| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2026/0417/З |
| Дугаар | 128/ШШ2026/0847 |
| Огноо | 2026-09-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2026/0847
2026 09 25 128/ШШ2026/0847
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК /РД:/,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Маргааны төрөл: хуш модны самрын идээний гарцыг тогтоосон тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, өмгөөлөгч С. /цахим/, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Д. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг А.Анар-Эрдэнэ хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. А ХХК ойн дагалт баялгийг ашиглах, хуш модны самрын идээ экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг ойн мэргэжлийн байгууллага бөгөөд Ойн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх (ойн дагалт баялгийг ашиглах) зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар сунгасан, уг зөвшөөрлийн хүрээнд тус компани 2023 оныг дуустал хугацаанд хуш модны самар түүж бэлтгэх, самрын идээг экспортлох үйл ажиллагааг эрхэлсэн.
2.2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хүсэлт, Ойн газартай байгуулсан гэрээгээр Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хуш модны самрын идээ, ясны гарцын судалгааг 2020-2025 онд 9 аймгийн 12 сумын хушин ойгоос түүж бэлтгэсэн самрын дээжид хийсэн, судалгааны тайлангаар Сибирь хуш (Pinus sibirica Du Tour)-ны самрын идээний гарц 33.7 хувь, ясны эзлэх хэмжээ 66.3 хувь гарсан, хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл судалгааны дүнг баталгаажуулсан.
2.3. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хурлаар хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоосон судалгааны тайланг хэлэлцэж хуш модны самрын идээний гарцыг 40 хувиар, ясны гарцыг 60 хувиар тогтоосон.
2.4. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаалаар Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хурлын шийдвэрийг үндэслэж Сибирь хуш (Pinus sibirica Du Tour) модны самрын идээний гарцыг 40 хувь, самрын яс болон хаягдлыг 60 хувиар тогтоож, улмаар 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож, хуш модны самрын идээг экспортлох үйл ажиллагаанд Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хурлын шийдвэрийг мөрдөхийг Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газарт үүрэг болгосон.
2.5. Нэхэмжлэгч анх шүүхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан
2.5.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаар "Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай" тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж,
улмаар сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан
2.5.2. Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан
2.5.3. Сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар “хуш модны самрын идээний гарцыг тогтоосон” тушаалд үндэслэн олгогдож буй хуш модны самрын идээ экспортлох зөвшөөрлийг олгож байгаа яамны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, уг үйл ажиллагааг зогсоохыг даалгуулахаар,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан
2.5.4. Сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тоот тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,
2.6. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан “Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар “хуш модны самрын идээний гарцыг тогтоосон” тушаалд үндэслэн олгогдож буй хуш модны самрын идээ экспортлох зөвшөөрлийг олгож байгаа яамны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, уг үйл ажиллагааг зогсоохыг даалгуулах”, “Сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тоот тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан тул Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох хэргийг тусгаарлан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
2.7. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаар "Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай" тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагаа “хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн өөрчилснөөр хэргийг шийдвэрлэв.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаар "Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай" тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“...Манай компани нь "Ойн дагалт баялгийг ашиглах" чиглэлээр Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын "Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай" тушаалаас шалтгаалан манай компанийн эрх ашиг хөндөгдөөд байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаар "Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай" тушаалыг Сибирь хуш (Pinus sibirica Du Tour) модны самрын идээний гарцыг 40 хувь, самрын яс болон хаягдлыг 60 хувиар тус тус тогтоож баталсан байна.
Ийнхүү эрх бүхий албан тушаалтны судалгаа шинжилгээгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа байгаль орчинд тэр дундаа ойн сан, хуш модны нөөц, ойн дагалт баялгийг зохистой ашиглахад хохирол учруулах нөхцөл байдлыг үүсгээд байна.
Маргаан бүхий акт нь Захиргааны акт болох тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." гэж заажээ. Уг тушаал нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам буюу Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-т заасан захиргааны байгууллагаас самар түүж, бэлтгэж, экспортлохтой холбоотой харилцааг зохицуулахаар Ойн дагалт баялгийг ашиглах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд буюу нийтийн эрх зүйн хүрээнд гарсан байна
Тодруулбал "Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай" тушаал нь нийтлэг шинж бүхий тодорхойлж болохуйц этгээдэд буюу зөвхөн ойн дагалт баялгийг ашиглах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ бүхий хуулийн этгээдэд чиглэсэн байгаагаараа захиргааны актын тусгай зохицуулалт гэж үзэхээр байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37.7-д "Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно." гэж заасантай нийцэхээр байна.
Мөн дотоод зохион байгуулалтын хүрээнд биш гадагш чиглэсэн, ойн дагалт баялгийг ашиглах, чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүхий л компани, байгууллагуудад эрх зүйн шууд үр дагаврыг бий болгохоор байна.
Ингэхдээ энэхүү шийдвэр нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд дараах байдлаар сөргөөр нөлөөлж байна. Үүнд:
Хуш модны самрыг түүж, боловсруулан экспортлож байгаа бүхий л компаниуд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6.1, 8.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.29-д тус тус зааснаар дуудлага худалдаанд оролцож тухайн жилийн түүх самрын зөвшөөрлийг авдаг. Ингэхдээ тонн, кг-аар тооцож түүх самрын хэмжээг тогтоодог буюу түүнээс шалтгаалан бүхий л компанийн ашиг, алдагдал, ирээдүй хамаардаг. Сайдын гаргасан тушаалыг мөрдвөл дуудлага худалдаагаар 100 кг-ийн самрын эрх авсан компани 40 кг-тай тэнцэх хэмжээний самрын идээ экспортлох боломжтой ба түүнээс илүүг экспортлох боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Гэтэл бодит байдалд тухайн жилийн цаг уур, дулаарал, хүйтрэл, болцын болон хураалтын хугацаа, газар нутгийн бүс, ойн насжилт зэргээс идээний хувь харилцан адилгүй адилгүй байх боломжтой тул уг тушаалд тогтоосноор жил бүр самрын идээний гарцыг 40%, самрын яс болон хаягдлыг 60%-иар шууд тооцох боломжгүй.
Нэг аймагт байгаа сумдууд хоорондын самрын идээний гарц ч мөн адил тухайн жилийн ургацаас хамааран ялгаатай байдлаар идээний гарц гардаг. Мөн самар гэдэг нь гаднах бор яс, давирхай үртэс буюу хаягдал, чөмөгний гадуурх шар хальс, доторх цагаан чөмөг гэх зүйлүүдээс бүрдэх ба доторх цагаан чөмөгний гарцын хувь, доторх цагаан чөмөг нь шар хальстайгаа гарах гарцын хувь нь харилцан ялгаатай тогтоогддог. Цахим орчинд байгаа тушаалын төслөөс харахад идээний гарцыг 40%, самрын яс болон хаягдлыг 60% байхаар тогтоосон байх бөгөөд самрын хальс нь зарим тохиолдолд идээтэй хамт боловсруулагдаж хүнсэнд хэрэглэгддэг учраас идээний эзлэх хувьд хамаарагдах эсвэл хаягдалд хамаарах эсэх нь тодорхойгүй байна.
Ботаникийн хүрээлэн гэх ганцхан байгууллагын 2022-2025 онуудын тухайн жилдээ ямар нэг судалгаа хийгдээгүй, хадгалалтын горим зөрчигдөж хэр хэмжээний чанараа алдаж ууршсан нь тодорхойгүй 3-4 жилийн дээжинд, нэг л үйлдвэрт туршилт хийж үзсэн байх ба 8 аймгийн хүрээнд буюу тус аймгуудийн нэг л сумаас авсан дээжинд судалгаа хийсэн нь тодорхой харагддаг. Үйлдвэрийн хүчин чадлаас хамааран идээ, хальс, хаягдлын хэмжээ нь ялгаатай тогтоогддог бөгөөд нэг аймгийн 2 өөр сумаас буюу бүсчлэлээс ч хамааран мөн ялгаатай байдаг.
Энэ ч утгаараа зүй нь уг тушаал нь тухайн жилийн хувь хэмжээг тогтоож жил бүр батлагдах ёстой бөгөөд цахим орчинд байгаа тушаалын төслөөс харахад байнга үргэлжлэх хэв шинжтэй буюу жилээс жилд нэг л хувь хэмжээгээр дагаж мөрдөгдөх хэв шинжтэй байна.
Энэхүү дүгнэлтээр бүхэл бүтэн улсын хэмжээнд бодит байдалтай нийцэхгүй, хатуу хэм хэмжээг нэгдсэн байдлаар тогтоосон нь бүх компаниудын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрх ашигт сөргөөр нөлөөлж байна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасан.
Нэхэмжлэгчийн зүгээс анх тус шүүхэд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан боловч захиргааны хэрэг үүссэний дараа буюу урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хариуцагч нь маргаан бүхий актыг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тоот тушаалаар хүчингүй болгосныг мэдсэн.
Хариуцагч нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосон боловч холбогдох журам эсхүл тушаалыг засаж батлаагүй, хуш модны самрын идээний гарц 40 хувь, самрын яс болон хаягдал 60 хувь гэж тогтоосон үйл баримт зөвтгөгдөөгүй байгаа нь нэхэмжлэгчийн маргаж буй ашиг сонирхол хэвээр байгаа гэж үзнэ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон сайд нь хуш модны самрын идээний гарц тогтоох асуудалд 2024 оноос эхлэн дээрх жишгээр хандсаар байгаа буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд тушаалаа хүчингүй болгож, түр журам батлах байдлаар аргацаасаар ирсэн юм.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн хэвээр байх тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тоот "Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай" тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нь туйлын ач холбогдолтой болно.
2024 оноос өмнө хуш модны самрын идээ 70 хувь, самрын яс болон хаягдлыг 30 хувиар тооцдог байсан ба самар үүндээ таарсан үнэ цэнэтэй байсныг хаанаас дээж авсан нь тодорхойгүй дүгнэлтийг үндэслэн эсрэгээр нь болгож, нэг үзүүлэлтийг 2 дахин хасаж, нөгөөг 2 дахин нэмж үндэслэлгүй тушаал эсхүл Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлөөс гаргасан хурлын шийдвэрийг баримтлан хариуцагч байгууллага нь экспортын зөвшөөрөл өгч, самрыг хямд үнээр худалдан авч экспортод гаргаж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудад илүү боломж олгон тэгш бус байдлыг үүсгэсэн тул уг үйл ажиллагааг таслан зогсоох нь зүйтэй юм.
Компанийн үйл ажиллагаа бизнесийн төлөвлөгөөгөөр явдаг. 70 хувь, 30 хувь гэж байсныг 40 хувь, 60 хувь болгосон. Энэ нь манай компанийн үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн.
Манай компани 2024, 2025, 2026 онуудад экспортын ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Гэхдээ үүгээр компанийн эрх ашиг шууд зөрчигдөхгүй гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл манайх экспортын эрхээ хэрэгжүүлэхийн тулд бүх дүрэм, журам хууль ёсны дагуу байх ёстой гэсэн шаардлагыг тавьж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж явж байгаа. Тиймээс энэ тохиолдолд манай компанийн эрх ашиг шууд хөндөгдөж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэл гаргасан.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“А” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хуш модны самрын бэлтгэл, боловсруулах, экспортлох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Ойн газрын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* тоот тушаалаар батлагдсан ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. Энэ тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр. Компанийн зүгээс яамнаас гаргаж байгаа нэг тушаалыг батлаад, дараа нь хүчингүй болгох, нэг журам батлаад дахиад хүчингүй болгох зэргээр хуш модны самрын бизнесийн хувьд ямар ч хөрөнгө оруулалтын тогтвортой байдал үүсгэхгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийг шахаж гаргаж байгаа гэж үзэж байна. Үүнээс болоод “А” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон, манай эрх ашиг ингэж зөрчигдөөд байна гэж тайлбарлаж байгаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тоот тушаалаар хуш модны самрын идээний гарцыг тогтоосон байдаг. Сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тоот тушаалаар байгуулагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хурлын шийдвэрийг үндэслэж Сибирь хуш модны самрын идээний гарцыг 40 хувь, самрын яс болон хаягдлыг 60 хувиар тус тус тогтоосон байдаг. Ийнхүү тогтооход Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэг, Засгийн газрын 2013 оны тогтоолоор баталсан Ойн зохион байгуулалтын журмын 4.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тушаал гарсан. 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гарсан тушаалыг хүчингүй болгуулахаар 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Ийнхүү захиргааны хэрэг үүсгэж явагдаж байхад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар хүчингүй болгосон. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тушаалаар баталсан “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчингүй болсон. Нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол хөндөгдсөн талаар тайлбарлавал уг тушаалыг батлах эрх олгогдоогүй. Үүний дагуу 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ойн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Ойн мужийн иргэдийн зөвлөл буюу Шинжлэх ухааны академи болон самрын идээний гарцыг тогтоох тухай тушаал гаргана гэх өөрчлөлт орсон. Нэхэмжлэл гаргах энэ хугацаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болоон Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлд самрын идээний гарцыг тогтоох эрх хуулиар олгогдоогүй байсан учраас хууль бус тушаал гэж үзэж байна.
Тэгэхээр энэ тохиолдолд дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нь “А” ХХК-д 2024 оноос хойш үйл ажиллагаа явуулах байсан боломж болон цаашид үйл ажиллагаа явуулах, тухайн үед учирсан хохирлоо нэхэмжлэх зэрэг эерэг үр дагаврыг үүсгэх учраас уг тушаалыг хууль бус байсан болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу тогтоож өгнө үү.
“А” ХХК-ийн хувьд 2024 он хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүний дагуу хуш модны самрын идээний гарцыг тогтоосноос болж компанийн хөрөнгө оруулалт болон тогтвортой үйл ажиллагааны энэ чиглэлд өөрчлөлт орж тогтвортой үйл ажиллагаа цаашид явуулах боломжгүй болсон гэж маргаж байгаа. Иймд дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгосноор цаашид иргэний журмаар нэхэмжлэл гаргаж компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломж үүсэхээр байгаа.” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тушаалаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дугаар тушаалаар байгуулагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хурлын шийдвэрийг үндэслэж хуш модны самрын идээний гарцын хэмжээг 40 хувь, самрын яс болон хаягдлын хэмжээг 60 хувь байхаар тогтоосон. Нэхэмжлэгч талаас уг шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Уг захиргааны актыг хууль бус байсныг тогтоосноор нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэх нь ойлгомжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл гаргадаг. Уг шийдвэр нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр сайдын тушаалаар гарцын хэмжээг тогтоосон. Энэ хугацаанд 2024 оноос хойш “А” ХХК нь хуш модны самар түүж бэлтгэх дуудлага худалдаанд оролцоогүй, самрын идээ экспортлох хүсэлт гаргаагүй учраас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байна Тийм учраас захиргааны акт нь нэхэмжлэгчийн хувьд хамааралгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч экспортлох үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, мөн дүгээр сайдын тушаалаар хэлэлцсэн Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, мөн дүгээр тушаал дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагын хувьд маргахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, энэ шаардлагаасаа татгалзсан. Тийм учраас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй. Маргаанд хэлэлцэгдэж байгаа эдгээр шийдвэрүүдийн хувьд өөрсдөө татгалзсан нь илэрхийлэгдэж байна. Энэ хэрэгт “Н*******” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “Н” ХХК гуравдагч этгээдээр татагдаж оролцсон. Эдгээр компаниудын хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байсан. Эдгээр компаниуд дуудлага худалдаанд оролцож, орон нутгийн төсөвт мөнгө төлсөн, улсын төсөвт мөнгө төлсөн, экспортын зөвшөөрөл авсан байсан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 4570 дугаар захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн. Тэгээд түдгэлзүүлсэнтэй холбогдуулан эдгээр компаниуд экспорт хийх зөвшөөрөл гаргуулах эрхээ алдсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд эдгээр компаниуд гуравдагч этгээдийнхээ хууль ёсны эрх ашгийг хангахтай холбоотой асуудлаар шүүх хуралдаанд биечлэн оролцсонгүй. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийнхээ эрхийг хангахыг зөвшөөрөхгүй гэж ойлголоо. Нэхэмжлэгч зүгээс анзаарахад гуравдагч этгээдүүд оролцох шаардлагагүй гэж илэрхийлж байгаа нь шүүх дээр байгаа маргааны нэхэмжлэлийн шаардлага нэг зүйлийн 2,3 талаас нь илэрхийлсэн байна. Иймд нэг талаараа дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай агуулга байгаа хэдий ч нөгөө талаараа Монгол улсын самрын идээг экспортлохыг дэмжихгүй байна. Мөн самрын гарцыг 40 хувь 60 хувь гэж хүлээн зөвшөөрөхгүй байна.
Монгол орны ой нь эдийн засгийн ач холбогдлоос гадна экологийн тэнцвэрийг хадгалах, усны нөөцийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих үндэсний үнэт баялаг юм. Үүний дотор хушин ой нь улсын ойн сангийн 5 орчим хувь буюу 612.7 мянган га талбайг эзэлж, нийт нөөцийн 9 орчим хувь буюу 111.2 сая шоо метр нөөцийг бүрдүүлдэг стратегийн ач холбогдолтой нөөцөд тооцогддог.
Ойн дагалт баялгийг түүж бэлтгэх, ашиглах үйл ажиллагааг Ойн тухай хуулийн 38 дугаар зүйл болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны ******* дугаар тушаалаар баталсан "Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам"-аар зохицуулж байна.
Тус яамнаас хуш модны самрын боловсруулсан идээг гадаад улсад гаргах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.19-д заасны дагуу холбогдох хууль, тогтоомжид үндэслэн олгодог. Үүнд:
- Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т "Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно" гэж,
- Засгийн газрын 2015 оны 485 дугаар тогтоолоор баталсан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтад Сибирь хуш (Pinus sibirica)-ны самрын идээ (0802.90.20) багтсан;
- Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д "Боловсруулаагүй ойн дагалт баялгийг экспортлохыг хориглоно" гэж заасан байдаг.
Самар экспортлохын тулд хуш модны самрыг үйлдвэрийн аргаар боловсруулж, идээ хэлбэрээр экспортлохтой холбоотойгоор самрын идээний гарц, яс болон хаягдлын хувь хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох шаардлага зүй ёсоор үүсдэг.
Энэ хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас ШУА-ын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй "Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгаа" ОГ-******* тоот гэрээ байгуулж, гэрээний дагуу 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурлын 19 дүгээр тогтоолоор хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоосон судалгааны ажлын тайланг хэлэлцэж хүлээн авсан.
Тус судалгааны үр дүнг ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах тусгай зөвшөөрөл бүхий нийт 31 аж ахуйн нэгжийн 20 төлөөлөгчийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын хурлын зааланд зохион байгуулж хэлэлцүүлсэн.
Мөн тус тайланг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27 өдрийн тоот тушаалаар байгуулагдсан Ойн мэргэжлийн зөвлөлөөр 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хэлэлцүүлж, хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоосон.
Дээрх судалгааны тайлан болон Ойн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тоот тушаалаар Сибирь хуш модны самрын идээний гарцыг 40хувь, самрын яс болон хаягдлыг 60 хувь байхаар тогтоож баталсан.
Уг тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгүүлэхээр 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн.
Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1787 дугаар албан бичгээр "хуш модны самрын гарцыг тогтоох эрхийг хуулиар тусгайлан эрх олгоогүй тул улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх шаардлагагүй" гэж үзэн буцаасан тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр тушаалыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар хүчингүй болгосон.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалын хоёрдугаар заалтаар Ойн мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрийг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Цаашид ойн дагалт баялаг экспортлох асуудлыг Ойн мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу самрын идээний гарцыг 40 хувиар тооцож олгохоор болсон. Самрын гарцыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, оролцогч талуудын санал дүгнэлтийг сонсож, мэргэжлийн зөвлөл шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагын гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тушаалаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дугаар тушаалаар байгуулагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хурлын шийдвэрийг үндэслэж хуш модны самрын идээний гарцын хэмжээг 40 хувь, самрын яс болон хаягдлын хэмжээг 60 хувь байхаар тогтоосон. Нэхэмжлэгч талаас уг шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Уг захиргааны актыг хууль бус байсныг тогтоосноор нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэх нь ойлгомжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл гаргадаг. Уг шийдвэр нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр сайдын тушаалаар гарцын хэмжээг тогтоосон. Энэ хугацаанд “А” ХХК нь түүж боловсруулах, бэлтгэх, дуудлага худалдаанд оролцох, экспортлох хүсэлт гаргаагүй учраас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байна Тийм учраас захиргааны акт нь нэхэмжлэгчийн хувьд хамааралгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч экспортлох үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, мөн дүгээр сайдын тушаалаар хэлэлцсэн Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, мөн дүгээр тушаал дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагын хувьд маргахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, энэ шаардлагаасаа татгалзсан. Тийм учраас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй. Маргаанд хэлэлцэгдэж байгаа эдгээр шийдвэрүүдийн хувьд өөрсдөө татгалзсан нь илэрхийлэгдэж байна. Энэ хэрэгт “Н*******” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “Н” ХХК гуравдагч этгээдээр татагдаж оролцсон. Эдгээр компаниудын хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байсан. Эдгээр компаниуд дуудлага худалдаанд оролцож, орон нутгийн төсөвт мөнгө төлсөн, улсын төсөвт мөнгө төлсөн, экспортын зөвшөөрөл авсан байсан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3.4. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчны сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд бодлогын үйл ажиллагаагаа явуулахын тулд тушаал, шийдвэр гаргаж, хэрэгжилтийг нь хангаж ажилладаг. Тийм учраас Ойн тухай хуульд боловсруулаагүй самрын идээг экспортлохыг хориглоно гэж заасан. Тэгэхээр зайлшгүй боловсруулахын тулд энэ хувь хэмжээг тогтоож байж үүнийг хэрэгжүүлэх болж байгаа.Тиймээс Байгаль орчны сайд тушаал, шийдвэрээ гаргаж, хэрэгжилтийг нь хангаж ажиллах нь хууль ёсны эрх ашигт зөрчилдөхгүй гэж үзэж байна.
Самрын идээний гарцыг 70 хувь болгох тухай маргаж байна. Уг самрын идээний гарцын асуудлыг байгалийн хууль өөрөө зохицуулж байгаа. Тухайн байгалийн хуулиар бий болсон асуудлыг бид нар зохицуулж, нийгэмд оролцуулж байгаа юм. Ямар ч байсан жишээ нь 100 кг самар түүлээ гэхэд түүний 40 хувь нь идээ гардаг. Бодит амьдралд ямар байгааг гэдгийг судалгаа шинжилгээ хийж тогтоосон.
Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д экспорт хийх талаар заасан. Мөн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 1.19-д ойн дагалт баялгийг улсын хилээр нэвтрүүлэх талаар заасан бөгөөд Ойн тухай хуулийн 381 дугаар зүйлийн 381.28-д улсын хилээр нэвтрүүлэхэд ямар материал шаардахыг тодорхой зааж өгсөн. Тэгэхээр энэ нь эрх зүйн үндэслэлгүй үйл ажиллагаа биш, хуульд заасан шаардлага, журмын дагуу явагдаж байгаа эрх зүйн үндэслэлтэй үйл явц юм.
Тушаал гарч экспортын хувь хэмжээ тогтоохдоо мөрдөж байгаа. Өмнө нь бэлтгэсэн самрын үлдэгдэл 30 хувь дээр түр журам гаргаж аж ахуйн нэгжүүдэд экспортын зөвшөөрөл олгоод хохиролгүй болгосон. Ажлын хэсэг самрын аж ахуй эрхлэгчдийн бүх оролцоог хангаж ажилласан. Ингээд лабораторийн нөхцөл, үйлдвэр нөхцөл зэргийг харгалзан үзэж 40 хувийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь аль аль талдаа ашиг сонирхол хөндөгдөхгүй юм байна гэж үзсэн. Энэ дээр ямар нэгэн аж ахуйн нэгж хохироогүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, маргаанд хамаарах захиргааны үйл ажиллагаа, хууль тогтоомжийн зохицуулалтын хувьд.
1. Тус шүүх “А” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан “Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах”,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар “хуш модны самрын идээний гарцыг тогтоосон” тушаалд үндэслэн олгогдож буй хуш модны самрын идээ экспортлох зөвшөөрлийг олгож байгаа яамны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, уг үйл ажиллагааг зогсоохыг даалгуулах”,
“Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тоот тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, эдгээр нэмэгдүүлсэн шаардлагаар хариуцагчаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийг татан оролцуулсан.
Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох “хуш модны самрын идээ экспортлох зөвшөөрлийг олгож байгаа яамны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, уг үйл ажиллагааг зогсоохыг даалгуулах” шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх гуравдагч этгээдээр хуш модны самрын идээг экспортлох хүсэлт гаргасан, экспортын зөвшөөрөл олгогдсон Х******* ХХК, Б ХХК, Н******* ХХК, Н******* ХХК-иудыг татан оролцуулсан боловч,
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, яам, Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан “Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар “хуш модны самрын идээний гарцыг тогтоосон” тушаалд үндэслэн олгогдож буй хуш модны самрын идээ экспортлох зөвшөөрлийг олгож байгаа яамны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, уг үйл ажиллагааг зогсоохыг даалгуулах”, “Сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тоот тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан тул Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох хэргийг тусгаарлан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаар "Хуш модны самрын идээний гарцыг тогтоосон" тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагаа “хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн өөрчилснөөр энэ хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
3. Энэ маргааны хувьд хуш модны самрын идээний гарцыг тогтоосон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалыг хууль бус хэмээн хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган маргах явцад сайд тушаалаа хүчингүй болгосноор уг тушаалыг “хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.
4. Маргаанд хамаарах “хуш модны самрын идээний гарцыг тогтоосон” захиргааны үйл ажиллагаа хэрхэн явагдсаныг тодорхойлох хэсэгт дурдсан. Тодруулбал
4.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хүсэлт, Ойн газартай байгуулсан гэрээгээр Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хуш модны самрын идээ, ясны гарцын судалгааг 2022-2025 онд 9 аймгийн 12 сумын хушин ойгоос түүж бэлтгэсэн самрын дээжид хийсэн, судалгааны тайлангаар Сибирь хуш (Pinus sibirica Du Tour)-ны самрын идээний гарц дунджаар 33.67 хувь, ясны эзлэх хэмжээ 66.33 хувь гарсан, хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл судалгааны дүнг баталгаажуулсан.
4.2. Ойн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын ойн бодлогын хэрэгжилт, мэдээллийн сангийн зураглал, бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд, яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн, Шинжлэх ухааны академи, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн Ойн фитоценологийн лаборатрийн эрдэм шинжилгээний ажилтан, академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн Ойн нөөц, ой хамгааллын салбарын эрхлэгч, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Ойн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн, МУИС-ийн Инженер технологийн сургуулийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ой инженерчлэлийн тэнхимийн ойн хөтөлбөрийн ахлагч, ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн сургуулийн Ой модны үйлдвэр, технологийн салбарын эрхлэгч, ХААИС-ийн Агро экологийн сургуулийн Ойн аж ахуйн хөтөлбөрийн ойн ахлах багш, Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ, Ойн тооллого зохион байгуулалт эрхлэгчдийн холбоо ТББ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар шинэчлэн байгуулагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хурлаар хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоосон судалгааны тайланг хэлэлцэж хуш модны самрын идээний гарцыг 40 хувиар, ясны гарцыг 60 хувиар тогтоосон.
4.3. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр тушаалаар Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хурлын шийдвэрийг үндэслэж Сибирь хуш (Pinus sibirica Du Tour) модны самрын идээний гарцыг 40 хувь, самрын яс болон хаягдлыг 60 хувиар тогтоож, улмаар 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож, хуш модны самрын идээг экспортлох үйл ажиллагаанд Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай хурлын шийдвэрийг мөрдөхийг Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газарт үүрэг болгосон.
5. Хууль тогтоомжийн зохицуулалтын хувьд, монгол улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т тодорхойлсон "ойн дагалт баялаг"-т ойн сангийн газарт ургадаг ... самар, ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөц хамаарах бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.35-т заасан “ойн дагалт баялгийн нөөцийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх дээд хэмжээ, хугацааг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тогтоосон шийдвэр гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, Ойн газар 14 дүгээр зүйлийн 14.3.26-д зааснаар “хуш модны самрын яс, идээний гарцыг тодорхойлох аргачлалыг батлах”, 14.3.28-д заасан “ойн дагалт баялгийн нөөцийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх дээд хэмжээ, хугацааг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тогтоосон саналыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” чиг үүргийг хэрэгжүүлэхээр, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4-т иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ойн дагалт баялгийг эрхийн бичгийн үндсэн дээр, төлбөртэйгөөр ашиглах бөгөөд эрхийн бичгийг олгохдоо ойн дагалт баялаг, түүний тархац, тухайн жилийн ургац зэргийг харгалзахаар, 38.5-д хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрөхөөр, 38.6-д ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааг зохицуулсан журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар, 38.7-д боловсруулаагүй ойн дагалт баялгийг экспортлохыг хориглохоор, 38.8-д хуш модны боловсруулсан самрын идээний гарц, хорогдлыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар тогтоолгохоор, 38.9-д ойн дагалт баялгийг нөөцөд тохируулан ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхээр, 38.10-т ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх нөөцийн дээд хэмжээг хуш модны самрын нийт нөөцийн 60 хувиас ихгүй, ... байхаар тогтоохоор, 381 дүгээр зүйлийн 381.1-д ойн дагалт баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгохоор, 381.2-т “дуудлага худалдааг аймаг, нийслэлийн байгаль орчны газар зохион байгуулж, ... ойн дагалт баялаг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор, 381.27-д Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.19-д заасан зөвшөөрлөөр ойн дагалт баялгийг улсын хилээр нэвтрүүлэхээр хуульчилсан.
Мөн ... байгалийн баялгийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, ...-ыг зохицуулсан Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.19-д “ургамлыг судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх, тарималжуулсан байгалийн ургамлыг гадаад улсад гаргах” тусгай зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор, 1.29-д “ойн дагалт баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах” тусгай зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр, 5.6 дугаар зүйлийн 1-д “8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ... 1.29-д заасан тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгох”-оор заасан.
6. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар “Хуш модны самрын боловсруулсан идээний нөөцийг экспортод гаргах түр журам”-ыг баталсан, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан хуш модны самрын идээг экспортод гаргах хэмжээг өмнөх жилийн ургацын хэмжээнээс хамаарч тогтоосон хэмжээгээр, орон нутгаас зарласан дуудлага худалдаагаар авсан зөвшөөрлөөр түүж бэлтгэсэн самрын 40 хувиар тогтоож экспортын зөвшөөрөл олгогддог.
Хоёр. Хэргийг “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаар хэлэлцэж, хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь “захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэрийн төрлөөр нэхэмжлэлийн энэ шаардлагаа тодорхойлсон байна.
Нэхэмжлэгчийн маргаж буй шаардлагын төрөл нь үргэлжлүүлэн тогтоох шаардлагын төрөлд хамаарах бөгөөд нэгэнт хүчингүй болсон захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргаж байгаа энэ тохиолдолд хөндөгдөх онцгой ашиг сонирхол, субьектив эрх зөрчигдсөн байхыг онолын хувьд ойлгоно. Тодруулбал шүүхийн шийдвэрийн энэ төрлийн хувьд маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох “нэхэмжлэгчийн ашиг сонирхол байх” урьдчилсан нөхцөлийг шаарддаг.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр “Хуш модны самрын идээний гарцыг тогтоосон” тушаалаар Сибирь хуш (Pinus sibirica Du Tour) модны самрын идээний гарцыг 40 хувь, самрын яс болон хаягдлыг 60 хувиар тогтоосон бөгөөд энэ тушаал сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар хүчингүй болсон.
2. “А” ХХК-ийн хувьд 2024, 2025, 2026 онуудад орон нутгаас зарласан хуш модны самрын идээг түүх, бэлтгэх зөвшөөрөл олгох дуудлага худалдаанд оролцоогүй буюу хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж, бэлтгэх, самрын идээг боловсруулах үйл ажиллагааг эрхлээгүй, улмаар бэлтгэсэн самрын идээг экспортод гаргах экспортын зөвшөөрөл энэ хугацаанд буюу 2024-2026 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хүсээгүй,
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьд хуш модны самрын идээний гарцыг тогтоосон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгосноор хамгаалагдах, хөндөгдөх субьектив эрх, ашиг сонирхол байгаа нь тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр “Хуш модны самрын идээний гарцыг тогтоосон” тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгээр гаргасан Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хийж гүйцэтгэсэн судалгааны тайланд шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, учир нь хэргийг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, техник, урлаг соёлын тусгай мэдлэг шаардагдах тохиолдолд шинжээч томилж дүгнэлт гаргуулдаг. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хийж гүйцэтгэсэн судалгааны тайланг үндэслэн хуш модны самрын идээний гарц тогтоосон захиргааны байгууллагын шийдвэр, түүнд үндэслэн олгох экспортын зөвшөөрөл олгох, хэмжээ тогтоож буй үйл ажиллагаатай маргаж буй энэ хэрэгт ойн санд хийсэн судалгааны тайланд шинжээч томилж дүгнэлт гаргуулах энэ нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй байна. Түүнчлэн шинжээч томилох шаардлага үүсээгүй, учир нь судалгааны тайлан маргааны зүйл биш, нэхэмжлэгч нь хуш модны идээний гарц тодорхойлох аргачлалтай маргаагүй болно.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.35, 14 дүгээр зүйлийн 14.3.26, 14.3.28, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4, 38.5, 38.7, 38.8, 381 дүгээр зүйлийн 381.1, 381.2, 381.27, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.19, 1.29, 5.6 дугаар зүйлийн 1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтыг баримтлан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА