| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0417/э |
| Дугаар | 2018/ШЦТ/193 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******.. овогт *******-д холбогдох 1821003130205 дугаартай хэргийг 2018 оны 06 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *******.... овогт *******, Дорнод аймгийн Баян-Уул суманд ...... оны ...... сарын ......-ний өдөр төрсөн, ...... настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД:*******/, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын ........ багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, сэтгэцийн хөгжлийн эмгэг оюуны хөнгөн хомсдолтой.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 27300 /хорин долоон мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...******* эгчийн дэлгүүр рүү очиход дэлгүүр нь хаалттай, гаднаасаа монгол цоожоор цоожилсон байсан. Тэгэхээр нь дэлгүүрийг нь тойроод арын таамбар руу очиход онгорхой байсан учир ороод шүүгээ байхаар нь шургуулгыг онгойлгоход шургуулган дотор нь хатуу иртэй хар өнгийн бариултай хутга байсан. Хутгыг аваад таамбар дотор орж 1 литрийн “Түмний хишиг” архи 1 ширхэг, том савтай “Нийслэл” нэртэй 2.5 литр пиво 1 ширхэг, кока кола ундаа 1 ширхэг, гоё нэртэй ундаа 1 ширхэг, өндөг 4 ширхэг зэргийг авсан. Тэндээсээ гараад гэртээ ирсэн...Маргааш өглөө нь манай гэрт дэлгүүрийн эзэн ******* гэдэг эгч ирээд манай аавд “танай охин чинь манай дэлгүүрийн хаалганы цүүг эвдээд дэлгүүрт ороод архи, пиво, ундаа зэрэг гуч гаруй мянган төгрөгийн эд зүйл хулгайлсан байна” гэхэд нь аав намайг загнаад ******* эгчид тэр өдөртөө Баян-Уул сум руу очиж мөнгийг нь шилжүүлж хохирлыг нь барагдуулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ. /хх 28/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б-н гэрээр ороход Б-н аав , гэх хүмүүстэй ширээн дээр 1 литрийн савалгаатай “Түмний хишиг” архи, 2-3 ундаа, өндөг зэрэг зүйлсийг тавьчихсан ууж идээд сууж байсан. Тэгээд Б-тай хамт гэрээс нь гарахад Б надад хандаж, “би танай дэлгүүрээс юм авчихсан, та намайг өглөө цагдаад өгөөрэй” гэж хэлсэн...******* манай арын гадна хаалганы цүүг мулт татаж дотогш ороод эд зүйл авсан байсан. Би авсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 1 литрийн савалгаатай “Түмний хишиг” архи 1 ширхэг, 2.5 литрийн савалгаатай “Нийслэл” пиво 1 ширхэг, 2 литрийн савалгаатай кока кола ундаа 1 ширхэг, 1.25 литрийн савалгаатай гоё нэртэй ундаа 2 ширхэг, өндөг 4 ширхэг зэрэг зүйлийг алдсан байсан...Б нь 2018 оны 04 сарын 30-ны өдөр 30000 төгрөг миний данс руу шилжүүлсэн байна лээ...энэ удаа гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 15/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай охин Б нь 2018 оны 04 сарын 29-ний өдөр гараад явсан. Тэгээд нар шингэхийн өмнө гэрт орж ирэхдээ 1 шил “Түмний хишиг” нэртэй архи, “Нийслэл” пиво 1 ширхэг, өндөг зэрэг эд зүйл бариад орж ирсэн. Тэгээд би охин Б-с “юу, хаанаас аваад ирэв” гэж асуухад, “******* эгчийн дэлгүүрээс зээл хийгээд аваад ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би тэр авчирсан архийг нь жоохон тэй хамт уусан. Ингээд байж байхад ******* орж ирээд Б-г хулгай хийсэн талаар хэлсэн...” гэжээ. /хх 19/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 41-д: “******* нь сэтгэцийн хөгжлийн эмгэг оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй, 2.******* нь өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож үнэн зөвөөр мэдүүлэг өгөх, хэрэг харицах чадвартай” гэжээ. /хх 23/
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон хохирогч ******* /хх 17-18/, шүүгдэгч ******* /хх 21/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, Эд зүйлийн үнэлгээ /хх 10/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 32/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 27300 /хорин долоон мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Гэмт хэргийн эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн хохирогч *******гийн “...Б-ийн гэрээр ороход Б надад хандаж “би танай дэлгүүрээс юм авчихсан, та намайг өглөө цагдаад өгөөрэй” гэж хэлсэн...******* манай арын гадна хаалганы цүүг мулт татаж дотогш орж эд зүйл авсан байсан. Би авсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 1 литрийн савалгаатай “Түмний хишиг” архи 1 ширхэг, 2.5 литрийн савалгаатай “Нийслэл пиво” 1 ширхэг, 2 литрийн савалгаатай “Кока кола” 1 ширхэг, 1.25 литрийн савалгаатай “Гоё” нэртэй ундаа 2 ширхэг, өндөг 4 ширхэг зэрэг зүйлийг алдсан байсан...” /хх 15/ гэх,
Гэрч *******ын “...Манай охин Б нь 2018 оны 04 сарын 29-ний өдөр гараад явсан. Тэгээд нар шингэхийн өмнө гэрт орж ирэхдээ 1 шил “Түмний хишиг” нэртэй архи, “Нийслэл” пиво 1 ширхэг, өндөг зэрэг эд зүйл бариад орж ирсэн...Ингээд байж байхад ******* орж ирээд Б-г хулгай хийсэн талаар хэлсэн...” /хх 19/ гэх, Хохирогч *******гийн /хх 17-18/, шүүгдэгч ******* /21/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэрэг үйлдэгдсэнийг мэдсэн даруйд гэмт хэргийн талаар мэдээлснийг хүлээж авсан гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, Эд зүйлийн үнэлгээ /хх 10/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу “” хүнсний дэлгүүрт нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэм буруутай үйлдлээрээ хохирогч *******д 27300 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг /хх 15/, эд зүйлийн үнэлгээ /хх 10/-гээр, харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан болох нь хохирогчийн “гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 15/, шүүгдэгчийн “...Тэр өдөртөө Баян-Уул сум руу очиж хохирлыг барагдуулсан...” /хх 27-28/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэж үзлээ. Мөн эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй ба хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нь шүүхийн дуудсан цагт ирэхгүй албадан ирүүлэх, шүүхэд согтуурсан байдалтай ирэх зэрэг зохисгүй хувийн байдалтай байсныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 см урттай, хар өнгийн бариултай, азгар иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******-ийн *******. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******-г бусдын эд хөрөнгийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1821003130205 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 07 сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 15 см урттай, хар өнгийн бариултай, арзгар иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н *******........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ