2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/08341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 06 191/ШШ2025/08341

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ...... дүүрэг, .......... тоотод бүртгэлтэй боловч ...... дүүрэг,..............хороо, ............ тоотод оршин суух Б овогт Д.Э /РД:......./-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ........ дүүрэг, ....... хороо, .......... тоотод оршин суух Ө овогт Ч.Д /РД:......../,

 

хариуцагч:....... дүүрэг, .........хороо, ....... тоотод оршин суух Ө овогт Л.Ч /РД:........./ нарт холбогдох,

 

нэхэмжлэлийн шаардлага: 47,747,689.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, хариуцагч болоод хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЧ.Д нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

1.1. ...миний бие автомашин зарна гэсэн фейсбүүкийн зарын дагууЧ.Д тай холбогдож 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр уулзсан. Тэрээр Л.Чоос олгосон итгэмжлэлийг авч ирсэн бөгөөд түүнтэй .......... арлын дугаартай, ......... улсын дугаартай, хар хөх өнгийн 2008 оны Lexus, RX400h маркийн автомашиныг 44,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг нотариат дээр байгуулсан. Урьдчилгаа төлбөрт 22,000,000 төгрөгийг тухайн өдрөөЧ.Д гийн Хаан банкны ........тоот данс руу эхнэр Ө.А гийн ...... тоот данснаас шилжүүлж, үлдэх 22,000,000 төгрөгийг ЭСБ ХХК-аас авсан зээлийн хөрөнгөөр төлсөн. Автомашинаа гэрээнд заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан.Ч.Д нь автомашины бүх эд анги бүрэн бүтэн, асуудал байхгүй гэж хэлээд худалдсан. Би 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шатахуун түгээх станцаас бензин хийх гэтэл гоожоод, гэнэт хянах самбар дээр баахан гэрэл асаад унтрахгүй, арын суудлын сэнс нь дуугараад байсан. Оношилгооны төв дээр очиж үзүүлэхэд усанд орсноос болж баттерей нурсан, хэлбэлзэлтэй, явах эд ангиуд зэвэрч цоорсон, үүнийгээ хар лакаар будсан байна гэж хэлсэн. ТэгээдЧ.Д тай холбогдоход би сайн мэдэхгүй байна, автомашинаа янзлуулчих, мөнгийг нь өгье гэж хэлж байсан. Би засварын газарт очсон боловч засах боломжгүй автомашин байна гэсэн учир энэ талаарЧ.Д д хэлээд автомашинаа буцааж ав, мөнгөө авъя гэж зөндөө гуйж захидал бичсэн. Эхэндээ янзлуулж өгье гэж хариу бичдэг байснаа сүүлдээ утсаа салгаад алга болсон.Ч.Д нь эвдэрхий автомашинаа надад зүгээр гэж хэлээд худалдсан. Өөрөө холбогдохгүй зугатаагаад байсан учир би 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст түүнд холбогдуулан өргөдөл бичиж өгөхөд Баянзүрх дүүрэг рүү шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд автомашиндаа үнэлгээ хийлгэж ир гэсний дагуу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нимонс ХХК-ийн Мастер авто сүлжээ засварын газар оношилгоонд оруулахад хөдөлгүүрийн блокны заглушка зэвэрч цоорсон, хөдөлгүүр зэв ихтэй, бензин банкны хоолой зэвэрч хугарсан, өндөр хүчдэлийн баттерей хэлбэлзэл ихтэй, явах эд анги зэв ихтэй гэсэн дүгнэлт гарсан. Цагдаагийн байгууллагаас Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 445 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн тоормосны шингэн, хөдөлгүүрийн тос хэвийн хэмжээнд, хөргөлтийн шингэн үйлдвэрээс заасан хэмжээнээс доогуур, явах эд анги ил харагдах гэмтэлгүй, хөдөлгүүрийн блокны заклушик шингэн алдсан гэмтэлтэй, шатахууны хоолой тасарч зэвэрсэн гэсэн. Хэргийг цагдаагийн байгууллагаас прокурорт шилжүүлэхэд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч талаас хохирол нэхэмжлэх, эсхүл гэрээг цуцлах талаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн үзэж 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1049 дугаартай тогтоолоор хэргийг хаасан тул ийнхүү шүүхэд хандаж байна. Миний бие ЭСБ ХХК-иас 22,000,000 төгрөгийг жилийн 31.6 хувь, сарын 2.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 14-нөөс 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөрт 1,613,592.68 төгрөг, хүүд 2,979,769.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 419,429.24 төгрөг, нийт 5,012,791 төгрөг төлсөн. Автомашины үнийгЧ.Д д төлсөн, мөн өмчлөгч Л.Чоос түүнд захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр олгосон тул тэдгээрийг хариуцагчаар татсан. Иймд Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 253.2, 254 дүгээр зүйлийн 254.2, 254.6, 254.7 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3604 дугаартай гэрээг цуцалж, автомашины урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 22,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаарх зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 20,734,898.30 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 14-нөөс 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн өр төлбөрт төлсөн 5,012,791 төгрөг, нийт 47,747,689.3 төгрөгийг Л.Ч,Ч.Д нараас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. ...,

 

1.2. ...автомашин авсныхаа маргааш нь үүнийгээ янзлуулаад өгчих гэсэн чиньЧ.Д за тэгье ээ гэснээ дараа нь алга болчихсон. Тэр өдрөө автомашин бензингүй болж, хянах самбар дээрх бүх гэрэл нь ассан ба засварын газруудад хандахад усанд орсны улмаас явах эд ангиуд зэвэрсэн, бас батарей нь доголдсон, эд ангийг нь тайлахаар зэвтэй учраас мултраад ямар ч засвар авах боломжгүй байна гэсэн. Автомашинаа буцаая гэхэдЧ.Д нь чи явдаг газраараа яв гээд тэр чигтээ утсаа авахгүй алга болсон. Цагдаагийн байгууллага дээр байхдаа ч нүүр тулж үзээгүй. Өнөөдөр л уулзаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 47,747,689.3 төгрөгийн 44,000,000 төгрөг нь автомашины үндсэн үнэ, үлдсэн нь ББСБ-аас авсан зээлийн хүү юм. ... гэв.

 

2. Хариуцагч болоод хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

 

2.1. ...Ч.Дэлгэрмаа миний бие 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн унаж байсан ......... улсын дугаартай автомашиныг худалдахаар фейсбүүкд зар тавьж, Д.Э гэх хүнтэй холбогдсон. Улмаар түүнд автомашиныг үзүүлсэн бөгөөд тэрээр засварын газарт оношилгоонд оруулж нэг бүрчлэн шалгасны үндсэн дээр хүлээн авч, мөн өдрөө нэр дээрээ шилжүүлсэн. Тухайн автомашин нь миний өмч боловч анх худалдан авах үедээ ах Л.Чийн нэр дээр авсан учир шууд түүнээс шилжүүлсэн юм. Наймааг би хийж, мөнгийг өөртөө хүлээн авсан тул ах Л.Ч уг асуудалд огт хамааралгүй. Харин 44,000,000 төгрөгөөр тохирч худалдсан атал үндэслэлгүйгээр зээлийн өр төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талууд автомашиныг бүрэн шалгаж хүлээлцсэнээс хойш ямар гэмтэл учирсан, мөн өнөөдрийг хүртэл хэдий хэмжээнд элэгдэл, хорогдол үүссэн талаар тооцох аргагүй тул миний зүгээс наймааг буцаах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...

 

2.2. ...би энэ автомашиныг өгөхдөө анхнаасаа сайн үзэж шалгаж аваарай гэж хэлсэн. Фэйсбүүк дээр зар тавихад Д.Э хоёр хүний хамт ирж үзчихээд битгий зараарай гээд 3 хоног хүлээлгэсэн. Тэгээд яг худалдаж авахдаа Уранган төвийн тэнд байдаг оношилгооны газарт оношлуулж авсан. Миний хувьд автомашины талаар огт мэдэхгүй учир чи сайн үзэж харж аваарай гэж зөндөө хэлсэн. Монгол Улсад орж ирээд сар гаран болж байгаа автомашин байсан. Анх манай нөхөр өөрийн Toyota Land Criuser-200 маркийн автомашинаа худалдахад зөрүү төлбөрт нь тооцож авсан юм. Мөн яагаад ахынхаа нэр дээр авсан бэ гэхээр би ийш тийшээ гадаад, дотоод руу их явдаг, хэрвээ гадагшаа явчихвал зарж чадахгүй учраас ахынхаа нэр дээр авчихъя гээд авсан. Д.Э эвдэрсэн байна гэхээр нь засварын газрууд руу ярьсан. Би алга болсон зүйл ерөөсөө байхгүй бөгөөд чи цагдаагаар яв аа, чамд засварын мөнгийг чинь өгчихье гэж хэлсэн. ... гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ЭСБ ХХК-иас Д.Эод олгосон 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн М25-13 дугаартай итгэмжлэл, тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, Л.Чийг төлөөлжЧ.Д болон Д.Э нарын хоорондох 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3604 дугаартай Худалдах, худалдах авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-ний хуулбар, Л.ЧоосЧ.Д д тээврийн хэрэгсэл худалдан борлуулахтай холбогдсон үйлдэл хийх эрх олгосон 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0141 дугаартай итгэмжлэлийн хуулбар, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1049 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, Нимонс ХХК-ийн Мастер авто сүлжээ засварын газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1093 дугаартай үзлэг оношилгооны хуудасны хуулбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 445 дугаартай дүгнэлтийн хуулбар, ЭСБ ХХК болон Д.Э нарын хоорондох 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ1242130112000098 дугаартай Автомашины зээлийн гэрээ, мөн өдрийн ФГ1242130112000098 дугаартай Фидуцийн гэрээ, ......... улсын дугаартай, Lexus, RX400h маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 9651-9191 утасны дугаартай харилцсан гэх захидал /message/, Хаан банк дахь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, Д.Эын нэр дээрх 1242130112000098 дугаартай зээлийн дансны хуулга, Д.Эын оршин суугаа газрын хаягийн бүртгэл, ам бүлийн тодорхойлолт /хх 4-45/-ыг гаргаж өгсөн.

 

3.2. Хариуцагч талаас: Л.ЧоосЧ.Д д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон 2025 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0681 дугаартай итгэмжлэл /хх 56/-ийг гаргаж өгсөн.

 

3.3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/22127 дугаартай захирамжийн дагуу:

- Д.Эын 8008-6446 гэх дугаарын утаснаас хариуцагчЧ.Д гийн 9651-9191 гэх дугаарын утастай харилцсан захидал /message/-д үзлэг хийсэн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл /хх 65-68/-ийг бүрдүүлсэн.

 

3.4. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагчЧ.Д , Л.Ч нараас нийт 47,747,689.3 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхдээ гэрээний зүйл болсон автомашиныг авсан өдрийн маргаашаас эхлэн доголдол илэрч, ашиглах боломжгүй болсон тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэд төлсөн 44,000,000 төгрөгийг, зээлийн хүүд төлсөн буюу хохирол 3,747,689.3 төгрөгийн хамт буцаан гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, автомашиныг хүлээн авах үедээ шалгаж авсан тул гэрээнээс татгалзахыг зөвшөөрөхгүй, мөн Л.Ч нь уг асуудалд огт хамааралгүй хэмээн маргажээ.

 

4. Талууд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-г бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байх бөгөөд энэхүү гэрээгээр худалдагч Л.Чийг төлөөлжЧ.Д нь .......... арлын дугаар бүхий ......... улсын дугаартай, Lexus, RX400h маркийн автомашиныг худалдан авагч Д.Эын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ болох 44,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 8-9/

 

5. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний агуулгыг өөрсдийн хүсэл зоригоор чөлөөтэй тодорхойлон байгуулах эрхийн хүрээнд байгуулагдсан, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг хангасан байх ба тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, талууд гарын үсэг зурсан байдал нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсныг илтгэж байна.

 

6. Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээний дагуу автомашиныг хүлээн авч, урьдчилгаа төлбөр болох 22,000,000 төгрөгийг эхнэр Ө.А гийн Хаан банк дахь ...... тоот данснаас хариуцагчЧ.Д гийн Хаан банк дахь ........тоот дансанд машин урьдчилгаа гэсэн утгаар шилжүүлсний зэрэгцээ, мөн өдөр ЭСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу олгогдсон 22,000,000 төгрөгийг тус ББСБ-ын Хаан банк дахь 5089049196 тоот данснаас хариуцагчийн дээр дурдсан данс руу Эрболд-д зээл олгов. RX400H төлбөр гэсэн утгаар шилжүүлж, ийнхүү автомашины төлбөрт нийт 44,000,000 төгрөгийг бүрэн төлжээ. /хх 29-36, 41-42/

 

7. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй. Гагцхүү гэрээний зүйл болох автомашин нь биет байдлын доголдолтой эсэх, гэрээнээс татгалзах эрх үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.

8. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

9. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг бөгөөд хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үздэг.

10. Нэхэмжлэгч автомашиныг хүлээн авсны маргааш нь шатахуун хийх гэтэл доошоо нэвт гоожиж, хянах самбар дээрх анхааруулга бүхий гэрлүүд ассан талаар тайлбарласан ба 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Мастер авто сүлжээ засварын газраар оношлуулахад хөдөлгүүрийн блокны заглушка зэвэрч цоорсон, хөдөлгүүр зэв ихтэй, бензин банкны хоолой зэвэрч хугарсан, өндөр хүчдэлийн батерей хэлбэлзэл ихтэй, явах эд анги зэв ихтэй гэх зэрэг гэмтлүүд илэрсэн байна. /хх 12-14/

11. Үүний дараа цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гаргаж, улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 455 дугаартай дүгнэлтэд дээрх гэмтлийг нэгэн адил дурджээ. /хх 10-11, 15-28/

12. Нэхэмжлэгч нь автомашинд илэрсэн гэмтлийн талаар мэдэгдэхэд хариуцагчЧ.Д нь доголдлыг арилгах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна. /хх 65-68/

13. Хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбар, автомашины доголдлыг тогтоосон засварын газрын оношилгоо, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж чадаагүйгээс гадна, эдгээр гэмтэл нь автомашиныг хүлээн авснаас хойш ашиглалтаас үүсээгүй бөгөөд доголдлыг ялимгүй, гэрээний үүргийн гүйцэтгэлд нөлөөлөхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигч хүлээхийг тус тус зохицуулсан ба энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүхэд гаргах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

15. Автомашиныг хүлээлцэх үед Уранган төвийн ойролцоох засварын газарт оношлуулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй боловч хариуцагчЧ.Д нь худалдсан автомашины талаарх мэдээллийг бүрэн өгөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд автомашиныг шилжүүлэн өгснөөс хойш гэмтэл илэрсэн буюу нэхэмжлэгч нь хүлээн авах үед доголдол байсан болохыг нотолсон тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

16. Автомашины өмчлөл хариуцагч Л.Чийн нэр дээр бүртгэлтэй байсан хэдий ч түүнийг итгэмжлэн төлөөлж буй хариуцагчЧ.Д нь тухайн автомашин нь миний өмч бөгөөд ах Л.Чийн нэр дээр авсан учир шууд түүнээс шилжүүлсэн юм. Наймааг би хийж, мөнгийг өөртөө хүлээн авсан тул ах Л.Ч уг асуудалд огт хамааралгүй... хэмээн мэдэгдсэн учир хэлцлийн үр дагавар хариуцагчЧ.Д д үүснэ.

17. Иймд гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэхдээ хариуцагчЧ.Д гаас автомашины үнэ болох 44,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ......... улсын дугаартай, Lexus, RX400h маркийн автомашиныг хариуцагчЧ.Д д буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ гэж үзэв.

18. Харин нэхэмжлэгч нь автомашин худалдан авахдаа үнийн зарим хэсгийг бүрдүүлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, түүний хүүд төлсөн гэх 3,747,689.3 төгрөг нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсан эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч нь өөрийн санаачилгаар бусдаас авсан зээлийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргийг хариуцагчЧ.Д хүлээх үндэслэлгүй юм. /хх 5, 43-44/

19. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчЧ.Д гаас 44,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,747,689.3 төгрөг болон хариуцагч Л.Чид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ......... улсын дугаартай, Lexus, RX400h маркийн автомашиныг хариуцагчЧ.Д д буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Д.Эод даалгаж шийдвэрлэв.

20. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хуваарилан хариуцууллаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчЧ.Д гаас 44,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,747,689.3 төгрөг болон хариуцагч Л.Чид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ......... улсын дугаартай, Lexus, RX400h маркийн автомашиныг хариуцагчЧ.Д д буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Д.Эод даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчЧ.Д гаас улсын тэмдэгтийн хураамжид 377,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эод олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН