Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 110/ШШ2026/0118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Гомдол гаргагч: Х.Б,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш,

Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 7 дугаар   сарын 13-ны өдрийн 0074984 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, 2026 оны 7 дугаар   сарын 13-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг  тус тус хүчингүй болгох” тухай зөрчил хянан шийдвэрлэх  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж  /цахимаар/, хариуцагч улсын байцаагч  Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Гомдол гаргагч Х.Б  нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны  7 дугаар   сарын 13-ны өдрийн 0074984 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, 2026 оны 7 дугаар   сарын 13-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг  тус тус хүчингүй болгох” -оор гомдол гаргасан.

            Гомдол гаргагч анх “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны  7 дугаар   сарын 13-ны өдрийн 0074984 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, 2026 оны 7 дугаар   сарын 13-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг   хууль бус болохыг тогтоолгох” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа  өөрчилсөн.

            2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас 2026 оны  7 дугаар   сарын 13-ны өдрийн 0074984 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар  Х.Бад Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн  5 дах  хэсгийн 5.2-т зааснаар торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах даалгавар  гаргасан байна.

            3. Уг шийтгэл оногдуулсан шийдвэр, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах даалгаврыг  эс зөвшөөрч  Х.Баас  2026 оны 8 дугаар   сарын 12-ны өдөр шүүхэд  гомдол гаргасан  байна. 

4.Гомдол гаргагч Х.Б гомдлын шаардлагын үндэслэлдээ:

“Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн улсын байцаагч Б.Ш нь 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Х.Б намайг "Зөвшөөрөлгүй барилга барьсан" гэж Зөрчлийн тухай хуулийн 12.1-ийн 5 дахь хэсгийг үндэслэж 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэх оногдуулсан нь үндэслэлгүй юм. Учир нь уг 3 давхар амины орон сууц нь 2025 оны 11 дүгээр сард Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, хууль ёсны өмч болно. 

Өмчлөлийн гэрчилгээтэй, хэдийн баригдаж дууссан барилгын хувьд улсын байцаагч хууль ёсны өмчлөх эрхийг үгүйсгэж, зөрчил мэтээр зүйлчилж, шийтгэл оногдуулж иргэний эрх ашигт халдсан шийдвэр гаргасан гомдолтой байна.Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн баримт бичигтэй байхад улсын байцаагч бодит нөхцөл байдлыг нарийвчлан шалгалгүй, иргэн намайг байлцуулж тайлбар авах, сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй. Ингэснээр тайлбар оруулах, бодит байдлыг нотлох боломж олголгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны журам болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

            Мөн шийтгэлийн хуудас болон даалгаврыг 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдөр буюу Үндэсний их баяр наадмын бүх нийтийн амралтын өдөр гаргасан нь улсын байцаагчийн хувийн ашиг сонирхол давамгайлсан, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэх үндэслэл бүхий эргэлзээ, хардлагыг мөн төрүүлж байна. Улмаар шийдвэрийг иргэн надад даруй гардуулж, танилцуулаагүй бөгөөд миний бие 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр уг шийдвэрийг хүлээн авч танилцаад ийнхүү гомдол гаргаж байна. 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн улсын байцаагч Б.Шийн 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн №0074984 дугаартай "Шийтгэлийн хуудас" болон ЗХБ-50 дугаартай "Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай даалгавар"-ыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хэрэгт авагдсан нотлох баримтууд, процессын болон материаллаг хууль тогтоомжийг судлан үзэхэд  хариуцагч талын гаргасан захиргааны актууд нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн болох нь дараах хууль зүйн болон бодит  үндэслэлүүдээр нотлогдож байгаа. 

Нэгдүгээрт, материаллаг хуулийг буруу хэрэглэсэн. Хариуцагч нь Х.Быг батлагдсан зураг төсөлгүй, зохих барилгын ажлын зөвшөөрөл аваагүй байхад 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга барьж, байнгын ашиглалтад ороогүй барилгыг ашигласан гэж буруутган, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн  5 дахь хэсгийг 5.2-т  зааснаар шийтгэл оногдуулсан. Гэтэл хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн  улсын бүртгэлийн гэрчилгээнүүд дээр тухайн эд хөрөнгө нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, Х.Б, Б.Ж, Б.Х нарын тус тус өмчлөлийн амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох нь тогтоогдсон, бүртгэлээр  баталгаажсан хөрөнгүүд юм. Улсын байцаагч нь тухайн  барилгын өмчлөх эрхийн бүртгэлийн бодит байдлыг анхаарч үзэлгүйгээр зориулалтыг дураараа 3 давхар үйлчилгээний барилга гэж дүгнэж, хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр зөрчилд холбогдуулан шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Хоёрдугаарт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам болон Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн процессын зөрчил гаргасан. Холбогдогчийн эрх, үүргийг нь тайлбарлаагүй, оролцогчдын оролцоог хангаагүй.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогчид эрх, үүргийг нь бүрэн тайлбарлаж, тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах, мэтгэлцэх боломжоор хангах үүрэгтэй. Гэтэл  хариуцагч эрх бүхий албан тушаалтан холбогдогчийн хуулиар хамгаалсан эрхийг эдлүүлээгүй, тайлбар өгөх боломжийг олголгүйгээр шууд шийтгэл ногдуулж процессын алдаа гаргасан. 

Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлийг зөрчсөн. Захиргааны сөрөг нөлөөл бүхий акт гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд заавал мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулах ёстой. Хариуцагч сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэж, нэхэмжлэгчийн тайлбар аваагүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчсөн байгаа.

Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай  ЗХБ50 дугаартай даалгавар нь үндэслэл бүхий шийтгэлийн хуудаст тулгуурлаагүй. Иргэний амины орон сууцны зориулалттай хууль ёсоор өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгийн үйл ажиллагааг түр зогсоохоор заасан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрх болон ашиглах эрхэд бодиттой аюул хохирол учруулж байгаа гэж үзэж байна. Хууль бус шийтгэлийн хуудаст үндэслэж гарсан даалгавар нь өөрөө бие даан  оршин тогтнох боломжгүй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас иргэний эрх, хууль ёсны  ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдвол  шүүх тухайн актыг хүчингүй болгоно гэж заасан.

Иймээс тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэлийн хуудас болон  мөн өдрийн ЗХБ 50 дугаартай зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

5. Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/510 дугаар захирамж, аймгийн Онцгой комиссын 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаар тогтоол болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад иргэн Х.Б нь Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 3 давхар үйлчилгээтэй барилгад хяналт шалгалт хийж, зураг төсөл магадлалд ороогүй, барилгын ажлын зохих зөвшөөрөл аваагүй, байнгын ашиглалтад ороогүй байхад барилгыг ашиглаж үйлчилгээ явуулж эхэлсэн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргээ биелүүлээгүй зөрчлийг илрүүлж, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 13-ны өдрүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2613000823 хэргийн дугаартай зөрчлийг шийдвэрлэж, торгууль оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлсэн. 

Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт,хүчин чадлыг тогтоох журам” гэж байгаа. Үүний дагуу 9 метр өндөртэй 600 м.кв хүртэл талбайтай нэг айлын амины сууцыг барилгын ажлын зөвшөөрөлгүй, зураг төсөл батлуулахгүйгээр, улсын комисс хүлээж авахгүйгээр авч болно гэж заасан. 

Тухайн барилгад хяналт шалгалт хийх явцад уг барилгад үйлчилгээ явагдаж ашиглагдаж байсан. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлд  заасан захиалагчийн чиг үүрэгт үйлчилгээний зориулалттай барилгад зураг төсөл батлуулж, барилгын ажлын зөвшөөрөл авч, барилга байгууламжийн байнгын ашиглалтад оруулж байж ашиглах ёстой. Мөн хуулийн 38 дугаар зүйлд барилга байгууламжийн захиалагчаар хэнийг тооцох гэдгийг зааж өгсөн, энэ дээр газрын эзэмшигч, өмчлөгчийг зааж өгдөг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдах үед иргэн Х.Бын өмчлөлийн газар байсан болохоор иргэн Х.Бад дуудах хуудас хүргүүлсэн. Холбогдогчийг 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны дуудах хуудас хүргүүлж, дуудах хуудаст хаана, ямар зөрчилд холбоотой дуудсан талаар бичсэн ба 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ирж мэдүүлэг өгөхийг мэдэгдэж,  2026 оны 07 дугаар сарын 09, 10-ны өдрүүд ажлын цаг дуусах хүртэл холбогдогчийг хүлээсэн боловч ирээгүй. Энэ зөрчлийн дуусах сүүлийн хугацаа 2026 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байсан. Барилгыг үйлчилгээний зориулалттай ашиглаж байгаа гэдэг нь тогтоогдсон,  зөрчил нь гэрчийн мэдүүлэг, фото зураг, холбогдох материалаар нотлогдсон, холбогдогч дуудсан цагт ирээгүй байсан тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийг шийдвэрлэсэн байгаа ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагч Х.Бын “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны  7 дугаар  сарын 13-ны өдрийн 0074984 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, 2026 оны 7 дугаар   сарын 13-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг  тус тус хүчингүй болгох”  шаардлагатай гомдлын зарим хэсэг  үндэслэлтэй байна.

2. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 0074984 дугаартай  шийтгэлийн хуудсаар “батлагдсан зураг төсөлгүй,барилгын ажлын зөвшөөрөлгүй байхад  барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлсэн, байнгын ашиглалтад ороогүй  барилгыг  ашиглаж эхэлсэн” буюу захиалагч хуульд чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр Х.Быг  Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дах хэсгийн 5.2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн  өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар зөрчлийг арилгах хүртэл 3 давхар барилгын бүх үйл ажиллагааг  түр зогсоох арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг үүрэг болгосон байна.

3.  Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5-д “Барилгын ажлын захиалагч хуульд заасан: 5.2.чиг үүргээ хэрэгжүүлээгүй;...бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж ,

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1."барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг”, 4.1.11. “"барилгын ажил" гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг; 4.1.13."барилгын ажлын захиалагч" гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна:10.1.1.барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж;10.1.2.бага төвөгшилтэй барилга байгууламж;10.1.3.дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж;10.1.4.өндөр төвөгшилтэй барилга байгууламж;10.1.5.онцгой төвөгшилтэй барилга байгууламж”, 10.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно”,  18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ”, 20  дугаар зүйлийн 20.1-д “Барилгын үйл ажиллагааны зөвшөөрлийн өргөдлийг цахимаар хүлээн авч, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно”, 20.3.3-т “Барилгын ажлын зөвшөөрөл хүссэн өргөдөлд:20.3.3.а.барилга байгууламжийн байршил, газрын бүртгэлийн мэдээлэл, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;20.3.3.б.барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:26.1.1.барилга байгууламжийг шинээр барих”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:37.1.1.барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх; 37.1.3.барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх; 37.1.6.энэ хуулийн 48.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах; 37.1.10.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах”, 37.3-т “Барилгын үйл ажиллагаанд захиалагч тодорхой байна. Захиалагч тодорхой бус тохиолдолд тухайн барилга байгууламжийн эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно. Барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч тодорхой бус бол тухайн газрын эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно”, 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэж тус тус заажээ.

4. Өлгий сумын 5 дугаар багт  байршилтай, 3 давхар  барилга байгууламж  байрлаж буй 580 м.кв газрын өмчлөгч Х.Б нь  3 давхар барилга байгууламжийн давхар тус бүрийг  2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 001377745, 001377746,  001377747 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр өмчилж байсан ба уг  барилгын 2, 3 дугаар давхрыг 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр  шилжүүлснээр 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 001466335, 001466336 дугаартай гэрчилгээнүүдээр Берболатын Журагат, Берболатын Х нар 2,3 дугаар давхрын өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

Уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдэд тухайн 3 давхар барилгын давхар тус бүрийг  амины орон сууцны зориулалтай  үл  хөдлөх эд хөрөнгө гэж  зориулалтыг нь  тусгасан байх боловч   гомдол гаргагч Х.Бын өмчлөлд байгаа 1 дүгээр давхрыг  үйлчилгээний зориулалтаар  ашиглаж  байгаа болох нь  хэргийн нотлох баримтуудаар /хавтаст хэргийн 23,26,29-30 дах тал/ тогтоогдсон ба гомдол гаргагчийн төлөөлөгчөөс  шүүх хуралдаанд хүүхдийн тоглоомын газар, кофены газар /coffee shop/-ын зориулалтаар ашиглаж байгаа гэсэн тайлбар гаргасан болно.  

Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана”, 7.7-д “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна” гэж тус тус зааснаар бүртгэлийн үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн мэдүүлэг, түүнд хавсаргасан холбогдох нотлох баримтад үндэслэх тул иргэн Х.Баас амины орон сууцны зориулалтаар бүртгүүлэхээр  хүсэлт гаргаснаар  тухайн барилга байгууламжийг бүртгэсэн нь 1 дүгээр давхрыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн болно.

5.Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн  211 дүгээр тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-ын 3.1-т “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг энэ журмын 1 дүгээр хавсралтад зааснаар тогтооно” гэж заасан ба 1 дүгээр хавсралтын “Төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилга”-ын 2.2-т зааснаар “5 хүртэл давхар олон нийтийн зориулалттай барилгууд” нь бага төвөгшилтэй барилга байгууламжид хамаарч байна.

Дээрх байдлаар гомдол гаргагч Х.Бын өмчлөлийн газарт байрлах 3 давхар барилга байгууламжийн  1 дүгээр  давхрыг үйлчилгээний  зориулалтаар ашигладаг  байх тул олон нийтийн барилга гэж үзэх  үндэслэлтэй   байна.

6. Барилгын тухай хуульд бага төвөгшилтэй барилга байгууламжийг шинээр барихад барилгын ажлын зөвшөөрөл авахаар,  барилгын ажлын зөвшөөрөл  авахад шаардлагатай   баримт бичгүүдийн нэг нь барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт байхаар тус тус зохицуулсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  /Хавтаст хэргийн 66 дах тал/ тухайн 3 давхар барилга байгууламжийн хувьд   магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт байхгүй,  барилгын ажлын зөвшөөрөл байхгүй, улмаар  барилгыг ашиглалтад оруулахтай холбоотой баримт бичгүүд байхгүй болох нь тогтоогдож байгаа.

7.Иймд Өлгий сумын  5 дугаар багт байршилтай, 3 давхар барилга байгууламжийн  1 дүгээр  давхрыг үйлчилгээний  зориулалтаар ашигладаг  байх тул уг олон нийтийн  зориулалттай буюу бага төвөгшилтэй барилга байгууламжийн болон барилга байрлах газрын  өмчлөгч Х.Быг Барилгын тухай хуульд заасан барилгын ажлын захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан нь  Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дах хэсгийн 5.2 дах заалт болон  1.3 дугаар зүйлийн  2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” заасантай тус тус нийцсэн байна гэж дүгнэлээ.

8. Зөрчлийн тухай хуулийн 3.9 дүгээр зүйлийн 1-т “Хууль, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:1.10.хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах;1.11.зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх”, 7.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх, тээврийн хэрэгслийг саатуулах, тусгай талбайд хүргэх зэрэг арга хэмжээ авч болно” гэж тус тус заасан. 

9.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 7 дугаар   сарын 13-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгавраар  “...батлагдсан зураг төсөлгүй, зохих барилгын ажлын зөвшөөрөл аваагүй байхад 3 давхар үйлчилгээний барилга барьж, байнгын ашиглалтад ороогүй барилгыг ашигласан нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр зөрчлийг арилгах хүртэл барилгын бүх үйл ажиллагааг  түр зогсоох арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг Х.Бад даалгасан байна.

Гэтэл Өлгий сумын 5 дугаар багт байршилтай иргэн Х.Б, Б.Ж, Б.Х нарын өмчлөлийн 3 давхар  барилгын 2,3 дугаар давхрыг үйлчилгээний зориулалтаар  ашиглаж байна гэж үзэх үндэслэл  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдоогүй, гомдол гаргагч талаас амины сууцны зориулалтаар ашиглаж байгаа гэсэн тайлбар гаргасан.

10. Эрх бүхий албан тушаалтан хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж,  зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах бүрэн эрхтэй боловч зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ нь тухайн шийтгэл оногдуулсан зөрчилтэй холбоотой буюу тухайн  зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор холбогдох  арга хэмжээ авахаар зохицуулсан.

Дээрх байдлаар Өлгий сумын  5 дугаар багт байршилтай, 3 давхар барилга байгууламжийн  1 дүгээр  давхрыг үйлчилгээний  зориулалтаар ашигладаг болох нь тогтоогдсон тул  энэхүү бага төвөгшилтэй барилга байгууламжийн өмчлөгч Х.Бын барилгын ажлын захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй  зөрчилтэй холбоотойгоор шийтгэл оногдуулж, уг зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авсан нь хуульд нийцэж байгаа, харин тухайн 3 давхар барилгын  2,3 дугаар давхрын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг  даалгасан нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй  байна гэж үзлээ.

11. Гомдол гаргагч талаас “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогчид эрх, үүргийг нь бүрэн тайлбарлаж, тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах, мэтгэлцэх боломжоор хангах үүрэгтэй. Гэтэл  хариуцагч эрх бүхий албан тушаалтан холбогдогчийн хуулиар хамгаалсан эрхийг эдлүүлээгүй, тайлбар өгөх боломжийг олголгүйгээр шууд шийтгэл ногдуулж процессын алдаа гаргасан” гэж маргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдол  гаргагч Х.Б оролцоогүй байх  боловч зөрчлийн хэргийн материалаас үзэхэд  2026 оны 7 дугаар сарын 08-ны өдөр  эрх бүхий албан тушаалтнаас мэдүүлэг авах зорилгоор  мэдэгдэх хуудас хүргүүлсэн, холбогдогч иргэн Х.Б нь  мэдэгдэх хуудсыг хүлээн  авсан боловч  очиж мэдүүлэг, тайлбар өгөөгүй болох нь тогтоогдож /Хавтаст хэргийн 27-28 дах тал/ байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 2.4.зөрчлийн хэрэг нээх”, 6.10 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:1.2.шийтгэл оногдуулах”, 7.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна”  гэж  тус тус заасан.

Эрх бүхий албан тушаалтнаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлэн шалгаад зөрчлийн  хэрэг нээж, улмаар зөрчил үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж  2026 оны 7 дугаар  сарын 13-ны өдөр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.4, 6.10 дугаар зүйлийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1-д заасантай  тус тус нийцсэн байна. 

Мөн эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн талаар мэдүүлэг авахаар холбогдогчийг дуудсан боловч  иргэн Х.Б нь мэдэгдэх хуудсыг хүлээн  авсан боловч  очиж мэдүүлэг, тайлбар өгөөгүй  байх тул холбогдогчийн хуулиар хамгаалсан эрхийг эдлүүлээгүй, тайлбар өгөх боломжийг олгоогүй гэж эрх бүхий албан тушаалтныг буруутгах үндэслэлгүйгээс гадна  иргэн Х.Бын гаргасан зөрчил нь  тогтоогдсон энэ тохиолдолд гомдол гаргагчийн дээрх тайлбар нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ. 

12. Иймд дээрх үндэслэлээр  гомдол гаргагчийн  гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны  7 дугаар   сарын 13-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврын  Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 3 давхар барилгын 2,3 дугаар давхарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох  даалгаврын “Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 3 давхар барилгын 1 дүгээр  давхарт холбогдох хэсэг болон 2026 оны  7 дугаар   сарын 13-ны өдрийн 0074984 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2,  3.9 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 5 дах хэсгийн 5.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан  гомдол гаргагч Х.Бын  гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны  7 дугаар   сарын 13-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврын  Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 3 давхар барилгын 2,3 дугаар давхарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох  даалгаврын “Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 3 давхар барилгын 1 дүгээр  давхарт холбогдох хэсэг болон 2026 оны  7 дугаар   сарын 13-ны өдрийн 0074984 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.    

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


 

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.ЕРКЕШ