Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2026/0802

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Г

Хариуцагч: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

                   Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

Маргааны төрөл: “1. Э.Г миний эзэмшил бүхий нэгж талбарын дугаартай 10 га газрыг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2. “Г******* о” ХХК-иас үнэлсэн 405,900,000 төгрөгийн нөхөн олговор олгох асуудлыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр зохих журмын дагуу хүргүүлж, шийдвэрлүүлэхийг хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд даалгах, 3. Тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан 55,100,000 төгрөгийн хохирол гаргуулах асуудлыг зохих журмын дагуу хүргүүлж, шийдвэрлүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгах тухай”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, Газар зохион байгуулалт, геодези, газар зүйн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Ч.Н /цахимаар/, хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Б.Г, Г.Г /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анар-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч Э.Г миний бие нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбогдуулан хууль зүйн үндэслэлүүдээ шүүхэд илтгэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага нэг.

Э.Г миний эзэмшил бүхий нэгж талбарын дугаартай 10 га газрыг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох тухай;

Хууль зүйн үндэслэл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн тохиолдолд хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэдэг.

Газар эзэмших эрхийн баримт: нэгж талбарын дугаартай 10 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зураг.

2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг Даргын дүгээр захирамжаар “Оорцогийн баруун Дундговь аймаг явах засмал замын баруун тал 10 га газар"-ыг 60 айлын орон сууц, үйлчилгээний төвийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг Э.Г // надад олгож, 2014 оны 5 сарын 19-ний өдөр Газар эзэмших гэрээ байгуулсан.

Монгол улсын Засгийн газраас 2010.06.02-ны өдөр 140, 2016.03.14-ний өдөр дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигийн хөндий шинэ онгоцны буудлын зориулалтаар 12984.9 га газрыг улсын тусгай хэрэгцээний газарт хамааруулах тогтоол гарсан байдаг.

Уг тогтоолын 2 дахь заалтад: “...солбицол бүхий газарт иргэн, хуулийн этгээд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг судал, давхцалыг арилгах арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд, Барилга хот байгуулалтын сайдад даалгасан байдаг.

Тусгай хэрэгцээнд авсан шийдвэрүүд хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны баримт:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно", 37.3. Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан.

2025 оны 09 сарын 05 ны өдөр газрын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газарт хандахад 2025 оны 09 сарын 23 ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас нэхэмжлэгч миний хүсэлтийг “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Э "иргэний хүсэлтийг судалж, хууль тогтоомжийн хүрээнд хариу өгөх" албан бичиг явуулсан. Энэхүү албан бичгийн хариу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас захиргааны ерөнхий хуулийн дагуу хариу ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага хоёр.

“Г О” ХХК-иас үнэлсэн 405,900,000 (дөрвөн зуун таван сая есөн зуун мянган) төгрөгийн нөхөн олговрыг олгох асуудлыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр зохих журмын дагуу хүргүүлж, шийдвэрлүүлэхийг хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамд даалгах тухай;

Хууль зүйн үндэслэл:

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 4 т “4.Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно", Газрын тухай хуулийн 18 дугаар зүйл Засгийн газрын бүрэн эрх 18.1.3 "Улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох””, 42 дугаар зүйлийн 42.1 “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно", 43 дугаар зүйлийн 43.1 “Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” гэж заасан.

Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын:

3 дугаар зүйлд газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үйл ажиллагаанд дараах зүйлийг мөрдөнө. 3.3-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авч, дараах арга хэмжээг авна”; 3.3.2-т “Улсын тусгай хэрэгцээнд авах газрын нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "нөлөөлөлд өртөгч" гэх)-ын өмчилж, эзэмшиж байгаа газрын нөхөх олговрын урьдчилсан тооцоо, судалгааг хийх”; 3.3.3-т “Энэ журмын 3.1-д заасан хүсэлт гаргасан байгууллагаас улсын тусгай хэрэгцээнд авах газрын нөлөөлөлд өртөгчид нөхөх олговор олгоход шаардагдах хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар санал авах”; 3.12-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр энэ журмын 3.11-д заасан дүгнэлтийг дараах баримт бичгийн хамт зохих журмын дагуу хүргүүлнэ”, 3.12.4-т “нөлөөлөлд өртөгчдийг оролцуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсан тухай тайлан, баримт бичиг, нөхөх олговрын тооцоо, судалгаа"; 3.23-т “Газар ашиглалтын төлөвлөгөө баталсны дараа нөлөөлөлд өртөгчид нөхөх олговор олгох, тухайн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг харьяа Засаг дарга, аймаг, нийслэлийн газрын алба, улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан байгууллага хамтран зохион байгуулна" гэж заасан.

Дөрөв. Улсын тусгай хэрэгцээний газрыг нөхөх олговортойгоор чөлөөлөх 4.1-т "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу нөлөөлөлд өртөгчид газрыг солих буюу эргүүлэн авах нөхөх олговор олгоно", 4.3-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ", 4.23-т "Нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвийн төсөлд тусгах саналыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах байгууллага хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн төсвийн төсөлд тусгах саналыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ”, 4.25-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нөхөх олговорт шаардагдах хөрөнгийн үнэлгээ, тооцоо судалгаа болон нөлөөлөлд өртөгчтэй тохиролцсон дүнгийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авна. Нөхөх олговор олгох асуудлыг Газрын тухай хуулийн 42.2-т заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр зохих журмын дагуу хүргүүлнэ”, 4.29-т "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хотын захирагч нь нөлөөлөлд өртөгчтэй урьдчилан тохиролцсоны дагуу газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, эсхүл газрыг дүйцүүлэн олгох шийдвэр гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг дуусгавар болгоно” гэж тус тус заасан тул Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам хариуцна.

Нэхэмжлэлийн шаардлага гурав.

Тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан 55,100,000 төгрөгийн хохирол гаргуулахыг зохих журмын дагуу хүргүүлж, шийдвэрлүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгах тухай;

Хууль зүйн үндэслэл.

Миний бие тухайн газрыг тусгай хэрэгцээнд шилжүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаж үр шимийг нь хүртэх боломжгүй болж эрхээрээ хязгаарлагдсан, мөн тусгай хэрэгцээнд авсантай холбоотой үүссэн нөхцөл байдлын улмаас нийт 55,100,000 (тавин таван сая зуун мянган) төгрөгийн бодит хохирол хүлээгээд байна.

Уг хохирол нь хавсралтаар гаргаж өгсөн санхүүгийн болон албан ёсны баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байгаа болно.

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт: "Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан бол хохирлыг захиргааны байгууллага хариуцан арилгана" гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь хэсэгт “Шүүх захиргааны хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан нь тогтоогдвол захиргааны байгууллагаас хохирол гаргуулах шийдвэр гаргахаар заасан байдаг.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын дүгээр тогтоолын дагуу төрийн тусгай хэрэгцээнд авсан байсан. Уг тогтоолтой маргаагүй. Нэгдүгээр шаардлагын хувьд газар эзэмших гэрээ байгуулсан. Мөн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газарт 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр хандсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 09 дүгээр сарын 23-ны өдөр Газар зохион байгуулах Геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Э иргэн Э.Г******* хүсэлтийг шийдвэрлээд хариу өгнө үү гэдэг албан тоот явуулсан. Хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, газар зүйн ерөнхий газар уг асуудлыг шийдээгүй учраас шүүхэд хандсан. Г******* о ХХК-ийн үнэлгээ буюу 405 сая төгрөгийн нөхөн олговор олгохыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр зохих журмын дагуу хүргүүлж шийдвэрлүүлэхийг даалгах шаардлага гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох, 42 дугаар зүйлийн 42.1-д Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно., 42.2-т Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана., 43 дугаар зүйлийн 43.1-д Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ., 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар тогтоолоор батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журмын 3 дугаар зүйлийн 3.3-т Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авч, дараах арга хэмжээг авна, 3.3.3-т энэ журмын 3.1-д заасан хүсэлт гаргасан байгууллагаас улсын тусгай хэрэгцээнд авах газрын нөлөөлөлд өртөгчид нөхөх олговор олгоход шаардагдах хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар санал авах, 3.12-т Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр энэ журмын 3.11-д заасан дүгнэлтийг дараах баримт бичгийн хамт зохих журмын дагуу хүргүүлнэ, 3.23-т Газар ашиглалтын төлөвлөгөө баталсны дараа нөлөөлөлд өртөгчид нөхөх олговор олгох, тухайн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг харьяа Засаг дарга, аймаг, нийслэлийн газрын алба, улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан байгууллага хамтран зохион байгуулна., 4 дүгээр зүйлийн 4.1-д Газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу нөлөөлөлд өртөгчид газрыг солих буюу эргүүлэн авах нөхөх олговор олгоно., 4.3-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ., 4.23-т Нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвийн төсөлд тусгах саналыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах байгууллага хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн төсвийн төсөлд тусгах саналыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ., 4.25-д Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нөхөх олговорт шаардагдах хөрөнгийн үнэлгээ, тооцоо судалгаа болон нөлөөлөлд өртөгчтэй тохиролцсон дүнгийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авна. Нөхөх олговор олгох асуудлыг Газрын тухай хуулийн 42.2-т заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр зохих журмын дагуу хүргүүлнэ., 4.29-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хотын захирагч нь нөлөөлөлд өртөгчтэй урьдчилан тохиролцсоны дагуу газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, эсхүл газрыг дүйцүүлэн олгох шийдвэр гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг дуусгавар болгоно. гэж тус тус заасан. Иргэн Э.Г******* газар эзэмших эрх дуусаагүй буюу газрын төлбөрийг төлж байгаа. Хууль болон дүрэм журамд заасны дагуу нөхөн олговор олгохоор шийдвэр гарсны дараа автоматаар дуусгавар болно. 3 дугаар шаардлагын хувьд 55 сая төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Газар эзэмшигч нь хуулийн дагуу газар эзэмших эрх эдэлснээс хойш тухайн барилга дээрээ хашаа барьсан, үнэлгээний дүгнэлт хийлгэсэн. Үүнтэй холбоотойгоор 55,100,000 төгрөгийн хохирол гарсан учраас энэхүү хохирлыг гаргуулахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, Ж.Э нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон Улсын нисэх онгоцны буудал"-ын зориулалтаар 12084.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.

Иргэн Э.Г нь Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 5/20 дугаартай тогтоолоор батлагдсан сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2014 оны дүгээр захирамжаар иргэн Э.Г******* олгосон худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалт бүхий ******* нэгж талбарын дугаартай 10 га газрыг олгосон байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол болон 2016 оны дүгээр тогтоол гарсантай холбоотойгоор тус Газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалаар улсын тусгай хэрэгцээний газартай давхардаж байгаа газар олголтын талаарх судалгааг гаргаж, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Дээрх ажлын хэсгийн зүгээс Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2014 оны дүгээр захирамжаар иргэн Э.Г******* олгосон худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалт бүхий ******* нэгж талбарын дугаартай 10 га газарт нөхөх олговор олгох, мөн газрын байршлыг шилжүүлэх талаар дүгнэлт гаргаж холбогдох байгууллагуудад дүгнэлтийг хүргүүлсэн. Тус дүгнэлтийн дагуу Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын яам, Сэргэлэн сумтай хамтран нэмэлт судалгааг хийж 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07/973 дугаартай албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн байдаг.

Судалгаагаар газар дээрээ барилга байгууламж, хашаатай бөгөөд нөхөх олговор олгох шаардлагатай нэгж талбаруудын тоонд иргэн Э.Г******* 10 га газар албан бичгийн хавсралтын 8 дугаарт орсон байдаг.

Барилга, хот байгуулалтын яам Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хамтарсан 2022/66 дугаартай гэрээгээр Хөшигийн хөндийн хот суурины дахин төлөвлөлтийн газар чөлөөлөх бэлтгэл ажлыг хангах, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулсан. Тус төлөвлөгөөнд Э.Г******* 10 га газрыг байршил шилжүүлэх гэж судалгаанд хамруулсан байдаг.

Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам"-ын 3.13.2 дахь заалтын дагуу дээрх улсын тусгай хэрэгцээнд авсан газарт Төв аймгийн Засаг дарга, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар хамтран 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай “Улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах гэрээ"-г баталж, Барилга, хот байгуулалтын яаманд “Улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ"-г олгосон. Уг гэрээний дагуу тусгай хэрэгцээний газрын ашиглалтын асуудлыг Барилга, хот байгуулалтын яам (хуучин нэрээр) хариуцаж байсан болно.

Иргэн Э.Г 2024 оны 01 дүгээр сарын 30-ны едер Хөшигийн хөндийд баригдах “Шинэ Зуунмод дагуул хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн орон сууц, олон нийт худалдаа үйлчилгээний бүсийн орон сууцны хэсэгт газар ашиглах зөвшөөрөл олгон төлөвлөсөн ажлаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх боломж олгоно уу гэсэн гомдлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт гаргасан.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай" 76 дугаар тогтоолоор нийслэлийн дагуул Хүннү хот байгуулагдаж, хотын эдэлбэр газрыг тогтоосон мөн Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу Хүннү хотын эдэлбэр газрын ашиглалтын асуудлыг Хүннү хотын захиргаа хариуцан шийдвэрлэхээр хуулиар тогтоож өгсөн байгаа учраас тус гомдлыг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/380 дугаартай албан бичгээр Шинэ зуунмод хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч М.Б******* уламжилсан.

Иргэн Э.Г 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлыг даган бий болох хотын "Батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-нд нийцүүлэн орон сууц, олон нийтийн бүс орон сууцны төлөвлөлтийн хэсэгт эзэмшил газрын байршлыг минь шилжүүлэн өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн бөгөөд тус хүсэлтийг тусгай хэрэгцээний газрын ашиглалтын асуудлыг хариуцаж байсан Барилга, хот байгуулалтын яаманд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/494 дугаартай албан бичгээр уламжилсан. Үүний дараа иргэн Э.Г******* 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт дахин өргөдөл ирүүлсэн бөгөөд өргөдлийн хариуг 2024 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 2/1537 дугаартай албан бичгээр Иргэн Э.Г******* хариу хүргүүлсэн.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын А/146 дугаар тушаал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/535 дугаар захирамжаар "Нийслэлийн дагуул хот Хүннү хотыг байгуулсантай холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт газрын эрх зүйн харилцаа үүссэн иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөх олговортойгоор чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх, газрын удирдлагын нэгдсэн системийн бүртгэл мэдээллийг хөтлөн нэгтгэх, засаг захиргааны нэгж хил заагийн хувьд эрхлэн явуулах харилцааг тодорхойлох” үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан.

Мөн хяналт судалгаа хийх үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулагдаж Хүннү хотын эдэлбэр газарт газрын эрх зүйн харилцаа үүссэн иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газар ашиглалтын судалгааг нэгтгэн гаргасан. Судалгааг ажлын хэсэгт танилцуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дээрх Хүннү хотын эдэлбэр газарт газрын эрх зүйн харилцаа үүссэн иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж,  ашиглаж байгаа газар ашиглалтын судалгааны жагсаалтад иргэн Э.Г******* эзэмшиж буй 10 га газрын мэдээлэл хамрагдсан.

Иргэн Э.Г******* нэхэмжлэлд дурдсан хүсэлтийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын А/146 дугаар тушаал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/535 дугаар захирамжаар “Нийслэлийн дагуул хот Хүннү хотыг байгуулсантай холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт газрын эрх зүйн харилцаа үүссэн иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөх олговортойгоор чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх, газрын удирдлагын нэгдсэн системийн бүртгэл мэдээллийг хөтлөн нэгтгэх, засаг захиргааны нэгж хил заагийн хувьд эрхлэн явуулах харилцааг тодорхойлох" үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэжээ.

Хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Албан бичгийг хүлээн авсан. Иргэн Э.Г дээр шүүх хуралдааны асуудал яригдаж байна. Нийт 3200 гаруй нэгж талбар байгаа. Бид нар Засгийн газрын 2025 оны 138 дугаар тогтоолоор баталсан журмын өмнө 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан журмыг мөрддөг байсан. Энэ журмын дагуу бид нар нийт газар эзэмшигч, эзэмшигч, өмчлөгч нартай харилцаж, хамтарсан ажлын хэсэг байгуулж тохиролцож явдаг байсан. Зөвхөн иргэн Э.Г*******эй биш гэсэн үг юм. Үүн дээр тулгуурлан бид нар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Өөрөөр хэлбэл, журмын дагуу бүх процессыг хийсэн гэсэн үг. Бүх процессуудыг хийгээд 52 гаруй тэрбум төгрөг гарахаар байна гэж улсын төсөвт тусгаж барьсан зэрэг журмын дагуу бүх процессыг хийж хэрэгжүүлж байсан. 2025 оны 138 дугаар тогтоолоор баталсан журам бол шинэчлэгдсэн журам юм. Журам шинэчлэгдэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа газар ашиглалтын төлөвлөгөө гарч ирсэн. Ийм төлөвлөгөөтэй байх ёстой, ингэх ёстой зэрэг нарийн процессын үйл ажиллагаануудыг журмаар шинэчилж батлуулсан. 2025 оноос хойш иргэн Э.Г дээр тулгуурлаж үйл ажиллагаануудыг хийлгэе гэсэн хүсэлт байгаагүй. Ерөнхийдөө хүсэлт нь тодорхойгүй өргөдөл гаргаж байсан. Манай Газар зохион байгуулалт, геодези, газар зүйн ерөнхий газар нь Э.Г******* асуудлыг шууд шийдвэрлэх зохих ёсны байгууллага нь биш. Хүннү хот захиргаатай болж хууль нь батлагдсан. Тухайн үед Хүннү хотын захиргаа, Сэргэлэн сумын Засаг даргад хөрөнгийн үнэлгээ өгөх материалуудыг татаж авч байгууллагуудад холбож ажиллаж байсан. Тэрнээс биш яагаад манайд ийм үйл ажиллагаа хийхгүй байгаа юм бэ гэдэг шаардлага тавьж байгаагүй. Бид нар зөвхөн иргэн Э.Г дээр ийм ажиллагаа хийхгүй. 3200 нэгж талбар буюу 3200 иргэн, аж ахуйн нэгж байгууллага гээд бүгд дээр нь хийсэн. Хөрөнгийн үнэлгээ, тухайн үед явуулж байсан бичиг баримт гээд бүх судалгаа, материалууд байгаа. Иргэн Э.Г ганцаараа үлдсэн асуудал байхгүй. Бид нар улсын хэмжээний том бүтээн байгуулалт хийж, хот байгуулах гэж байгаа учраас бүх иргэн, аж ахуйн нэгжтэй тохиролцоонд хүрэхээр төрийн байгууллага ажлаа хийгээд явж байсан. Энд Э.Г байгаа.” гэжээ.

Хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй Э.Г******* нэхэмжлэлтэй, Хүннү хотын захирагч, Нийслэлийн дагуул хот Хүннү хотыг байгуулсантай холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт газрын эрх зүйн харилцаа үүссэн иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн олговортойгоор чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх, газрын удирдлагын нэгдсэн системийн бүртгэл мэдээллийг хөтлөн нэгтгэх, засаг захиргааны нэгж хил заагийн хувьд эрхлэн явуулах харилцааг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд тус тус холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар газрын харилцаа, геодези, зураг зүйн чиг үүргийг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 18 дахь заалтад "Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд”-ын эрхлэх асуудалд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал нь хамаарахгүй.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагын тус яаманд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын дүгээр тогтоолоор Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтад заасан Тусгай хэрэгцээний газрын хил заагийн 7 дугаар заалтад өөрчлөлт оруулж өөрчлөн найруулсан байдаг. Энэ тогтоолын хүрээнд иргэн Э.Г******* эзэмшлийн газар нь нөлөөлөлд өртсөн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газрын тогтоолыг гаргах болсон гол зорилго нь Зам тээврийн яамнаас Хөшигийн хөндий авто замын сүлжээг байгуулахаар уг тогтоолыг санаачилж Засгийн газарт өргөн барьсан байдаг. Засгийн газрын тогтоолыг санаачилсан байгууллага нь Зам тээврийн яам байсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулж байгаа эс үйлдэхүй нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгээгүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж томьёолж авч үзсэн. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны зүгээс уг асуудалтай холбоотой эрх, үүрэг нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд байхгүй байна. Өөрөөр хэлбэл, бидэнд хуулиар тогтоосон эрх хэмжээгээр энэ асуудлаар хийх үйлдэл, эс үйлдэхүй байхгүй учраас эс үйлдэхүйг тогтоох гэдэг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үгүйсгэгдэж байна. 2023 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орж, газрын ажил бүхэлдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжсэн. Үүнтэй холбоотойгоор бид тайлбараа бүхэлд нь нийтэд илэрхий баримтаар буюу хууль тогтоомжоор нотолж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжийг Хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт буюу Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар Хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын чиг үүрэгт бүхэлд нь хамаарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Гөөс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд холбогдуулан 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “1. Э.Г миний эзэмшил бүхий нэгж талбарын дугаартай 10 га газрыг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2. “Г******* о” ХХК-иас үнэлсэн 405,900,000 төгрөгийн нөхөн олговор олгох асуудлыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр зохих журмын дагуу хүргүүлж, шийдвэрлүүлэхийг хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд даалгах, 3. Тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан 55,100,000 төгрөгийн хохирол гаргуулах асуудлыг зохих журмын дагуу хүргүүлж, шийдвэрлүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгах тухай” гэж эцсийн байдлаар тодруулсан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“1. Э.Г миний эзэмшил бүхий нэгж талбарын дугаартай 10 га газрыг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2. “Г******* о” ХХК-иас үнэлсэн 405,900,000 төгрөгийн нөхөн олговор олгох асуудлыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр зохих журмын дагуу хүргүүлж, шийдвэрлүүлэхийг хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд даалгах” шаардлагуудын тухайд:

1. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” дүгээр захирамжаар Э.Г******* Төв аймгийн Сэргэлэн сумын Оорцогийн баруун Дундговийн засмалын баруун гэх газарт  байрлах 10 га хэмжээтэй газрыг 60 айлын орон сууц, үйлчилгээний төвийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны дүгээр, 2021 оны 307 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрт хамаарах нийт 31501.3 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна.

3. Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Хот байгуулах тухай” 76 дугаар тогтоолоор Хүннү хотын эдэлбэр газрын хэмжээг 31501.3 га байхаар тогтоосон байна.

4. Дээрх улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд Хүннү хотын эдэлбэр газарт хамаарах 31501.3 га газартай нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 10 га газар давхцалтай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Мөн нөхөн олговортойгоор газрыг эргүүлэн авах иргэн, аж ахуйн нэгжийн судалгаанд нэхэмжлэгч Э.Г******* эзэмшлийн газар хамрагдсан болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хийсэн судалгаагаар[1] тогтоогдож байна.

6. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1.3-т “улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэж тус тус заасан байна.

 7. Дээрх Газрын тухай хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, газар эзэмшигчийн хууль ёсоор эзэмшиж байсан эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан нөхцөлд нөхөх олговор олгохоор тодорхой зохицуулсан, нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хууль заасны дагуу эзэмшиж байсан болох нь тодорхой тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байна гэж шүүх үзлээ.

8. Газрын тухай хуулийн 18.1-д “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”,  18.1.2-т “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14, 16.1.16, 16.1.17, 16.1.18-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх;” гэж заасан.

9. Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журмын 3.3-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авч, дараах арга хэмжээг авна”, 3.3.2-т “улсын тусгай хэрэгцээнд авах газрын нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "нөлөөлөлд өртөгч" гэх)-ын өмчилж, эзэмшиж байгаа газрын нөхөх олговрын урьдчилсан тооцоо, судалгааг хийх;” 3.3.3-д “энэ журмын 3.1-д заасан хүсэлт гаргасан байгууллагаас улсын тусгай хэрэгцээнд авах газрын нөлөөлөлд өртөгчид нөхөх олговор олгоход шаардагдах хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар санал авах;”, 3.12-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр энэ журмын 3.11-д заасан дүгнэлтийг дараах баримт бичгийн хамт зохих журмын дагуу хүргүүлнэ:”,    3.12.4-д “нөлөөлөлд өртөгчдийг оролцуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсан тухай тайлан, баримт бичиг, нөхөх олговрын тооцоо, судалгаа;”, 3.23-д “Газар ашиглалтын төлөвлөгөө баталсны дараа нөлөөлөлд өртөгчид нөхөх олговор олгох, тухайн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг харьяа Засаг дарга, аймаг, нийслэлийн газрын алба, улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан байгууллага хамтран зохион байгуулна.”, 4.1-д “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу нөлөөлөлд өртөгчид газрыг солих буюу эргүүлэн авах нөхөх олговор олгоно.”, 4.3-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.”, 4.23-д “Нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвийн төсөлд тусгах саналыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах байгууллага хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн төсвийн төсөлд тусгах саналыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ.”, 4.25.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нөхөх олговорт шаардагдах хөрөнгийн үнэлгээ, тооцоо судалгаа болон нөлөөлөлд өртөгчтэй тохиролцсон дүнгийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авна. Нөхөх олговор олгох асуудлыг Газрын тухай хуулийн 42.2-т заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр зохих журмын дагуу хүргүүлнэ.” гэж тус тус заасан байна.

10. Дээрх журмын зохицуулалтууд, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагч захиргааны байгууллагууд нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор нөхөн олговор авах нэхэмжлэгчийн хүсэлтийг Засгийн газарт уламжлахгүй, хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.  

11. Мөн Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 18.1.3-д “улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох;” гэж заасан зохицуулалтаас үзэхэд нөхөх олговор олгох эсэх нь яам, агентлагийн эрх хэмжээний асуудал биш харин зөвхөн Засгийн газрын эрх хэмжээний асуудал байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд газрыг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас нөхөх олговор олгох эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлах, хүргүүлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэлээ.

12. Хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “газрыг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэх нь манай яамны чиг үүрэгт хамааралгүй, агентлагийн буюу газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  чиг үүрэг гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

13. Учир нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А180 дугаар “Улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах гэрээ”, Улсын тусгай хэрэгцээний газрын ** дугаар гэрчилгээнээс[2] үзэхэд, тус газар Барилга, хот байгуулалтын яамны ашиглалтад байгаа болох нь тогтоогдож байна.

14. Дээрх Засгийн газрын 2025 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3.23-д Газар ашиглалтын төлөвлөгөө баталсны дараа нөлөөлөлд өртөгчид нөхөх олговор олгох, тухайн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг харьяа Засаг дарга, … улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан байгууллага хамтран зохион байгуулна., 4.23.Нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвийн төсөлд тусгах саналыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцах байгууллага хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, … хүргүүлж шийдвэрлүүлнэ.” гэж заасан байх уг зохицуулалтуудаас үзэхэд, улсын тусгай хэрэгцээний газрын ашиглалтыг хариуцсан байгууллага нь тус нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхэд оролцоотой байна.

15. Иймд шүүх нэхэмжлэлийн 1 болон 2 дахь шаардлагыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын аль алинд даалгах байдлаар хангаж шийдвэрлэлээ.

16. “Тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан 55,100,000 төгрөгийн хохирол гаргуулах асуудлыг зохих журмын дагуу хүргүүлж, шийдвэрлүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт даалгах тухай”-ыг хүссэн 3 дах шаардлагын тухайд:

17. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан байна.

18. Шүүх нэхэмжлэлийн 1 болон 2 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул уг шаардлагуудтай шууд уялдаа холбоо бүхий 3 дахь нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэр нь зүйтэй байна.

19. Өөрөөр хэлбэл газрыг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас үүнтэй холбоотойгоор үүссэн, учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах шаардлагыг мөн шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

20. Харин нэхэмжлэгчид ямар хэмжээний хохирол хэрхэн бодитоор учирсныг нотлох баримтаар нотлох нь нэхэмжлэгч Э.Г******* үүрэг тул Э.Гөөс гаргасан холбогдох баримтуудад үндэслэн хохирол гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг Засгийн газарт хүргүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. 

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Г******* нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, нэгж талбарын дугаар бүхий 10 га газрыг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговор авах Э.Г******* хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхгүй байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын болон Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Г О” ХХК-ийн үнэлгээний дагуу Э.Г******* нөхөн олговор авах хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт болон Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын яаманд, тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас учирсан хохирлыг гаргуулах Э.Г******* хүсэлтийг холбогдох нотлох баримтуудад үндэслэн Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт тус тус даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.БАТЗОРИГ

 

 

[1] 1 хавтас- 141 болон 150 дугаар хуудас

[2] 2 хавтас-75-81 дүгээр хуудас