2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/08633

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 13 191/ШШ2025/08633

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ... дүүрэг, ....хороо, .........тоотод оршин суух Т д овогт Н.Л /РД:УС51111238/-гийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ..... дүүрэг, ......... хороо, ..............тоотод оршин байрлах ДАЖ ХХК /РД:........../-д холбогдох

 

нэхэмжлэлийн шаардлага: 70,479,920.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Л , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

1.1. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...миний бие компанийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу ДАЖ ХХК-д зээлсэн 33 сая төгрөг, энэхүү хөрөнгийг бүрдүүлэхдээ банк болон бусдаас зээлсэн зээлийн хүүд төлсөн 3,775,561.64 төгрөг, зээлээ төлөөгүйгээс надад учруулсан хохирол 33,704,358.74 төгрөг буюу нийт 70,479,920.38 төгрөгийг тус компаниас гаргуулан авахаар нэхэмжилж байна.

Энэхүү зээлдүүлсэн 33 сая төгрөгийг бүрдүүлэхдээ 13 сая төгрөгийг нь өөрөө тэтгэврийн зээл авсан бөгөөд үлдсэн 20 сая төгрөгийг иргэн Я.О гоос тэтгэврийн зээлийн тэнцүү хэмжээний хүүтэй зээлсэн юм.

Би зээлсэн мөнгөө 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ДАЖ ХХК-ийн нягтлан бодогч Д.Б т бэлэн мөнгөөр, 81 дүгээр орлогын баримтаар өөрийн биеэр хүлээлгэн өгсөн болно.

ДАЖ ХХК-ийн санхүүгийн байдал хүнд байсныг харгалзан Төрийн банкнаас болон иргэн Я.Огоос зээлсэн зээлийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хөрөнгөөр хаасан болно.

Зээлээ төлөх талаар компанийн удирдлагад асуудлыг тавьж байсан боловч төлөлгүй өнөөдрийг хүрсэн юм. Хэдийгээр бичгээр үйлдсэн гэрээ байхгүй ч тухайн үеийн компанийн гүйцэтгэх захирал Л.Э нягтлан М.Ц нарт жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээл авсан, мөн тийм хүүтэйгээр хүнээс зээл авснаа мэдэгдэхэд бага хүүтэй байгааг онцолж байсан.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,350 төгрөгийг гаргуулан өгнө үү. ...,

 

1.2. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...миний бие ӨБХ ХХК-д 2012 оноос ерөнхий захирлын зөвлөхөөр ажилласан. 2017 онд ДАЖ ХХК нь ӨБХ ХХК-ийн замын ажил гүйцэтгэдэг охин компани байсан ба тухайн үед шинэ нисэхийн хурдны замын ажилд ерөнхий гүйцэтгэгч Хятад Улсын компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Ингээд ӨБХ ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Э таас ажил зогсох гээд байна, мөнгө олж өгөөч гэж надад хүсэлт тавьсан. Үүний дагуу би 13 сая төгрөгийн тэтгэврийн зээлийг 24 сарын хугацаатай авч, мөн өөрийн мэдэх хүнээс тэтгэврийн зээлийн хүүтэй тэнцэх хэмжээгээр 20 сая төгрөгийг олж 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ДАЖ ХХК-ийн нягтлан бодогч Д.Б т бэлэн мөнгөөр хүлээлгэж өгсөн.

2018 оны эхээр энэ мөнгийг надад буцаан өгч чадахгүй байсан учир миний өөрийн санхүүгийн бололцоо бий болонгуут би банк болон хүнээс авсан зээлээ хүүгийн хамт төлж дуусгасан. Үүнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зөвхөн банк болон хүнээс авсан зээлийн хүүд 3,775,561.64 төгрөгийг би төлсөн.

232 хоног төлөлт хийсэн тул 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өөрт хохирол учирсан гэж үзэж байгаа. Учир нь, би 6-7 жилийн хугацаанд мөнгөө банканд хугацаатай хадгалуулсан бол тодорхой хэмжээгээр хүү нь өсч, ирээдүйн үнэ цэнээ хадгалах бололцоо байсан.

Тийм учраас би харьцангуй бага хүүтэй, тогтвортой байсан Төрийн банкны 365 хоногийн хугацаатай хадгаламжийн хүүгээр хүүг бодож хохирлын тооцоог гаргасан. Надад 33 сая төгрөг, түүний хүүд төлсөн 3,7 сая төгрөг нийт 36,7 сая төгрөгийн шууд хохирол учирсан. Мөнгөний үнэ цэнэ алдалтаас болж хохирсон хохирлоо тооцоолж үзэхээр нийтдээ 70,4 сая төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирлоо нэхэмжилж байна. ... гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

 

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

...Нэгд. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тухайд:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт талууд хүү тогтоож болохоор, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулахаар, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар тус тус заасан.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөр шаардаж байгаа, мөн бусдаас авсан хүүтэй зээлийн мөнгөн төлбөрийн хүүг өөрийн хөрөнгөөр төлсөн нь хариуцагчийн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй шалтгаант холбоотой гэсэн үндэслэлээр шаардаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчтай зээлийн гэрээний харилцаа үүссэнийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, аман хэлцэл хийсэн гэж тайлбарласан боловч гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 33,000,000 төгрөг, бусдаас зээлсэн зээлийн хүүд төлсөн 3,775,561.64 төгрөг, учруулсан хохирол 33,704,358.74 төгрөг, нийт 70,479,920.38 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт авагдсан ДАЖ ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Л зөвлөх, гүйлгээний утга: Л даргаас гэх утгатай 33,000,000 төгрөгийн 81 дүгээр орлогын баримтын тасалбараар нэхэмжлэгч нь хариуцагчид 33,000,000 төгрөгийг зээлийн зориулалтаар шилжүүлэн өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёрт. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд:

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Н. Л агийн хариуцагч ДАЖ ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн 33,000,000 төгрөгийг шаардах эрх дууссан байна. Тодруулбал нэхэмжлэгч нь дээрх мөнгө гаргуулах талаар 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдсан тухай холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Ийнхүү, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.,

 

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэл дурдсанаар тухайн үеийн гүйцэтгэх захирал Л.Э нягтлан М.Ц нартай тохиролцоод энэхүү зээлийг олгосон гэдэг. Гэвч тухайн үед болон түүнээс хойших хугацаанд гүйцэтгэх захирлаар Б.М гэдэг хүн ажиллаж байгаа.

ДАЖ ХХК нь Н.Л гуайгаас мөнгө зээлээгүй. Н.Л гуай ӨБХ ХХК-д зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг. Тэрээр ӨБХ ХХК-д холбогдуулан мөнгөн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь шүүхэд мөн хянагдаж байгаа. ӨБХ ХХК нь Н.Л гуайд үндсэн цалингаас нь гадна орон сууц, автомашин зэргийг өгсөн байдаг. Үүнтэй холбоотой төлбөр тооцооны асуудлууд хоорондоо холилдсон байхыг үгүйсгэхгүй.

Гэрч Л.Э т мэдүүлэхдээ ...бид нар энэ хүнээс мөнгө зээлсэн, хамгийн сүүлд 2018 онд мөнгөө нэхэж байсан... гэдэг. Хэрвээ зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Тэгэхээр энэ хугацаа 2021 онд дууссан.

Өөрөөр хэлбэл, 2017 оноос хойш 8-9 жилийн дараа тухайн асуудлаар хандаж байгаа нь компанийн хувьд ч тэр, үйл баримтыг сэргээн санах, хэргийн бодит байдлыг тогтооход хүндрэлтэй байгаа. Ийм ч учраас хуульд хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан байдаг.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Н.Л гуайн хувьд 2021 ондоо шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Энэ эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй. ... гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.Л гийн иргэний үнэмлэхийн хувилсан хувь, зээлдүүлсэн мөнгөний хүү, зээлээ төлөөгүйгээс учирсан хохирлын тооцоолол бүхий хүснэгт, ДАЖ ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 81 дүгээр орлогын баримтын тасалбарын хуулбар, Төрийн банк болон Н.Л нарын хоорондох 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 107400184852-20171001 дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээний хувь, Төрийн банк дахь Н.Л , Я.О нарын харилцах дансны хуулга /хамрах хугацаа: 2017.9.26, 2018.4.03, 2018.4.04, 2018.4.24, 2018.5.03/, Төрийн банк дахь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх 3-10/-ыг гаргаж өгсөн.

 

3.2. Хариуцагч талаас: Б.Н , А.З нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, ДАЖ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ДАЖ ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 25/109 дугаартай тайлбар бүхий албан бичиг /хх 15, 33, 44, 50/-ийг гаргаж өгсөн.

 

3.3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/25082 дугаартай захирамжийн дагуу:

- гэрч Л.Э таас мэдүүлэг авсан 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл /хх 35-39/-ийг бүрдүүлсэн.

 

3.4. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч ДАЖ ХХК-иас нийт 70,479,920.38 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ зээлдүүлсэн 33,000,000 төгрөгийг, бусдаас зээл авч, түүний хүүд төлсөн 3,775,561.64 төгрөг, зээлийг буцаан төлөөгүйгээс олох ёстой байсан орлого 33,704,358.74 төгрөгийн хамт хохиролд тооцож буцаан гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүйн гадна, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр татгалзжээ.

 

4. Нэхэмжлэгч нь Өндөрбуянт холдинг ХХК-ийн ерөнхий захирлын зөвлөхөөр ажиллаж байх хугацаанд, тус компанийн гүйцэтгэх захирал Л.Э тын тавьсан саналын дагуу банк болон иргэнээс зээл авах замаар 33,000,000 төгрөгийг бүрдүүлж, тус компанийн хамаарал бүхий ДАЖ ХХК-ийн автозам барих ажилд зарцуулахаар бэлнээр зээлдүүлсэн, ингэхдээ эргэн төлөгдөх хугацаа, зээлийн хүү тогтоогоогүй гэх бөгөөд энэ талаар 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 81-р орлогын баримтын тасалбар гэх баримтыг үйлдсэн байна. /хх 6-10/

 

5. Уг баримтад Л зөвлөх /дарга/-с 33,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гээд нягтлан бодогч Д.Б гарын үсгээ зурж, ДАЖ ХХК-ийн санхүүгийн тамга тэмдгийг дарж баталгаажуулжээ.

 

6. Дээрх үйл баримтыг гэрч Л.Э т нэгэн адил мэдүүлсэн бөгөөд хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд няцаан үгүйсгэж чадаагүй болно. /хх 35-39/

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус заасан.

 

8. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно.

 

9. Гэрээг талууд амаар байгуулах нь хууль зөрчихгүйн сацуу, мөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээг байгуулсанд тооцох тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэв.

 

10. Иймээс нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бэлнээр шилжүүлсэн 33,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

11. Харин нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор банк болон иргэнээс зээл авч, түүний хүүд төлсөн гэх 3,775,561.64 төгрөг, мөн зээлийг буцаан төлөөгүйгээс олох ёстой байсан орлого гэх 33,704,358.74 төгрөг нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарахгүй байна.

 

12. Түүнчлэн, хариуцагч хүлээсэн үүргээ зөрчсөн эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч нь өөрийн санаачилгаар бусдаас авсан зээлийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргийг хариуцагч хүлээх үндэслэлгүй юм.

 

13. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж заасан.

 

14. Эндээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ биелүүлэхийг шаардсанаас хойш нэг сарын дотор мөнгийг буцаан төлөх үүрэг үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны хавар ийнхүү шаардсан болох нь гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

15. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

 

16. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсгүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.

 

17. Нэхэмжлэгчийн шаардсан цаг хугацаанаас хойш Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу гурван жилийн хугацааг тоолоход 2021 ондоо хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.

 

18. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэгэн баримт хэрэгт цуглараагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. гэсэн зохицуулалтад нийцнэ.

 

19. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар нь үүргээс татгалзах эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгож байгаа учир нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэнэ.

 

20. Иймд хариуцагч ДАЖ ХХК-иас 70,479,920.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Л гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

21. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцууллаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДАЖ ХХК-иас 70,479,920.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Л гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дуаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН