| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 2427000000164 |
| Дугаар | 2025/ДШМ/10 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/10
2025 оны 02 сарын 13 2025/ДШМ/10
Д.Д, А.Н, И.Л нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Прокурор Д.Алимаа /цахимаар/,
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/56 дугаар захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Д.Д, А.Н, И.Л нарт холбогдох эрүүгийн 2427000000164 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр сургуулийн *** ангид суралцдаг, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг *** гэх газар оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн Д.Д /РД: ***/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр сургуулийн *** ангид суралцдаг, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** гэх газар оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн А.Н /РД: ***/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр сургуулийн *** ангид суралцдаг, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг *** гэх газар оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн И.Л /РД: ***/.
Д.Д нь И.Л, А.Н нартай бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сум *** дүгээр баг *** дугаар байрны гадна зогсоол дээр байсан Ц.М-ын эзэмшлийн *** улсын дугаартай Приус-20 загварын автомашины 1 ширхэг дугуйг Тоёота приус загварын машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.М-д 184,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг,
И.Л нь А.Н, Д.Д нартай бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сум *** дүгээр баг *** дугаар байрны гадна зогсоол дээр байсан Ц.М-ын эзэмшлийн *** улсын дугаартай Приус-20 загварын автомашины 1 ширхэг дугуйг Тоёота приус загварын машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.М-д 184,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр А.Н-той бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сум *** дүгээр баг *** дугаар байрны гадна зогсоол дээр байсан Ц.М-ын эзэмшлийн *** улсын дугаартай Приус-20 загварын автомашины 1 ширхэг дугуйг Тоёота приус загварын машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.М-д 184,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг,
А.Н нь Д.Д, И.Л нартай бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сум *** дүгээр баг *** дугаар байрны гадна зогсоол дээр байсан Ц.М-ын эзэмшлийн *** улсын дугаартай Приус-20 загварын автомашины 1 ширхэг дугуйг Тоёота приус загварын машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.М-д 184,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр И.Л-той бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сум *** дүгээр баг 53 дугаар байрны гадна зогсоол дээр байсан Ц.М-ын эзэмшлийн *** улсын дугаартай Приус-20 загварын автомашины 1 ширхэг дугуйг Тоёота приус загварын машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.М-д 184,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймаг Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2, 3.7 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан,
И.Л, А.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1, 3.2, 3.7 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс яллагдагч Дамиран овогт Д.Д, өсвөр насны яллагдагч *** овогт А.Н, *** овогт И.Л нарт холбогдох эрүүгийн 2427000000164 дугаартай хэргийг Өвөрхангай аймаг Хархорин сум дахь Сум дундын Прокурорт буцааж, яллагдагч Д.Д, өсвөр насны яллагдагч А.Н, И.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг данхратыг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Хулангоод даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Яллагдагч Д.Д, өсвөр насны яллагдагч А.Н, И.Л нар хэргийн үйл баримт болох хугацаанд ашигласан дугуйн дорцовыг /түлхүүрийг/ хаана байгааг мэдэхгүй, одоо байхгүй гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарладаг нь уг ажиллагааг хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй болох нь харагдаж байна. Шүүгч захирамждаа яллагдагч Д.Д, өсвөр насны яллагдагч А.Н, И.Л нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлсэн тайлбар, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон байр суурийн талаар огт тусгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
Өсвөр насны яллагдагчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн өмчлөгчийг тогтоосноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Тэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасныг шүүхээс хэрэглэж болзошгүй урьдчилсан нөхцөлийг хангуулах агуулгын хүрээнд гэж ойлгохоор байна. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “тээврийн хэрэгсэл” нь гэмт этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд тухайн эд хөрөнгийг хураан авна гэж хуульчилсан.
Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “тээврийн хэрэгсэл” нь бусдын өмчлөлийнх тохиолдолд түүнийг хураан авах боломжгүй, харин тухайн эд зүйлийн үнэлгээгээр буруутай этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан шударга ёсны зарчмын агуулга зорилгод нийцнэ. Энэ хэрэгт өсвөр насны яллагдагч И.Л-ийн жолоодож явсан *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний аав Х.И-ийн өмчлөлийнх болох нь түүний “... миний өмчлөл, эзэмшлийнх ... 16,000,000 төгрөгөөр авсан” гэх /хх-ийн 55 хуудас/ мэдүүлгээр тогтоогддог. Яллагдагч Д.Д-ийн мэдүүлгийг түүний үйлдсэн гэмт хэргийн эсрэг нотлох баримт болгож ашиглаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрт холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгөх эрх нь нээлттэй бөгөөд түүнийг эрхийг хязгаарлаагүй юм.
Прокурорын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолоор өөрчлөлт оруулж зөвтгөж шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/33 дугаартай дүгнэлт болон шинжээч томилсон тогтоолтой яллагдагч Д.Д, түүний өмгөөлөгч Г.Адьяатогтох нар танилцаж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн. Хэргийн оролцогчдоос эдгээр тогтоол болон танилцуулсан тэмдэглэл, мөн хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд санал хүсэлт гаргаагүй. Мөн энэ хэрэгт яллагдагч Д.Д-ийн өмгөөлөгч Г.Адьяатогтохоос гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр прокуророос мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг цагдаагийн байгууллагад буцаасан байхад энэ талаар санал хүсэлтээ гаргаагүй байна.
Иймд яллагдагч Д.Д, өсвөр насны яллагдагч А.Н, И.Л, тэдгээрийн өмгөөлөгч Г.Адьяатогтох, Г.Гандөш нарын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж болохоор хуульчилсан тул прокуророос 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг зөвтгөж дахин гардуулах талаар хүсэлтийг гаргасан боловч шүүхээс прокурорын хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийхгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн дуусгасан нь талуудын хүсэлтэд бүрэн дүгнэлт өгөөгүй шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана. 4.1-т яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх гэж яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн хуулийн шаардлагыг тодорхойлсон байхад тээврийн хэрэгслийн дугаарыг бичээгүй гэж яллах дүгнэлтийг хуулийн шаардлагыг хэтрүүлэн дүгнэсэн нь учир дутагдалтай юм.
Прокурорын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасныг баримтлан өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолоор өөрчлөлт оруулсан, оролцогч нар танилцсан мөртлөө энэ талаар огт дурдаагүй нь учир дутагдалтай. /хх-ийн 234-239 хуудас/ Үүнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. П.Д-ыг гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах нь 2427000000164 дугаартай яллагдагч Д.Д, өсвөр насны яллагдагч А.Н, И.Л нарт холбогдох хэрэгт нэгтгэн шалгах үндэслэлгүй, яллагдагч нарын өгсөн мэдүүлгийг тэдний эсрэг нотлох баримт болгож үнэлээгүй, П.Д энэ хэргийн оролцогч нарт нөлөөлсөн үйлдлийн улмаас тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл тогтоогдоогүй юм.
Өсвөр насны яллагдагч И.Л-д хуульд зааснаар хууль ёсны төлөөлөгчөөр түүний аав Х.И-ийг томилж, /хх-ийн 163 хуудас/ энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй юм. Шүүгчийн захирамжид дурдсан зарим ажиллагаа хэрэгт хийгдсэн байхад энэ талаар бодитой дүгнэлт хийгээгүй, тухайн хийгдсэн ажиллагааг ямар үндэслэлээр дахин хийлгэхээр заасан нь ойлгомжгүй /яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан, хууль ёсны төлөөлөгч тогтоосон гэх мэт/, нэмэлт ажиллагаа хийлгэхээр захирамжид заагдсан ажиллагаа бүрийн хэрэгцээ, шаардлагыг шийдвэртээ дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Мөн дээрх зарим ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхэд эрх олгосон байхад хэрэгжүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулаад шийдвэрлэх боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/56 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжид дурдсан эд мөрийн баримтын хувьд яллагдагч нарын зүгээс хаана байгааг нь мэдэхгүй, байхгүй гэдэг боловч шүүгчийн захирамжид энэ талаар тусгаагүй. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдох боломжгүй нөхцөл байдал.
Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь өсвөр насны яллагдагч И.Л-ийн аав Х.И юм. Уг тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр авсан байж болох бөгөөд тээврийн хэрэгслийг 16,000,000 төгрөгөөр үнэлсэн. Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр авсан бол тус байгууллагыг энэ хэрэгт татан оролцуулах хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх тохиолдолд хөрөнгийн үнэлгээний байгууллагаар хоёр тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг гаргуулсныг үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Яллагдагч Д.Д-ээс дахин мэдүүлэг авах ажиллагааны талаар тайлбарлахдаа хяналтын прокурор Ц.Эрдэнэбат 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолдоо түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлж дүгнэлт хийсэн учир дахин мэдүүлэг авъя гэдэг. Уг хэрэгт хяналт тавьсан прокурор миний зүгээс дээрх тогтоолд өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтдээ яллагдагч Д.Д-ийн яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлгийг аль алиныг нь нотлох баримтаар үнэлээгүй. Тиймээс яллагдагч Д.Д-ээс мэдүүлэг авах энэ хэргийг ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.
Хэрэгт яллагдагч Д.Д-ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, өсвөр насны яллагдагч А.Н, И.Л нарын өмгөөлөгч Г.Гандөш нарын зүгээс хөрөнгийн үнэлгээтэй танилцсан гэж мэдүүлсэн. Мөн хавтаст хэргийн материалтай 2 удаа танилцсан. Өөрөөр хэлбэл 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өмгөөлөгч Г.Адьяатогтохоос гаргасан хүсэлтийн дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Гэтэл яллагдагч Д.Д-ийн өмгөөлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээтэй холбоотой эрх нь зөрчигдсөн талаар ямар нэгэн байдлаар хүсэлтээ илэрхийлээгүй буюу түүнээс гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэсэн цаг хугацаанд эрх нь зөрчигдсөн бол эрхээ сэргээлгэх талаар эсхүл дахин шинжээч томилуулах талаар прокурорт хүсэлт гаргах боломж байхад энэ эрхээ эдлээгүй мөртлөө шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд энэ талаар хэлж эрх нь зөрчигдсөн гэж байгаа нь учир дутагдалтай байна. Хэрвээ дахин дүгнэлт гаргавал шүүхээс шинжээч томилох эрх нь хуулиар олгогдсон учир шүүх хуралдааныг нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа.
Мөн яллах дүгнэлтэд хувийн мэдээллийг буруу бичсэн, тээврийн хэрэгслийг хэдэн удаа, яаж ашигласныг, хэний эзэмшлийн машин ашигласан талаар дурдаагүй гэдэг. Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцохдоо техникийн шинжтэй алдааг засуулж яллагдагч нарт гардуулах талаар хүсэлт гаргасан. Гэтэл шүүх үүнийг хүлээж авсан болон хүлээж аваагүй талаарх дүгнэлтийг захирамждаа тусгаагүй. Яллах дүгнэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар залруулах боломж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгах зүйлүүдийг өмнөх хяналтын прокурор тусгаагүйг өөрчлөлт оруулж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Хэрэгт Д гэх хүн нь өсвөр насны яллагдагч И.Л-ийн ээж. Хууль ёсны төлөөлөгчийг солиулахаар хүсэлт гаргаж байгаа нь бодит хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд зааснаар хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын төлөөллийн ажилтныг оролцуулахаар хуульчилсан.
Гэтэл энэ нөхцөл бүрдээгүй. Д-тай холбоотой асуудал нь тусдаа шийдвэрлэгдэх боломжтой асуудал. Харин энэ хэрэгт нэгтгэн шалгах шаардлагагүй гэж үзэж байгаа учраас шүүгчийн захирамж үндэслэл бүхий болж чадаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж яллагдагч нарын эрх зүйн байдлыг нь дордуулаагүй. Өмнө нь хяналт тавьсан Ц.Эрдэнэбат прокурор 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолдоо гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн мөртөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлахаа орхигдуулсан байсан учраас уг ажиллагааг зөвтгөж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл прокурорын тогтоолд орхигдуулсан хэсгийг нэмэлт өөрчлөлт оруулсан болохоос зүйлчлэлийг хүндрүүлсэн зүйл байхгүй. Яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулахаас өмнө өмгөөлөгч нарын болон болон яллагдагч нарын зүгээс хүсэлт гаргах боломжтой байсан бөгөөд ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаагүй учир хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана. Хохирогчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх боломж байгаа. Хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхэд хэрэг шилжиж ирсний дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргасан. Хүсэлтийг хангаж хэргийг прокурорт буцаасан.
Яллагдагч Д.Д, өсвөр насны яллагдагч И.Л, А.Н нар нь хохирогч Ц.М-ын эзэмшлийн *** улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадаа байхад нь хоёр дугуйг нь хулгайлж авсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоож хэргийг шийдвэрлэхээр хуульчилсан. Хүүхдүүд хоёр удаагийн үйлдлээр машинаас хоёр удаа дугуй авсан. Ямар түлхүүрээр авсан, өөрсдөө түлхүүртэй байсан эсэхийг зайлшгүй тогтоох ёстой. Мөн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоог тодруулах ёстой.
Тээврийн хэрэгслийн эзэмшигч тогтоогдсон гэж прокурор үзэж байгаа. Үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөх асуудал үүсэж байна. Хэрвээ банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг бол тээврийн хэрэгслийг улсын орлого болгох тохиолдолд банк бус санхүүгийн байгууллагын эрх ашиг хөндөгдөх учир иргэний нэхэмжлэгчийг тогтоож тухайн тээврийн хэрэгслийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар яллагдагч Д.Д-ээс дахин мэдүүлэг авах хүсэлтийг гаргаж байсан ч хүсэлтийг хангаагүй.
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол алдаатай гарсан бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай тогтоолыг надад танилцуулаагүй. Би 2 удаа хэргийн материалтай танилцсан гэдгийг хэлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай тогтоол байсан. Тогтоол 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гарсан байсан. 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэгтэй танилцаж байхад энэ талаар хэлээгүй. Яллах дүгнэлтэд яллагдагч нарын биеийн байцаалт зөрүүтэй байдаг. Мөн гэмт хэргийн шинж, үйлдлийг зайлшгүй бичих шаардлагатай.
Д-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй байх нь яллагдагч болон өсвөр насны яллагдагч нарын эрх ашигт муугаар нөлөөлөх хууль зөрчсөн үйлдэл байгаа учраас хууль ёсны төлөөлөгчийг хуульд зааснаар томилуулах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаа. Мөн хохирол төлсөн 1,000,000 төгрөгийн талаар хохирогчоос зайлшгүй мэдүүлэг авч хохирлын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчсөн зэрэг зөрчлүүдийг арилгах зайлшгүй ёстой. Шүүхийн шатанд эдгээр ажиллагаануудыг хийх боломжгүй. Мөн шинжээч томилж үнэлгээ хийлгэх тогтоолыг танилцуулаагүй, хэргийг шүүхэд шилжүүлэх үед танилцуулсан учраас тогтоолд гарын үсэг зураад зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэлсэн учир анхан шатны шүүхэд хүсэлтээ гаргасан.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/56 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Прокуророос Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2, 3.7 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т,
И.Л, А.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1, 3.2, 3.7 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокуророос давж заалдах шатны шүүхэд ... шүүгчийн захирамжид яллагдагч Д.Д, өсвөр насны яллагдагч А.Н, И.Л нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлсэн тайлбар, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон байр суурийн талаар огт тусгаагүй ... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь өсвөр насны яллагдагч И.Л-ийн аавын эзэмшлийнх болох нь тогтоогддог ... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг зөвтгөж дахин гардуулах талаар хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй ... шүүгчийн захирамжид дурдсан зарим ажиллагаа хэрэгт хийгдсэн байхад энэ талаар бодитой дүгнэлт хийгээгүй, тухайн хийгдсэн ажиллагааг ямар үндэслэлээр дахин хийлгэхээр заасан нь ойлгомжгүй байна. Мөн нэмэлт ажиллагаа хийлгэхээр захирамжид заагдсан ажиллагаа бүрийн хэрэгцээ, шаардлагыг шийдвэртээ дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.
Давж заалдах шатны шүүхээс яллагдагч Д.Д, өсвөр насны яллагдагч А.Н, И.Л нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж дүгнэв.
Учир нь: Шүүгчийн захирамжид дурдсан машины 2 дугуйг хулгайлж авахдаа ашигласан түлхүүрийн талаарх ажиллагаа хийгдээгүй, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоох, яллагдагч Д.Д-ээс дахин мэдүүлэг авахуулах, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тээврийн хэрэгслийн дугаар, өнгө, эзэмшлийн зөрүүг арилгах, хөрөнгийн үнэлгээтэй холбоотой оролцогчийн эрхийг хангуулах, яллах дүгнэлтэд яллагдагч, өсвөр насны яллагдагч нарын биеийн байцаалттай холбоотой буруу бичигдсэн алдааг зөвтгүүлэх, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах ажиллагаа болон П.Д-ын гэрчийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах, өсвөр насны яллагдагч И.Л-д хууль ёсны төлөөлөгч томилуулах зэрэг ажиллагааг хийлгэх шаардлагатай. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй байгаа учир хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/56 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/56 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ