| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 1/24160105 |
| Дугаар | 2025/ДШМ/12 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/12
Ч.*******т оногдуулсан
торгох ялыг солих тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокурор Б.Болор-Эрдэнэ,
Ялтан Ч.******* /цахимаар/,
Эрх бүхий албан тушаалтан Б.Содбаяр,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ХМШЗ/01 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ялтан Ч.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.*******т холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын 1/24160105 дугаартай хувийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Болор-Эрдэнэ нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ч.*******т оногдуулсан торгох ялыг хорих ялаар солиулах тухай 01 дугаартай дүгнэлтийг үйлдэн, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.*******т оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож ялтан Ч.*******ийн эдлэх ялыг 66 /жаран зургаа/ хоногийн буюу 2 /хоёр/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.*******ийн эдлэх 2 сар 6 хоногийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ялтан Ч.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал яллагдагч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх, гэмт хэрэгтэнд шударгаар ял оногдуулах гэсэн утга бүхий зүйл заалтууд байдгийг харгалзаад хэдийгээр хуулийн хугацаа өнгөрчихсөн, торгох ял нь хорих ялаар солигдох нь тодорхой байсан ч гэсэн зөвхөн нэг талыг барилгүйгээр надтай нэг минут ч болтугай уулзаж, бодит байдлыг тодруулахаар ч юм уу нотлох баримт байгаа эсэхийг асуун хэргийн материалд хавсаргах нь зүйтэй гэж үзсэн бол надад мянган нэгжийн торгох ялыг 66 хоногоос арай бага хоногийн хорих ял оногдуулж болох байсныг прокурор Б.Болор-Эрдэнэ харгалзан үзээгүй гэж гомдол гаргаж байна.
Шүүх хурал эхлэх 10 цагаас өмнө 1000000 төгрөг хийгдсэн гэж би мэдэгдэх үед шийдвэр гүйцэтгэгч Н.Алтангэрэл шалгаадах уу гэж шүүгчээс асуухад шүүгч Э.Оюун-Эрдэнэ ял хөнгөрүүлэх тухай бодолцохоо байг гэхэд надад хоёр давхар ял оногдуулчих эрсдэлийг ч тооцоолж үзсэнгүйд гомдолтой, торгох ялыг шүүх хуралдаан болсон өдөр төлсөн тул хорих ялыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Б.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Тус шүүх хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зарлагдсан. Шийдвэр гүйцэтгэгч тухайн ялтан хоёрыг шүүх хуралдааны бэлэн байдлыг хангах зорилгоор 09 цаг 30 минутад авчирсан. Шүүхэд нэвтэрсэн бүртгэлд Ч.******* 10 цаг 00 минутад тус шүүхээр нэвтэрсэн болох нь тогтоогдсон байдаг. Тэгэхээр 10 цаг 00 минутад Ч.******* болон эрх бүхий албан тушаалтан Н.Алтангэрэл нэвтэрсэн болох нь тогтоогддог. 1,000,000 төгрөгийг тушаасан гэх асуудлыг шалгаж үзэхэд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 53 минутад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкны дансанд Х.******* гэх хүн Ч.*******ийн регистрийн дугаарыг утга хэсэгт хийгээд шилжүүлсэн байдаг. Тухайн шүүх хуралдаан үргэлжилж байх явцад Ч.*******ийн хувьд 1000000 төгрөгөө төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч байна гээд тухайн 1000000 төгрөгийг 09 цаг 53 минутад төлж байгаа байдлыг Ч.*******ийн хувьд мэдээгүй үйл баримт авагдсан.
Ч.******* нь 200000 төгрөгийн тухай гомдолдоо дурдан ярьдаг. Энэ 200000 төгрөг нь иргэний журмаар өөр хэрэгт буюу сая шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар 287000 төгрөгийг төлсөн байгаа нь тогтоогддог. Тэгэхээр энэ 287000 төгрөг нь мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөс төлөөд байгаа ойлголт биш гэдэг нь тогтоогдсон.
Иргэний журмаар 256000 төгрөгийг төлсөн байдаг. Өөр зүйлтэйгээ хольж яриад байгаа үйл баримт байна. Үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэж заасан. Гэтэл торгох ялыг хорих ялаар солих шүүх хуралдааны явцад тухайн торгох ял буюу 1000000 төгрөгөө төлөөгүй гэдгээ өөрөө илэрхийлж байтал Х.******* гэдэг хүн банкны баримтаар төлөөд байдаг. Гэтэл энэ хүний гэм буруутай үйлдэл буюу түүний эрүүгийн хариуцлагыг Х.******* гэдэг хүн төлөөд тухайн хүн нь би төлөөгүй гэдгээ илэрхийлээд байдаг.
Гэм буруутай этгээдийн эрүүгийн хариуцлага хууль ёсны, үндэслэлтэй байх ёстой. Энэ дээр хяналт тавьдаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хугацаа нь дуусчихсан тохиолдолд хуулийн дагуу хорих ялыг биелүүлэх ёстой.
Торгох ял буюу шүүхийн шийдвэрт заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд бид нар өөрийн эрх хэмжээ болон хууль, журамд зааснаараа торгох ялыг хорих ялаар солих хууль зүйн үндэслэлтэй.
Ч.*******т энэ талаар хувийн хэрэг материалыг нээхэд эрх үүрэг, төлөх график, мөн энэ хүндээ боломж олгож нэг сарын хугацаагаар буюу 30 хоногоор сунгаж байгаа нөхцөл байдал байна. Зургаан сарын хугацаа гэдэг нь энэ хүнд хуульд заасан боломжит хугацааг өгсөн. Гэтэл энэ хугацаандаа төлөөгүй. Тийм учраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан учраас түүний торгох ялыг хорих ялаар солих тухай захирамжийг хэвээр үлдээж, ялтан Ч.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Эрх бүхий албан тушаалтан Б.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.*******ийг Өмнөговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1000000 төгрөгийн торгох ялаар шийтгэснийг хүлээн авч 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр болсноор таван сарын хугацааг тоолж 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хугацаа дууссаныг ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Содбаяр миний бие нэг сарын хугацаагаар сунгаад шүүх хурал болдог өдөр бэлэн байдлыг хангах үүднээс шийдвэр гүйцэтгэгч Н.Алтангэрэлийг шүүх хурал болохоос 30 минутын өмнө явуулсан.
Шүүх хурал болсон тухайн өдөр нь 09 цаг 53 минутад Ч.******* нь 1000000 төгрөгийн төлбөрөө төлүүлсэн. Тэгээд 1000000 төгрөгийг одоогийн байдлаар буцаан олгосон буюу шилжүүлсэн юм байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд бариатай байгаа.
Торгох ялыг биелүүлэх хуулиар тогтоосон хугацаа болон шүүхээс тогтоосон хугацаа өнгөрчихсөн учраас анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Ялтан Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөнгө хийсэн гэж бодож байна. Энэ мөнгийг би ямар ч байсан тушаасан гэж бодож байна. 06 дугаар сарын 27-ны өдөр биш байлаа гэхэд 24-нөөс 28-ны долоо хоногт 200000 төгрөгийг миний регистрийн дугаартай тя буюу торгуулийн ял гээд биччихсэн байгаа.
Шүүгч нарт хүсэлт гаргахад миний эрх зүйн байдал дордоод байгаа учраас хуулийн хугацаанд нь 1000000 төгрөг төлчихсөн нөхцөл байдлыг үзээд 66 хоногийн хоригдох ял биш торгуулийн ялаар нь хэвээр байлгаж өгнө үү гэж хүсэж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.*******ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Ялтан Ч.******* нь Өмнөговь аймгийн төвд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Б.*******аас 14887798 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдон Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.*******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Ч.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсэн байна.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Болор-Эрдэнэ нь ялтан Ч.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр торгох ялыг хорих ялаар солиулахаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 01 дугаартай дүгнэлтийг үйлдэж ялтан Ч.*******т холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ХМШЗ/01 дугаартай шүүгчийн захирамжаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.*******т оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож ялтан Ч.*******ийн эдлэх ялыг 66 /жаран зургаа/ хоногийн буюу 2 /хоёр/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэжээ.
Ялтан Ч.******* нь “торгох ялыг шүүх хуралдаан болсон өдөр төлсөн тул хорих ялыг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүхийн “Ялтан Ч.******* нь сунгасан 30 хоногийн хугацаанд ч 1000000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/24160105 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоол /хавтаст хэргийн 10 дахь тал/, торгох ял шийтгүүлсэн ялтны дэлгэрэнгүй бүртгэл, торгох ял шийтгүүлсэн ялтанд эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, хувийн баталгаа, торгох ялын төлөлтийн график, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хяналтад байгаа этгээдтэй уулзаж ярилцсан тэмдэглэл, торгох ялын хугацаа сунгах тухай 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.”
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмыг хуульчилж, уг зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.”, 160.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно.”, 160.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлнэ.” гэж тус тус заасны дагуу ялтан Ч.*******ийн биелүүлээгүй 1000000 төгрөгөөр торгох ялыг хорих ялаар солих тухай прокурорын дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй.
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 1/24160105 дугаартай ялтан Ч.*******т холбогдох хяналтын хувийн хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Содбаяр нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ялтан Ч.*******т холбогдуулан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолыг үйлдсэн байх ба шийдвэр гүйцэтгэгч Н.Алтангэрэл нь торгуулийн ялыг төлөх хуваарийг 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл сар бүр 200000 төгрөг төлөхөөр тооцон 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ялтан Ч.*******т танилцуулан гарын үсэг зуруулсан байна. /хяналтын хэргийн 17 дугаар хуудас/
Ялтан Ч.******* нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “торгуулийн ялыг хугацаанд нь төлж чадаагүй учраас нэг сараар хугацааг сунгах” хүсэлтийг гаргасныг /хяналтын хэргийн 21 дүгээр хуудас/ ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хүлээн авч 30 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацаанд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хуульд заасан хугацаагаар нэг удаа сунгасан хугацаанд ялтан Ч.******* нь торгох ялыг биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан Ч.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тул ялтны торгуулийн мөнгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн тул хорих ялыг хүчингүй болгох тухай гомдол нь хууль зүйн үндэслэлгүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтан Ч.******* нь 2024 оны 06 дугаар сарын сүүлчээр бэлэн 200000 төгрөгийг торгох ял төлөх зорилгоор шилжүүлсэн гэж тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүнд холбогдох хяналтын хувийн хэрэгт торгох ялд 200000 төгрөг төлсөн талаарх нотлох баримт авагдаагүй болно.
Иймд иргэн Х.*******ээс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн банкны орлогын мэдүүлгээр Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд КА63011804 торгууль гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн 1000000 төгрөгийг Х.*******т буцаан олгохоор тогтов.
Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул ялтан Ч.*******ийн цагдан хоригдсон хугацааг ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ХМШЗ/01 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Ялтан Ч.*******ийн “торгох ялыг шүүх хуралдаан болсон өдөр төлсөн тул хорих ялыг хүчингүй болгох” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 /хорин есөн/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкны 210000020153 тоот данснаас 1000000 төгрөгийг гаргуулан Х.*******т буцаан олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд оролцогчид гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА