| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2105015550737 |
| Дугаар | 2025/ДШМ/185 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/185
2025 02 04 2025/ДШМ/185
Б.Сэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Анхбаяр,
шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг,
хохирогч Ц.Б,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/985 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сэ, түүний өмгөөлөгч Э.Чулуунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Сэд холбогдох эрүүгийн 2105015550737 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Сэ нь “Г” дэлгүүрт байрлалтай “...” бэлэн барааны хувцасны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бэлэн барааны хувцаснуудыг завшиж, зарж борлуулан, олсон орлогыг хувийн хэрэгцээндээ зарцуулж, хохирогч Ц.Бт бага хэмжээнээс дээш буюу 8,516,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б.Сийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгийн 2.1, 2,5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сээс 8,516,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Бт олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 3-т “...Б.Сэ нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “...” худалдааны зөвлөхөөр ажилд орсон бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр С.Цаас 35,000 төгрөг Сийн эзэмшлийн ... дугаартай Голомт банкны данс руу шилжүүлсэн нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байх ба мөн өдөр тооллого хийснээр гэмт хэрэг төгссөн. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 11 хоногийн өмнө яллагдагчаар татсан...” гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлт нь хэргийг бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, огт санал нийлэхгүй байгаа болно. Учир нь, хавтаст хэргийн 43 дугаар талд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ц.Бт эрх сануулж мэдүүлэг авсан байдаг. Тус мэдүүлэгт “... 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дэлгүүрийнхээ зарж борлуулж байгаа эд зүйлст тооллого хийхэд дутагдалтай гарсан бөгөөд тухайн үед Сэд тулгалт хийсэн дэвтэр болон бусад материалыг өгч явуулаад өөрөө тооцоо бодчихоод ир гээд явуулсан...” гэх мэдүүлэг, мөн хавтаст хэргийн 58 дугаар талд мөн эрх сануулж мэдүүлэг авсан хөндлөнгийн гэрч болох дэлгүүрийн нягтлан Ц.Сэ “...Сэ гэх эмэгтэй худалдагчаар ажилд ороод 2021 оны 05 дугаар сар хүртэл ажиллаад гарчихсан..., хавтас хэргийн 61 дүгээр хуудаст “2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр сэжигтэн Б.Сэ “...тэгээд 11 дүгээр сар хүртэл коронагаас болоод дэлгүүр хаагаад тооллого хийгээгүй бөгөөд 2021 оны 02 дугаар сард карантин тавигдаад тооллого хийхэд их хэмжээний бараа дутаад...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 66 дугаар талд Б.Ж гэх хүний тайлан бий. Тус тайланд “...2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр бараа материалын тооллого хийхэд” гэх баримтууд бий.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтыг зөрчиж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ. Дээрх баримтуудаас харахар хохирогч 03 дугаар сард бараа дутсанаа мэдсэн, Б.Сийг тооцоо хийж ир гээд явуулсан.
Ингэснээр миний үйлчлүүлэгч Б.Сийн үргэлжилсэн үйлдэлтэй "Хөрөнгө завших" гэмт хэрэг төгссөн байна. Үүнээс хойш Б.Сэ тухайн дэлгүүрт ажилласан байсан ч хөрөнгө завшаагүй. Хөндлөнгийн гэрч Ц.Сий мэдүүлгээр бол 2021 оны 05 дугаар сар хүртэл ажилласан, үүнээс цааш хугацаа байхгүй байдаг. Үүнийг нягтлан гэх Б.Жын тайлан бас нотолдог. Тус тайлангаас харахад 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нийт хохирлыг тооцсон байдаг. Энэ баримт нь хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв болохыг давхар нотолдог.
Өөрөөр хэлбэл, 2021 оны 03 дугаар сард бараа дутсанаа мэдээд өөрөө тооцоогоо хий гэж явуулаад, хийхгүй болохоор нь 5 дугаар сард тооллого хийж, нийт хохирлоо тооцсон байдаг. Энэ бол хэргийн бодит үнэн мөн. Гэтэл шүүх эх сурвалжийг магадлаагүй, эргэлзээтэй нотлох баримт болох хавтаст хэргийн 84 дүгээр тал дахь "... 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр С.Цаас 35,000 төгрөг Сийн эзэмшлийн ... дугаартай Голомт банкны дансруу шилжүүлсэн" гэх баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч миний хууль зүйн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн энэхүү гүйлгээ нь бараа зээлж аваад төлсөн байж болно. Өөрөө бас хувиараа бараа зарсан гүйлгээ байж болно. Мөн С.Ц гэдэг хүн хэн болох энэ ямар учиртай гүйлгээ болохыг тодорхойлох нэг ч баримт хэрэгт байхгүй. Тус нотлох баримт нь гар утсан дээр дарсан, хуульд заасан шаардлага хангаагүй баримт юм. Мөн эргэлзээтэй нотлох баримт байхад шүүх "....гүйлгээний утга дээр “боди” гэж байна. Боди зардаг байсан байна, 2021 оны 05 дугаар сарын 18-нд хөрөнгө завшиж байж" гэх байдлаар дүгнэх нь бусад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит үнэнд нийцэхгүй, хийсвэрлэн төсөөлж дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Нэмж дурдахад, хохирогч Ц.Б болон нягтлан бодогч Ц.Сэ нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.4-т заасан нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, гэрч Ц.Сийн хувьд ч мөн адил юм. Хавтас хэргийн 43 дугаар талд авагдсан хохирогчийн мэдүүлэг нь гэмт хэрэгт болсон гэх цаг хугацааны хувьд ойр байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно" мөн тус зүйлийн 3 дахь хэсэгт "Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна" гэж заасан байдаг. Шүүгдэгч Б.Сийн үйлдэлд бол Эрүүгийн хуульд заасан хөрөнгө завших гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, 2021 оны 03 дугаар сард хохирогч мэдэж хэлснээр тус үйлдэл таслан зогсоогдсон. Үүнийг гэмт хэрэг төгссөн цаг үе гэнэ. 2021 оны 05 дугаар сар бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг эцсийн байдлаар тооцож гаргасан хугацаа юм. Шүүх тооллого хийснээр гэмт хэрэг төгссөн гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл үйлдэл дууссан, таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг үе гэж ойлгох талаар хуульд тодорхой заасан байдаг. Үйлдэл 5 дугаар сараас өмнө буюу 3 дугаар сард дууссан болохыг шүүгдэгчийн эзэмшлийн Голомт банкны дансны хуулга бас нотлон тогтоодог. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн ялгагдагчаар татах хүртэл тоолно" гэж заасны дагуу хугацааг хохирол тооцсон өдөр бус үйлдэж дууссан, үйлдэл таслан зогсоогдсон өдрөөс эхлэн тоолох, шүүх хуулийг зөв ойлгон хэрэглэх, тайлбарлах шаардлагатай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл бас байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д "Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно" гэж заажээ. Гэтэл шүүх"...гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан" гэх өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болсон гол нотлох баримт нь хавтас хэргийн 84 дүгээр талд авагдсан. Тус баримтыг шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлах нотлох баримтаар хохирогч, прокурор, шүүгдэгч өмгөөлөгч хэн нь ч тэмдэглүүлээгүй судлагдаагүй нотлох баримт юм. Мөн энэхүү баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11-д заасан "Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй" мөн 14-д заасан “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй" гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан "гэмт хэргийн улмаас учирсан хохирол.....хэр хэмжээ"-г нотлон тогтоосон баримтууд эргэлзээтэй байна. Тодруулбал, шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтээс харахад “М” ХХК, нягтлан бодогч Б.Ж гээд Өмнөговь аймаг гэсэн тамга тэмдэгтэй баримтуудаар нийт тооцоог гаргасан. Эдгээр субъектүүдийг тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдаагүй байгаа нь эргэлзээтэй байдал үүсгэдэг. Мөн миний үйлчлүүлэгч бүртгэлтэй хаягтай амьдардаг. Тус хаягаар нэг ч удаа дуудах хуудас хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл эрэн сурвалжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл болж байна. Мен Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1-т "Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар мэдэгдэх хуудсаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ" гэж заасан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг хуульд зөрчиж, сэжигтнээр байцаасан нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д "энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн" нь тус хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон тул хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэхдээ гол асуудал бол хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх юм. Иргэний хуулийн тусгай ангийн 510 дугаар зүйлийн 510.1-д "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т "бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил" байна гэж тус тус заасан байдаг. Хохирогчийн хувьд учирсан хохирол төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэн гаруулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой байна. Хохирол төлбөрийг ч иргэний хэргийн дагнасан шүүх хөндлөнгийн шинжээч томилж, нарийн тооцож гаргах шаардлагатай юм. Учир нь миний үйлчлүүлэгч бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Шүүхийн шийдвэрийн дагуу гарсан хохирол төлбөрийг 2,3 хуваагаад барагдуулна гэдэг. Хохирол төлбөр төлөхгүй өдий хүрсэн нь хүндэтгэн үзэж шалтгаантай юм. Тэрээр бага насны хүүхэдтэй. Одоо жирэмсэн, төрөх дөхсөн. Энэ цаг хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан, холбогдох баримтууд хэрэгт авагдсан болно. Сүүлийн саруудад "онлайн шоп" ажиллуулж, тодорхой хэмжээний ашиг орлого олж байгаа, дансаа хаалгуулсан тул хамтран амьдрагч болох Дэлгэрбатын дансаар орлогоо авдаг. Дэлгэрбат миний үйлчлүүлэгчийн хамтран амьдрагч болох талаар хорооны засаг даргын тодорхойлолт хэрэгт өгч, дансны хуулгыг шүүхэд хүргүүлсэн. Эдгээр бүх шалтгаан, үндэслэл, нотлох баримтыг үл харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан алтернатив санкцуудаас ял хүндрүүлж, хорих ялыг сонгон хэрэглэсэнд бас гомдолтой байгаа болно. Нэмж тэмдэглэхэд, энэ хэрэг хэзээ төгссөн талаар хэрэг шалгах явцад магадалж, мухарлаж тогтоогоогүй. Гомдолд дурдсан баримтуудыг шалгаж үзвэл 2021 оны 03 дугаар сард төгссөн гэж үзэх бүрэн боломжтой байна. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмыг харгалзан үзэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Иймд Б.Сэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тус хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан" гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... : Б.Сэ 03 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаа хийсэн. Ажил дээр ирээд тооцоогоо давхар хянаад явсан. Улмаар 03 дугаар сард алга болоод, буцаж ирээд, бид араас нь хөөцөлдөж байж олж авсан. Ээжтэй нь болон өөртэй нь харьцсан чат нотолдог. 05 дугаар сарын 12,13-ны өдөр алга болоход үерхэж байсан найз залуу нь олж ирсэн. Тухайн өдөртөө мөн манай дэлгүүрээс гутал, пиджак гэх зэрэг шинэ хувцас авч явсан.” гэв.
Прокурор М.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гээд байна. Үүнд тайлбар өгье. Өмгөөлөгчийн хувьд шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслээд гэсэн боловч хавтас хэргийн 14 дүгээр талд авагдсан шинжлэн судлагдаагүй, яллах талын нотлох баримт болгоогүй баримтыг дурдаж байна. Шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас хавтас хэргийн 35-37 талд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.С, хохирогч талтай тооцоо нийлсэн акт авагдсан. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 10 цагаас оройны 21 цаг хүртэл буюу ажлын бүтэн цагаар ажилласан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл хавтас хэргийн 88-100 дугаар талд авагдсан голомт банкны дансанд “боди” гэх гүйлгээний утгатай орлого орж ирдэг.
Тухайн орлого хохирогч талд орж ирээгүй. Дансны хуулга хэрэгт авагдсан. Үүгээр гэмт хэрэг төгссөн гэж үзэж байгаа. 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 8,516,000 төгрөгийн дутагдал гаргасан тул үүнийгээ төлнө гэж бичсэнээр хөдөлмөрийн харилцаа дуусаж байгаа юм.
Үүнээс өмнөх 03 дугаар сарын 05-ны өдрийн дутагдал дээр цалингүй ажиллая, ажилласан цалингаас төлж, дутагдлаа арилгая гэдэг нь хөдөлмөрийн харилцаа дуусаагүй үргэлжилж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 05 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна.
Тухайн хэргийг Б.Сд холбогдуулж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусах 11 хоногийн өмнө яллагдагчаар татсан байна.
Мөн нотлох баримтуудын талаарх дурдсан. Дээрх нотлох баримтууд хохирогч талаас гаргаж өгсөн баримтууд юм. Гадаад худалдаа эрхэлдэг талаарх болон тухайн дэлгүүрийн барааг цаашаагаа худалдан борлуулдаг байж магадгүй гэх магадлал бүхий баримтууд гаргаж өгсөн юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх түүнийг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор ял оногдуулж, авах албадлагын арга хэмжээ болон хариуцан арилгах хохирлын хэмжээг тус тус тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Сэд холбогдох хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг нэг мөр, зайлшгүй эцэслэн шалгаж тогтоогоогүй атал анхан шатны шүүхээс түүнийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөлийн эд зүйлийг завшиж 8,516,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай болжээ.
Тодруулбал, шүүгдэгч Б.Сийг “...” бэлэн барааны хувцасны дэлгүүрт ажиллаж байхдаа хэзээ, ямар бараа материалыг завшсан гэдгийг тодруулаагүй буюу хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт болон аудитын дүгнэлтээр шүүгдэгч Б.Сийг хэдийд, ямар хугацаанд, ямар нэр төрлийн бараа материалыг дутаасан гэдгийг дүгнэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, прокуророос гэмт хэрэг үйлдэж эхэлсэн цаг хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс буюу Б.Сийн ажилд орсон хугацаагаар, гэмт хэрэг төгссөн хугацааг тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөр буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр тогтоож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан дансны хуулгаар 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Body С Ц” гэсэн утгатай 35,000 төгрөгийн орлогын баримт авагдсан хэдий ч уг орлого нь тухайн дэлгүүрийн орлого мөн эсэхийг тогтоогоогүй, тухайн мөнгө шилжүүлсэн хүнийг гэрчээр асуух боломжтой байхад энэ талаар ажиллагаа хийгээгүй, аудитын дүгнэлтэд авагдсан бараа материалд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гүйлгээгээр хийгдсэн бараа орсон эсэх нь тодорхойгүй буюу зөвхөн дээрх аудитын дүгнэлт болон уг дансны хуулгаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг хангалттай тогтоох боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Сэд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Э.Чулуунцэцэг нарын “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохоор ...” гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Сэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/985 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Сдэ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ