| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2428001400177 |
| Дугаар | 2025/ДШМ/15 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/15
Р.*******ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Р.******* /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, Д.Золзаяа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Р.*******ид холбогдох 2428001400177 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Р.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэр Баяндалай сумын чиглэлийн хатуу хучилттай замын “*******” шатахуун түгээх станцын хойд зам дээр “Land Cruiser-80” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ”, а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” г/ “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.*******ийг мөргөж зам тээврийн осол гарган хүний амь нас хохирсон,
Мөн Р.******* нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь Г.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Алаг адуун овгийн Раднаабаатарын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 (ес) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ид оногдуулсан 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 5 (тав) сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 (гурав) жил 5 (тав) сарын хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Р.*******ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 (гурав) жил 10 (арав) сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ид оногдуулсан 3 (гурав) жил 10 (арав) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын эдлэх хугацааг тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******аас оршуулах зан үйл болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нийт 103,770,832 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******гийн нэхэмжлэлээс зээлийн төлбөр 53,976,349 төгрөг, тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 308.000 төгрөг, бага насны хүүхэд асарсны төлбөр 4.664.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн
хэрэгслийн эд ангиуд болох 2, 3, 4, 5, 7, 9, 10 дугаарласан хар өнгийн хэсгүүдийг шийтгэх
тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын
эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
Шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны
төлөөлөгч Х.*******д 20,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн,
хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан
сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих
таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, Д.Золзаяа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим зөрчигдсөн тухайд: Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд “Хууль ёсны зарчим”-ыг хуульчилсан байх бөгөөд уг зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” Мөн 5 дах хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.” Гэж тус тус хуульчилсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд согтуурсан буюу мансуурсан этгээдийн согтуурлын зэргийг хэрхэн шалгах талаарх журамласан зохицуулалт байхгүй уг асуудлыг Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2016 оны А/108, А/131 тоот тушаалаар батлагдсан журмаар тогтоож байна. Уг журмын 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно.” Гэж заасан байна. Энэ журам нь захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд бүртгэгдсэн байх бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгааг шүүх анзаарч үзсэнгүй. Мөн мөрдөгч нь шүүгдэгч Р.*******ийн согтуурлын зэргийг тогтоохдоо тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд тэмдэглэлийн батлагдсан маягтад заагдсан хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулаагүй хоосон орхисон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явц үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулдаг бөгөөд хэрэв оролцуулах боломжгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5-д заасны дагуу ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.*******ийг согтуурсан гэх хууль зүйн үйл баримтыг мөрдөх байгууллага хөдөлшгүй нотлох баримтаар тогтоож чадаагүй нь түүний цуснаас дээж аваагүй, хөндлөнгийн 2 гэрч оролцуулаагүй болон үйл баримтыг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй зэрэг нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам ноцтой зөрчигдсөн болох нь илэрхий байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэг зөрчигдсөн тухайд: Мөрдөгч болон прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3 “хохирогч нас барсан, эсхул сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг.” Гэж хуульчилсан байхад хохирогчийн төрсөн эгчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж түүнд хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэр бүлийн гишүүдийн дунд ашиг сонирхлын маргаан гаргах эх үндсийг үүсгэж байна. Энэ талаар шүүхэд гомдол гаргасан боловч гэр бүл, ах дүү, хамаатан саднаараа ярилцаж тохиролцсон, цаашид гомдол гаргахгүй гэх хуульд заагдаагүй үндэслэлгүй тайлбарыг прокурорын зүгээс өгч улмаар шүүх гомдлыг хэрэгсээгүйд гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйл зөрчигдсөн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” Гэж хуульчилсан байх бөгөөд уг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчийг шүүх, прокурор, мөрдөгч нь татан оролцуулаагүйд гомдолтой байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг шүүгдэгч дангаараа хариуцдаггүй ба хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэнээр хариуцагчаар татдаг. Зам тээврийн осол гаргасан Ланд Круйзер ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэн Г.******* байх бөгөөд түүнийг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжтой байхад энэ ажиллагааг орхигдуулан хэргийг шүүхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь иргэн Г.******* нь дээрх тээврийн хэрэгслийг иргэн Д.*******ид худалдсан, үлдэгдэл төлбөрөө аваагүй байсан талаарх мэдүүлгийг өгсөн байдаг ба хэрэв үлдэгдэл төлбөрөө аваагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлж болох байсан нөхцөл байдал тогтоогддог. Буцаан шаардах эрхээ хэрэгжүүлж тээврийн хэрэгслийг бодит эзэмшилдээ оруулсан тохиолдолд дээрх зам тээврийн осол гарахгүй, бусдад хохирол учрахгүй байх бодит боломж байсан гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийг бусдад ашиглах боломжийг олгосон болон замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч буй эс үйлдэхүйд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Анхан шатны шүүх нь Р.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3,5 жилийн хорих ял оногдуулж, хохирогч талын сэтгэцэд учирсан хохиролд Р.*******аас 103,770,832 төгрөгийг гаргуулж, амь хохирогч Х.*******ийн хууль ёсны төлөөлөгч Х.*******д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг гаргахдаа уг эрүүгийн хэрэгт амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс хэнийх нь сэтгэцэд уг гэмт хэргийн улмаас сэтгэцийн гэм хор учирсан болох нь тогтоогдоогүй энэ талаарх нотлох баримт авагдаагүй. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргахаар хуульчилсан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт байна. Гэтэл шүүхээс Р.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ба уг хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл буюу /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэмт хэрэгт хамаарч байхад заавал шинжилгээ хийлгэх хуулийн заалтыг мөрдөгч, прокурор хэн аль нь хийгээгүй байхад шүүгдэгч Р.*******аас хохирогч талын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 103,770,832 төгрөг гаргуулахаар заасан нь үндэслэлгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт хангалттай цугларсан эсэхийг нягтлан дүгнэж, хэргийн оролцогчийн санал хүсэлтийг шийдвэрлэх, мэтгэлцэх тэгш боломжоор хангах, шүүхийн хэлэлцүүлгийг хуульд зааснаар явуулах үүрэгтэй. Шүүгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүх хуралдааны дарааллыг зөрчиж хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлбарлаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй тогтоох нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэж байгаад гомдолтой байна.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны хийгээд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдээд, тухайн хэргийн газрыг орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан учраас анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлтээ хийж ял шийтгэл оногдуулсан. Өнөөдөр энэ зүйл хэсэг дээр зам тээврийн осол гарсан нөхцөл байдлыг орхиж зугтаагаагүй гэдэг байдлаар тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Энэ чинь өөрөө Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон. Тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу, байна. Гэтэл энэ гэмт хэрэг үйлдээд, санаатай гэмт хэргээс оргож зугтаасан асуудал нь авто тээврийн хэрэгслийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэдэг энэ зүйл анги нь Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан бүрэлдэхүүнийг хангасан учраас анхан шатны шүүхээс болон мөрдөн байцаалтын шатанд прокуророос энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн. Гэм буруугийн асуудал дээр маргаж, мэтгэлцэх асуудал байхгүй. Тал бүрээс нь шалгаж тогтоогоод хэргийн үйл баримтыг тогтоосон гэж үзэж байна. Тэгэхээр өмгөөлөгчөөс гаргаж байгаа энэ байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нотлох баримт бэхжүүлэх, цуглуулах талаарх журам ноцтой зөрчигдөөд байна. Тийм учраас миний хэлэх гэж байгаа санал бол энэ хэргийг маш ул суурьтайгаар зөвхөн үнэн, бодит байдлыг тогтоолгох саналтай байна. Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Шүүгдэгч Р.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надтай хамт явсан ******* гэдэг хүн сүүлд нь би Р.*******ид рулиэ шилжүүлсэн гэдэг зүйлийг яриад байдаг. Тэрийг шалгуулмаар байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй учир Өмнөговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, Д.Золзаяа нарын гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Р.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэр Баяндалай сумын чиглэлийн хатуу хучилттай замын “*******” шатахуун түгээх станцын хойд зам дээр “Land Cruiser-80” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 3.7, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.*******ийг мөргөж зам тээврийн осол гарган хүний амь нас хохирсон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******гийн “2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 20 цагийн орчимд манай төрсөн ахын хүү И.******* залгаад манай дүүг осолд орсон байна яаралтай хүрээд ир гэж хэлсэн. Түүний дагуу ах дүү бид нар яваад очиход манай ах зам дээр хэвтэж байсан эмнэлэг ирээд явсан гэж хэлсэн, цагдаагийн алба хаагч нар үзлэг хийж байсан. Даланзадгад сумын Гурвансайхан хороололд байх Өлзийсайханы гэрт оччихоод буцаад явж байгаад осолд орсон юм байна лээ...” /1 дүгээр хавтаст хэргийн 54-р хуудас/,
Гэрч Э.ийн “...Тэгээд байж байхад Уугантөр залгаад аавыг хэзээ гэрээсээ гарсан юм бэ гээд асуугаад байсан, би мэдэхгүй байсан учраас мэдэхгүй гэсэн чинь аав чинь осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би хэргийн газарт очсон чинь манай аав Баяндалай явдаг засмал зам дээр нас барсан байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 59-р хуудас/,
Гэрч Д.гийн “Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ны орой эмээ гийн / тоот/ гэрээс 19 цаг 55 минутын үед /88128376/ гэх дугаарын утсанд залгаж дуудлагын такси дуудаад Баяндалай гарах засмалаар уруудаж яваад тэс “Петролиум” шатахуун түгээх станцын хойд талын засмал зам дээр хүн хэвтэж байхыг таксины жолооч ах эхэлж харсан. Тэгээд намайг таксины жолооч ах согтуу хүн байгаа байх очоод сэрээгээд хүрээд ир гэхээр нь би таксинаас буугаад очиход дээшээ харсан байдалтай уг хүний хамар амнаас нь цус гарсан байсан тул шууд 7053103, 7053102 гэх дугаарын гар утсанд Баяндалай тэс “Петролиум” шатахуун түгээх станцын хойд талд хүн машинд дайруулсан юм шиг байдалтай хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөн...” /1 дүгээр хавтаст хэргийн 68-р хуудас/,
Гэрч Э.*******ын “...Ланд круйзер 80” загварын ******* улсын дугаартай машиныг ******* жолоодоод *******ийн гэр рүү явсан. *******ийн гэр рүү явж байх замдаа гэр хороололд байх нэг хүнсний дэлгүүр орж 0,75 граммын архи 1 ширхэг, хүүхдүүдэд нь чихэр, ундаа авсан мөн *******ийн хүүхдүүдэд чихэр, ундаа авсан тэгээд Хавцгайт хороололд байх *******ийн гэрт очиход ******* эхнэр, хүүхдүүдийн хамтаар байсан бөгөөд бид хоёр ороод хүүхдүүдэд нь чихэр, ундаагаа өгөөд *******той нийлж авч ирсэн архиа задалж хувааж уусан. Тэр архийг ууж байгаад би тасарсан байсан нэг ухаан ороход *******ийн гэрт оччихсон сууж байсан, удалгүй цагдаагийн хүмүүс орж ирээд ******* бид хоёрыг цагдаагийн газар руу аваад явсан. Цагдаагийн газар дээр авч ирээд драгер багаж үлээлгэхэд 1.93 гарсан, тэгээд бид хоёрыг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн ийм зүйл болсон.” /1 дүгээр хавтаст хэргийн 79-р хуудас/,
Гэрч О.ийн “*******, ******* нар ирсний дараагаар ******* нь бид хоёр явж байгаад хэвтэж байсан хүн дээгүүр гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу толгой нар архи уусан юм бол яах гэж машин барьдаг юм бэ гээд загнаад эхлэх гэж байхад “” ХХК-ийн инженер залгаад *******, ******* хоёр ирсэн үү гэж асуухаар нь энэ хоёр согтуу ирээд хүн дайрсан гэх зүйл яриад байна гэсэн чинь би цагдаа нарын хамтаар очлоо гэж хэлсэн. Тэгээд удаагүй цагдаагийн хүмүүс болон ирсэн, тэгээд цагдаа нар *******, ******* нарыг аваад явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 82-р хуудас/,
Шүүгдэгч Р.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “2024 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө ажил дээрээ очиход манай ажил дээр харуул *******, сангийн инженер нар байсан. Би ажил дээр очоод гарааш дотор ажил хийж байхад 14 цагийн үед манаач ******* залгаад хаана байна гэхээр нь би гарааш дотор байна гэсэн чинь харуулын гэрт ороод ир гэж хэлсэн. Тэгээд ороод очсон чинь ******* хувьцааны мөнгө орсон гээд 1 шил 0.75 граммын Хараа архи авчихсан байсан. Тэр архийг ******* бид хоёр задлаад юм ярьж сууж ууж дуусгасан. Тэр архийг ууж дуусгаад хоёулаа ярьж байгаад Хавцгайт хороололд байх *******ийн гэрт очихоор шийдсэн. Тэгээд хашаанд байсан барилгын ажилд хэрэглэдэг “Ланд круйзер-80” загварын машиныг би жолоодоод Хавцгайт хороолол руу явсан. Замаараа Гурвансайхан хороололд байх нэг хүнсний дэлгүүр орж *******ийн хүүхдүүдэд чихэр тэгээд 1 шил 0.75 граммын архи авсан нэрийг нь санахгүй байна. Бид хоёр яваад *******ийн гэрт очоод ******* бид гурав *******ийн гэрт нөгөө шилтэй архиа задлаад уусан. Нэг мэдэхэд цагдаад баригдаад цагдаагийн газарт ирж байсан. Тэгээд Цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь эрүүлжүүлэхээс гарсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж цагдаад баригдлаа гэсэн чинь хүн машинаар дайрч амь насыг нь хохироосон асуудалд орсон.” /1 дүгээр хавтаст хэргийн 138-р хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 21-27-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний шинжээчийн “Талийгаач Х.*******ийн биед олон хавирганы хугарал, баруун уушгины хатгагдсан шарх, дотуур цус алдалт, тархины эдийн няцрал хурц, баруун хөмсөг, дээд уруул, эрүүнд шарх, баруун хөмсөг, хамрын нуруу, дээд уруул, зүүн мөр, зүүн бугалга, зүүн бугалга дотор дээд хэсгээс зүүн шуу дотор дунд хэсэг үргэлжилсэн, цээжний зүүн ар хэсэг, зүүн гуя, зүүн сарвуу, зүүн шагай, баруун шуу, баруун гуя, баруун өвдөгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаач Х.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт, цохигдлын үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл. ...дээрх гэмтлүүд нь үхлийн шалтгаанд шууд нөлөөлсөн байна. ... Х.*******ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. Талийгаач Х.******* нь олон хавирганы хугарал, уушгины хатгагдсан шархны улмаас хурц цус алдалт, амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 89-92-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг хар өнгийн хуванцар хэсгүүд нь нэг бүхлийг үүсгэнэ. Үүссэн бүхэл нь ******* улсын дугаартай “Тоуоtа Land Cruiser-J80” загварын автомашины урд талын гүперийн баруун урд талын хажуу хэсэгт бэхлэгдэж байсан нь тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн эд ангиуд нь хэмжээ болон углуурга, түгжээ зэргүүдээрээ хэсгээс нэг бүхлийг үүсгэн харилцан тохирч байна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 95-97-р хуудас),
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн “Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум руу явдаг засмал зам “Тэс петролиум” шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр хойд талд 100 м зайд иргэн Х.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны орой Тоуоtа Land Cruiser-J80 загварын ******* улсын дугаартай автомашинд мөргүүлж нас барсан нь зам тээврийн осол мөн.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 127-129-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Шүүгдэгч Р.*******ид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байх ба гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр нь: “Шүүгдэгч Р.*******ийг согтуурсан гэх хууль зүйн үйл баримтыг мөрдөх байгууллага хөдөлшгүй нотлох баримтаар тогтоож чадаагүй нь түүний цуснаас дээж аваагүй, хөндлөнгийн 2 гэрч оролцуулаагүй болон үйл баримтыг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй зэрэг нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам ноцтой зөрчигдсөн.
Шүүгдэгч Р.*******аас хохирогч талын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 103.770.832 төгрөг гаргуулахаар заасан нь үндэслэлгүй. Мөрдөгч болон прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хохирогчийн төрсөн эгчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж түүнд хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэр бүлийн гишүүдийн дунд ашиг сонирхлын маргаан гаргах эх үндсийг үүсгэж байна.
Тээврийн хэрэгслийг бусдад ашиглах боломжийг олгосон болон замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч буй эс үйлдэхүйд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөөгүй буюу уг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчийг шүүх, прокурор, мөрдөгч нь татан оролцуулаагүйд гомдолтой байна.
Шүүх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүх хуралдааны дарааллыг зөрчиж хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлбарлаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй тогтоох нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн гэх үндэслэлүүдээр шийтгэх тогтоол нь хууль ёсны хийгээд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Энэхүү гомдолтой холбогдуулан хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл:
“1. Хэргийн тохиолдолд хүний биед тусгай багаж ашиглаж үзлэг хийсэн. Энэ тохиолдолд заавал хөндлөнгийн 2 гэрч оролцуулах, эсхүл дуу дүрсний бичлэг хийх хуулийн шаардлага тавигдаагүй байна. Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг стандарт хэмжил зүйн газраар баталгаажсан тусгай багаж ашиглаж, эзэмшигчийг өөрийг нь оролцуулан, үйл явцыг гэрэл зургаар баримтжуулан шалгаж тогтоосон байгаа тул нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журам зөрчигдсөн гэж үзэж байгаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
2. Энэ хэргийн улмаас хохирогчийн, хүүхдүүд нэлээдгүй хугацаанд эрүүл ухаангүй, сэтгэл санааны тайван бус нөхцөлтэй байсан учраас ар гэрийнхэн нь ярилцаад талийгаачийн төрсөн эгчийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар болсон. Энэ тухай хохирогчийн эхнэр хүүхдүүд ч зөвшөөрсөн, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсээгүй, маргаан гараагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан учир заавал хохирогчийн эхнэр, хүүхдүүдийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ёстой гэж үзэж байгаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
3. Гэрч гийн “...зөвшөөрөлгүй машин унаад явсан байсан, машинаа хайгаад араас нь явсан” гэх агуулга бүхий мэдүүлгээр шүүгдэгч нь тухайн зам тээврийн осол гаргах үед унаж явсан Ланд 80 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч болон тухайн үед эзэмшиж байсан хүнээс зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн ашигласан болох нь тогтоогддог тул тухайн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана гэж заасан учир заавал шинжилгээ хийлгэх хуулийн заалтыг мөрдөгч, прокурор хийгээгүй байхад хохирогч талын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 103.770.832 төгрөгийг Р.*******аас гаргуулж олохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хэлэлцэж, оролцогч нарын тайлбарыг сонсож, хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлаар шүүх шийдвэрээ гаргаж, шүүгчийн захирамж гарсан. Шүүгч шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн бөгөөд захирамжийн үндэслэлээ тайлбарлаад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байгаа. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээр баталгаажсан байгаа тул өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй юм” гэх тайлбарыг гаргажээ.
Шүүгдэгч Р.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч согтуурсан гэх хүндрүүлэх шинжийн талаар маргаж байх боловч Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж хууль тогтоогч хуулиар тайлбарлажээ.
Иймд хүчин төгөлдөр хуулиар тайлбарласан “согтуурсан” гэж үзэх хууль зүйн ойлголтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд согтуурсан буюу мансуурсан этгээдийн согтуурлын зэргийг хэрхэн шалгах талаарх журамласан зохицуулалт байхгүй уг асуудлыг Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2016 оны А/108, А/131 тоот тушаалаар батлагдсан журмаар тогтоож байна. Уг журмын 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтоох ёстой” гэх өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх 42/-ээс үзэхэд шүүгдэгч Р.*******ийг тусгай багаж буюу драгер ашиглан согтуурлын зэргийг нь шалгасан байх ба амьсгал дахь спиртийн агууламж нь 2.62% гарсныг тэмдэглэл болон гэрэл зургаар баталгаажуулснаас дүгнэхэд дээрх хуульд заасан 0.20 түүнээс дээш хэмжээтэй промиль гарсан байх тул Р.*******ийг согтуурсан гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг.” гэж заасныг зөрчиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон гэх гомдол гаргасантай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Энэ тухай хохирогчийн эхнэр хүүхдүүд ч зөвшөөрсөн, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсээгүй, маргаан гараагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан учир заавал хохирогчийн эхнэр, хүүхдүүдийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй” гэж үгүйсгэсэн тайлбарыг гаргажээ.
Түүнчлэн хохирогч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө сонгон оролцуулсан асуудал нь хуулиар олгогдсон эрх нь бөгөөд үүний улмаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Р.*******аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 103.770.832 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлээ хуульд заасан журмын дагуу зөв тайлбарлаж, хууль зүйн дүгнэлт хийсэн нь холбогдох хуулийг зөрчөөгүй үндэслэл бүхий байх тул өмгөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
Өмгөөлөгчийн тээврийн хэрэгслийг бусдад ашиглах боломжийг олгосон болон замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч буй эс үйлдэхүйд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөөгүй гэх гомдол нь хэрэгт авагдсан гэрч Г.*******гийн “94-08 ӨМҮ улсын дугаартай “Ланд Круйзер” загварын автомашин миний эзэмшилд байдаг бөгөөд 2023 оны 10 дугаар сард ******* гэдэг хүнд 7 сая төгрөгөөр зарсан. ******* надад машины мөнгөний үлдэгдэл хэдэн төгрөг өгөх дутуу байгаа тэрийгээ өгөөд машинаа нэр дээрээ шилжүүлж авна гэсэн боловч мөнгөө өгөөгүй байгаа тул машин миний нэр дээр бүртгэлтэй байгаа юм.” гэх мэдүүлгээс тухайн автомашины хууль ёсны эзэмшигч нь Г.******* байх ба шүүгдэгч Р.******* нь хэрэг гарах өдөр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж явсан болох нь мөн гэрч Х.гийн “... барилгын хашаанд байх манаач *******ын гэрт ороход *******, ******* нар байхгүй байсан. Тэгээд хашаанаас гарсан чинь хашааны гадаа байсан миний унаж ирсэн Ланд круйзер-80 загварын машин байхгүй байхаар нь ******* руу залгахад утсаа авахгүй байсан. ******* руу залгахад мөн утсаа авахгүй байсан. ... ******* улсын дугаартай “Ланд круйзер 80” загварын машин байсан. Тухайн машиныг “Тод бат андууд” ХХК-ийн захирал ******* ах Нямхүү гэдэг хүнээс худалдаж авсан байсан бөгөөд намайг ойр зуурын ажилдаа унаж бай гэсэн байсан юм. Тэр хоёр надтай машин унах талаар хэлсэн зүйл байхгүй.” /1-р хх-84/ гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасныг зөрчөөгүй байна.
Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх гомдлын тухайд: Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 185 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтоосон байх ба оролцогч нар дараалалтай холбоотой тусгайлан гаргах саналгүй гэжээ. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг талуудын саналыг сонссоны үндсэн дээр шийдвэрлэсэн нь тэмдэглэлд тусгагдсан байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Р.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, энэ гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, Д.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тогтов.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Р.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, Д.Золзаяа нарын гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 /далан найман/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА