Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01791

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01791

 

 

 

 

ЭДГС ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/01666 дугаар шийдвэртэй, ЭДГС ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Эрдэнэчимэгт холбогдох ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тогтоолын 5 дугаар зүйлд заасныг биелүүлж, шинээр томилогдсон гүйцэтгэх захиралтай ажил хүлээлцэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэг, санхүүгийн тайлан зэргийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, түүний өмгөөлөгч Э.Билгүүн, хариуцагчийн өмгөөлөгч С.Үлэмж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ЭДГС ХХК-ийн 100 хувийн хувьцааны 70 хувийг Естнорм ХХК, үлдэх 30 хувийг иргэн О.Эрдэнэчимэг нар тус тус эзэмшдэг. Компанийн хувьцаа эзэмшигчид О.Эрдэнэчимэгийг гүйцэтгэх захирлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу Естнорм ХХК нь ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг гүйцэтгэх захирал О.Эрдэнэчимэгт гаргасан. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж заасны дагуу О.Эрдэнэчимэг нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргах ёстой байсан боловч гаргаагүй. Иймд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасны дагуу ЭДГС ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Естнорм ХХК н 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шийдвэрийг бие даан гаргасан. Уг хурлаас гүйцэтгэх захирал О.Эрдэнэчимэгийн бүрэн эрхийг дуусгавар болгож, шинэ гүйцэтгэх захирлаар Г.Бекболатыг сонгосон ба шинээр томилогдсон гүйцэтгэх захиралтай ажил хүлээлцэх, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, санхүүгийн тайлан зэргийг гаргаж өгөх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор зохион байгуулж, хүлээлгэн өгөхийг О.Эрдэнэчимэгт үүрэг болгосон. ЭДГС ХХК-ийн дүрмийн 6.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг О.Эрдэнэчимэг биелүүлэх үүрэгтэй. Иймд ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тогтоолын 5 дугаар зүйлд заасныг биелүүлж шинээр томилогдсон гүйцэтгэх захиралтай ажил хүлээлцэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэг, санхүүгийн тайлан зэргийг гаргаж өгөхийг О.Эрдэнэчимэгт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Естнорм ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шауетийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Монгол өмгөөлөгч ХХН-ийн өмгөөлөгч хэн нэгэн шууд төлөөлөх эрхтэй байхаар итгэмжлэл олгосон байхад өмгөөлөгч Э.Билгүүн Монгол өмгөөлөгч ХХН-ийн бланк, тамгыг ашиглан 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигч Естнорм ХХК-ийг төлөөлж ЭДГС ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэчимэгт хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал гаргаж, хэлэлцэх асуудлыг тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

Монгол өмгөөлөгч ХХН-ээс өмгөөлөгч Э.Билгүүнд Естнорм ХХК-ийг төлөөлөх эрхийг олгоогүй. Өөрөөр хэлбэл, Естнорм ХХК-ийг Монгол өмгөөлөгч ХХН нь төлөөлж байгаа бол төлөөлөгчөөрөө дамжуулж оролцох, өмгөөлөгчид нь шууд төлөөлж байгаа бол тухайн итгэмжлэлийн хугацаанд Монгол өмгөөлөгч ХХН-ийн гишүүн байсан гэдгээ нотлож өмгөөлөгчийн тамгаа хэрэглэж оролцох ёстой. Итгэмжлэлд энэхүү итгэмжлэлээр итгэмжлэгдэгчид ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах, хуралд оролцох, хэлэлцээр хийх, бичгээр өгсөн зааврын дагуу санал өгөх, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлын талаар хувьцаа эзэмшигчид тодорхой шийдвэрт хүрч чадаагүй тохиолдолд маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд Естнорм ХХК-ийг төлөөлөх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, уг асуудлаар бусад байгууллагад төлөөлөх эрхийг олгов гэжээ. Энэ итгэмжлэлээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал гаргах, ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргах, хэлэлцэх асуудлыг тодорхойлох, хурлыг даргалах, гүйцэтгэх захирлыг өөрчлөх, томилох эрх олгогдоогүй. ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай ямар ч шийдвэр гараагүй. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан ажиллагаанууд огт хийгдээгүй байхад хурал хийж хууль зөрчсөн. Нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулснаа хууль ёсны болсон гэж үзэж байгаа бол өөрчлөлтөө улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Энэ урьдчилсан ажиллагаа огт хийгдээгүй. Нэхэмжлэл гаргагч Г.Бекболат нь ЭДГС ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй гэж үзэж байна. Учир нь Г.Бекболатыг ЭДГС ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон гэх 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурал нь олон хуулийг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй үйлдэл юм. Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн Ж.Галымжан, Ж.Берик нар нь Монгол улсын иргэн О.Эрдэнэчимэг, Г.Энхдарь бид нарын 920 000 000 төгрөг үнэ бүхий мах боловсруулах үйлдвэрийн цогцолборын 70 хувийг 644 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг ЭДГС ХХК-ийн нэрээр Х.Шауетээр төлөөлүүлэн хийж 250 000 000 төгрөгийг Естнорм ХХК-аар дамжуулан төлсөн. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийн 61.4, 61.7 дахь хэсгийг заасныг баримтлан ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тогтоолын 5 дугаар зүйлд заасныг биелүүлж шинээр томилогдсон гүйцэтгэх захиралтай ажил хүлээлцэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэг, санхүүгийн тайлан зэргийг гаргаж өгөхийг О.Эрдэнэчимэгт даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эрдэнэчимэгээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Үлэмж давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигч Естнорм ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 16-ний өдөр хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал О.Эрдэнэчимэг нь Естнорм ХХК-тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбатаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгч миний хүсэлтээр ЭДГС ХХК-ийн нэхэмжлэлтэй миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг түдгэлзүүлсэн болно. Ийм нөхцөл байдал байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлэлгүйгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт төлөөлүүлэгчийн эрх зүйн чадамжийн тухай зохицуулалтын заасан байх бөгөөд хэрэв хуулийн этгээд төлөөлөх үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага дээрх төлөөлөх эрхийг эдлэх үүрэгтэй. Хэрэв гүйцэтгэх удирдлага буюу эрх бүхий этгээд өөрөө төлөөлөх боломжгүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагаас төлөөлөх этгээдийг томилох ёстой ба дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн үйлдлийг хуулийн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй юм. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ Б.Билгүүн нь өмгөөллийн Монгол Өмгөөлөгч XXН-ийн ахлах хуульч албан тушаалтай гэсэн нь тогтоогдож байгаа тул төлөөлөх эрхтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Нөхөрлөлийн тухай Монгол Улсын хуулийн дагуу нөхөрлөлийг зөвхөн гүйцэтгэх удирдлага эсхүл бүх гишүүдийн хурлаас эрх олгогдсон этгээд төлөөлөх эрхтэй ба энэ тухай Б.Билгүүн нь тухайн нөхөрлөлийг төлөөлөх бүрэн эрхтэйг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх төлөөлөх эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ЭДГС ХХК нь хариуцагч О.Эрдэнэчимэгт холбогдуулан ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тогтоолын 5 дугаар зүйлд заасныг биелүүлж шинээр томилогдсон гүйцэтгэх захиралтай ажил хүлээлцэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэг, санхүүгийн тайлан зэргийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

ЭДГС ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Естнорм ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр О.Эрдэнэчимэгийг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа өөрийн үүрэгт ажлыг шударгаар гүйцэтгэх, үнэнч байх зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж ажилласан тул гүйцэтгэх захирлаас чөлөөлөх нь зүйтэй гэж Естнорм ХХК нь ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг гүйцэтгэх удирдлага буюу О.Эрдэнэчимэгт гаргасан боловч тэрээр Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт ... хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана. гэж заасныг зөрчиж шаардлагыг хүлээн авсан боловч хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-ийн 7, 17, 19 дүгээр тал /

Естнорм ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шийдвэрийг бие даан гаргасан нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт ... шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно. гэж заасантай нийцжээ. /хх-ийн 18 дугаар тал/

Түүнчлэн ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулан ЭДГС ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэчимэгийн бүрэн эрхийг дуусгавар болгож, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар Г.Бекболатыг сонгож, шинээр томилогдсон гүйцэтгэх захиралтай ажил хүлээлцэх, компанийн шаардлагатай баримт бичиг /компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэг, санхүүгийн тайлан бусад/-ийг гаргаж өгөх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор зохион байгуулж, хүлээлгэн өгөхийг О.Эрдэнэчимэгт үүрэг болгосон нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол зэргээр нотлогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. /хх-ийн 14, 19 дүгээр тал/

Естнорм ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шауетээс Монгол өмгөөлөгч ХХН, түүний өмгөөлөгчдөд 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр олгосон 10 тоот итгэмжлэлээр ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах, хуралд оролцох, хэлэлцээр хийх, бичгээр өгсөн зааврын дагуу санал өгөх, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлын талаар хувьцаа эзэмшигчид тодорхой шийдвэрт хүрч чадаагүй тохиолдолд маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд Естнорм ХХК-ийг төлөөлөх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, уг асуудлаар бусад байгууллагад төлөөлөх эрхийн дагуу Монгол өмгөөлөгч ХХН-ийн ахлах өмгөөлөгч Э.Билгүүн нь Естнорм ХХК-ийг төлөөлж ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зохион байгуулж ажилласныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. Тодруулбал, дээрх итгэмжлэл нь Монгол өмгөөлөгч ХХН-д төдийгүй түүний өмгөөлөгчдөд олгогдсон байна. /хх-ийн 20, 90 дүгэрэ тал/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй О.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Естнорм ХХК-д холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх бөгөөд энэ нь аливаа нэгэн этгээдийн үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй учраас хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлах, явуулах талаар хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр эсэхийг дүгнэхэд саад болохгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч ЭДГС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тогтоолын 5 дугаар зүйлд заасныг биелүүлж, шинээр томилогдсон гүйцэтгэх захиралтай ажил хүлээлцэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэг, санхүүгийн тайлан зэргийг гаргаж өгөхийг хариуцагч О.Эрдэнэчимэгт даалгахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/01666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14

хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ