| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0416/э |
| Дугаар | 2018/ШЦТ/192 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******...... овогт *******-т холбогдох эрүүгийн 1821003080210 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ........ овогт *******, Монгол Улсын иргэн /РД: ......../, ....... оны ...... дугаар сарын .......-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, *******. мэргэжилтэй, “.........” ХХК-ийн *******....... ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Хэрлэн сумын ..... дугаар баг *******... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Талын шилтгээн хотхон”-ы гадна 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд хамтран амьдрагч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн чамайрхайн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөг, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн суманд оршин суудаг юм. Би ******* гэдэг эмэгтэйтэй 2014 оноос танилцаж амьдарсан. Бид хоёр дундаасаа 2016 онд охинтой болсон бөгөөд амьдарч байгаад хэрүүл маргаан бусад зүйлээс болж таарч тохирохгүй болоод 2017 оны 11 дүгээр сард салсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчим ******* надруу залгаж надад хандаж “би ажлынхаа хүмүүстэй ******* хоолны газарт хоол идэж байна, завтай бол хүрээд ирэх үү” гэж хэлэхээр нь зөвшөөрч өөрийнхөө эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон. Очиход ******* “*******” хоолны газраас найзынхаа хүүхэд гэх нялх хүүхэд барьсан байдалтай байсан. Тэгээд бид хоёр хүүхдийг салхилуулах зорилгоор Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах Найрамдал парк руу явсан. Бид хоёр сууж байгаад би *******д хандаж, “ажлын хүмүүстэйгээ 2, 3 хоног гадуур явж архи пиво уулаа” гэж хэлэхэд маргалдаж эхэлсэн. Бид хоёр салсан ч уулзаад эхнэр нөхрийн холбоотой байдаг учир их уур хүрч маргалдсан юм. ******* өөрийгөө өмөөрөөд байсан учраас миний уур хүрээд байсан. Тэгээд ******* надад хандаж, “би Талын шилтгээн хотхонд бууна, хүргээд өг” гэхээр нь Талын шилтгээн хотхоны гадаа ирсэн. ******* замдаа хэл ам хийгээд байхаар нь *******гийн нүүрэн тус газарт нь 1 удаа цохиод, цохисны дараа цагдаа дуудахаар нь уур хүрээд гар утсыг нь шүүрч авсан. ******* нь миний тээврийн хэрэгслийн урд талын салоныг өшиглөөд байхаар хөлийг нь бариад хориглосон боловч болохгүй байхаар нь машинаасаа гараад ******* рүү очоод хөл гарыг нь бариад машинаас буулгах гэсэн чинь өөдөөс өшиглөөд “буухгүй” гэж хашиграад байхаар нь татаад машинаасаа буулгасан. ...Очоод дахин маргаан эхлээд би сууж байхад намайг нэг удаа алгадахаар нь *******гийн гуя руу нь өшиглөөд, гэдэс хэсэг рүү нь нэг удаа дахин өшиглөсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх 132/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2018 оын 05 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн орчимд Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах Талын шилтгээнд найзындаа хоносон...”*******” хоолны газраас гарахдаа салсан нөхөр М-г би утсаар дуудсан. Тэгээд байж байхад М “******* хоолны гадаа ирчихлээ” гэж утсаар над руу залгасан. Тэгээд би найзынхаа хүүхдийг аваад М-тай уулзаад Хэрлэн гол ороод М-тай уулзаад юм ярьж байхад М над руу уурлаад эхэлсэн. Тэгээд намайг “чи энэ машинд нэг удаа бензин хийхгүй байж намайг дуудаад баахан гадуур явлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “наад бензинийг чинь хийгээд өгье” гэж хэлсэн чинь М намайг “чамд юу байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд төрсөн охиноо миний охин биш, би юм өгөх албагүй чиний нэр дээр байдаг болохоор чиний л охин гээд хэрүүл хийгээд байсан...М машинаа асаагаад Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах “Талын шилтгээн” рүү явж байхдаа миний гар руу цохисон... Тэгээд би цагдаа дуудаад М-ын машинд нь суугаад цагдааг хүлээж байхад М намайг машинаасаа хөөгөөд байсан. Тэгээд “цагдаа иртэл сууж байя” гэж хэлсэн чинь намайг М машинаасаа чирж буулгаад миний толгой, хөл рүү өшиглөсөн. Тэгээд би цагдаад дахин дуудлага өгөөд байж байхад миний гар утсыг булааж аваад миний гэдэс рүү өшиглөөд, нүүр рүү алгадаад, толгой руу дахиад цохисон...” гэжээ. /хх 17/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дүгээр сарын 07-ны өдрийн 350 тоот дүгнэлтэд: "1.*******гийн биед тархи доргилт, зүүн чамархайн зөөлийн эдийн няцрал, баруун зүүн өвдөг, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 25/
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон Зөрчлийн хохирогчоор хохирогчийг асуусан мэдүүлэг /хх 16-19/, зөрчлийн холбогдогчоор шүүгдэгчийг асуусан тэмдэглэл /хх 19-20/, Гэрч /хх 22/, *******өнхцэцэг /хх 21/, Аюулгүй зэргийн үнэлгээ /хх 9-10/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, Дорнод аймгийн 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-23/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 137/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 136/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Талын шилтгээн хотхон”-ы гадна 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд хамтран амьдрагч *******тэй маргалдсаны улмаас зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн чамайрхайн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөг, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон Хохирогч *******гийн эх сурвалжаа тодорхой зааж мөрдөн шалгах ажиллагаанд дээр дурдсан “...М машинаа асаагаад Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах “Талын шилтгээн” рүү явж байхдаа миний гар руу цохисон... Тэгээд би цагдаа дуудаад М-н машинд нь суугаад цагдааг хүлээж байхад М намайг машинаасаа хөөгөөд байсан. Би тэгээд “цагдаа иртэл сууж байя” гэж хэлсэн чинь намайг М машинаасаа чирж буулгаад миний толгой, хөл рүү өшиглөсөн. Тэгээд би цагдаад дахин дуудлага өгөөд байж байхад миний гар утсыг булааж аваад миний гэдэс рүү өшиглөөд, нүүр рүү алгадаад, толгой руу дахиад цохисон...” /хх 17/ гэх мэдүүлэг,
Мөн 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байж болох талаар дүгнэсэн шинжээчийн “...*******гийн биед тархи доргилт, зүүн чамархайн зөөлийн эдийн няцрал, баруун зүүн өвдөг, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна” гэх 350 тоот дүгнэлт /хх 25/, Зөрчлийн хохирогчоор хохирогчийг асуусан мэдүүлэг /хх 16-19/, зөрчлийн холбогдогчоор шүүгдэгчийг асуусан тэмдэглэл /хх 19-20/, Аюулгүй зэргийн үнэлгээ /хх 9-10/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар хохирогч ******* нь шүүгдэгч *******-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарах ба түүний эрүүл мэндэд нь хохирол учруулсан *******-н үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж үзнэ.
Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох ба хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь түүнийг зодсон шүүгдэгч *******-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Мөн Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх 40-41/-ээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдлыг хангасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн /хх 48/ байх тул шүүгдэгч *******-г прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.
Эрүүгийн 1821003080210 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн *******... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчинтэй болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******... овогт *******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т анхааруулсугай.
4. Эрүүгийн 1821003080210 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н *******....... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ү.ОДГЭРЭЛ