Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2026/0811

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М, НҮТББ,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Гуравдагч этгээд: Э ХХК,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц /цахим/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цгийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М*******л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. ...Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 тоот шийдвэр, 2019 оны 05 дугаар сарын 17-ны 255 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

Хоёр.Маргааны үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч М, НҮТББ-ын үүсгэн байгуулагчдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталсан дүрмийн 2 дугаар зүйлээр байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг ...байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аливаа үйл ажиллагааг таслах зогсоох, шүүхэд хандах гэж тодорхойлсон байна.

2.2. Нэхэмжлэгчээс үйл ажиллагааныхаа хүрээнд Д******* аймгийн А сумын нутагт орших Х гэх нэртэй газарт ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг Э ХХК-д олгосон үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.

2.3. Д******* аймгийн А сумын Х гэх нэртэй газарт 2965 гектар талбайг анх А ХХК-д 3 жилийн хугацаатайгаар олгож, улмаар тус тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 586 дугаар шийдвэрээр Т ХХК-д шилжүүлсэн.

2.4. Уул уурхайн яам, Ашигт малтмалыг газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ХХ-19-08 дугаар дүгнэлтээр ...Орд газрыг ашиглахын өмнө ашиглахтай холбогдсон байгаль орчны үнэлгээнүүд болон ус ашиглуулах дүгнэлтийг холбогдох газруудаар гаргуулах, ашиглалтын ТЭЗҮ-ийг үндэслэлтэй боловсруулах, орд газрыг ашиглах үед ашиглалтын хайгуулыг зохих ёсоор хийх..., нөөцийн тооцоонд хийсэн шинжээчийн дүгнэлт, Зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн төслийн дагуу шийдвэр гаргуулахыг Ашигт малтмалын газрын даргад уламжлах-аар шийдвэрлэж,

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас /хуучин нэрээр/ 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Х хайлуур жоншны ордыг ашиглах төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт хийж, байгальд орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай талаарх мэдэгдлийг тус өдөр хүргүүлж,

Д******* аймгийн А сумын Засаг даргаас 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ...Т ХХК нь уг талбайд 2012 онд хайлуур жоншны ордын хайгуулын ажлыг хийж 4 цооног 9 канав татаж байгаль орчинд нөлөөлөх зүйлгүй нөхөн сэргээлтийг хийсэн болно. Иймд манай талаас ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авахад татгалзах зүйлгүй гэх мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна.

2.6. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаартай шийдвэрээр Д******* аймгийн А сумын Х гэх нэртэй газарт 146.73 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Т ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр MV- дугаартай Ашигт малтмал ашиглалтыг тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байна.

2.7. Улмаар Т ХХК нь хуулийн этгээдийн нэрээ Э ХХК болгож өөрчилсөн байх бөгөөд дээрх тусгай зөвшөөрөл, XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлд нэр өөрчлөгдсөн бүртгэлд хийлгүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүсэлт гаргасан байх бөгөөд дээрх хүсэлтийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Д******* аймгийн А сумын Х гэх нэртэй газарт 146.73 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах зөвшөөрлийн нэрийг Э ХХК болгон өөрчилж, 2042 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар олгохоор шийдвэрлэсэн.

2.8. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ХХ- дугаар дүгнэлтээр Д******* аймгийн А сумын нутагт орших Х нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дахь Баруун болон зүүн хадны хайлуур жоншны ордын хүдрийн биетүүдэд 2013-2018 онуудад Э ХХК-ийн гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн байх бөгөөд тус дүгнэлтээр ...шинжээчийн дүгнэлт, зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэж Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4, Газрын хэвлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.3 дахь хэсгүүд болон энэ дүгнэлт, холбогдох заалтуудыг үндэслэн холбогдох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад уламжлахаар шийдвэрлэсэн.

2.9. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хайлуур жоншны орд ашиглах төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт хийж, байгальд орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай талаарх мэдэгдлийг тус өдөр хүргүүлсэн байна.

2.10. Э ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт Д******* аймгийн А сумын Х гэх нэртэй газарт 786,34 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байх бөгөөд тус өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 255 дугаар шийдвэрээр Д******* аймгийн А сумын нутаг Х гэх нэртэй газарт 786,34 гектар талбай бүхий газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр MV- дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн.

2.11. Тус шүүх нь М, НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШЗ2026/0668 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... М НҮТББ нь 2009 оны 06 дугаар сарын 04-нд байгуулагдсан ашгийн бус, нийгэмд үйлчилдэг байгууллага бөгөөд ...Үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах..." гэсэн зорилгын хүрээнд ажилладаг юм. Манай байгууллага байгуулагдсан үеэс эхлэн байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг олон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн ажилласаар ирсэн. Мөн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ажиллаж байгаа орон нутгийн иргэдтэй хамтран ажилласаар байна.

2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн төслийг боловсруулахаас эхлэн УИХ-аар батлагдах хүртэлх хугацаанд идэвхтэй ажилласан бөгөөд өнөөдрийг хүртэл уг хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор олон ажлуудыг хийж байна.

Үүний нэг ажил нь орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байх хугацаанд 2025 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Д******* аймгийн А сумын иргэн С.О Манай байгууллагад хандан өөрийн амьдарч байгаа нутагт уул уурхайн үйл ажиллагаанаас учирч байгаа хохирлыг арилгахад хамтран ажиллах хүсэлтийг ирүүлсэн юм.

Байгууллагын дүрэмд тусгагдсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд хууль зөрчин олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг иргэдийн оролцоотойгоор хүчингүй болгуулах, говь нутгийн усны сан бүхий газруудад хууль зөрчин ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх зорилготой ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд төрийн байгууллагуудын зүгээс гаргаж байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны актуудыг хүчингүй болгуулах, дахиж тийм захиргааны акт гаргуулахгүй байх зорилготой стратегийн өмгөөлөл хийж байгаа билээ.

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 тоот шийдвэр, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 255 тоот шийдвэрүүд гарснаар тухайн нутагт амьдарч байгаа иргэдийн Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцоор хамгаалагдсан эрх, эрх чөлөө болон хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, захиргааны зүгээс шийдвэр гаргах ажиллагаанд оролцох оролцоо огт байхгүйд хүрч байна.

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 тоот шийдвэр, 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 255 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулснаар төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавраас сэргийлж, тухайн бүс нутгийн байгаль орчны тэнцэл алдагдахгүй, орчны бохирдол үүсэхгүй, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь баталгаатай хангагдах юм.

Ийм учраас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 тоот шийдвэр, 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 255 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.От хүргүүлсэн.

2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч П.Бын 1/5752 тоот хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Э ХХК нь 2007 оноос эхлэн Д******* аймгийн А сумын 2 дугаар багийн нутагт ашиглалтын MV-, MV- тоот тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гэх үндэслэлээр жонш олборлон ажиллаж байгаа тухай тус сумын иргэд манай байгууллагад хандсан хүсэлтэд дурдсан юм.

Уг тусгай зөвшөөрөл бүхий талбай А сумын төвөөс 4 км зайтай байдаг бөгөөд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн баяжуулах үйлдвэр байгуулан ажиллаж байгаа юм байна. Уг компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд Д******* аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж олон тооны зөрчил илрүүлэн хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажиллаж байгаа юм.

Энэхүү албан шаардлагад уг компани байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөгүйгээр ажиллаж байгаа зөрчил гаргасныг дурдсан байна. Үүнээс харахад Э ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 тоот шийдвэрээр, MV- тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 255 тоот шийдвэрээр олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-д заасан ...хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх..." гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байх үндэслэлтэй байна.

Мөн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан ...Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ... гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлэлгүй уг тусгай зөвшөөрлүүдийг олгосон нь Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргааны 2025 оны 09 дүгээр 12-ны өдрийн 204 тоот хариу бичигт Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан зохицуулалтын хүрээнд тус сав газрын санал дүгнэлтийг аваагүй тухай дурдсанаас харагдаж байна.

Э ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын MV-, MV- тоот тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай,

Мөн MV- тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 255 тоот шийдвэрээр олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасан "...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ..."-г тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсаргаж өгөөгүй байхад хууль зөрчин олгосон нь харагдаж байна.

Мөн 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно..., 4.5-д ... Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй... гэж заасан.

Э ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын MV-, MV- тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд тодорхой тооны булаг байгаа тухай иргэд мэдээлж байгаа юм. Дээрхээс харвал Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Э ХХК-д эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын MV-, MV- тоот тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн нь тодорхой харагдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ... Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй... гэж хуульчилсан. Гэтэл иргэдийн энэ эрх өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байна.

Хэрэв уурхайн үйл ажиллагаа цаашид өргөжин ажиллах тохиолдолд тухай уурхайн ойр орчмын байгаль орчны тэнцэл ихээхэн алдагдаж, уурхайн ойр орчимд амьдарч байгаа иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх илүү ихээр зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байна.

Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална 4.2.1-д ... 24.2-т ...Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол "...хуульд үндэслэх...", бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг 24 дүгээр зүйлийн захиргааны байгууллага хүлээнэ... гэж заасан байдаг.

Ийм учраас маргаан бүхий тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 тоот шийдвэр, 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 255 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож өгөхийг хүсье.

Тус шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41.1.13-т заасан "...захиргааны хэргийн шүүхэд хандаж нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэл..."-д хамаарч байгаа гэж үзэж тэмдэгтийн хураамж төлөөгүй болно гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ....М НҮТББ-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 тоот шийдвэр, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 255 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулах... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2583 дугаартай шийдвэрээр Д******* аймгийн А сумын нутагт орших Х нэртэй 2963,26 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг А ХХК-д 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр анх олгосон бөгөөд 2010 онд Э ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 30 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь заалтыг үндэслэн Д******* аймгийн А сумын нутаг орших Х нэртэй 146,73 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг Т ХХК-д 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2042 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл олгосон байна. Т XXК нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр оноосон нэрээ Э ХХК болгон өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 255 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь заалтыг үндэслэн Д******* аймгийн А сумын нутаг дахь Х нэртэй 786,34 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг Э ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2049 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл олгосон байна.

Т ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр оноосон нэрээ Э" ХXК болгон өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна

Э ХXК нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус тус төрийн захиргааны байгууллагад гаргасан байна.

Төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтад хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа гэж заасны дагуу зураг зүйн шүүлт хийхэд хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй байсан, Мөн ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д "хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт гэж заасны дагуу сумдын засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчдаас дээрх компаниуд нь хайгуулын үйл ажиллагаа явуулж байхдаа Байгаль орчны тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг чанд мөрдөн ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар.

5.1. Гуравдагч этгээд Э ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Д******* аймгийн А сумын Х нэртэй газарт Ашигт малтмалын МV- МV- дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Тус хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2013-2017 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр Д******* аймгийн А сумын нутагт орших Х нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд дахь Баруун ба зүүн хадны хайлуур жоншны ордын хүдрийн 1, 1', 6-р биетүүдэд 2013-2018 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан-г боловсруулсан. үр дүнгийн тайлангаар тус талбайд хайлуур жоншны хүдрийн нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж ХХ- тоот дүгнэлт гарсан байдаг.

Бид тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2015 онд Т ХХК-иас Хувьцаа эзэмшигч н.Э******* гэх иргэнээс шилжүүлэн авч гадаадын хөрөнгө оруулалтай компани болсон. Тухайн үед манайхыг шилжүүлэн авахад дээрх хоёр талбайд ашигт малтмал сорчлон ухаж зөөвөрлөн хилээр гаргасан байдаг үүнээс үлдсэн их хэмжээний нүх ангал нөхөн сэргээлгүй орхисон байсныг нутгийн ард түмэн засаг захиргаа хүртэл бүгд мэдэж байсан. Харин бид эрх шилжүүлж аваад тухайн газрыг хашаажуулж хүн мал амьтан унахаас сэргийлсэн 2015 оноос өнөөдрийг хүртэл тухайн ашигт малтмалын талбайд олборлолт хийж 1кг жонш олборлоогүй дээр нэмж нэг ч нүх ухаагүй.

Тухайн үед дээрх талбайд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэж мөн ТЭЗҮ бүрэн хийгдсэн байсан. Харин 2019 оноос хүртэл дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч манай компани 5 жил юу ч хийгээгүй бүрэн зогссон 2019 онд тус ашиглалтын талбайд флотацийн аргаар баяжуулах ТЭЗҮ-г хэлэлцэн батлуулсан. 2020 оны 3 сараас ордыг түшиглэн Хайлуур жоншны флотацийн баяжуулах үйлдвэр барьж Монгол улсад томоохон бүтээн байгуулалт байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч 2019-оноос дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар дэгдэж хорио цээр гарч оруулах байсан хөрөнгө оруулалт саатаж өнөөг хүртэл 2024 он хүртэл 5 жил үйл ажиллагаа огт явуулаагүй бүрэн зогссон болно.

2024 оноос Сум орон нутгийн хэсэг бүлэг хүмүүсийн болон төрийн албан хаагийн дарамт шахалт худал мэдээллээс болж Фолатацын үйлдвэрээ барихаа больж байгаль орчинд ээлтэй зөвхөн усаар угааж баяжуулах Монгол улсад шинээр нэвтэрч байгаа бага оврын үйлдвэр барихаар ТЭЗҮ-д нэмэлт тодотгол хийж өөрчлөн тодотгож байгаль орчинд ээлтэй сүүлийн үеийн дэлхий нийтээр ашиглах болсон ямар ч химийн бодисгүй зөвхөн усаар угаан Баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулах, ТЭЗҮ-ийг шинэчлэн 2025 оны 02 сард хурлаар оруулан батлуулсан. Бидний эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн талбайд нэг ч булаг шанд байхгүйн дээр анх 2007 онд А******* ХХК-д 2965 гектар талбайг олгосон байдаг Харин бид 2018 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт талбайгаас сумын иргэдийн саналаар 2178,66 гектар бүхий мал усны удал айлын зуслан малын бэлчээр бүхий талбайг хасуулан тусгай зөвшөөрлийн талбайгаа 786,73 гектар га болгон багасгаж хасалт хийлгүүлсэн. Бид Т ХХК-иaс 2015 оны 10 сард эрх шилжүүлэн авч Э ХХК болгож нэрээ сольсон 2015 оноос өдий хүртэл нэг ч ашиглалт олборлолт явуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ нь Ашигт малтмалын газрын жил бүрийн олборлолт уулын ажлын тайлангаас харж болно. Харин бид одоо зүүн хад нэртэй компанийн өмнөх удирдлагууд сорчлоод ашиглаад ухаад хаясан асар том талбай шороо овоолго чулууг бүрэн нөхөн сэргээх дахин тэнд ашигт малтмал ашиглахгүй гэж сум орон нутгийн удирдлагад уламжилж 2026 онд бүрэн нөхөн сэргээхээр тохиролцон нөхөн сэргээхээр болсон.

Бид өнөөдрийг хүртэл ашиглалтын талбайд олборлолт хийгээгүй зөвхөн ажилчдын кемп угаан баяжуулах үйлдвэрийн сендвичин барилга тоног төхөөрөм угсрах ажлыг хийсэн Тухайн сумын зарим нэг төрийн албан хаагчид илт худал мэдээ мэдээлэл тарааж газар доогуур алт ухаж зарж байна гэх худал мэдээллийг санаатай болон санаандгүй тараасантай холбоотойгоор хэсэг бүлэг сэтгүүлчид хөдөлгөөнийхөн 2024 оны 3 сарын орчимд ирж өөрийн биеэр харсан.

Мөн Д******* аймгийн засаг даргын орлогчоор ажиллуулсан ажлын хэсэг А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ирж газар дээр нь танилцаж шалгаж албан даалгавар өгч үзээд хараад явсан түүний хэрэгжилтийг бид бичгээр сум аймаг руу явуулсан болно. Цаашид энэ уурхайг хариуцлагатай явуулах сум орон нутагтай харилцан ашигтай явуулахад зарим нэг төрийн албан хаагч өдөөн турхирч худлаа мэдээ мэдээлэл гаргаж байгааг бид сорог нэхэмжлэл гаргаж алдсан боломж гарсан зардлаа нөхөн төлүүлэх болно.

Манай тусгай зөвшөөрөл нь өмнө ч одоо ч гол ус мөрөн ойн сан бүхий урт нэртэй хуулийн давхцал байхгүй болно.

Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу ашиглаж сум орон нутагтай аль болох ойлголцох талаар хичээнгүйлэн ажиллаж байгаа болно өөрийн хариуцсан хашаалсан талбайд тоног төхөөрөмжөө буулгаж сум орон нутгийн удирдлагын шаардсанаар хуучирч муудсан монгол гэрийг буулгаж кемп болон агуулахын сендвичин барилга барьж өнгө үзэмжээ зассан. Мөн тоног төхөөрөмж угсрах талбайд ажлын талбай болон суурийн нүх ухаж бэлдсэн тэрнээс бид ашигт малтмал ухаагүй ашиглаагүй гэдгийг мэдэгдье.

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих, хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах, Мөн Д******* аймгийн удирдлагууд хариуцалтай уул уурхайг дэмжин ажиллана гэж нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж хуулийн хүрээнд ажиллах нөхцөл байдлыг дэмжих бодлогын дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэхээр дөнгөж хөрөнгө оруулалт судалгаа болон холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллаж байна.

Бид хуулийн дагуу сум орон нутгийн удирдлага болон ард иргэдтэй нягт хамтран ажиллаж хариуцлагатай байгаль орчинд ээлтэй уул уурхайг ашиглана гэдгийг үүгээр мэдэгдэж байна Бас худал мэдээ мэдээлэл тарааж иргэд болон төрийн бус байгууллагыг ноцтой төөрөгдүүлсэн ашиг сонирхлын зөрчилтэй төрийн албан хаагчийг хуулийн хүрээнд Авлигатай тэмцэх газар болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагад өгч шалгуулж гарсан зардал хохирсон хохирлоо буруутай этгээдээс бүрэн гаргуулах болно.

Иймд худал хуйвалдааны мэдээлэлд автаж бидний хөрөнгө оруулалтын ажлыг гацаахгүйг хуулийн хүрээнд үнэн зөвийг ялгаж тунгааж шийдвэрлэнэ гэдгийг хичээнгүйлэн гуйя гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дүгээр шийдвэр, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 255 дугаар шийдвэрийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар:

1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг, 18 дугаар зүйлийн 18.3-д Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна, 18.3.1-т нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, 18.3.2-т дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэж тус тус заажээ.

1.2. Нэхэмжлэгч М НҮТББ нь 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба дүрмийн 2-т байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг ...Байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, шүүхэд хандах... гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтад Монголын татварын албанд 2023-2025 онуудад Х тайлан ирүүлсэн гэх баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022-2024 онуудад үйл ажиллагааны тайлан ирүүлсэн гэх баримтыг хавсарган ирүүлсэн байгаагаас үзэхэд хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

1.3. Түүнчлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д ...нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж зааснаас Хангалтай сонирхол гэдгийг нэхэмжлэл гаргаж буй асуудал нь энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх төрийн бус байгууллагын хувьд дүрмийн зорилгод нийцсэн, тухайн зорилгын хүрээнд 3-аас дээш жил үйл ажиллагаа тасралтгүй явуулсан гэдгээ илэрхийлсэн байх хүрээнд ойлгох-оор тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч М НҮТББ дээрх хуулийн шаардлагыг хангасан байна.

1.4. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй, 93 дугаар зүйлийн 93.1-т ...Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана, 94 дүгээр зүйлийн 94.1-т ...Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ...Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана, 14.1.1-т дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол, 54 дүгээр зүйлийн 54.1.3-т ...Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заажээ.

1.5. Д******* аймгийн А сумын иргэн С.Оаас 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч төрийн бус байгууллагад ...Уг тусгай зөвшөөрөл бүхий талбай нь А сумын төвөөс 4 км-ийн зайтай байдаг. ... Уг компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд Д******* аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг ажиллаж олон тооны зөрчил илрүүлэн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн. Уг албан шаардлагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөгүйгээр ажиллаж байгаа зөрчил илрүүлсэн гэх хүсэлтийг гаргаснаар маргаан бүхий актуудыг мэдэж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн гомдол гаргаж, хариуг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/5752 дугаар албан бичгээр хүлээн авч, эс зөвшөөрч тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам биелүүлээгүй, нэг этгээдийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хоёр. Маргааны бүхий актын талаар:

2.1. Д******* аймгийн А сумын нутагт орших Х нэртэй 2963,26 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг А ХХК-д 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр анх олгосон бөгөөд Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 568 дугаар шийдвэрээр Т ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

2.2. Т ХХК-иас 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хавсралт 10 баримтын хамт гаргаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 30 дугаартай шийдвэрээр Д******* аймгийн А сумын нутаг орших Х нэртэй 146,73 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг Т ХХК-д 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2042 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл олгосон байна

2.3. Т XXК нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр оноосон нэрээ Э ХХК болгон өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

2.4. Мөн Э ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хавсралт 10 баримтын хамт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 255 дугаартай шийдвэрээр Д******* аймгийн А сумын нутаг дахь Х нэртэй 786.34 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг Э ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2049 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл олгосон байна.

2.5. Нэхэмжлэгчээс ...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хавсаргаж өгөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-д ....Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх-ийг тогтоогоогүй, Усны тухай хуулийн 17.2 дахь заалтыг зөрчиж сав газрын захиргаанаас санал аваагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт ирүүлсэн тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 26.2.3 дахь заалтыг хангагдсан гэж үздэг гэж, гуравдагч этгээдээс ...бид Ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй, хүчин төгөлдөр бичиг баримтуудын хугацаа дуусгавар болсон учир усаар баяжуулах үйлдвэр байгуулахаар сум, орон нутагтайгаа ярилцаж, байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөөлөлтэй шинэ технологийг ашиглахаар ажиллаж байна гэж тус тус тайлбарлан маргажээ.

2.6. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т ...Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 25.1.5-т ....хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 25.1.6-т ...хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 25.1.7-т ...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 26 дугаар зүйлийн 26.1.1-т ... өргөдлийг ... бүртгэнэ, 26.1.2-т ... өргөдөлд ... анхан шатны шүүлт хийнэ, 26.2-т ...Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараахь зүйлийг тодруулна, 26.2.3-т ... нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг тодруулна, 26.3.2-т ... хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлнэ гэж тус тус зааснаас үзэхэд Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хариуцагч хүлээн авч бүртгэн, анхан шатны шүүлт хийсний дараа нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг тодруулахаар зохицуулсан байна.

2.7. Нэхэмжлэгчээс гаргасан ...Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэх тайлбарын тухайд:

2.7.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т ... байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад төслийн нөлөөлөлд өртөх бүсийн байгаль орчин, нийгэмд учруулж болзошгүй нөлөөлөл, цар хүрээ, үр дагаврыг төслийн үе шатуудад урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг, 4 дүгээр зүйлийн 4.1-т ....Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт дор дурдсан үнэлгээ хамаарна, 4.1.3-т ...байгаль орчны нөлөөллийн үнэлгээ /цаашид нөлөөллийн үнэлгээ гэх/; 7 дугаар зүйлийн 7.1-т ...Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ: 7.1.1-т байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, 7.1.2-т ....байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, 7.2-т ...Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ, 7.4-т Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана, 7.4.3-т ...байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх, 8 дугаар зүйлийн 8.1-т ...Энэ хуулийн 7.4.3-т заасны дагуу гарсан дүгнэлтэд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын зорилт, чиглэл, хамрах хүрээ, хугацааг тодорхой заана гэж заасны дагуу Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ашигт малтмал ашиглах хүсэлт гаргах, төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийгдэж, уг байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг үндэслэн нарийвчилсан үнэлгээг хийлгэхээр хуульд тодорхой тусгасан байна.

2.7.2. Гуравдагч этгээд Э ХХК нь 2012 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтдээ, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар бүхий Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хавсаргаж хүргүүлсэн байх бөгөөд уг дүгнэлтэд ...уг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн, 2019 оны Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтдээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар бүхий Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудсыг хийлгэж хавсаргаж хүргүүлсэн байна.

2.7.3. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12/2251 дүгээр албан бичгээр Т ХХК-д ...Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудаст заасан нарийвчилсан үнэлгээний явцад тодруулах асуудлууд, онцгойлон анхаарах чиглэлийг харгалзан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулан 2017 оны 02 дугаар улиралд багтаан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлэхийг үүгээр мэдэгдье гэх албан бичгийг хүргүүлсний дагуу 2017 онд Байгаль орчинд, нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ тайланг болон Байгаль орчны таван жилийн менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан байна.

2.7.4. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13/1943 дугаар албан бичгээр Э ХХК-д ...Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудаст заасан нарийвчилсан үнэлгээний явцад тодруулах асуудлууд, онцгойлон анхаарах чиглэлийг харгалзан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулан 2019 оны 04 дүгээр улиралд багтаан яаманд ирүүлэхийг үүгээр мэдэгдье гэх албан бичгүүдийг хүргүүлсэн байгаагаас үзэхэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг ерөнхий үнэлгээнд үндэслэн батлуулдаг болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн гуравдагч этгээдээс ирүүлсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хүлээн авч, хүсэлтийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

2.8. Нэхэмжлэгчээс гаргасан ...Усны тухай хуулийн 17.2 дахь заалтыг зөрчиж сав газрын захиргаанаас санал аваагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-д ...хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх-ийг тогтоогоогүй гэх тайлбарын тухайд:

2.8.1. У******* газрын захиргаанаас 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 204 дүгээр албан бичгээр ...Д******* аймгийн А сумын нутагт ашигт малтмалын хайгуулын МV-, МV- тусгай зөвшөөрлийн талбайтай Э ХХК-тай холбоотойгоор Усны тухай хуулийн 17.2-т заасны дагуу сав газрын захиргаанаас санал аваагүй болно гэх тайлбарыг ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс санал аваагүй гэдэгтээ маргадаггүй.

2.8.2. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10/5073 дугаар албан бичгээр ...Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасан хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх гэх хуулийн шаардлагыг хангах, түүнийг бодитоор тогтоох урьдчилсан бөгөөд салшгүй нөхцөл нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны шийдвэр юм. Иймд тухайн нөөцийн хэмжээ, үнэлгээг эрх бүхий Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болон төрийн захиргааны байгууллагаас албан ёсоор хэлэлцэж, нэгэнт баталгаажуулсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасан шаардлага хангагдсан гэж үзэх хууль зүйн ойлголт юм гэх тайлбарыг ирүүлснийг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.8.3. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т ...Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 2 дугаар зүйлийн 2.1-т ...Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль... эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т ...Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж тус тус хуульчилсан.

2.8.4. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т ...Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж заасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгохоор зааснаас үзэхэд Усны тухай хуульд заасан олборлолт явуулах тусгай зөвшөөрөл гэдгийг ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж үзэхээр байна.

2.8.5. Өөрөөр хэлбэл, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан сав газрын захиргааны саналыг үндэслэх шаардлага нь Ашигт малтмалын тухай хуульд хамааралгүй шаардлага бус, харин Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн нэгэн адил ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тавигдах нэг урьдчилсан нөхцөл байна.

2.8.6. Хэдийгээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар бүхий Шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий MV-, MV- дугаартай тусгай зөвшөөрлийн талбайнууд нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүс, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай тус тус давхцалгүй болохыг тогтоосон боловч уг дүгнэлтийн 2-т ...газрын доорх усны түвшин буурах эрсдэлтэй, ...уурхайн орчмын малчдын унд ахуйн худгийн усны түвшин, ундаргад сөргөөр нөлөөлж болзошгүй гэж дүгнэснээс үзэхэд Усны тухай хуулийн холбогдох заалтыг хангуулах нь тухайн бүс нутагт оршин суудаг нутгийн иргэдийн экологийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхэд шууд хамааралтай гэж үзэхээр байна.

2.8.7. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2, 24.5.5 дахь заалтаас үзвэл нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтцыг уурхайн талбайд хамруулж болохгүй бөгөөд, 26 дугаар зүйлийн 26.2.3-т зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхдээ төрийн захиргааны байгууллага усны нөөц нь олборлолт явуулахад хангалттай эсэх, олборлолтоос үүсэж байгаа экологийн хохирлыг нөхөн сэргээхэд ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хүрэлцэх эсэхийг мэргэжлийн байгууллага болох тухайн бүс нутгийн сав газрын захиргаанаас санал авсны үндсэн дээр шийдвэрлэхээр хуульчилсан байхад уг саналыг аваагүй атлаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт ирсэн тохиолдолд шууд Ашигт малтмалын тухай хуулийн 26.2.3 дахь шаардлага хангагдсан гэж үздэг гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

2.8.8. Иймд Усны тухай хуульд заасны дагуу сав газрын захиргаанаас ашигт малтмал олборлохтой холбогдуулан усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой асуудлаар холбогдох саналыг авч, түүний үндсэн дээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ нь олборлолтоос үүсэж байгаа экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх-ийг дүгнэх зайлшгүй шаардлагатай байх бөгөөд үүнийг шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй байх тул төрийн захиргааны байгууллагад энэхүү шаардлагыг хангуулах үүргийг хүлээлгэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.8.9. Мөн гуравдагч этгээд Э ХХК-иас ...Ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй, нөхөн сэргээлтийн зардалд тодорхой хэмжээний зардлыг шилжүүлсэн, хүчин төгөлдөр бичиг баримтуудын хугацаа дуусгавар болсон учир усаар баяжуулах үйлдвэр байгуулахаар сум, орон нутгийн захиргаатай ярилцаж, байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөөлөлтэй шинэ технологийг ашиглахаар ажиллаж байна гэж тайлбарлан маргаж байгаа боловч гуравдагч этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хариуцагч хянан шийдвэрлэхдээ дээр дурдсан ажиллагааг дутуу хэрэгжүүлж, өргөдлийг шийдвэрлэсэн байх тул энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

2.9. Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд Эрднэсийн сан майнинг ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Д******* аймгийн А сумын нутагт орших Х гэх нэртэй 146.73 гектар талбай бүхий уурхайн эдэлбэр газарт, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Д******* аймгийн А сумын нутагт орших Х гэх нэртэй газарт 786,34 гектар талбай бүхий уурхайн эдэлбэр газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргааны саналыг авч, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасныг хангуулан шийдвэрлэх үүргийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүлээлгэн, тэр хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дүгээр шийдвэр, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 255 дугаар шийдвэрийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсгийн шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тусгана гэх заалт нь шүүхээс тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийж үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг захиргааны байгууллагад хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй тохиолдолд үүсэх үр дагаврыг тодорхойлох агуулгатайг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3 дахь хэсэг, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д******* аймгийн А сумын нутагт орших Х гэх нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч Э ХХК-иас 2012, 2019 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргаанаас санал авч Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3 дахь хэсэгт заасныг хангуулан шийдвэрлэх үүргийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүлээлгэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дүгээр шийдвэр, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 255 дугаар шийдвэрийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасан шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тусгана гэх заалт нь шүүхээс тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийж үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг захиргааны байгууллагад хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй тохиолдолд үүсэх үр дагаврыг тодорхойлсон агуулгатайг тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АЗБАЯР