| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 191/2025/08154/И |
| Дугаар | 191/ШШ2025/08357 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/08357
2025 10 06 191/ШШ2025/08357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ....... дүүрэг, ....... гудамж, ........тоотод оршин байрлах БГФ ХХК /РД:......../-ийн хүсэлттэй,
Б.Б /РД:........./-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдааны хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Иргэн Б.Б нь БГФ ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №2100130110017626 тоот зээлийн гэрээ байгуулан, 29,500,000 төгрөгийг, нэг сарын 2.89 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд зээлдэгч нь 48-51 УЕЕ улсын дугаартай, Toyota/Prius-XW30 маркийн, сувдан цагаан өнгөтэй автомашиныг фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгч БГФ ХХК-ийн өмчлөлд зээлийг төлж, дуусах хүртэлх хугацаанд түр шилжүүлсэн байдаг.
Зээлдэгч анх зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг сар бүрийн 12-ны өдөр төлөхөөр төлбөрийн хуваарь гаргуулан, талууд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч, Б.Б нь 2025 оны 2 дугаар сараас эхлэн зээлийн төлөлт огт хийхээ больсон. Зээлдүүлэгч байгууллагын зүгээс тухайн үед зээлдэгчтэй ярихад, тэрээр 2025 оны 1 дүгээр сарын эхээр машинаа хулгайд алдсан гэсэн тайлбараас өөрөөр дахин бидэнтэй холбогдоогүй.
Түүнээс хойш зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчийг эрэн хайх ажлыг бүхий л боломжоороо хийж байгаа боловч зээлдэгч олдохгүй байна.
Зээлдүүлэгч нь 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дахин зээлдэгчийн оршин суудаг хорооны эрх бүхий албан тушаалтантай уулзахад иргэн Б.Б нь тус хороонд бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй нь үнэн болно гэсэн утгатай тус хорооны Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 517 дугаартай тодорхойлолтыг өгсөн ба түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй байна.
Тус компанийн зүгээс шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Б.Б ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 517 дугаартай тодорхойлолт, БГФ ХХК-ийн хуулийн этгээдийн болон салбарын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Б тай байгуулсан 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2100130110017626 дугаартай Зээлийн гэрээ /хавсралтаар эргэн төлөлтийн хуваарь/-ний хуулбар, мөн өдрийн 2100130110017626 дугаартай Барьцааны гэрээ /фидуци/-ний хуулбар, депозит дансны хуулга /хх 2-13, 15/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч БГФ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаяраас өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.
7. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
8. Б.Б нь БГФ ХХК-тай байгуулсан зээл болон барьцааны гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.
9. Хариуцагч нь гэрээнд тусгагдсан Баянзүрх дүүрэг, 38 дугаар хороо, хилчин гудамж, 418 байр, 38 тоот хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч БГФ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Батжаргалын Болдбаатар /РД:........./-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Б ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б ын оршин суугаа хаягийг олж тогтоон БГФ ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э Ж.Х, Ж.Г утас: ..........-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН