Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

            Улсын яллагч *******

            Шүүгдэгчийн өмгөөлөгч *******           

           Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1821001870095 дугаартай хэргийг 2018 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: *******... овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд ...... оны ...... сарын .....-ний өдөр төрсөн, 39  настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: /, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын *******..... баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дорнод аймаг дахь Мобикомын салбарын байрны үйлчлэгчийн өрөөнд хууль бусаар нэвтэрч хохирогч *******ийн “” маркийн гар утсыг хулгайлж 180000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би анх Мобикомын 00-ын өрөө рүү ус авах гэж орсон юм. Тэгэхэд онгорхой хаалга байсан бөгөөд ширээн дээр байсан утсыг аваад явуулын хүнд 10000 төгрөгөөр худалдсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн өглөө траншейнд амьдардаг ******* ахтай хамт паажуу гэдэг архи хувааж уугаад салсан юм. Ингээд 10 цагийн орчимд үйлчилгээний төвийн 2 давхарт өндөр ******* ахтай уулзсан чинь “Чи мобикомоос ороод ус аваад ир” гэж хэлэхээр нь үйлчилгээний төвөөс гараад мобикомын зүүн талд байдаг хогийн савнаас Витафит ундааны хоосон сав аваад Мобикомын 00-ын өрөө рүү орсон юм. 00-ын өрөөнд ороод ус авч уучихаад дахин саваа дүүргэсэн чинь нэг өрөөний хаалга хагас нээлттэй байсан учраас дотор нь идэхээр юм байна уу гэж бодоод дотогш ороод идэх юм хайсан чинь идчихээр зүйл байхгүй, харин жижиг ширээн дээр эмэгтэй хүний гар цүнх болон ухаалаг утас байсан болохоор уг утсыг авч гарсан. Ямар маркийн гар утас байсныг хэлж мэдэхгүй байна. Ингээд өндөр ******* ахад Мобикомоос авсан усаа өгчихөөд “би явлаа” гэж хэлээд үйлчилгээний төвөөс гарч яваад такси бариад “Шүр” зах явсан. Шүр зах дээр очоод хүнсний жижиглэнгийн нэг эгчид 10000 төгрөгөөр зарна гэсэн чинь “энэ утас чинь эвдэрчихсэн, дэлгэц нь хагарсан учраас 4000 төгрөгөөр худалдаж авна” гэж хэлсэн учраас зарчихсан юм. Гар утас зарсан мөнгөөрөө паажуу гэдэг нэртэй архи аваад уучихсан юм...Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэжээ. /хх 32-33/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн орчимд өөрийнхөө ажил дээр буюу үйлчлэгчийн өрөөнд хувцсаа солиод цүнх болон гар утсаа орхиод цэвэрлэгээ хийхээр гарсан юм. Үйлчлэгчийн өрөөнөөс гарахдаа өлгөдөг цоожийг цүүнд нь өлгөөд түгжилгүй орхисон байсан бөгөөд цэвэрлэгээ хийгээд 20-30 минутын дараа үйлчлэгчийн өрөөнд ороод хувцас болон цүнх, гар утсаа авах гэсэн чинь жижиг шүүгээн дээр байсан “” маркийн гар утас алга болчихсон байсан учраас өөрийнхөө гар утас руу залгасан боловч 2 удаа дуудаж байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болчихсон юм. Цэвэрлэгээ хийж дуусаад 00-ын өрөө рүү ороход байнга архи уугаад яваад байдаг эрэгтэй хүн коридорт зөрсөн юм. ...Ингээд хяналтын камерын бичлэгийг үзсэн чинь тэр хүн 00-ын өрөө рүү ороод нэг хэсэг болж байгаад гарч ирж байсан...гар утсаа буцаан авах хүсэлтэй байна...” гэжээ. /хх 22/

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон гэрч /хх 24-25/, /хх 26-27/, хохирогч ******* /хх 13-16,21-22/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 8/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11, 12/, Эд зүйлийн үнэлгээ /хх 23/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/, Шүүгдэгчийн иргэний мэдээллийн лавлагаа /хх 35-37/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дорнод аймаг дахь Мобикомын салбарын байрны үйлчлэгчийн өрөөнд хууль бусаар нэвтэрч *******ийн “” маркийн гар утсыг хулгайлж 180000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Гэмт хэргийн эх сурвалжийг тодорхой зааж, тогтвортойгоор мэдүүлсэн хохирогч *******ийн “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн орчимд...жижиг шүүгээн дээр байсан “” маркийн гар утас алга болчихсон байсан...өөрийнхөө гар утас руу залгахад дуудаж байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болчихсон юм. Цэвэрлэгээ хийж дуусаад 00-ын өрөө рүү ороход байнга архи уугаад яваад байдаг эрэгтэй хүн коридорт зөрсөн...Ингээд хяналтын камерын бичлэгийг үзсэн чинь тэр хүн 00-ын өрөө рүү ороод нэг хэсэг болж байгаад гарч ирж байсан...гар утсаа буцаан авах хүсэлтэй байна...” /хх 22/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 8/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11, 12/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/, Эд зүйлийн үнэлгээ /хх 23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дорнод аймаг дахь Мобикомын салбарын байрны үйлчлэгчийн өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******-ыг бусдын эд хөрөнгийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч гэм буруутай үйлдлээрээ хохирогч *******т 180000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ /хх 23/-ээр нотлогдож байх ба хохирлыг шүүгдэгч барагдуулаагүй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт шүүгдэгчээс 180000 төгрөг гаргуулж хохирогч *******т олгох үндэстэй байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч ******* нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байхдаа шүүхийн дуудсан цагт ирэхгүй, улмаар албадан ирүүлэх, согтуурсан байдалтай хэвийн бус ирэх зэргээр шүүн таслах ажиллагаанд саад учруулж байсныг хувийн байдалд тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 1821001870095 дугаартай хэрэгт шүүгдэгч нь 2018 оны 06 сарын 22-ны өдрөөс 2018 оны 07 сарын 04-ний өдрийг хүртэл 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн *******.... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........... овогт *******-г бусдын эд хөрөнгийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******-г 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн 1821001870095 дугаартай хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******-с 180000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн ******* 5-10 тоотод оршин суух, хохирогч Хатгин овогт Шуурайн Саранчимэг /ЖЯ69012160/-т олгосугай.

7. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н *******.... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ