| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2209000001972 |
| Дугаар | 2025/ДШМ/160 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 10.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/160
2025 01 30 2025/ДШМ/160
Т.Төд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Бзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөнцэцэг,
шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Б.Бжаргал, В.Оюун-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Х.Мандах,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/924 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т болон түүний өмгөөлөгч Б.Бжаргал, В.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Төд холбогдох эрүүгийн 2209000001972 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Бзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.Т нь 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ...гудамж, ... байх бусдын эзэмшлийн орон байранд үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Сийн эсрэг бие махбодид нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “баруун бугалга, хоёр гуя, зүүн дал, баруун шилбэ, баруун тавхайнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо ...тоотод, 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ...гудамж, ...байх бусдын эзэмшлийн орон байранд, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ...гудамж, ...байх бусдын эзэмшлийн орон байранд
тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Сийн эсрэг бие махбодид нь халдан, үл ялих зүйлээр шалтаглан зодох үйлдлийн аргаар байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.С урьд байнга зодсон, удаа дараа эдийн засгийн эрх чөлөөнд нь халдаж санхүүгийн хүндрэл учруулсан, байнга доромжилсны улмаас О.С нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 36 минутын орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ...гудамж, ...“Тоз-8” загварын буугаар толгойн цох хэсэгтээ буудаж “амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Т.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга хүчирхийлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан буюу “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Т.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Тийн цагдан хоригдсон 33 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Тийн өмгөөлөгч Б.Бжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 2 дахь хэсэгт зааснаар яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэснийг хэрэгжүүлж чадаагүй бөгөөд зөвхөн яллах талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт үйлдэлд нь эргэлзээ бүхий байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /2хх 45/-ээр уг гэмтэл нь өөрөө өөртөө учруулах боломжтой гэж дүгнэгдсэн. Т.Тийг хөнгөн хохирол учруулсан гэх хөдлөшгүй нотлох баримт тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэн ял шийтгэсэн.
Улсын дээд шүүхийн тайлбараар “байнга” гэдгийг 3 буюу түүнээс дээш хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад үйлдсэн үйлдэл байхыг шаарддаг.
2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн /2хх 224/ 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28л-1/306 тоот албан бичгээс зөрчлийн шинжгүй гэж шийдвэрлэсэн байна гэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ц.Эын албан тоотод харагдаж байхад үүнийг нотлох баримтаар үнэлж дүгнээгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх зүйл анги маань гэр бүлийн хамаарал бүхий эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол гэж заасан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн болгохын тулд нотлогдоогүй үйлдлүүдийг үнэлж, дүгнэж 3 буюу түүнээс дээш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болгож улмаар амь насаа хорлоход гарцаагүй байдалд хүрсэн гэдгийг хөдөлшгүй баримтаар нотлоогүй бөгөөд бусад өрийн дарамт, төрсний дараах сэтгэл гутрал зэрэг бусад хүчин зүйлүүдийг харгалзан үзээгүй. Мөн шийтгэх тогтоолд гэм буруугийн байдлыг дүгнэхдээ зөвхөн хохирогчийн хамаарал бүхий гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн байх бөгөөд шүүх хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын мэдүүлсэн өмгөөллийн үгийг үнэлж дүгнээгүй ямар үг хэлж мэтгэлцсэн хууль зүйн ямар үндэслэл гаргасан талаар огт тусгаж бичээгүй байна.
Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Т.Тийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Т.Тийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан нотолбол зохих зүйлүүд бүрэн нотлогдоогүй, үйл баримтаар тогтоогдоогүй байхад хэт нэг талыг барьж Т.Төд ял шийтгэл оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Энэхүү хэрэгт амь хохирогчийн талаар сэтгэл зүйчийн гаргасан дүгнэлтэд дараах зүйлсийг дурдсан ч анхан шатны шүүхээс тухайн сэтгэлзүйчийн гаргасан дүгнэлтийг үнэлээгүй гэж үзэж байна. /Хх 154-155. Сэтгэл зүйч Дгийн дүгнэлт/
... хэмээх байгууллагатай холбоотой асуудал амиа хорлох шалтгаан ч байж болох үйл баримтууд хэрэгт авагдсан боловч энэхүү үйл баримтыг яаж үнэлсэн нь шүүхийн шийтгэх тогтоолд ойлгомжгүй. Мөн хэргийг буцааж ажиллагаа хийгдсэн ...ХХК-иас ямар дарамт шахалт ирж байсан, яаж тухайн хүнээр 24,000,000 төгрөгийг долоо хоногийн дотор төлүүлэхээр амлалт, Балгааг амь хохирогчоор бичүүлж авсан талаар тогтоох ажиллагаа нэг ч удаа хийгдээгүй, шүүх үнэлээгүй. Мөн амь хохирогч өмнө ажиллаж байсан санхүүгийн байгууллагадаа ч санхүүгийн асуудлаас болж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан талаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ярьж байсан ч шүүх түүнийг мөн л үнэлээгүй. Мөн өөрийн үлдээсэн постод ... ХХК-ийн өрийн дарамтыг дурдсан байдаг ч шүүх үнэлээгүй.
Т.Т амь хохирогч хоёр маань нэг гэрт анх удаа тогтвортой амьдарч эхэлж байсан бөгөөд өмнө нь байнга өөрийн төрсөн гэртээ байсан нь амь хохирогчийн амиа хорлох шалтгаан нөхцөл нь ганцхан Т.Тийн хүчирхийллээс болсон мэтээр шүүх бусад үйл баримтыг үнэлэхгүй гаргаж байгаа нь шүүхээс гарсан шийтгэх тогтоол үндэслэлгүй байх боломжтой байна. Мөн мессеж болон амь хохирогчийн үлдээсэн пост нь ар гэр ахуй амьдрал хэцүү гэдгээ бас л дурдсан байдаг.
Анхны эхнэр У мэдүүлэг өгөхдөө Т.Тийг хүчирхийлэгч гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан үйл баримтаар тухайн үеийн гэр бүл цуцлуулсан шүүхийн баримтад хүчирхийллийн тухай нэг ч үг, өгүүлбэр байдаггүй болно. Гэтэл шүүх мөн л үнэлээгүй. Мөн амь хохирогч С нь Ттэй чаталдаг чат мессежүүдийг хэргийн үйл баримтаас судлахад байнгын Т.Т рүү дайрсан давшилсан, хараасан байдалтай. Т.Т эсрэгээрээ аргадсан, гуйсан, эвийг олох гэсэн байдалтай нөхцөл байдал тогтоогдож байгаа ч шүүх үнэлээгүй шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар нэг ч дурдаагүй байна.
Хэргийн үйл баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхдээ бүхий л талаас тэнцвэртэй үнэлж байж дүгнэлт гаргах ёстой ч өнөөдрийн гаргасан шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад бүрэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Т.Т давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэр бүлийн холбоо хамаарал бүхий, өөрийн хайртай хүнээ харамсалтайгаар алдсан явдалд эмзэглэн харамсаж байна. Бид хоёрын хувьд 2022 оны 05 дугаар сард нэг хүүтэй болсон ба тухайн үед хүү минь 5 сартай байсан. Тус хэрэгт намайг гэм буруутайд тооцож бидний дунд хэзээ ч байгаагүй асуудлаар /хүчирхийлэх, зодох гэх мэт/ тодорхой нотлох баримтгүйгээр, мөн мөрдөн байцаах ажиллагаа маш дутмаг, зөвхөн гомдол гаргагч талын таамаг, нөлөөллөөр дүгнэж бусад сэжиг бүхий хүчин зүйлсийг харгалзан үзэлгүйгээр дараах зүйл ангиудаар намайг гэм буруутайд тооцож яллаж байгаад гомдолтой байна.
Шүүх шинжилгээний дүгнэлтээр өөрөө өөртөө учруулах боломжтой, магадгүй тухайн хэрэг болох үед унаж гэмтэх, эд зүйлсэд цохих байдлаар үүсч болох бүхий гэмтлийг бүхэлд нь намайг хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэж дүгнэж 11.6 дугаар зүйл ангиар ялласан.
2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн цагдаагийн газар өгсөн дуудлага мэдээлэл нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болно гэсэн. Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа тодорхойлолт байсаар байтал гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзээд 11.7 дугаар зүйл ангиар мөн ялласан.
Миний зүгээс тухайн үед болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлдэг. Энэ тухайгаа 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ц.Н буюу тухайн дуудлагыг өгсөн талийгаачийн дүүтэй бичсэн мессеж хүртэл хавтаст хэрэгт байдаг. Мөн талийгаач миний хувийн байдлыг тодорхойлж бичсэн “Т.Т нь архи дарс уудаггүй, өмнө нь зодож байгаагүй” гэсэн мэдүүлэг хүртэл байдаг.
Мөрдөн байцаалтаар хохирогчийн ар гэрийнхэн болон найз нөхөд мөн өмнө амьдарч байсан эхнэр зэрэг миний эсрэг мэдүүлэг өгч болох бүх хүний мэдүүлгийг үндэслэн миний хувийн байдлыг буруу тодорхойлсон гэж бодож байна. Учир нь манай ар гэрийнхнээс мэдүүлэг төдий зүйл авсан бөгөөд найз нөхөд, ажлын хамт олон гэх хүмүүсээс огт мэдүүлэг аваагүй ба эсрэг талын мэдүүлгүүд бүгд адил “архи уудаг, зоддог” гэх мэтчилэн гэрчүүдээс хөтөлж асуусан асуултууд байдаг. Тэгэхдээ бүгд таамаг, төсөөлөл бүхий гэсэн...гэсэн...гэсэн гэж талийгаачийг тэгж ярьсан мэтээр бичсэн байдаг. Гэвч бидний харилцаанд бодит байдал дээр хэзээ ч хүчирхийлэх, зодох гэх мэт зүйлс байгаагүй гэдгийг талийгаач бид хоёрын харилцаж байсан фэйсбүүк чат, мессеж болгоноос бүрэн харж болно.
Мөн гэрчийн мэдүүлэг үнэн зөв эсэх нь тодорхойгүй. Жишээлбэл, өмнө амьдарч байсан Д.У бид хоёр 6 жилийн турш хамтран амьдарсан хугацаанд миний бие нэг ч удаа гар хүрч зодож байгаагүй мөн салсан тусдаа байх болсноос хойш хүүхдүүдийн асуудлаар уулзаж байсан ч нэг ч удаа хүчирхийлэл үйлдэж байгаагүйг минь “Цагдаагийн байгууллага” болон ар гэрийнхэн минь гэрчилж нотолно. Гэтэл Д.У мэдүүлэгтээ “Өмнө Т байнга архи ууж зоддог, салснаас хойш эрүүл үедээ 3-4 удаа зодож байсныг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан” гэж илтэд худал мэдүүлэг өгсөн байдаг. Мөн намайг 2022 оны 10 дугаар сард 461 дүгээр ангид байх үед Д.У миний фэйсбүүк хаяг руу “эмгэнэл илэрхийлье, та хоёр хүртэх зүйлээ хүртсэн өшөө ч илүү зүйл тохиолдож болно” гэх мэт өс хонзонгийн сэдэлтэй чатыг бичиж үлдээсэн байсан.
Бусад мэдүүлэг өгсөн талийгаачийн гэр бүлийнхэнтэй миний хувьд бараг таарч байгаагүй 1-2 удаа мэнд мэдэж байсан. Найз нөхдийн талаар сонсож байснаас заримыг нь бүр огт мэдэхгүй, танихгүй тул миний хувийн байдлыг эдгээр хүмүүс тодорхойлох нь өрөөсгөл ойлголт гэж бодож байна.
Тухайн хэрэг болох орой Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст талийгаачийн ээжийн эгч Эрдэнэчимэг гэх хүн хүүг маань хүлээж авна гээд зогсож байх үед тус цагдаагийн газрын алба хаагч, мөрдөн байцаагч бүгд таньж байсан бөгөөд хүү Ббаяр нь цагдаа хүн өмнө нь магадгүй тэнд ажиллаж байсан гэж байсан. Маргааш нь намайг хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулна гэж байсан боловч Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс ар гэрийнхэнтэй минь огт холбоо бариагүй, 30 хоног үргэлжлүүлэн саатуулах шийдвэр гарсан байсан зэрэг нь хохирогчийн ар гэрийнхэн танил тал, холбоо хамаарал бүхий хүмүүс мөрдөн байцаалтыг явуулсан болов уу гэж боддог.
Мөн талийгаач маань 2021 оны 09 дүгээр сард ажлаасаа гарч түүнээс хойш ажил эрхлээгүй ямар нэг орлогогүй байсан тул “Санхүүгийн эрх чөлөөнд халдсан” гэж намайг буруутгах нь үндэслэлгүй юм. Бусад хүчин зүйлсийн нөлөөлөл, сэжиг бүхий зүйлсийг миний зүгээс гэрчээр мэдүүлсэн боловч огт ажиллагаа хийгдээгүй, судалж шалгаж өгөөгүй.
Дурдвал: ар гэрийн анхаарал халамж маш муу байсан. Аав ээж нь байнга хөдөө байдаг. Хойд аавтайгаа таарамж муу талаараа ярьдаг байсан. Талийгаач маань гурван охин дүүгээ давхар асарч анхаардаг байсан. Төрсний дараа 20 гаран хоногтой байхдаа утсаар уйлаад байхаар нь яваад очтол “аав ээж нь хөдөө явсан, хүүгээ өлгийдөж чадахгүй, хөлдүү мах зороод” гээд талийгаач хүү хоёр хоёул уйлаад байж байсан. Үүнээс хойш би ажлаа тараад байнга анхаарал халамж тавьдаг байсан. Аав ээжтэй нь бие давхар болсон цагаас уулзах хүсэлтэй байгаагаа учирлан ярьдаг байсан ч өмнө амьдрал зохиож байсан гэх шалтгаанаар хүлээж авах боломжгүй “хүүхдийг чинь бид нар өсгөнө” дахиж уулзах холбогдох хэрэггүй гэдэг байсан. Төрсний дараа 1 дүгээр төрөх эмнэлгийн үүдэнд хүлээж байхдаа аав ээжтэй нь мэнд мэдсэн боловч хариу дугараагүй хүүг маань ээжийнх нь хамт шууд аваад явчихсан. Энэ мэтчилэн ар гэрийн дарамт шахалт нөлөө байсан учир бид хоёр утсаар ярих бусад харилцаа холбоо ашиглан холбогддог байсан.
Том дүү Ц.Н 21 нас хүрээгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хоёр ч удаа цагдаад шалгуулж 30 хоног баривчлагдаж, их сургуулийн төлбөртэй холбоотой зээл тавьсан “хэлэхээр хэрүүл хийгээд хэцүү байна, яах вэ” гэдэг байсан.
Тухайн хэрэг болдог өдөр болон түүний өмнөх өдөр талийгаач бага дүү Ц.Б-ийн ангийн багшийн асуудлаар /Хүүхэдтэй зүй бус харьцсан/ 11-11 төвд мэдээлэл өгсний дагуу ангийн багшийг ажлаас халах болсонд сурагчдын эцэг эхчүүд болон сургуулийн удирдлага гэх хүмүүс залгаж хэл ам хийж “дүүгээ сургуулиас шилжүүл бид нар ангийн багшаа авч үлдэнэ” гэх зэргээр байнга залгаж дарамт үзүүлж байсан.
Талийгаачийн найз М.Д талийгаачийн өмнө ажиллаж байсан Вилин Фанд ББСБ-аас зээл авахад зуучлаад өг хэмээн ятгаж зээл авхуулаад төлөөгүй учраас тус ББСБ-аас “чиний найз М.Д зээлээ төлөхгүй алга болчихлоо, чи асуудалгүй гэж хэлсэн биздээ” гэх мэтээр залгаж дарамт учруулдаг байсан.
Талийгаач маань 2021 оны 9 дүгээр сард “И” ХХК-аас гарах үедээ 14 сая орчим төгрөгний өртэй байгаа намайг цагдаад очиж мэдүүлэг өгсөн найз М.Дтэй холбоотой өр гэх зүйл 2022 оны хавар ярьж байсан.
Хэрэг гарахаас 6 хоногийн өмнө О.С ... агентаар ажиллуулж байсан хүмүүс амлалт өрийн бичиг бичүүлж авсан байдаг. Тэрхүү бичигт эргэн төлөх 7 хоногийн хугацаатай байсны өмнөх өдөр ийм хэрэг явдал болсонд миний хувьд ихээр сэжиглэдэг. Энэ талаар судалж шалгаж өгөөч гэж хүссэн ч мөрдөн байцаагч бас л шалгаж өгөөгүй.
Үүнд: Г.Д гэж хэн болох, яагаад тэр их мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх гүйлгээ хийх эрхийг ямар тохиролцоо, барьцаагүйгээр хийлгэх болов гэдэг анхаарал татдаг. Мөн өрийн бичиг гэх зүйл хийсэн өдрөөс хойш өдөр бүр шөнө орой эсвэл өглөө үүрээр фэйсбүүк чатаар Д гэсэн хаягаас О.Сийн утсанд дуудлага ирж гадаа дунджаар 30-40 минут яриад орж ирсний дараа талийгаачийн царай цонхийж, уйлсан маш их тамхи татсан үнэртдэг байсан. Намайг асуухад юу ч хэлдэггүй огцом уурлаж бухимддаг байсан болохоор нарийн асууж чаддаггүй байсан. Эдгээр олон хүчин зүйлсийг мөрдөн байцаагч судалж шалгаж үзээгүй зөвхөн намайг огт хийгээгүй хэргээр яллаж байгаад миний зүгээс их гомдолтой байна. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хүүтэйгээ уулзаж чадаагүй, уулзах хүсэлт удаа дараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Мд тавьсан боловч зөвшөөрөөгүй. Мөн өөрийн өмгөөлөгч, ар гэрийн зүгээс талийгаачийн ээж Б.О руу удаа дараа холбогдож ярьсан боловч “хөдөө байна, хүү сайн байгаа, уулзуулахгүй, хүүг минь өгөхгүй, хөлөө хүрэх газраа явна” гэх мэтээр ярьдаг.
Миний бие Т.Т нь өөрийн хайртай эмэгтэй О.С зодох, хүчирхийлэх, доромжлох гэх мэт үйлдэл хийж байгаагүй, амиа хорлох нөхцөл байдалд хүргээгүй гэдгээ энэхүү гомдолдоо дахиж үнэнээр мэдүүлж байна. Миний хувьд хүүгээ 5 сартайгаас хойш 2 жил 2 сарын хугацаанд хараагүй хүүгээ маш их санаж, бэтгэрч байна.
Мөн өмнөх эхнэр Д.У тус өдрөөс хойш хэрэг төвөгт холбогдсон шалтгаанаар 2 охинтой минь уулзуулдаггүй /том охин 8 нас, бага охин минь 6 настай/ мөн маш их санаж байна.
Иймээс Т.Т миний өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүйг минь харгалзан үзэж 3 хүүхдэдээ эцгийн хайр, халамж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломж олгож тус хэргийг үнэн зөвөөр шийдэж цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна.
Миний бие нь өөрийгөө болон хүүгээ өнөөдөр хохирогч гэж боддог. Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолоор эсрэг талын мэдүүлэг яриаг тусгаснаас биш миний шүүх дээр хэлсэн үг болон хууль ёсны төлөөлөл бүхий өмгөөлөгчдийн маань өмгөөлсөн үгийг нэг ч тусгаагүй явдалд гомдолтой байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Т.Т талийгаачийг зодсон. Талийгаачийн хоёр дүү нь энэ асуудлын талаар ярьдаг.“Талийгаачийг авдрын өмнө суулгаж байгаад, хөшиг татаж байгаад зодсон” талаар ч ярьдаг. Хоёр хүүхдээ гэрчээр татахыг хүсээгүй. Талийгаачийн хүүхдийн тухайд хорооны даргатай уулзсан. Шүүхийн шийдвэр байхгүй учраас хүүхэд асрамжлах эрхийг авч чадахгүй байгаа. Талийгаачийн хүүхэд манайд байнгын асрамжид байгаа. Т.Т “хүүхэдтэй уулзуулахгүй” байгаа талаар ярьж байна. Тийм санал тавьж байгаагүй. Талийгаач нас бараад удаагүй байхад Б.Бжаргал өмгөөлөгч надтай утсаар ярьсан. “Хүүхэд нь ямар хаана байгаа вэ, өмд, памперсны мөнгө явуулах уу” гэсэн, дараа нь 12 дугаар сард Т.Т залгасан “би ийм хүүхэдтэй гэдгээ мэдээгүй, буяны ажилд хэрэглээрэй 1.000.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тийм учраас би олон зүйл яриагүй. Талийгаачийг оршуулах ёслол 11 дүгээр сард болж өнгөрсөн. Нэг ч удаа ирж уулзаж байгаагүй, анхаарал халамж хүүхдэдээ тавьж байгаагүй. Хоёр өмгөөлөгч нь ч гэсэн хүний нүүр лүү харж үг хэлж, уучлалт гуйгаагүй гомдолтой байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо дурдаж байна. “Талийгаач өндгөн эсээ хүнд өгч байсан учраас хүүхдийг хүнд өргүүлчих сэтгэлгээний хүмүүс гэх агуулгатай зүйл” ярьж байна. Талийгаач өөрийнхөө бэр талын эгчдээ өндгөн эс, хүний сэтгэлийг бодож өгч байсан. Т.Т хэлж байна. ”Хэний ч хаягаар тоглох боломжтой” гэж байна. Үхсэн хүн үг хэлэх биш, анхан шатны шүүх хуралдаан дээр би талийгаачийг цочмог ууртай гэж хэлээгүй. “Түргэн ууртай, уур нь маш хурдан гардаг” гэж хэлсэн. Мөн талийгаачид анхаарал хандуулдаггүй талаар дурдаж байна. Талийгаач найз, нөхөд, ах дүү, төрөл садны хүмүүстэйгээ маш дотно байсан. Т.Т талийгаачийг хойд эцэгтэйгээ таарамж муутай гэж 2 жилийн турш хэлж байна. Талийгаачтай, миний нөхөр ямар сайн харилцаатай байсан гэдгийг гэрчлэх хүмүүс байгаа. Өр, зээлэнд орсон гэдгийг сонсоод, нөхөр сууцаа зарж, охиныхоо өрийг төлөх талаар ярьж байсан. Мөн Уянгын мэдүүлгийг буруу гэж Т.Т тайлбарладаг. Гэтэл У мэдүүлгээ өөрөө л өгсөн. У яагаад Т.Төөс салсан, хоёр хүүхдээ Т.Ттэй уулзуулахгүй байна. мөн Т.Тийн том охин нь “аавтайгаа уулзах” сонирхолгүй байдаг гэж У мэдүүлдэг. “Өөрийнхөө хоёр хүүхдийг хайрлаж чадаагүй байж, миний охиныг хайрлаж чадах юм уу” гэж талийгаачтай нэг удаа утсаар ярьсан. Талийгаач “Би хүүхдээ өнчрүүлмээргүй” байна гэж хэлээд Т.Тийн нэрээр овоглосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүхийн гомдлуудтай танилцсан. Шүүгдэгч Т.Төөс удаа дараа мөрдөн байцаагч болон прокурортой холбоотой шат шатны байгууллагад гомдол гаргаж байсан. Бүх шатны байгууллагуудын хариу тайлбар авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.Т болон амь хохирогч О.С нар нь 2020 оны 08 дугаар сараас хоорондоо үерхэж дотносон. Дундаасаа нэг хүүхэдтэй гэр бүлийн харилцаа хамааралтай байсан. Т.Тийн хувьд мөрийтэй тоглоом байнга тоглодог. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хамааралтай. Хоорондоо гэр бүлийн таарамжгүй харилцаа болон мөрийтэй тоглоомд донтсоны улмаас санхүүгийн маргаантай зээлийн дарамтад орсон нь хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогддог. Амь хохирогч О.Сийн хувьд өөрийн төрсөн дүү О.Нд болон сайн найз Д, Б нарт Т.Т “өөрийнх нь эрхэд халдаж байгаа, мөрийтэй тоглоомд хамааралтай талаар өмнө нь ярьж” нотлох баримтыг ам дамжсан байдлаар шүүгдэгчийн гэм бурууг нотлох баримтад үнэлсэн. Т.Т амь хохирогчийн ажиллаж байсан “...”-д ажиллаж байсан цэнэглэлтийн эрхээр зөвшөөрөлгүй нэвтэрч 24.800.000 төгрөгийн өрөнд оруулсан баримт хэрэгт авагдсан. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О.Сийн биед хөнгөн хохирол санаатай учруулж байсан. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр биед нь халдаж зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Мөн хэрэгт цугларсан баримтыг Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэж заасан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Прокурорын хувьд анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн томилолтоор оролцсон. Нотлох баримтын хүрэлцээ, хэрэгт шаардлагатай хүмүүсийг асуусан эсэх талаар хянаж үзсэн. Хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийн найз болон төрсөн дүү, 2013-2015 оны хооронд хамт сурч байсан найз, төрсөн дүүгийнх нь найз залуу гэх мэт хэргийн үйл баримтын талаар мэдэх боломжтой хүмүүсийг хангалтай асууж, гэрчээр мэдүүлэг авсан. Гэрч нарын мэдүүлэг авсан цаг хугацааны хувьд, яг хэрэг болсон цаг хугацаанд мэдүүлэг авсан хэт нэг талыг барьж мэдүүлэг өгөх боломжгүй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс зөвхөн нэг талын баримт цуглуулсан. Т.Тийн төрсөн эцэг, эх, дүү нараас нь амь хохирогч О.С, түүний хүүгийн талаар асуухад “О.С болон н.А гэх хүнийг танихгүй” талаар мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар, О.Сийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Амь хохирогчийг амиа хорлох гарцаагүй байдалд оруулсан нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял, шүүгдэгчийн гэм бурууд тохиорсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Т.Т нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо ...тоотод, 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр болон 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ...гудамж, ...байх орон байранд түр оршин сууж байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Сийн эсрэг бие махбодид нь халдан, үл ялих зүйлээр шалтаглан зодох үйлдлийн аргаар байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ...гудамж, ...байх орон байранд түр оршин сууж байхдаа үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Сийн эсрэг бие махбодид нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “баруун бугалга, хоёр гуя, зүүн дал, баруун шилбэ, баруун тавхайнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.С урьд байнга зодсон, удаа дараа эдийн засгийн эрх чөлөөнд нь халдаж санхүүгийн хүндрэл учруулсан, байнга доромжилсны улмаас О.С нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19:36 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ...гудамж, ...“Тоз-8” загварын буугаар толгойн цох хэсэгтээ буудаж “амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Огийн “... тэгээд хүүхдийн эцэг ямар хүн байдаг талаар асуухад Тийн талаар хэлж урьд нь амьдралтай байсан одоо салсан байгаа гэхээс өөр зүйл яриагүй тэгэхээр нь би хэсэг байж байгаад тайвшруулж байгаад “наад хүн чинь чамд хань болох уу дэмий биш үү” гэхэд амь хохирогч “би өөрөө бас суух сонирхол алга” гэхэд “би яагаад вэ” гэхэд амь хохирогч Тийг “тэр хүн мөрийтэй тоглодог, бас архи согтууруулах ундаа хэрэглэдэг” гэж хэлсэн ба тэгээд би ярилцаад хүүхдээ гаргахыг зөвлөөд сэтгэл санааг нь тайтгаруулаад орхисон юм. Амь хохирогч ...энэ оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1 дүгээр төрөхөд төрж би очиж байсан. Тийн хувьд ирээгүй, Тэгээд төрөхөөс гарахад би тосож авсан ба би зээ хүүгээ тэвэрч аваад байж байхад нэг залуу манай нөхөртэй “сайн байна уу” гэж мэндлээд зогсож би тэр хүнийг таниагүй учир анзаараагүй өнгөрөөсөн юм. Тэр цагаас хойш би зээ хүүгээ харсан учир аав нь ирвэл ирэг дээ гэтэл огт ирэхгүй холбогдохгүй байгаад байсан ба амь хохирогчийг нялх биетэй байхад буюу энэ оны 06 дугаар сарын орчим дунд охин Н найз залуугийнхаа гэрт байж байхад амь хохирогч Нг гэртээ ирээч гэж дуудаж очиход зодсон байсан талаар Нгоос сонссон, тэгээд би амь хохирогчтой уулзаж ярилцах уу гэхэд Н та өөрөө хэлэх хүртэл битгий ярилц хэлчихвэл дахиж надад хүртэл хэлэхээ больчих байхаа гэж хэлээд чимээгүй өнгөрч байсан, дараа нь сар орчмын дараа ирээд тойруугаар амь хохирогчоос асуухад юу ч хэлээгүй юм. Тэгээд мөн дараа нь 9 дүгээр сард Н над руу утсаар залгаад амь хохирогчийг уйлаад над руу залгаад байна гэхэд нь би очиж амь хохирогчийг аваад ир гэж хэлж байсан. Н очиж авсан тэгэхдээ мөн зодуулсан байна гэж хэлж байсан. Тэгээд л ер нь би хөдөө их ажилтай мал маллан аж төрдөг байсан учир Т.Ттэй бол ямар нэгэн байдлаар ярилцаж чадаагүй өдийг хүрсэн юм. Урьд амиа хорлох үйлдэл хийж байгаагүй, ярьж байгаагүй. ...” /1хх 196-198, 200/,
гэрч О.Нгийн “... Амь хохирогч болон Т.Т нарын хоорондын харилцааны хувьд гэвэл жирэмсэн байх үеэс нь л хэрэлдэж маргалддаг байсан ба би хэрхэн яаж мэдсэн бэ гэхээр амь хохирогч гэрээсээ гараад утсаар маргалдаад байдаг байсан. Тэгээд хамт байх үедээ ч тэр ер нь л энэ хүнтэй учирсан цагаасаа хойш их бага хэрүүл маргаантай байдаг болсон бөгөөд Т.Ттэй танилцсан, жирэмсэн болсон цагаас хойш урьдын тайван байхаа больж түргэн ууртай, амархан цочдог. Уцаартай болсон байсан. Амь хохирогчийн хувьд надтай сэтгэл санаагаа их хуваалцдаг байсан надад хэлэхдээ Т.Т ажил хийхгүй байна, хийхээрээ их ялархаад байна. Тэгээд би “чи хүүхдээ хар, би ажил хийе” гэхэд дургүйцээд байдаг гэж хэлж байсан ба энэ оны 06 дугаар сарын 06-ны өдөр би гэрийнхээ ойролцоо байдаг найзындаа байж байхад эгч маань над руу утсаар залгаад уйлаад гэртээ хүрээд ир гэж хэлсэн, би ганцаараа гэртээ найз залуу Хын хамтаар ирэхэд амь хохирогч гэрийн гадаа хашаан дотроо уйлчихсан сууж байсан, асуухад амь хохирогч намайг тамхи чинь хаана байна гэсэн би байхгүй гэхэд хувцасны шүүгээ ухаад байсан тэгэхээр нь наана чинь минийхээс гадна дүү нарын эд зүйл байгаа шүү дээ гээд Т.Тийг түлхтэл Т.Т уурлаад гараараа толгойг нь базаж үсдээд ор руу шидэж унагасан, унасны дараа гэдэс рүү өшиглөсөн гэж хэлсэн ба тэгээд би өөрийнхөө ... дугаараас цагдаагийн 102 тусгай дугаарт дуудлага өгч байсан юм. Тухайн үед амь хохирогчийн 2 гарын шуу, тохой, мөр, бугалга хэсэг олон газар том том хэмжээтэй хөхөрсөн, цээжний нүдэнд ил харагдах хэсгүүд нь ч том том хөхөрсөн, нүүрэнд энд тэнд бага бага хөхөрсөн байдалтай байсан. Энэ өдрөөс хойш энэ оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 20:55 цагийн орчим эгч мөн л над руу залгаад “чи Бэлхэд хүрээд ир Т.Т намайг зодоод байна ирээд аваадхаач” гэхээр нь би мөн л найз Наагийн хамтаар хэрэг болсон гэх газарт иртэл Т.Т түрээсийн байшингийн дотор унтлагын өрөө, зочны өрөө 2-ын дунд хувцастайгаа цүнхээ үүрээд зогссон, хүүхэд орон дээр уйлсан байдалтай, амь хохирогч шалан дээр уйлчихсан сууж байсан, тэгээд намайг ороход Т.Т шууд зөрөөд гарсан бөгөөд амь хохирогчтой уулзахад уйлж байсан. Болсон явдлын талаар асуухад бид огт таарч тохирохгүй байна. Хэд хоногийн өмнө намайг шалан дээр унагааж зодсон гээд уйлаад байсан, ...” /1хх 205-211/,
гэрч С.Хын “... энэ оны 06 дугаар сарын 06-ны өдөр бороотой өдөр байсан. Тэр үед оройн 23 цагийн орчимд Н бид хоёр гэрт байж байтал Нгийн утас дуугарч эгч уйлаад дуудсан байсан бөгөөд гэрт нь очиход амь хохирогч гэрийнхээ гадаа хашаан дотроо уйлаад сууж байсан бөгөөд гэрт оруулаад гэрэлд харахад баруун энгэр хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан. Энэ явдлын дараа Нгоос сонсоход Т.Т зодсон гэж хэлж байсан. Нгийн хувьд эгчийнхээ талаар хэд хэдэн удаа зодож бие нь хөхөрсөн гэмтсэн талаар ярьж байсан. Би яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. ...” /1хх 217-218/,
гэрч О.Ны “... Би С эгчтэй 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нтой цуг уулзсан. Учир нь тэр өдөр Н над руу залгаад манай эгч өдрөөс хойш уйлаад яриад байна нөхөр нь зодсон юм шиг байна очиж авъя гэж хэлсэн. ...” /1хх 220-222/,
гэрч М.Дгийн “... Т нь онлайнаар мөрийтэй тоглодог, маш их өртэй талаар С надад хэлж байсан, тэгээд С над руу энд тэндээс Ттэй холбоотой өр зээл авах талаар байнга ярьж мөн Т Саас байнга мөнгө нэхэж, асуудаг байсан гэсэн. Хоорондын харилцаа бол таарамжгүй байсан, 2022 оны 06 дугаар сард зун хийсвэрээр төрчихсөн байхад Т миний гэдэс рүү өшиглөчихсөн чинь гэдэснээс шүүс гоожоод тэнийлгэж болохгүй байна гэж хэлж байсан. ... Тэгээд С “ээжээсээ хэдэн төгрөг олоод өг, би хурдан өсгөөд өгчихнө” гэж хэлж байсан талаар хэлдэг тэгээд С дургүйцэхээр Т уурлаад хэрүүл зодоон болдог талаар хэлж байсан. Тэгээд би “наад хүнээсээ сал чи мундаг сэтгэлийн тэнхээтэй” гэж хэлэхээр “би өөрөө аавгүй өссөн болохоор хүүхдээ бас аавгүй өсгөмөөргүй байна, би өөрөө мөнгө сайн олдог болчихвол Тийг уургүй болгочихно” гэж хэлж байсан. 2022 оны наадмаар Дархан-Уул аймагт байдаг ах, эгч хоёр нь зурагтынх нь гэрт ирчихсэн байсан чинь Т, С хоёр хүүхэд Атайгаа зөрөөд Дархан-Уул аймаг руу ах, эгчийнх руу нь зөрөөд явахдаа бүх зардлыг С өөрөө гаргахдаа надаас нийт 300,000 төгрөг зээлсэн тэнд очоод Т, С хоёр хоёр лааз хувааж уусан гэсэн тэгээд Т буцах зардлаар нь онлайн мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан чинь С уурласан чинь алгадаж унагаасан чинь хана мөргөж унаад миний толгой эргээд байна уур хүрээд Тийг хөөгөөд гаргачихлаа гэж над руу ярьж байсан. Тэгээд би тухайн үед нөхөртөө хэлсэн чинь манай нөхөр бас сайн мэддэг учир нь би бүх зүйлээ хэлдэг тэгээд би нөхрөөс мөнгө асуухад надад мөнгө өгөөд би Сд 30,000 төгрөг өгсөн тэгээд ирээгүй том чемодантай хүүхэдтэйгээ очих боломжгүй байна. Т нь шөнө хаалгыг нь хүчтэй балбаад хүүхэд унтуулахгүй байсан болохоор маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хавьцаа ирсэн. Тэгээд ер нь Т байнгын архи согтууруулах ундаа ууж С айлгаж дарамталж мөнгө нэхэж зүгээр байлгадаггүй. Бас Т өөр хүнтэй яах гэж онлайн мөр хуурдаг бүх бурууг С руу чихэж би А та хоёрыг тэжээх гэж онлайн мөрийтэй тоглоом тоглодог гэж өөрийгөө зөвтгөдөг талаар надад байнга хэлдэг байсан. С над руу уйлаад ярьдаг байсан чинь ярихаа больчихсон байсан. Тэгээд би яагаад надтай холбоо барихгүй байгаа юм бэ, би чамд санаа зовоод байна гэхээр би чамаас байнга мөнгө төгрөг гуйгаад чамаас санаа зовоод байна гэж хэлж байсан. Тэгээд би найзууд юм чинь гэж хэлж байсан. ...2020 онд Т гэх залуутай уулзаад л амьдрал нь сүйрсэн. Өмнө нь зүгээр сэргэлэн инээж хөхрөөд явдаг байсан. ...сүүлийн үед сэтгэл санаа нь маш тогтворгүй болсон. ...2-3 удаа Цагдаагийн байгууллагад хэлж байсан гэсэн тэгээд Т зугтчихдаг талаар хэлж байсан. Тэгээд чи наадахаа цагдаад өгөө гэхээр айгаад байна намайг дараа нь ирээд цагдаад өгсөн гээд дахиад зодвол яах юм гэж хэлж байсан. Төрснийхөө дараа амиа хорлох талаар нэг удаа хэлж байсан. Дараа нь над руу фейсбүүкээр амиа хорлож чадахгүй байна хүүхдийнхээ төлөө амьдармаар байна ээж болох гоё юм аа гэж хэлж байсан. Тийн дарамт, зоддог, мөнгө нэхдэг бүх зүйл Т гэх энэ хүнээс болсон. Өмнө нь зүв зүгээр байдаг байсан хүүхэд. Тийн тавьсан бүх өрийг С төлдөг болохоор маш их дарамт ирдэг байсан энэ болгонд Т сэтгэл зүйн байдалд нь маш их дарамт учруулж өөртэйгөө хараат болгосон. Т бол байнга уудаг согтуу үедээ зоддог эрүүл үедээ ч зоддог аймар хүн. ...” /1хх 225-228/,
гэрч Ц.Бийн “... Хааяа шөнөөр дуу нь өндөрсөөд орилж чарлаад байдаг байлтай байсан. Би тоглож байна гэж бодоод тоодоггүй байсан... Нөхөр нь хашхираад байх шиг байсан. Эмэгтэй нь чимээгүй л хажууд нь зогсож байсан. Нөхөр нь загнаад байгаа аятай байсан. ...” /1хх 231-232/,
гэрч А.Бын “... С нөхрийнхөө талаар хэлэхдээ өөрөөс нь ах өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан талаар хэлдэг байсан, сүүлийн үед байнга муудалцаад байгаа намайг ерөөсөө тоохгүй байгаа байнгын хэрүүл маргаантай байгаа, хөөхөөр явахгүй байна, салмаар байна, зодоод байдаг талаар хэлдэг байсан. Мөн нөхрийгөө мөрийтэй тоглоом их тоглоод байна, ажил хийхгүй байна гэж ярьдаг байсан. 2022 оны 7 дугаар сард утсаар ярихдаа намайг манай нөхөр зодсон талаар хэлж байсан. Нөхрөө харахаар дургүй хүрээд үзэн ядаад байна гэж хэлдэг байсан. Сүүлийн үед их өр ширтэй болоод байгаа манай нөхөр ажил хийхгүй мөрийтэй тоглоод өр нэмээд хэцүү байна гэж хэлж байсан. ...” /1хх 235-236/,
гэрч Р.Б-ийн “... 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хавьцаа ирээд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манайхаас явахаар болсон. Тэгээд ер нь бол байнга хэрүүл маргаан хийдэг, заримдаа нөхөр нь зодоод байгаа юм шиг пид пад гээд дуу гаргаад байдаг байсан. ...” /1хх 239-240/,
гэрч Д.У-ын “... Архи нэлээн уудаг утсаараа онлайн мөрийтэй тоглоом тоглодог, их зоддог болсон. 2020 оны 08 дугаар сараас хойш надад 3-4 удаа эрүүлдээ намайг зоддог байсан тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байсан. ...” /1хх 249-250/,
гэрч Ч.Т-ийн “... Миний хувьд амь хохирогч О.С танина, манай нөгөө админ Дгийн ангийнх нь найз гэсэн. Тэгээд Дгаар дамжин манай ажилд орж ирсэн мөн манай админ гэсэн үг. Амь хохирогч бид 2 танилын харьцаа холбоотой ба энэ явдлаас өмнө нь хувийн шугамаар өглөг авлага, хайр сэтгэл, бэлгийн харьцаа холбоо байхгүй, харин ажлын шугамаар бол амь хохирогч О.С нь 1 удаа 2 сая төгрөгийг хүнд андуурч хийсэн, дараа нь 24,8 сая төгрөгийг өөрийн танил найзын нөхөр нь гэх ......... гэсэн дугаартай … гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй хүний дансанд энэ оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэн авсан байсан. Tugs Tugsuu нь тэр мөнгөөр ...-д тоглоод алдсан байсан, яг ямар тоглоом тоглосон болох талаар надад мэдэх зүйл алга, энэ боломжгүй. Амь хохирогч өөрөө бол тоглоогүй харин тэр хаягтай хүн л тоглосон байсан. Тулгын Т гэх хүнийг бол би танихгүй харж уулзаж байгаагүй. …” /2хх 3-6/,
шинжээч Э.Э-ы “… харин бусад буюу баруун бугалга, зүүн дал, хоёр гуя, баруун шилбэ, баруун тавхайнд цус хурат гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох хүчин зүйлийн улмаас үүснэ. Хоёр гуяны гэмтэл нь хуучин гэмтэл, бусад гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу тухайн өдөр үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. …” /2хх 60/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 63-76/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 77-79/,
мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 80-90/,
гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 91-99, 110-121, 122-163/,
амь хохирогчийн ашигладаг байсан фэйсбүүк хаягаас оруулсан постны гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 164-168/,
Т.Тийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 169-172/,
Зурвасуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 179-180, 183-186/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2753, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14552, Криминалистикийн шинжилгээний газрын Галт зэвсгийн шинжилгээний лабораторын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3069, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3067 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,
Т.Тийн зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан талаарх цагдаагийн АСАП сангийн лавлагаа /2хх 203-207/,
Зөрчлийн ......... дугаартай хэргийн хуулбар /2хх 230-243/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.Төд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Т.Тийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.С байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.С байнга зодож, удаа дараа эдийн засгийн дарамтад буюу санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд оруулсны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2, 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Т.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чА, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн гэж үзэв.
Шүүгдэгч Т.Т болон түүний өмгөөлөгч Б.Батжаргал, В.Оюун-Эрдэнэ нарын гаргасан “... хохирогчийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зодсон гэх зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд байнга зодсон гэх шинжийг хангахгүй байна, ... хөнгөн гэмтлийг Т.Т учруулаагүй бөгөөд энэ талаар нотлогдоогүй, мөн Т.Тийг О.С амиа хорлоход хүргэсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, хэрэгт хангалттай баримт авагдаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг доорх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч Б.Б-гийн 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсаар Т.Тийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байх бөгөөд уг зөрчлийн хэрэгт авагдсан амь хохирогч О.Сийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор өгсөн “... нөхөр Т нь 23 цагийн орчимд надтай тамхинаас болж хоорондоо маргалдаад намайг үсдээд, боогоод, миний гэдэс рүү гараараа цохисон. Би тэгээд дүүгээ дуудсан чинь манай дүүг ирэхээс өмнө манай нөхөр гараад явсан. Би сая төрөхдөө хийсвэрээр төрсөн болохоор цохисноос болж миний гэдэс өвдөж байна, гар одоо хөхөрсөн байна. ...” /2хх 237-238/, Т.Тийн зөрчилд холбогдогчоор өгсөн “... 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны 10-110 тоот гэртээ байж байхад манай хамтран амьдрагч С тамхи татаад гэртээ ороод ирсэн. Тэгээд би “чи дөнгөж төрсөн хөхүүл байж яагаад тамхи татаж байгаа юм бэ” гэж хэлсэн юм. Тэрнээс болоод маргалдсан. Тэгээд би татаж байгаа тамхиа гаргаад ир гэхэд өгөхгүй байхаар нь би татдаг тамхийг нь гэртээ хайсан чинь хүний юманд зөвшөөрөлгүй хүрлээ гээд, тэгээд намайг элдвээр хэлээд байхаар нь би уурандаа нэг удаа гараараа нүүрэн тус газар нь алгадсан. ...” /2хх 239-240/ гэх мэдүүлгүүд болон энэ хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч О.Нгийн “... энэ оны 06 дугаар сарын 06-ны өдөр би гэрийнхээ ойролцоо байдаг найзындаа байж байхад эгч маань над руу утсаар залгаад уйлаад гэртээ хүрээд ир гэж хэлсэн, би ганцаараа гэртээ найз залуу Хын хамтаар ирэхэд амь хохирогч гэрийн гадаа хашаан дотроо уйлчихсан сууж байсан, ... Т.Тийг түлхтэл Т.Т уурлаад гараараа толгойг нь базаж үсдээд ор руу шидэж унагасан, унасны дараа гэдэс рүү өшиглөсөн гэж хэлсэн ба тэгээд би өөрийнхөө ... дугаараас цагдаагийн 102 тусгай дугаарт дуудлага өгч байсан юм. Тухайн үед амь хохирогчийн 2 гарын шуу, тохой, мөр, бугалга хэсэг олон газар том том хэмжээтэй хөхөрсөн, цээжний нүдэнд ил харагдах хэсгүүд нь ч том том хөхөрсөн, нүүрэнд энд тэнд бага сага хөхөрсөн байдалтай байсан. ... Энэ өдрөөс хойш энэ оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 20:55 цагийн орчим эгч мөн л над руу залгаад “чи Бэлхэд хүрээд ир Т.Т намайг зодоод байна ирээд аваадхаач” гэхээр нь би мөн л найз Наагийн хамтаар хэрэг болсон гэх газарт иртэл Т.Т түрээсийн байшингийн дотор унтлагын өрөө, зочны өрөө 2-ын дунд хувцастайгаа цүнхээ үүрээд зогссон, хүүхэд орон дээр уйлсан байдалтай, амь хохирогч шалан дээр уйлчихсан сууж байсан, тэгээд намайг ороход Т.Т шууд зөрөөд гарсан бөгөөд амь хохирогчтой уулзахад уйлж байсан. ...” /1хх 205-211/, гэрч С.Хын “... энэ оны 06 дугаар сарын 06-ны өдөр бороотой өдөр байсан тэр үед оройн 23 цагийн орчим Н бид хоёр манай гэрт байж байтал Нгийн утас дуугарч эгч уйлаад дуудсан, биднийг гэрт нь очиход амь хохирогч гэрийнхээ гадаа хашаан дотроо уйлаад сууж байсан бөгөөд гэрт оруулаад гэрэлд харахад баруун энгэр хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан. ...” /1хх 217-218/, гэрч О.Ны “... Би С эгчтэй 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нтой цуг уулзсан. Учир нь, тэр өдөр Н над руу залгаад манай эгч өдрөөс хойш уйлаад яриад байна, нөхөр нь зодсон юм шиг байна, очиж авъя гэж хэлсэн. ...” /1хх 220-222/ нарын мэдүүлгүүд авагджээ.
Өөрөөр хэлбэл, Т.Тийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 2022 оны 09 дүгээр сарын сүүл үеэр амь хохирогч О.С зодсон үйлдлүүд нь дээр дурдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
2. Шинжээч эмч Э.Эрхэмбаярын “.. галт зэвсгээр үүсгэгдсэн гэмтэл нь өөрөө өөртөө учруулах боломжтой гэмтэл байна. Харин бусад буюу баруун бугалга, зүүн тал, 2 гуя, баруун шилбэ тавхайнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох хүчин зүйлийн улмаас үүснэ. Хоёр гуяны гэмтэл нь хуучин гэмтэл, бусад гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу тухайн өдөр үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.” /2хх 60/ гэсэн, гэрч Р.Баярхүүгийн “... байнга хэрүүл маргаан хийдэг, заримдаа нөхөр нь зодоод байгаа юм шиг пид пад гээд дуу гараад байдаг байсан. ...”, Ц.Бийн “... хааяа шөнөөр дуу нь өндөрсөөд орилж, чарлаад байдаг байлтай байсан. ... нөхөр нь хашхираад байх шиг байсан. Эмэгтэй нь чимээгүй л хажууд нь зогсож байсан. Нөхөр нь загнаад байгаа аятай байсан. ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2753 дугаартай “... баруун бугалга, зүүн дал, хоёр гуя, баруун шилбэ, баруун тавхайнд үүссэн цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.”, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14552 дугаартай “... Т.Тийн биед хоёр бугалга, шуу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. ...” /2хх 116-117/ дүгнэлтүүдээс үзэхэд, Т.Тийг амь хохирогч О.Сийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга” гэсэн шинж нь гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл байх бөгөөд эдгээр зодсон үйлдлүүдийн хооронд 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй бол уг гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байх бөгөөд Т.Тийн амь хохирогчийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын сүүл үеэр, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд зодсон талаар хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хангалттай тогтоогдож байхаас гадна эдгээр үйлдлүүдийн хоорондын хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй байх тул энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгө, хүндэвтэр, эсхүл хүнд хохирол учруулсныг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэмтлийн зэргээс хамааран Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлээс гадна Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байх тул Т.Тийн 3 удаагийн үйлдлээр зодож, сүүлийн зодсон үйлдлийн улмаас амь хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг давхар зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
3. Шүүгдэгч Т.Тийн анхан шатны шүүх хуралдааны явцад өгсөн “... “ТТ” гэсэн тэмдэглэгээг Т гэсэн байх ...” гэсэн, гэрч Ч.Тэмүүлэнгийн “... амь хохирогч О.С нь 1 удаа 2 сая төгрөгийг хүнд андуурч хийсэн, дараа нь 24,8 сая төгрөгийг өөрийн танил найзын нөхөр нь гэх 98300345 гэсэн дугаартай Tugs Tugsuu гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй хүний дансанд энэ оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэн авсан байсан. Tugs Tugsuu нь тэр мөнгөөр ...-д тоглоод алдсан байсан, яг ямар тоглоом тоглосон болох талаар надад мэдэх зүйл алга, энэ боломжгүй. Амь хохирогч өөрөө бол тоглоогүй харин тэр хаягтай хүн л тоглосон байсан. ...” гэсэн, гэрч А.Бын “.. мөн нөхрийгөө мөрийтэй тоглоом их тоглоод байна, ажил хийхгүй байна гэж ярьдаг байсан. ...” гэсэн, гэрч М.Дгийн “... Т.Т нь онлайнаар мөрийтэй тоглоом тоглодог маш их өртэй талаар С надад хэлж байсан. Тэгээд С руу энд тэндээс Ттэй холбоотой өр зээл авах талаар байнга ярьж мөн Т Саас байнга мөнгө нэхдэг асуудаг байсан гэсэн. ...” гэсэн мэдүүлгүүд, мөн амь хохирогч О.Сийн өөрийн цахим хуудсандаа байршуулсан “... ТТ-с царай алдаж, ажил хийхийг гуйж өгсөн мөнгө нь яасан ийсэн талаар өдөр болгон хэлэх надад үнэндээ ядаргаатай байсан. ... их мөнгөтэй харьцах чухал ажил, даанч би ТТ найдаад өглөө ээлжээ ТТ-р авахуулсан, ингэж хөгийн амьдрал улам хөгийн болсон, намайг байтугай хүүхдээ ганцхан секунт бодоогүй хийсэн үйлдэл ажлын мөнгөөр зүгээр л тоглочихсон одоо ажил ч гүй, юу ч гүй бүхэл бүтэн 30 саяар тоглож арай гэж 14 саяыг буцааж татаж авч чадсан. Би халагдаж амлалтын бичиг бичээд цагдаа дээр уулзах болсон доо энэ анхны удаа ч биш, ...” гэсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн “... үзлэгээр хэрэгт холбогдуулан шалгаж байгаа 1Хbet гэх гар утасны цахим мөрий тавьдаг аппликэйшн рүү ороход зүүн дээд буланд Tuvshintugs Tulga гэх нэрр байх ба уг нэрэн дээр дарахад Account number id;454639257 Username; Tugs09 ... гэсэн мэдээлэл байв. ... мөнгөн дүнтэй гүйлгээний жагсаал байх ба ...” тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд, Т.Т нь мөрийтэй тоглон улмаар алдагдалд орж, амь хохирогч О.С өрөнд оруулж, удаа дараа санхүүгийн хүнд нөхцөл байдалд оруулж байсан нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдол мөн үгүйсгэгдэж байна.
4. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан боловч мөрдөгч, прокурор нь хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс амь хохирогчийн хүүхдийн эрх ашиг хэрхсэн нь тодорхойгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж тус тус зааснаар амь хохирогчийн хүүхдийн асрамжийн асуудлыг зохих байгууллага албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэхийг прокурорт даалгахаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр нэмэлт заалт оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Тийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 105 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/924 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар амь хохирогч О.Сийн хүүхдийн асрамжийн асуудлыг харьяа дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэхийг прокурор Б.Мөнгөнцэцэг болон хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Б.О нарт даалгасугай” гэж нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т болон түүний өмгөөлөгч Б.Батжаргал, В.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тийн 2024 оны 10 дугаар сарын 17-ноос 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 105 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.БЗОРИГ