| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0768/Э |
| Дугаар | 842 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 842
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч О.Багшбаяр,
Өсвөр насны шүүгдэгч Л.Б , түүний хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэг,
Өсвөр насны шүүгдэгч У.М , тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Л.Б , У.М нарт холбогдох эрүүгийн 1806 02799 0916 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдөр аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, коллежид сурдаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо тоотод оршин суух бүртгэлттэй, гавъяа шагналгүй,
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаанд хэрэглэсэн, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, овгийн Л Б.
2. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, коллежид сурдаг, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Баянзүрх дүүргийн 22 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, овгийн У М.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Л.Б , У.М нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Алтансүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч У.М мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.Б ын хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэг мэдүүлэхдээ: “Миний хүүд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Дахиж гэмт хэрэгт холбогдуулахгүй байж чадна.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Алтансүхийн өгсөн мэдүүлэг /хх-15/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 4636 дугаартай дүгнэлт /хх-19/, шинжээч эмч Н.Туяаг байцаасан тэмдэглэл /хх-42/, өсвөр насны шүүгдэгч Л.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-53-54/, өсвөр насны шүүгдэгч У.М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-58-59/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Батсуурийн хүсэлт /хх-13/, өсвөр насны шүүгдэгч Л.Б төрсний гэрчилгээний хуулбар /хх-24/, өсвөр насны шүүгдэгч Л.Б иргэний үнэмлэхийн хуулбар /хх-25/, сургуулийн тодорхойлолт, зан байдлын тодорхойлолт /хх-27-28/, өсвөр насны шүүгдэгч У.М иргэний үнэмлэхийн хуулбар, сургуулийн тодорхойлолт, зан байдлын тодорхойлолт /хх-33-37/, өсвөр насны шүүгдэгч У.Мөнх-Оргилын ял шалгах хуудас /хх-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Л.Б , У.М нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Алтансүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.Алтансүхийн өгсөн: “…97 дугаар сургуулийн гадна талбайн хажууд ангийн хүүхэд Нямбаатар бид 2 явж байхад ардаас 3 хүүхэд гүйж ирээд явж байхад ардаас 3 хүүхэд гүйж ирээд ямар ч шалтгаангүйгээр нэг хүүхэд нь /У.М / толгойн тус газар руу гараараа 1 удаа цохисон. Нүүр рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн, нөгөө хүүхэд нь /Л.Б/ гараараа 1 удаа баруун чих рүү цохисон, хөлөөрөө толгойн хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд явцгаасан ардаас нь алхаад явж байгаад У.Мөнх-Оргилыг “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэсэн чинь миний толгойн тус газар руу дахиад нэг удаа цохьсон" гэх мэдүүлэг /хх-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Батсуурийн гаргасан: “ Би Б.Алтансүхийн эмчилгээний зардалд 1.200.000 төгрөгийг авсан гомдол саналгүй байхгүй.” /хх-13/ гэх тайлбар,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.Нямбаатарын өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би найз Б.Алтансүхтэй өөрийн сурдаг 97 дугаар сургуулиас гараад явж байхад 10 гаран хүүхэд манай сургуулийн ойролцоо байсан. Тэгээд тэр хүүхдүүд бид хоёрыг зүгээр явж байхад араас ирээд ямар ч шалтгаангүйгээр зодсон.” /хх-6/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Баттулгын өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр найз Нармандахын гэрт байж байхад У.М , Л.Б нар ирсэн. Манайхаас замаараа Баагийтай уулзаад У.М ын 10 жилийн ангийн хүүхэд нь залгаад “манай ангийн 3 бандийг 12 дугаар ангийнхан нийлээд зодсон” гэхээр нь бид хэд 97 дугаар сургуулийн гадна очсон. Тэгтэл 12 дугаар ангийн хүүхэд ирсэн. Тэд нартай бид хэд маргалдахад тэр хүүхдүүд бүгдээрээ зугтаагаад явсан. Гэтэл бид нар араас нь хөөсөн замд 2 хүүхэд тааралдахаар нь тэд нарын нэг нь юм байх гэж андуураад Л.Б 1 хүүхдийг барьж аваад цохиж харагдсан.” /хх-10/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 4636 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Алтансүхийн биед тухайн үед хамар ясны хугарал, тархи доргилт, чихэнд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэдийд үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй,
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, гэх дүгнэлт /хх-19/,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Н.Туяаг байцаасан тэмдэглэлд: “...иргэн Б.Алтансүхийн биед учирсан хамар ясны хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, тархи доргилт дангаараа хөнгөн зэрэг, чихэнд няцарсан шарх нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-42/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Л.Б яллагдагчаар өгсөн: “...Одко гээд таньдаг банди “97 дугаар сургуулийн атамануудтай муудалцчихлаа” гээд хүрээд ирсэн. Одкотой хориод хүүхэд дагаад хүрээд ирэхээр нь Нармандах “чи яасан тийм 97-н атаман юм уу” гэхэд тийм гэж хариулсан. Нөгөө хүүхдүүдтэй бид хэд маргалдаад хэл амаар нэг нэгнийгээ доромжилсон. Тэгээд тэр хүүхдүүд тараад явчихсан, гэтэл У.Мөнх-Оргил тэр хүүхдүүдтэй хамт явж байсан хүүхэд гэж бодоод энэ өргөдөл гаргасан 2 хүүхдийн нэгийг нь цохьчихсон. Тэгээд би Б.Алтансүхийн ардаас нь очоод нуруу руу нь 1 удаа цохьсон, өшиглөх гэсэн боловч чадаагүй. Нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиод, хүзүү хэсэгт нь 1 удаа цохисон.” /хх-53-54/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч У.М ын яллагдагчаар өгсөн: “...Сургуулийн үүдээр явж байгаад хуучин ангийн Одбаяртай тааралдаад мэнд ус мэдээд юм ярихад “12г ангийнхан биднийг дээрэлхээд байна” гэхээр нь “чи сургууль руу ороод 12г ангийн хүүхдүүдийг дуудаад гаргаад ирдээ ярилцаад үзье” гэж хэлсэн. Удалгүй 12г ангийн 10 гаруй хүүхэд гарч ирэхээр нь би “та нар яагаад ангийн хүүхдүүд дээрэлхээд байгаа юм бэ” гэхэд тэдний ангийн Мөнхжин гэдэг хүүхэд утсаар ярьж байгаад утсаа тасалчихаад “пизда нар минь байж бай одоо хүн ирэхээр та нарыг алнаа” гэхээр нь манай найз Отгонбаяр “та нар наанаа зогсож бай даа” гэхэд бүгдээрээ цаашаа зугатаачихаар нь ардаас нь Нармандах, Бат-Эрдэнэ нар гүйсэн 2 хүүхэд алхаж явахаар нь очоод би Б.Алтансүх гэх хүүхдийнх нь зүүн хацар дээр нь гараараа 1 удаа цохисон, доошоо тонгойхоор нь өшиглөсөн чинь хамар руу нь өшиглөчихсөн байсан.” /хх-58-59/ гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч У.М , Л.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-33, 25/,
Өсвөр насны шүүгдэгч У.М , Л.Б нарын ял шалгах хуудас /хх-26, 65/,
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Очбадралын гаргасан: “…Эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэм хорын хохирлыг арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Өсвөр насны шүүгдэгчид оногдуулах 3 төрлийн ял байдаг. Өмгөөлөгчийн зүгээс юу гэж үзэж байна вэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчид энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болохоор тогтоож өгсөн байгаа. Өмгөөлөгчийн хувьд яагаад ял хойшлуулж болно гэж үзэж байгаа вэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэрэг маань хөнгөн ангиллын гэмт хэрэг байгаа. Хөнгөн ангиллын гэмт хэрэг байгаа учраас өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг хойшлуулах боломжтой гэж үзэж байна. Хуулинд анх удаа гэсэн хэллэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлал тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэсэн байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг хойшлуулах бүрэн боломжтой” гэж тайлбар гарган мэтгэлцэх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах” гэсэн эрүүгийн ялын төрөлтэй байх тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүхээс үзлээ.
Прокуророос өсвөр насны шүүгдэгч У.М , Л.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь учир шалтгааны зөрчилтэй, алдаатай байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасныг журамлах шаардлагагагүй юм.
Ийм учраас өсвөр насны шүүгдэгч У.М , Л.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэж зөвтгөхөөр тогтов. Ийнхүү зөвтгөсөн нь шүүгдэгч нарын эрхзүйн байдлыг дордуулаагүй болно.
Өсвөр насны шүүгдэгч У.М , Л.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд өсвөр насны шүүгдэгч нарын хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, баримтын хэмжээнд нэхэмжилсэн хохирол төлөгдсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар өсвөр насны шүүгдэгч У.М , Л.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг баримталж шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч У.М , Л.Б нарыг тус бүрийг 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгтээ өсвөр насны шүүгдэгч М, Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Бн овгийн Л Б, овгийн У М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч У.М , Л.Б нарт тус бүрт 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч У.М , Л.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч У.М , Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч У.М , Л.Б нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч У.М , Л.Б нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС