Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: *** байрлах ******* ХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
О.******* /РД:*******/, Ө.******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдааны хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. ...Зээлдэгч О.*******, Ө.******* нар нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хас банктай 1300085866 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан 37,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт буюу жилийн 20.4 хувийн хүүтэйгээр авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээ 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/02521 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих О.******* /РД:*******/, Ө.******* /РД:*******/ нарын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү. ... гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/02521 дугаар захирамж, О.*******, Ө.******* нартай байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1300085866 дугаар Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ /хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь/-ний хуулбар, О.*******тай байгуулсан мөн өдрийн 1300085866-01 дугаар Ипотекийн гэрээ /хавсралтын хамт/, 1300085866-02 дугаар Барьцааны гэрээ /хавсралтын хамт/-ний хуулбар, зээл олгох шийдвэрийн хуулбар, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШЗ2024/02728 дугаар захирамжийн хуулбар, зээлийн дансны хуулга /хх 3-24/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******, Ө.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэгээс өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.
7. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
8. О.*******, Ө.******* нар нь Хасбанк ХК-тай байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, мөн өдрийн Ипотекийн гэрээ, Барьцааны гэрээний хуулбарууд хэрэгт авагдсан байх тул эдгээр гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.
9. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,983,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/02521 дугаар захирамжаар хариуцагч О.******* нь *** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
10. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.
11. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******, Ө.******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
12. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* ******* /РД:*******/, ******* ******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар О.*******, Ө.******* нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******, Ө.******* нарын оршин суугаа хаягийг олж тогтоон ******* ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг утас: 99038514/-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН