Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01427

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01427

 

 

 Б.Баатарзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01483 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баатарзаяагийн хариуцагч Э.Заяад холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Шажинбат, хариуцагч Э.Заяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2013 онд гэр бүл болж, хүү Б.Баатархүү мэндэлсэн. Бидний хооронд өнгөрсөн хугацаанд байнгын үл ойлголцол, үл итгэлцэлтэй харилцаа үүссэн ба улмаар 2014 оны 07 дугаар сараас хойш аливаа асуудлыг хоорондоо хэлэлцэж шийдвэрлэх бус байнга хэрүүл маргаан болгож, эвтэй гэр бүлийн уур амьсгалыг бий болгох боломжгүй болсон. Улмаар нэг жилийн хугацаанд энэ асуудал улам даамжирч, хүүгийн эрүүл орчинд өсөх болон түүний аюулгүй байдал ч хөндөгдөж эхэлсэн. Харилцан ярилцаж, ойлголцож цаашид эвтэй байх талаар олон удаа арга хэмжээ авсан боловч тодорхойгүй үр дүнд хүрээгүйн учир 2014 оны 07 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан. 2017 оны 11 дүгээр сард гэрлэлт цуцлуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж, эвлэрүүлэн зуучлах арга хэмжээг авч эвлэрэх боломжгүй гэсэн боловч шүүх хуралдааны явцад дахин ойлголцох, харилцан буулт хийж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан. Гэвч өмнөх нөхцөл байдал сайжрах бус улам дордож бие биедээ итгэх итгэл үнэмшилгүй болсон. Эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй ба хүүхдийн асрамжийн хувьд ээжид нь үлдээхэд татгалзахгүй бөгөөд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлгийг төлнө. Хариуцагч Э.Заяа нь 2 янзын хорт хавдрын өвчтэй гэж ярьсан боловч түүнийг нь шалгах ажиллагааг хийхэд Хавдар судлалын үндэсний төвөөс албан бичгээр "...умайн хүзүүний хавдрын шинжилгээгээр хавдрын эс илрээгүй" гэсэн хариу ирүүлсэн. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтийн талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй учир хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн Баатарзаяа, Заяа нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг эхэд нь үлдээж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 онд Б.Баатарзаяа нь эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан боловч өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан. Гэвч үүнээс хойш үл ялих зүйлээр шалтаглаж маргалдсанаас болж эвлэрүүлэн зуучлалд хандалгүйгээр шууд дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Бидэнд салах ноцтой шалтгаан байхгүй ба хувь хүмүүс хоорондоо ойлголцож болох асуудал гэж би бодож байна. Бидний дунд бага насны хүү байгаа учраас гэрлэлт цуцлах асуудлыг яаравчлан шийдвэрлэх боломжгүй. Эвлэрлийн хугацаа өгвөл Б.Баатарзаяатай урьдын адил хамт амьдарвал эв зүйгээ олох боломжтой. Бидний муудалцсан шалтгаан бол ноцтой шалтгаан биш боловч яагаад ингэж гэр орон үр хүүхдээ орхиод гарч явж байгааг би ойлгохгүй байна. Хэрвээ нөхөр маань өөрийнхөө бурууг ойлгож, уучлал гуйх юм бол би хүүгээ бодоод уучилж болно. Нөхөр маань өөрийнхөө бурууг ойлгохгүй үнэхээр салъя гэж бодож байгаа бол гэр бүлийн дундын өмч хөрөнгөө хуулийн дагуу хуваарилуулж, хүүгээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож авах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Олхонууд овогт Болдбаатарын Баатарзаяа, Мөрдорж овогт Эрдэнэбаатарын Заяа нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Баатарзаяагийн Баатархүүг эх Э.Заяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Б.Баатархүүг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж .байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр cap бүр эцэг Б.Баатарзаяагаар тэжээн тэтгүүлж, Зохигчид нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаанаа иргэний журмаар тусад нь шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг тайлбарлаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Баатарзаяад, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Заяа нарт тус тус даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Э.Цолмонд/ үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн нэхэмжлэгч Б.Баатарзаяагаас хүүхдийн тэтгэлэг тогтоосон хэмжээний улсын тэмдэгтийн хураамж 31 003 төгрөг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч Э.Заяагаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баатарзаяад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн магадлан комиссын эмэгтэйчүүдийн их эмчийн дүгнэлтээр "Эхо болон соронзон ренонсын дүрслэл зургийг үндэслээд лиёмиомма матки \код нь D20\ буюу хавдартай байна" гэсэн эмчийн магадлагаа хавтас хэрэгт авагдсан боловч энэхүү баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Мөн Хавдар судлалын эмнэлгээс өвчтөн Заяа нь анх удаа Хавдарын эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн ба тухайн үед умайн хүзүүний шинжилгээгээр хавдрын эс илрээгүй болно. Иймд манай зүгээс эмч томилон дүгнэлт гаргах боломжгүй гэж заасан баримт хавтас хэрэгт ирүүлсэн байдаг. Өвчнийг нэг удаа үзээд дүгнэлт гаргаж оношлох боломжгүй талаар дурьдсан байхад огт дүгнэлт гаргах боломжгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.

Миний бие БНХАУ-н Бээжин хотын ҮЖОВ Эмэгтэйчүүд Хүүхдийн эмнэлэгт 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл байнгын хяналтанд байдаг бөгөөд хуваарийн дагуу 2016 оны 12 сард очиж үзүүлж физик болон туяа эмчилгээг тодорхой үе шаттайгаар хийлгэдэг. Мөн хавдрын эмчилгээ хийлгэж, судсаар антибиотик тариулсан. 2017 оны 2 сард дахин хуваарийн дагуу очиж үзүүлээд хавдрын хэмжээг тогтоож курсээр өвчин намдаах эм ууж байгаа. Дааврын эм нь хагалгаа хийлгэхийн өмнөх эмчилгээ. Дараагийн очиж үзүүлэх хуваарь маань 12 сард болсон яагаад гэхээр хавдар хэмжээ нь томорч эхлэх аюултай байгаа. Урьд нь хагалгаанд 3-н удаа орсон хагалгааны тэмдэглэл болон HPV вирусын хэмжээг тоолуулж хянуулж байгаа 1 бүхлээс дээш гарвал аюултай хэмжээнд очно одоогийн байдлаар 0.87-той байгаа\ Дээрх үйл явдалтай холбоотой бүхий л нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан боловч баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлалгүйгээр дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

2014 онд LEEP \Loop Electrosurgical Excision Procedure\ буюу цахилгаан гогцоогоор мэдрэлийн зангилааны эсийг өөлж тасдаж авах хагалгаанд орж шинжилгээгээр C1N2 ангилал буюу 3-р үе шатанд байгаа. Мөн 2016 оны 2 сард орсон хагалгааны тэмдэглэлд дурьдсан байгаа полипийг тайрч авах мэс засал, цахилгаан индүүны хагалгаанд тус тус орсон. Дурангийн хагалгаанд арай ороогүй байгаа. Эмнэлгийн нотлох баримтууд хавтас хэрэгт байтал энэхүү баримтуудыг анхаарч үзэлгүй зөвхөн дүгнэлт болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьснаар шийдвэрлэсэн. Хавдартай гэдгээ мэдсэнээсээ хойш сэтгэлээр унасан ч 2014 оноос өнөөдрийг хүртэл бүтэн 3 жил туушдаа эмчид үзүүлж эмчийн зөвөлгөө хяналтанд байж нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагдаж туушдаа эмчилгээ хийлгэж байж хавдрын хэмжээ байрлал бүтцийг тодруулж оношилж байхад өмгөөлөгчийн ярьснаар болон нэг удаа эмнэлэгт үзүүлсэн эмчийн дүгнэлтээр дүгнэх нь ор үндэслэлгүй юм. Энэ бүх хагалгааны явц шинжилгээ НРV вирусын тоололт хавдрын хэмжээ гээд бүх материалыг дүгнэн шинжлэлгүй шийдсэнд гомдож байна. Шүүх хуралд оролцож өвчний талаар холбогдолтой бусад материалуудыг өөрийн биеэр танилцуулах гэсэн боловч шүүх хуралд ирж чадаагүй. Бид хэдий хэрүүл тэмцэл үл ойлголцолтой байсан ч залуу гэр бүл болсон бид нар өөр өөр гэрийн хүмүүжилтэй хүмүүс нэг гэрт орж маргалдах, үл ойлголцох зүйл гарах явдал байсан ч хүүхдийнхээ төлөө цаашид амьдарч өөрийн зүгээс чадлынхаа хирээр хичээж эв эвийг эрхэмлэж амьдрахыг хүсэж байна. Би хүнд өвчтэй байгаа учраас Гэр бүлийн хуулийн 12-р зүйлийн 2.2-т зааснаар хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалтад "Стрессийн шалтгаант хямрал" буюу "айдас сэтгэл түгших эмгэг" нь орсон байдаг. Мөн дотрын өвчнүүд, зүрхний шигдээс, зүрхний төрөлхийн ба олдмол эмгэг", хоргүй хавдруудын жагсаалт тус тус хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалтад орсон байдаг. Гэтэл энэ талаар огт авч үзэлгүйгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн байна. Өвчний талаар нөхөр маань мэдэж байгаа.

Анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр миний бие шүүхийн танхимд ирсэн боловч шүүх хуралдаанд оролцуулаагүй. Шүүх хурал 11:00 цагт товлогдсон бөгөөд шүүх хурал эхлэхээс өмнө 11:04 цагт нэхэмжлэгч талын өмгөөлөгч Н.Шажинбатын 88093352 дугаар луу залгаж "Шүүх хурал эхлэх гэж байна уу би очиж байна" гэж хэлэхэд "Шүүх хурал эхлээгүй байна. За ойлголоо" гэсэн хариуг хэлсэн. Утсаар ярьснаас хойш 10 минутын дараа шүүхэд ирж, шүүх хуралдаанд орох гэтэл шүүх хуралдаан эхэлсэн оролцуулахгүй гэсэн хариуг өгсөн бөгөөд намайг эзгүйд гэрлэлт цуцлалтын асуудлыг зөвхөн нэхэмжлэгч талын өмгөөлөгчийг оролцуулан шийдвэрлэсэн байна. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч талын өмгөөлөгчид шүүх хуралдаандаа очиж байна гэж мэдэгдсээр байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн тайлбар хэлж тэмдэглэлд дурьдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцээн дээр үндэслэгдэн явагддаг зарчимтай бөгөөд шүүхээс талуудыг мэтгэлцэх боломжоор хангах, шүүх хуралдаанд биечлэн оролцуулах эрхийг хангадаг. Гэтэл Заяа миний зүгээс шүүх хуралдаанд ирсээр байтал шүүх хуралдаанд оролцуулаагүй, зөвхөн нэг талын эрх ашгийг баримтлан шийдвэрлэсэн нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн шийдвэр гарсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа 30 хоног хэтэрсэн нь хариуцагчийн зүгээс шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулсантай холбоотой, 2017.05.24-ний өдрийн шүүх хуралдаанд ирээгүй байгаа тул шүүх хуралдаанд заавал хариуцагчийг оролцуулах шаардлагагүй" гэж дүгнэсэн нь тухайн шүүхэд болсон үйл явдлаас илт зөрүүтэй, "хариуцагчийн хариуцлагагүй буруутай үйлдлээс шалтгаалан уг хэргийн хугацаа хэтэрсэн мэт" гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Болсон үйл баримтаас үзвэл, давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсаны дараа хувиарлагдсан шүүгчээс дахин өөр шүүгчид хувиарлагдсантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан бөгөөд тухайн хэрэг 2 шүүгчийг дамжсан. Хэрэг удааширч байгаа учраас шүүх хуралдаанд хариуцагчийг заавал оролцуулах шаардлагагүй, энэ нөхцөл байдал нь шүүх хуралдаанд намайг биечлэн оролцуулах, мэтгэлцэх зарчмыг хангахгүй байх үндэслэл болохгүй байна. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн гэр бүлийн холбогдолтой маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Баатарзаяа нь хариуцагч Э.Заяад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба хариуцагч гэрлэлт цуцлахыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Б.Баатарзаяа, Э.Заяа нар нь 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны эхнэр, нөхөр бөгөөд гэр бүлийн хамтын амьдралтай байхад 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Баатархүү төрсөн байна.

 

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2014 оноос тусдаа амьдарч байгаа ба шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул уг ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болгожээ. /хх-ийн 15/.

 

Б.Баатарзаяа нь Э.Заяад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргаж байсан ба уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр тал эвлэрч хамтран амьдрах болсон үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авсан тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11130 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 3-4/

 

Түүнчлэн шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, гэрлэлт цуцлалтыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч үр дүнд хүрээгүй, /хх-ийн 54/ гэрлэгчид 2014 оноос тусдаа амьдарч байгаа болон Б.Баатарзаяа нь архидан согтуурсан үедээ гэр бүлдээ хэрүүл маргаан үүсгэж бусдын амгалан тайван байдлыг нь алдагдуулж байсан /хх-ийн 85-86, 213-214/ байдлыг харгалзан шүүх гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийг хангаж шүүгчийн захирамжаар Хавдар судлалын үндэсний төв болон Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг шинжээчээр томилж, Э.Заяагийн эрүүл мэндийн байдалтай холбоотой дүгнэлт гаргуулсан ба Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт /хх-ийн 194/ Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн хавдрын эмчийн үзлэг, дүгнэлт /хх-ийн 195-197/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Э.Заяагийн эрүүл мэндийн байдал нь Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан ...хариуцагч хүндээр өвчилсөн... гэсэн үндэслэлд хамаарахгүй болох нь тогтоогдсон байна.

 

Гэрлэлт цуцалсантай холбоотойгоор хүү Б.Баатархүүг эхийн асрамжид үлдээх талаар зохигчид маргаагүй ба бага насны хүүхдийг өсөж бойжих, зөв төлөвшиж хүмүүжихэд эхийн асрамжид байлгасан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хүүхдэд тэтгэлэг тогтоож, эцэг Б.Баатарзаяагаар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт болон хэргийн бусад бичгийн баримтуудтай 2017.01.23-ны өдөр танилцсан ба дахин дүгнэлт гаргуулах, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой өөр хүсэлт гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Э.Заяагийн хүсэлтээр 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3, 131.4 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байх ба шүүх хуралдаадн ирсэн боловч хуралдаанд оролцуулаагүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Заяагийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ