагаа хийгдэх бөгөөд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж буй хүн гэж үзэж, мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагааг хийж, хуульд заасан эрхийг нь эдлүүлэх учиртай.

 

Давж заалдах шатны шүүхэд хохирогчийг өөрчлөн, иргэний  нэхэмжлэгчээр тогтоох эрх хуулиар олгогдоогүй бөгөөд М.******* нь хохирогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцдаа хуульд заасан иргэний нэхэмжлэгчийн эрхээ хангалттай эдэлсэн, хуулиар олгогдсон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хангалттай эдлүүлж, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол төлбөрийн асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр, өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.*******, Б.******* нарын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон /1-р хавтаст хэргийн 79, 84-р тал/, Б.*******гийн хувьд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх тайлбарыг гаргасан /2-р хавтаст хэргийн 47-р тал/,  Б.*******ын хувьд эмчилгээ хийлгэсний зардал болох 425366 төгрөг нэхэмжилснээс 200000 төгрөгийг шүүгдэгчээс авсан, мөн шүүгдэгч Э.******* нь 200000 төгрөгийг төлсөн гэх тайлбаруудыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан байх ба цаашид бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Холбогдох хууль болон журамд иргэний нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан гэм хор, хор уршгийн зэрэглэлийг тогтоох тухай ойлголт байхгүй тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч биш, тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцвол зохих этгээдэд сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоон 3.300.000 төгрөг байхаар тогтоож, шүүгдэгчээс гаргуулан М.*******т олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, өөрчлөлт оруулан зөвтгөж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтад “4 946 851 төгрөг гаргуулж хохирогч М.*******т“ гэснийг                      “1.646.851 төгрөг гаргуулж хохирогч М.*******т “ гэж,

6 дахь заалтад “ М.*******ын сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 3.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Баттулгын давж заалдах гомдлыг хангасугай.

 

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

 

                                  ШҮҮГЧИД                                         Т.ДЭЛГЭРМАА

 

                                                                                           Л.УГТАХБАЯР