| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2026/0094/З |
| Дугаар | 110/ШШ2026/0116 |
| Огноо | 2026-09-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 110/ШШ2026/0116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Ж,
Нэхэмжлэгч: “ПП” ХХК,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч нарын хоорондын барилга байгууламжийн зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийх, дүгнэлт гаргуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч “ПП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Е.Малик, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наурызбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч нараас шүүхэд ”Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрлах иргэн Т.Жын өмчлөлийн 3 давхар барилгын “ПП” ХХК-ийн зохиосон зураг төсөлд хуульд заасан журмын дагуу эрүүл ахуйн хяналт хийж, зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргахыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, тус газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1. Миний бие Т.Ж нь Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 10 дугаар багт байрлах 3493 м2 талбай бүхий газрыг хууль ёсоор өмчилж авсан. Өөрийн өмчлөлийн газарт 3 давхар барилга барьж, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн. Барилгын ажил эхлэхээс өмнө Баян-Өлгий аймгийн ерөнхий архитектор барилга барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан, түүний дагуу холбогдох ажиллагааг хийж, барилгын ажлыг дуусгасан.
Барилга 2024 оны 07 дугаар сараас эхлэн ашиглалтад орсон. Барилгын 1 дүгээр давхар үйлчилгээний, 2 дугаар давхар үйлчилгээний, 3 дугаар давхар хувийн сууцны зориулалтаар улсын бүртгэлд бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу гаргуулж авсан.
1.2. Барилгын ажил дууссаны дараа Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн "Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай" даалгавар өгсөн бөгөөд мөн тус өдөр торгох шийтгэл оногдуулсан. Уг үүрэг даалгавраар барилгын баригдсан хэсгүүдэд хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулан, барилгын зурагт дахин магадлал хийлгэж, барилгын ажлын зөвшөөрөл нөхөж авах, барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахыг даалгасан. Эрх бүхий албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврын дагуу бүх үйл ажиллагааг хуульд нийцүүлж, зөрчлийг ариглаж, өөрийнхөө өмч хөрөнгө шударгаар эзэмшиж, ашиглах үүднээс үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхтэй газарт барих шаардлагатай учраас өмчлөх эрхийн гэрчилгээний холбогдох хэсгийг эзэмших болгон өөрчилж, сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/159 дугаартай шийдвэрийг үндэслэн 700 м2 газрыг нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.
1.3. Миний хувьд анх барилгын ажил эхлэх үед өөрийн өмчлөлийн газарт хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга барих хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/2022 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан. Уг даалгаврын дагуу “Премиум Прокет” ХХК-д барилгын зураг төслийг боловсруулах захиалга өгсөн. "Премиум Прокет” XXК нь миний захиалгын дагуу зураг төслийг хийж гүйцэтгэж, барилгын зураг төслийн дүгнэлт гаргуулахаар хуульд заасны дагуу аймгийн Онцгой байдлын газраар хяналт хийлгэж дүгнэлт гаргуулж, магадлал хийлгэсэн.
1.4. Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна.” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтны өгсөн зөрчил ариглах үүрэг даалгаврыг биелүүлэх, гаргасан зөрчлийг арилгахад шаардлагатай эрүүл ахуйн хяналт, дүгнэлт гаргуулах зорилгоор холбогдох байгууллагад хандсан боловч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр барилга байгууламж ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд зураг төсөлд нөхөн эрүүл ахуйн хяналт хийж, дүгнэлт гаргах боломжгүй тухай мэдэгдсэн болно.
Иймд миний зүгээс улсын байцаагчийн даалгаврыг биелүүлэх зорилгоор шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа боловч төрийн эрх бүхий байгууллагын албан ёсны татгалзлын улмаас цаашид шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
1.5. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр өгсөн хариу тайлбар нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцээгүй, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна. Учир нь хариуцагч байгууллага нь зөвхөн “боломжгүй” гэсэн тайлбар өгснөөс өөрөөр асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар журмаар шийдвэрлүүлэх, аль байгууллагад хандах талаар тодорхой тайлбар, чиглэл өгөөгүй бөгөөд энэ нь төрийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйд тооцогдох үндэслэлтэй.
1.6. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэг дүгээр зүйлийн 2-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Арванзургаа дугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.” гэж тус тус заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтлахаар хуульчилсан байдаг. Миний бие өөрийн өмчлөлийн барилгыг хуульд нийцүүлэн ашиглалтад оруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашид үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчийн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхээр эрх бүхий байгууллагад хандсан боловч хариуцагч байгууллага хуульд нийцсэн ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна.
1.7. Барилга баригдаж дууссан, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, ашиглалтад орсон бөгөөд барилгын чанар, аюулгүй байдалтай холбоотой маргаан, мөн хөрш зэргэлдээ этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн асуудал үүсээгүй болно. Миний хувьд барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн авч, барилгаа хуульд нийцүүлэн ашиглалтад оруулах, цаашид өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ бүрэн хэрэгжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна.
Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлийг 27.3.1-д “хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй”, 27.3.2-т “зураг төсөлд магадлал хийгдээгүй”, 27.3.3-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон” гэж тус тус хуульчилсан учраас барилгын ажлын зөвшөөрлийг шинээр, эсхүл нөхөн авах тохиолдол дээр заасан нөхцөл байдлыг хангах шаардлагатай учраас барилгын зураг төсөлд хуульд заасан хяналт, дүгнэлт хийлгэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна. Барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн авахын тулд барилгын зураг төсөл, эскиз зураг, магадлал, техникийн нөхцөл болон бусад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд эрүүл ахуйн дүгнэлт нь энэхүү ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно. Харин эрүүл ахуйн дүгнэлт гаргах ажиллагааг хариуцагч байгууллагаас хэрэгжүүлэхгүй байгаа нь миний өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, улмаар улсын комисст хүлээлгэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгөө хууль ёсоор ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
2.1. Барилгын ажил эхлэхээс өмнө Баян-Өлгий аймгийн ерөнхий архитектораас баталсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу холбогдох ажлыг хийж, барилгын ажлыг дуусгаж, 2024 оны 7 дугаар сараас эхлэн ашиглалтад орж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу гаргуулж авсан. Гэвч барилгын ажил дууссаны дараа Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Шындаулет нь “барилгыг магадлалд оруулж, зураг зуруулах” шаардлагатай гэж даалгавар өгсөн. Би уг албан даалгаврыг хууль, журмын дагуу биелүүлэхийн тулд мэргэжлийн байгууллагад хандсан. Цахилгаан шугам сүлжээний газар, Онцгой байдлын газар, холбоо, техникийн газар, “СУАТ” ХХК зэрэг бүх байгууллагаас дүгнэлтийг гаргуулж авсан. Харин тус аймгийн Эрүүл мэндийн газар нь дүгнэлт гаргаж өгөхгүй байгаа. Хууль, дүрмийн дагуу Эрүүл мэндийн газраас дүгнэлт гаргуулж авсны дараа байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулж, барилгаа хуулийн дагуу ашиглалтад оруулахыг хүсэж байна. Эрүүл мэндийн газарт нь одоо байгаа барилгын зураг төслийг бодитоор шалгуулж, барилгын зураг төслийг хийлгэх нь үүссэн нөхцөл байдлыг хуульд нийцүүлэн засаж барилгыг аюулгүй, шаардлага хангасан байдлаар ашиглалтад оруулах боломжийг бүрдүүлэх явдал юм гэв.
3. Хариуцагч нараас шүүхэд гаргасан тайлбарт:
3.1. Нэхэмжлэгч Т.Ж нь 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газарт “Өлгий сумын 10 дугаар багт байршилтай иргэн Т.Жын үйлчилгээний амины сууцны барилгын ажлын зургийг хянаж өгнө үү” гэх утга бүхий хүсэлтийг хүргүүлсэн. Уг хүсэлтийн дагуу Т.Жын үйлчилгээний амины сууцад шалгалт хийхэд, Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 10 дугаар баг, 1300 тоотод байрлах газарт өөрийн эзэмшлийн 3 давхар барилгыг барьж ашиглалтад оруулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь тогтоогдсон. Аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс иргэн Т.Жд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус барилгад үйлчилгээ, зоорины зориулалтаар улсын бүртгэлийн Ү-0213010434 дугаарт бүртгэж, 1 дүгээр давхарт үйлчилгээний зориулалтаар улсын бүртгэлийн Ү-0213010435 дугаарт бүртгэж, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2 дугаар давхарт үйлчилгээний зориулалтаар улсын бүртгэлийн Ү-0213011465 дугаарт бүртгэж, 3 дугаар давхарт хувийн сууцны зориулалтаар улсын бүртгэлийн Ү-0213011467 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болгосон байна.
3.2. Эрүүл ахуйн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/441 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт “Барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулахад эрүүл ахуйн хяналт хийхэд улсын байцаагчийн мөрдөх заавар”-т заасны дагуу барилга байгууламж шинээр баригдах, өргөтгөх зориулалтыг өөрчлөхөд барилга байгууламжийн эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл тус газрын хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн эрүүл ахуйн хяналтыг барилгын барилга байгууламжийн зураг төслийн үе шатанд явуулдаг.
3.3.Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.” гэж заасан. Уг заалтын урьдчилсан нөхцөл нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төсөл байх ёстой. Гэтэл Т.Ж нь өөрийн эзэмшлийн барилгыг барихад барилга байгууламжийн зураг төсөлд эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийлгэж, дүгнэлт гаргуулахгүйгээр, өөрөөр хэлбэл барилгын зураг төсөлгүйгээр барилга барьж, үйл ажиллагаа явуулсан. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараах төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:”, 26.1.1-д “барилга байгууламжийг шинээр барих”, 26.1.2-т “барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих”, 26.1.3-т барилга байгууламжийг буулгах” нөхцөлд барилгын ажлын зөвшөөрөл олгохоор хуульчилсан. Мөн Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах,магадлал хийх дүрэм”-ийн 5.1-д “Барилгын тухай хуулийн 25.1, 25.2-т тус тус заасан эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зургийг дараахь байгууллагаар хянуулж, зөвшилцсөн байна.” гэж заасан боловч нэхэмжлэгч Т.Ж нь 2021 онд барилгын ажлаа эхлэхдээ барилгын зураг төслөө хянуулж, батлуулахгүйгээр барьж дуусгасан. Нэхэмжлэгч Т.Ж нь өөрийн эзэмшлийн 3 давхар барилгыг аль хэдийн барьж дуусгасан бөгөөд ашиглалтад оруулаад 3 жил болж байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний хувьд барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн схем, барилгаа хуульд нийцүүлэн ашиглалтад оруулах, цаашид өмчлөх, эзэмших, ашиглах” гэж бичсэн. Хуульд заасны дагуу болон логикийн хувьд барилгын ажил нь эхлээд барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөх гэсэн дарааллаар явагддаг. Нэхэмжлэгч нэгэнт барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулсан барилгад эрүүл ахуйн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан нь хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. Баригдсан барилгад нөхөн барилгын зураг төсөл хийлгүүлэн, тухайн барилгын зураг төсөлд эрүүл ахуйн дүгнэлт гаргах, дутуу баримт бичгийг нөхөн бүрдүүлэх талаар хууль тогтоомж, журмаар зохицуулаагүй ба зөрчлийн шинжтэй бол Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг гэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
4.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ганц шалтгаан нь нэхэмжлэгч 2021 онд тухайн барилгыг барьж, 3 давхар барилгыг үйлчилгээний зориулалттайгаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Мөн Барилгын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/441 дугаартай тушаалаар баталсан заавраас үзэхээр эхлээд барилгын зургийн магадлал хийгдэж, үүний дараа барилгын ажил хийгдэж, дараа нь барилгыг ашиглалтад оруулах дарааллаар явагддаг. Барилын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2 дахь хэсэгт зааснаар барилгын зураг төсөлд магадлал хийгдээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана гэж заасан. Тухайн барилгад аль хэдийн үйл ажиллагааг явуулж байгаа. Барилга баригдсан байгаа нь процессын алдаа болж байна. Нэхэмжлэгчээс тухайн үед мэдээгүйгээс болж зөрчил гарсан гэж байгаа. Хууль, журамд заасны дагуу нэхэмжлэгчийн барилгын ажлын зурагт эрүүл ахуйн дүгнэлт гаргах гэхээр зөрчилтэй байгаа учраас барилгын зураг төсөлд эрүүл ахуйн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгч байгаа гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1.Тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Шындаулетын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах тухай албан даалгавар байдаг.
Тухайн албан даалгавраар барилгын ажлын зөвшөөрөл авах, зураг төсөлд магадлал хийлгэх, улсын комисс ажиллуулах зэрэг миний үйлчлүүлэгчээс гурван зүйлийг шаарддаг. Үүний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр болсон. Миний үйлчлүүлэгчийн зүгээс шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны даалгавартай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл нэгэнт шүүхэд хандах хугацааг өнгөрөөсөн байна. Үүнтэй холбоотой анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ эрх бүхий албан тушаалтны албан даалгавар нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийсэн учраас үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг биелүүлэх зорилгоор миний үйлчлүүлэгчээс барилгын зураг төсөл хийлгэх зорилгоор Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар зөвшөөрлийг нөхөн авах, зураг төсөлд магадлал хийлгэх ажлыг явуулж байгаа. Энэхүү маргаан нь тухайн зураг төсөлтэй холбоотой эрх бүхий байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулж өгнө үү гэсэн агуулгатай юм.
5.2. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүл ахуйн хяналтын байгууллагын дүгнэлт нь барилгын зураг төсөлд магадлал хийх заавал байх бүрэлдэхүүн хэсэг болдог юм. Үүний дагуу бид Эрүүл мэндийн газрыг болон улсын ахлах байцаагчийг хариуцагчаар тодорхойлсон. Хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь, Барилгын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, дээр дурдсан журам, Эрүүл мэндийн сайдын А/441 дугаартай тушаалаар батлагдсан заавраар барилгын зураг төсөлд эрүүл ахуйн нөхөн дүгнэлт гарах боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль бус юм. Бид тухайн үед зөрчил гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа тул зураг төсөлд нь эрүүл ахуйн дүгнэлт хийх маягаар тухайн зөрчлийг арилгах хэрэгтэй.
5.3. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн барилгад маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бариулсан. Харин одоо цаашид ашиглах боломжгүй болж байгаа. “ПП” компаниар барилгын иж бүрдэл зургийг төстэйгөөр холбогдох стандартын дагуу хийлгэсэн. Мөн Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Барилгын хяналтын улсын байцаагч нь зөрчлөө арилгах, зураг төсөлд эрүүл ахуйн дүгнэлт гаргаж, магадлал хийлгэхийг шаардаж, хийлгэхгүй бол барилгыг албадан буулгана гэж шаардлага тавьж байдаг. Хариуцагч байгууллагаас барилга баригдсан учраас дүгнэлт гаргах боломжгүй гэх хариуг өгч, зөрчил үүсэж байна. Төрийн нэг байгууллага нь хуульд заасан даалгавар өгөөд ажиллахаар шаардаж байдаг. Харин нөгөө төрийн байгууллага нь салбарын дотоод заавраар үүнийг хязгаарласан асуудал байдаг. Эрх бүхий албан тушаалтны даалгавар хүчин төгөлдөр байгаа, даалгаврын биелэлтийг хангах үүргээ нэхэмжлэгч биелүүлж байгаа учраас шүүхээс үүнийг бас анхаарч үзэх ёстой.
5.4.Захиргааны ерөнхий хуульд заасан суурь зарчмуудыг хариуцагч байгууллагын татгалзал нь зөрчиж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт “хуульд үндэслэх” гэсэн зарчим байна. Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна.” гэж заасан.
Барилга баригдсан эсхүл зөрчил арилгах шатанд байгаа барилгын зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийхийг хориглосон заалт байхгүй. Хариуцагч талаас баригдсан барилга дээр хяналт хийхгүй гэж тайлбарлаж байгаа болохоос биш, үүнийг хориглосон зохицуулалт байхгүй. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт “шуурхай, тасралтгүй байх” гэж заасан. Захиргааны байгууллага иргэний гаргасан хүсэлтэд “боломжгүй” гэсэн хариу өгч байгаа нь үндэслэлгүй юм.
Тухайн асуудлыг хууль ёсны дагуу хэрхэн шийдвэрлэх талаар шийдэл зааж өгөх ёстой байсан. Энэ үүргийг мөн биелүүлэхгүй байгаа. Миний үйлчлүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгсэхгүй боллоо гэхэд цаашид тухайн асуудалтай холбоотой дүгнэлт гаргах, зөвшөөрөл авах асуудлаар хэрхэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хууль ёсны итгэл хамгаалах зарчим гэж байгаа. Нэхэмжлэгч нар эрх бүхий улсын байцаагчийн 50 дугаартай даалгаварт итгэж, их хэмжээний санхүү, цаг хугацаа зарцуулан, мэргэжлийн байгууллагаар зураг төсөл хийлгэж, экспертизийн шатанд ирсэн. Төрийн нэг байгууллагын албан ёсны шийдвэрт итгэж үйл ажиллагаа явуулсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр нь нөгөө байгууллага дээр очиж гацах ёсгүй юм.
5.5. Хариуцагч тал барилгын бодит нөхцөл байдлыг шалгаж үзээгүй. Харин сая нотлох баримт шинжлэн судлуулах явцад хариуцагч талын судлуулсан нотлох баримт нь иргэн Т.Жын барилгатай холбоотой асуудал биш. Тухайн барилга дотор үйл ажиллагаа явуулж буй нарийн боовны цех буюу “Алтын шах” ХХК-ийн үйл ажиллагаа эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхтэй холбоотой н.Галия гэдэг улсын байцаагчийн гаргасан дүгнэлт байсан, барилгын норм нормативын дүрэмд заасны дагуу барилга баригдсан эсэхтэй холбоотой татгалзал байгаагүй юм.
5.6. Тухайн барилгад нөхөж зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн мөртлөө 2022 оноос хойш “Алтайн хөрс” ХХК-ийн дүгнэлтээр газар хөдлөлтийн 9 баллын бүсэд тохирсон хөрсний усгүй, аюулгүй барилга байна гэж гаргасан. Үүний дараа галын аюулгүй байдалтай холбоотой аймгийн Онцгой байдлын газрын гал төмрийн улсын байцаагч н.Ербуланаас 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дүгнэлт гаргаж, зураг төслийг галын аюулгүй байдлын нормын дагуу хийгдсэнийг баталгаажуулсан. Дэд бүтцийн хувьд аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар, “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХК-аас техникийн нөхцөлийг авсан. Нэгэнт баригдсан барилга дээр баригдсан хийц болоод зураг төсөл, агаар сэлгэлт, байгалийн гэрэлтүүлэг, ариун цэврийн орчин Эрүүл ахуйн тухай хууль болон барилгын холбогдох стандартыг хангаж байгаатай холбоотойгоор дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.
Хэрвээ тухайн шаардлагыг хангаж байгаа гэж дүгнэлт гаргавал цаашид үйл ажиллагааг явагдана, хэрвээ шаардлага хангахгүй юм байна гэсэн дүгнэлт гарвал манай үйлчлүүлэгчээс дээрх зөрчлүүдийг арилгах арга хэмжээ авна. Үүнтэй холбоотой шийдвэр гаргаж өгөхгүй байгаа явдалд гомдолтой байгаа.
5.7. “ПП” ХХК-ийн хувьд маргааны үндэслэл нь Т.Жын Өлгий сумын 10 дугаар багт байршилтай, 3 давхар бүхий үйлчилгээний барилга нь хуульд заасан шаардлагыг хангахгүй, барилгын зураг төсөл нь алдаатай байгаа, энэ дээр магадлал хийлгэх шаардлагатай гэсэн эрх бүхий албан тушаалтны даалгаврын дагуу иргэн Т.Жаас “ПП” ХХК-тай дахин зураг төсөл хийлгэх тухай гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн дээр“ПП” ХХК нь тухайн 3 давхар барилгын зураг төслийг барилгын норм, дүрэм, стандартын дагуу болон Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар хийсэн учраас үүнтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлдэг асуудал мөн тухайн зураг төслийн компанид хамаардаг. Иймд тус компани нь шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа юм. “ПП” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамны 3112-23925 дугаартай тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллага. Барилгын тухай хуулийн 23, 25, 38 дугаар зүйлд зааснаар тус компани нь өөрийн зохиосон зураг төслийг магадлалаар баталгаажуулах, лиценз ашиглан мэргэжлийн нэр хүндээ хамгаалах бие даасан эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл, иргэн Т.Жтай холбоотой барилгын зураг төслийг боловсруулж, гэрээ байгуулсан тул гэрээний биелэлтийг өөрөө хангах үүрэгтэй. Нэгэнт миний үйлчлүүлэгч хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрч, үүний дараагийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу тухайн зөрчлийг үр дагаврыг арилгах арга хэмжээ авч байгаа учраас шүүхийн зүгээс анхаарч үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нарын маргаан үндэслэлгүй байна.
2. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т "барилгын ажлын захиалагч" гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;”, 4.1.30-д "зураг төсөл" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг;”, 4.1.31-д "зураг төсөл зохиогч" гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг;” гэж тус тус заасан.
Хэргийн нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Т.Ж болон барилгын зураг төсөл зохиогч “ПП” ХХК нь хоорондоо 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх тухай гэрээ” байгуулсан байх ба уг гэрээний дагуу “ПП” ХХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт орших иргэн Т.Жын үйлчилгээтэй амины сууцны барилгын зураг төслийн баримт бичиг болох загвар зураг, ажлын зургийг боловсруулжээ.
3. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.” гэж, Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна.” гэж заасан ба нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт гаргасан “Өлгий сумын 10 дугаар багт орших иргэн Т.Жын үйлчилгээтэй амины сууцны барилгын “ПП” ХХ-ийн зохиосон зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийж, дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтэд тус газрын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 320 дугаартай албан бичгээр “...шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсөлд хяналт хийж, дүгнэлт гаргах үндэслэлтэй, харин баригдаж дууссан, үйл ажиллагаа явуулж буй барилгын зураг төсөлд дүгнэлт гаргах боломжгүй.” гэх хариуг өгчээ.
4.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ шүүхэд “...Т.Жын үйлчилгээний, амины сууцад шалгалт хийхэд, Өлгий сумын 10 дугаар багт байрлах газарт иргэн Т.Ж нь өөрийн эзэмшлийн 3 давхар барилгыг барьж ашиглалтад оруулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь тогтоогдсон. Эрүүл ахуйн хяналтыг барилга байгууламжийн зураг төслийн үе шатанд явуулдаг.
Нэгэнт баригдсан барилгад нөхөн барилгын зураг төсөл хийлгүүлэн, тухайн барилгын зураг төсөлд эрүүл ахуйн дүгнэлт гаргах, дутуу баримт бичгийг нөхөн бүрдүүлэх талаар хууль тогтоомж, журмаар зохицуулаагүй. Хуульд заасны дагуу болон логикийн хувьд барилгын ажил нь эхлээд барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөх гэсэн дарааллаар явагддаг. Шинээр нөхөн боловсруулсан зураг төслийг үндэслэж, баригдаж дууссан, ашиглалтад орсон барилга байгууламжийн халаалт, агаар сэлгэлт зэрэг инженерийн хангамжийн шийдэл эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргах боломжгүй. Дууссан барилгын зураг төсөлд магадлалын дүгнэлт гарахгүй гэдэг ганцхан үндэслэлээр маргаж байна.” гэж тайлбарласан ба хэргийн нотлох баримтаар[1] маргаанд хамааралтай дараах үйл баримт тогтоогдсон.
4.1. Нэхэмжлэгч Т.Ж нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр 2021 онд Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс өмчилсөн 3493 м2 газрын 171.6 м2 талбайтай хэсэгт үйлчилгээтэй амины сууц, /зоорьтой/ 3 давхар барилгыг барих ажлыг эхлүүлж, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар барьж дуусгасан байна.
4.2. Уг барилгыг /давхар болгоныг ашиглах зориулалтаар нь/ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлт бүртгүүлж, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 000980575, 000980576, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 001234753, 001234755 дугаартай Т.Жыг тухайн барилгын өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, барилгыг 2024 оны 07 дугаар сараас эхлэн амины сууц, үйлчилгээний гэсэн зориулалтаар ашиглажээ.
5. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг энэ хуулийн 23.2-т заасан эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ.”, 25.2-т “Магадлалыг дараахь зураг төсөлд хийнэ: 25.2.1.газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт;” гэж заасан. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 32.1.8.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг батлах;” гэж заасны дагуу Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 211 дугаартай тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн Дөрвийн 4.3-т “Барилга байгууламжийн зураг төслийг хүснэгт 4-т заасан байгууллагаар хянуулж, зөвшилцсөн байна.” гэж, “Хүснэгт-4”-ийн холбогдох хэсэгт “Зөвшилцөх чиглэл:эрүүл ахуйн нөхцөл шаардлага”, “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал: Бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламж”, “Зураг төсөл: Загвар зураг, /Эх загвар зураг,Ажлын зураг/” гэж, “Загвар зургийг тухайн барилга байгууламжийг төлөвлөж байгаа байршил дахь онцгой байдлын асуудал хариуцсан газрын гал түймэртэй тэмцэх нэгж, эрүүл ахуйн хяналт хариуцсан газар, инженерийн хангамжийн байгууллага, аймаг, нийслэлийн ерөнхий архитектор, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжээр (шаардлагатай тохиолдолд) хүснэгт 4-т заасны дагуу хянуулж, зөвшилцөнө.” гэж тус тус заасан байна.
6. Нэхэмжлэгч тухайн барилгаа барилгын зураг төсөл зохиогч “Рус-Нур” ХХК-ийн боловсруулсан эрх бүхий этгээдээр магадлал хийгдсэн зураг төслийн дагуу барьсан гэж тайлбарласан ба хэрэгт нотлох баримтаар авагдсан “Рус Нур” ХХК-ийн 2021 онд боловсруулсан зургийн шифр 1-03/2021РН дугаартай барилгын ажлын зураг, Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 735/2021 дугаартай “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл” бүхий баримтуудаас үзэхэд, “Рус Нур” ХХК-ийн зохиосон уг зураг төсөл нь Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу газрын өөр байршилд барихаар төлөвлөгдсөн иргэн К.Адайн үйлчилгээний орон сууцны барилгын ажлын зураг байна.
7. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас нэхэмжлэгч Т.Жыг Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгыг магадлал хийлгэсэн зураг төсөлгүйгээр, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр барьж, эрх бүхий этгээдээс ашиглалтад оруулаагүй байхад ашигласан гэх зөрчил гаргасныг тус тус илрүүлж, зөрчлийн холбогдогчоор тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан “Барилгын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0957662 дугаартай шийтгэлийн хуудсаар 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн өдрийн даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж шийдвэрлэжээ.
7.1. Эрх бүхий албан тушаалтны дээрх шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “.... эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг хүлээн зөвшөөрч байгаа, иймээс уг даалгаврыг биелүүлж, зөрчлийг арилгах зорилгоор "ПП” ХХК-аар уг барилгын зураг төслийг дахин хийлгэж, хуульд заасны дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраар барилгын зураг төсөлд хяналт хийлгэж эрх бүхий этгээдээр дүгнэлт гаргуулж, магадлал хийлгэсэн. Уг зураг төсөлд Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу эрүүл ахуйн хяналт хийлгэж, дүгнэлт гаргуулах шаардлагатай ба “ПП” ХХК-ийн боловсруулсан зураг төсөл нь баригдсан барилгын загвартай тохирсон, “Рус-Нур” ХХК-ийн зохиосон зурагтай ижил төсөөтэйгөөр зохиогдсон, уг барилгын дахин зохиосон зураг төсөлд эрүүл ахуйн хяналтыг нөхөн хийж, дүгнэлт гаргахыг холбогдох хууль, журмаар хориглоогүй.” гэж тайлбарлан маргаж байна.
8. Шүүхээс нэхэмжлэгч талын дээрх маргааныг дараах байдлаар үндэслэлгүй гэж дүгнэв. Үүнд:
8.1. Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "эрүүл ахуйн нөхцөл, шаардлага" гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг;” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хот, суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна.”, 5.3-т “Барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, барилга байгууламжийг барих байршлыг тогтоохоос эхлээд тухайн барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах хүртэлх бүх шатанд эрүүл ахуйн хяналтын байгууллага нь эрүүл ахуйн хяналтыг хэрэгжүүлэхээр байгаа ба “Барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулахад эрүүл ахуйн хяналт хийхэд улсын байцаагчийн мөрдөх заавар”-ыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 9.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.2.1.хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, техникийн ерөнхий шаардлага, хяналтын хуудсыг хууль тогтоомж болон энэ хуулийн 5.19-д заасан нийтлэг журамд нийцүүлэн батлах;” гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/441 дугаартай тушаалаар баталсан байна.
Уг зааврын Хоёрын 2.1-д “Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан барилга байгууламжийн ангиллыг үндэслэн бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжид аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж,…хяналт шалгалт хийж гүйцэтгэнэ.”, 2.2-т “Барилга байгууламж шинээр баригдах, өргөтгөх, зориулалтыг өөрчлөхөд барилга байгууламжийн эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийнэ.”, 2.5-д “Барилга байгууламжийн эх загвар зурагт Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43-д заасны дагуу барилга байгууламжийн орчны тохижилт, нарны ээвэрлэлт, барилгын зориулалт, эзлэхүүн төлөвлөлт, давхрын байгуулалт, ус хангамж, ариутгах татуурга, халаалт, агаар сэлгэлт, цахилгаан хангамж зэрэг инженерийн хангамжийн ерөнхий шийдэл эрүүл ахуйн аюулгүй байдлын нөхцөл, шаардлага хангаж буй эсэхийг хянана.”, 2.6-д “Барилга байгууламжийн иж бүрэн ажлын зураг төсөлд барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэх, зориулалт, хүчин чадал, өндөр, нарны ээвэрлэлтийн хангамж, орчны тохижилт, амрах тоглох талбай, тоноглол, ногоон байгууламжийн эхлэх хувь хэмжээ, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогт тохирсон өрөө, тасалгааны талбайн хэмжээ, байршил, технологийн урсгал дамжлагын чиглэл, халаалт, агаар сэлгэлт, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламж нь эрүүл ахуйн норм, дүрэм, стандартын шаардлагыг хангасан эсэхийг хянаж дүгнэлт гаргана.”, 2.16-д “Улсын байцаагч эх загвар зураг, иж бүрэн ажлын зургийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан хянаж, шаардлага хангасан тохиолдолд дүгнэлт гаргах ба шаардлага хангаагүй тохиолдолд албан бичгээр хариу хүргүүлнэ.” гэж тус тус зохицуулагджээ.
Дээрх зохицуулалтын дагуу шинээр барихаар төлөвлөгдсөн барилгын зураг төсөлд Хоёрын 2.5, 2.6-д заасан агуулгаар улсын байцаагчаас эрүүл ахуйн хяналт хийхээр байгаа, өөрөөр хэлбэл зураг төсөл зохиоход хэрэгжүүлэх эрүүл ахуйн хяналт нь тухайн барилга баригдахаас өмнө урьдчилж хийгдэх зохицуулалттай тул баригдаж дууссан барилга байгууламжид зориулж нөхөн боловсруулсан зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийж, дүгнэлт гаргахаар зохицуулагдаагүй гэх хариуцагч талын татгалзал үндэслэлтэй байна.
Тодруулбал, дээрх байдлаар нэхэмжлэгч Т.Ж нь Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах өөрийн өмчлөх эрхтэй 3493 м2 газрын тодорхой хэсэгт К.Адай гэгч хүний Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу газрын өөр байршилд барихаар төлөвлөсөн 3 давхар орон сууцны барилгын “Рус Нур” ХХК-ийн боловсруулж, эрх бүхий байгууллагаар магадлал хийлгэсэн гэх зураг төслийг ашиглаж, 171.6 м2 суурь талбайтай зоорины хамт 3 давхар барилгыг Барилгын тухай хуульд заасан журмаар барилгын ажлын зөвшөөрөл авахгүйгээр барьж дуусган, барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар 2024 оны 07 дугаар сараас хойш ашигласан үйл баримтууд тогтоогдсон.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд, 2026 онд “ПП” компанийн зохиосон зураг төсөл нь иргэн Т.Жын шинээр барих барилгын ажлын зураг биш байгаагаас гадна нэхэмжлэгч талаас “ПП” ХХК-ийн зохиосон зураг төсөл Т.Жын баригдсан барилгын загвартай тохирсон гэж тайлбарлан маргаж байгаа ч 2026 онд шинээр боловсруулсан уг зураг төслөөр нэхэмжлэгч Т.Жын 2024 онд ашиглалтад орсон барилга баригдсан гэж үзэх нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Т.Ж нь барилгаа 2024 онд барьж дуусган энэ үеэс үйл ажиллагаа явуулж, ашиглаж ирсэн байхад баригдсан барилгад зориулж нөхөн боловсруулсан “ПП” ХХК-ийн зохиосон зураг төсөлд “Барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулахад эрүүл ахуйн хяналт хийхэд улсын байцаагчийн мөрдөх заавар”-ын Хоёрын 2.5, 2.6-д заасан үндэслэлүүдээр эрүүл ахуйн хяналт хийх нь хуулийн дээрх зохицуулалтуудтай нийцэхгүй.
Иймд хариуцагчийн “баригдаж дууссан барилгад нөхөн боловсруулсан зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийх боломжгүй” гэх үндэслэлээр 2026 онд “ПП” ХХК-ийн зохиосон Өлгий сумын 10 дугаар багт 2024 онд баригдаж дууссан нэхэмжлэгч Т.Жын өмчлөх эрхтэй үйлчилгээтэй орон сууцны /зоорины хамт/ 3 давхар барилгын загвар зураг, ажлын зураг гэх баримтуудад эрүүл ахуйн хяналт хийж, дүгнэлт гаргахаас татгалзсан хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцсэн гэж үзэж, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8, 40 дүгээр зүйлийн 40.2, Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Захиргааны ерөнхий 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ж болон “ПП” ХХК-ийн шүүхэд гаргасан ““ПП” ХХК-ийн 2026 онд зохиосон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрлах иргэн Т.Жын өмчлөлийн 3 давхар барилгын зураг төсөлд хуульд заасан журмын дагуу эрүүл ахуйн хяналт хийж, зураг төслийн магадлалын дүгнэлт гаргахыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, тус газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
[1] Нэхэмжлэгчийн тайлбар, архитектур төлөвлөлтийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/2022 дугаартай даалгавар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2021 оны 000679418 дугаартай гэрчилгээ,