| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 191/2025/08156/И |
| Дугаар | 191/ШШ2025/08350 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/08350
2025 10 06 191/ШШ2025/08350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ...... дүүрэг, ...... байранд оршин байрлах К ХК /РД:..../-ийн хүсэлттэй,
З.Ц /РД:......../-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдааны хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Иргэн Б н овогт 3.Ц /РД:......../ нь тус банктай 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 3000-2020/40 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 2,548,088 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, зээлжих эрхийн хугацаанд улаах эрхтэйгээр авахаар тохиролцсон.
Гэвч зээлдэгч З.Ц нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг зөрчиж, өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тус банк нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч З.Ц т мэдэгдэж, сануулах, шаардлага хүргүүлэх гэсэн боловч зээл хүсэгчийн анкет дээрх мэдээлэлд тусгасан гар утаснуудаа авдаггүй, холбогдох боломжгүй зэрэг асуудлаас болж зээлээ төлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Тус банк нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр иргэн З.Ц аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 6,641,556.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШЗ2025/35939 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д Хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иймд зээлдэгч З.Ц ын оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШЗ2025/35939 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2024/19913 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШЗ2024/20417 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, К ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, З.Ц тай байгуулсан 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 3000-2020/40 дугаартай Кредит карт эзэмших 3 талт гэрээний хуулбар, кредит карт эзэмших хүсэлтийн хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 2-16/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч К ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Ц ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э ээс өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.
7. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
8. З.Ц нь Капитрон банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.
9. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 6,641,556 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШЗ2025/35939 дугаартай захирамжаар хариуцагч Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө, 6в байр, 95 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадалгаагаар тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
10. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.
11. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч К ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Ц ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б н овогЗ Ц /РД:......../-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар З.Ц ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Ц ын оршин суугаа хаягийг олж тогтоон К ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э , Б.Х утас: ............/-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН