Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/187

 

          2025            02            04                                    2025/ДШМ/187

 

Ч.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогч Ц.Б,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 20ы өдрийн 2024/ШЦТ/823 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Хын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2403002370834 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21ий өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Ч.Х

            Архангай аймгийн шүүхийн 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 199а, 200а дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаартай зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар,

            Говьсүмбэр аймгийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212.а-д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар,

            Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

            Шүүгдэгч Ч.Х нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” ШТС-ын баруун талын тээврийн хэрэгсэл зорчих замд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим “Тоёота приус” загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 1.3, 10.1-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас цахилгаан мопед унаж явсан хохирогч Ц.Бтай мөргөлдөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газраас: Ч.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ч.Хыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаатай хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хыг зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгт зааснаар шүүгдэгч Ч.Хаас нийт 4,882,940 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Бд олгож, 1 жилийн хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хаас нийт 8,580,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Бд олгож, 2 жилийн хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хаас 1,439,161 /нэг сая дөрвөн зуун гучин есөн мянга нэг зуун жаран нэгэн/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 2 /хоёр/ жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Х давж заалдах гомдолдоо: “...Миний бие Ч.Х нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өглөө 10 цаг 30 минут орчимд Дэнжийн мянгад хойноос урагш уруудаж яваад үргэлжилсэн тасархай шугам дээр зүүн гар гүйцэж түрүүлэхээр дараад толинд харахад мотоцикл орж ирэн цагаан шугамыг 50см орчим нэвтрээд зогсоход мотоцикл ирж мөргөн эсрэг урсгалд орсон. Мотоцикл саадыг тойрох боломжтой байсан болно. Албан ёсны шинжээчийн дүгнэлтэд мотоцикл аль ч байдалд замын баруун гар талд явж байх ёстой учраас 2 тал хоёулаа буруутай гэсэн дүгнэлт гарсан боловч Ч.Х миний бие яллагдагчаар татагдан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны дугаар 2024/ШЦТ/823 тогтоолоор иргэн Ц.Бд Эрүүл мэндийн даатгалын санд 1,439,162 төгрөг мөн сэтгэл санааны хохиролд 8,580,000 төгрөгийг төлөхөөр мөн 6 сар Сүхбаатар дүүргээс гарахгүй байх, автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул үнэхээр гомдолтой, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул надад оногдуулсан Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин нэг хянаж үзэхийг хүсэж миний амьдрал болоод ар гэр бүхэнд минь үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирол төлбөр төлөөгүй. Би 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хөлийнхөө хадаасыг авахуулсан. Би энэ талаарх баримтуудаа цуглуулаад аваад ирсэн. Миний хувьд 2 цаг гаруй хүнд хагалгаанд орсон. Хэдий мэдээ алдуулалттай орсон ч надад мэдрэгдээд хэцүү байсан. Одоо ч гэсэн хүндрэлтэй байна.” гэв.

 

Прокурор П.Итгэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байна. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Х нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” ШТС-ын баруун талын тээврийн хэрэгсэл зорчих замд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим “Тоёота приус” загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 1.3, 10.1-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас цахилгаан мопед унаж явсан хохирогч Ц.Бтай мөргөлдөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Бгийн “... би тухайн өдөр Дэнжийн 1000-ын зам уруудаад 25-30 км цагийн хурдтай явж байхад миний урд талд явж байсан Приус загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн дараад миний урдуур гэнэт хөндөлсөөд ороод ирсэн. Надад ямар ч самбаачлах хугацаа байхгүй байсан учраас очоод мөргөөд унасан. ...” /хх 25-26/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5542 дугаартай шинжээчийн “Ц.Бгийн биед баруун тойг ясны ил хугарал, баруун гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх 62-63/,

 

2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1910 дугаартай “... анхны мөргөлдсөн гэх “А” цэгийн байрлал, Toyota Prius-20 загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл зэрэгт үндэслээд Toyota Prius-20 загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь эсрэг урсгалд орох үйлдэл хийсэн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байх боломжтой байна. ...” /хх 102-105/,

 

2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2413 дугаартай “... Toyota Prius-20 загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Х нь зам тээврийн осол гарахаас өмнө тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй байна. ... Осол учралд зам орчны байдал нөлөөлөөгүй байна. ...” /хх 115-118/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1573 дугаартай “... Жолооч Ч.Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 1.3-т заасны дагуу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1-д заасны дагуу “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүхий нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.”...” /хх 142/ дүгнэлтүүд,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-18/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1421 дугаартай ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлыг 595,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх 80/,

 

2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаартай Super соко ТС цахилгаан дугуйны эвдрэл, хохирлыг 2,637,600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх 92/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Хыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх нь Ч.Хт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бд учирсан хохирол, түүний сэтгэцэд учирсан хор уршгийн талаар хууль үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Хохирогчоос гаргаж өгсөн болон мөрдөгчөөс сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоосон баримтад тулгуурлан “...шүүгдэгч Ч.Хаас хохирогч Ц.Бгийн сэтгэцэд учирсан хохиролд 8,580,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн...” нь хэргийн үйл баримт, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ зэрэгт тохирсон байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлээр гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ тогтоохоор хуульчилж өгсөнд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох журам”-ыг баталсан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдсөн.

 

Түүнчлэн, Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба тус аргачлалд “...хүндэвтэр гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг гуравдугаар зэрэглэлд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийг тогтоосон. ...” байх ба хохирогч Ч.Хын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, хүндэвтэр гэмтлийн улмаас үүсэх сэтгэцийн эмгэгийг гуравдугаар зэрэглэлд тооцох талаар заасан байна.

 

Иймд анхан шатны шүүх хүндэвтэр гэмтэл учирсан хохирогч Ц.Бд олгох нөхөн төлбөрийг гэмт хэрэг үйлдэгдсэн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлснээр буюу нөхөн төлбөрийн хамгийн доод хэмжээгээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгчээс хохирол, төлбөрийг хугацаа тогтоон гаргуулахдаа тодорхой үндэслэл заагаагүй байх бөгөөд шүүгдэгч өнөөг хүртэл хохирогчид хохирол төлбөрөөс төлөөгүй, хохирогчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж хохирол, төлбөр төлөх хугацаа тогтоох шаардлагагүй буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор биелэгдэх боломжтой гэж үзэн анхан шатны шүүхийн хугацаа тогтоосон хэсгийг хүчингүй болгон, шүүгдэгч Ч.Хын гаргасан “... гэм буруутайд тооцсон дүгнэлт үндэслэлгүй, ял шийтгэл оногдуулж, хохирол төлбөрийг гаргуулахаар заасанд гомдолтой ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Х нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах талаар давж заалдах гомдол гаргахдаа ямар үндэслэлээр гэм буруу болон хохирол, төлбөрийн асуудал дээр эс зөвшөөрч буй талаар тодорхой үндэслэл заагаагүй болохыг дурдаж байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/823 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

6 дахь заалтын “... 1 жилийн хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, ...” гэсэн,

7 дахь заалтын “... 2 жилийн хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, ...” гэсэн,

8 дахь заалтын “... 2 жилийн хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, ...” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож,

7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар ...” гэж өөрчлөлт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ