Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2026/0868

 

 

 

 

 

 

 

    2026         10           02                                      128/ШШ2026/0868

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК /РД:/,             

Хариуцагч: Монополын эсрэг газар,

Гуравдагч этгээд: Э ХК,

Гуравдагч этгээд: М ХХК,

Маргааны төрөл: Хуульд нийцээгүй гэх үндэслэлээр тендерийн баримт бичгийг хүчингүй болгосон өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б /цахим/, Х. /цахим/, гуравдагч этгээд Э ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Х.Э, Д.Б, гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б. /цахим/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Тэргэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Монополын эсрэг газрын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай “Тендерийн баримт бичгийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах.

Хоёр.Хэргийн үйл баримт талаар:                                                                                 2.1. Э ХК-иас ЭТТХК/******* дугаартай Тусгай хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг Багц 5 “Нэг удаагийн комбинзон /Дотоодын үйлдвэрлэл/”, 1,033,463,640 төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зарлаж,

2.2. Тендерт оролцогч М ХХК-иас Монополын эсрэг газарт “...тус багцын бараа нь ерөнхий гэрээ байгуулагдаж, цахим дэлгүүрт идэвхтэй байршсан тул хуулийн 31.2-т заасан зохицуулалтын дагуу цахим дэлгүүрээс худалдан авах ёстой бөгөөд нээлттэй тендер шалгаруулалт зарласан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна” гэх гомдлыг гаргаж,

2.3. Монополын эсрэг газраас 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр “...захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрээр дамжуулан худалдан авах боломжтой бараа, бүтээгдэхүүнийг тендерийн багцад оруулан худалдан авахаар заасан нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 31.2-т тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй” гэж үзэн тендер шалгаруулалтын баримт бичгийн Багц 5 “Нэг удаагийн комбинезон /Дотоодын үйлдвэрлэл/ 1,033,463,640 төгрөг” хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.   

Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:                                           3.1.Нэхэмжлэгч Б ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “…Нэхэмжлэгч Б ХХК нь Э ХК-иас зарласан 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЭТТХК/******* дугаартай тендерийн "Багц 5. Нэг удаагийн комбинезон /Дотоодын үйлдвэрлэл/"-ийг худалдан авах тендерт оролцохоор хүсэлтээ илгээж тендерийн баримт бичгийг худалдан авч бэлтгэсэн.

Хариуцагч Монополын эсрэг газар нь М ХХК-ийн гомдлыг үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар албан бичгээр Багц 5-ыг хэсэгчлэн хүчингүй болгож, уг барааг цахим дэлгүүрийн "Ерөнхий гэрээ"-гээр худалдан авахаар шийдвэрлэсэн. Бид 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр цахим системээс мэдэж, 2026 оны 07 дугаар сарын 08-нд захиалагчид тодруулга авах хүсэлт гаргаж оролцох сонирхлоо илэрхийлсэн бөгөөд захиалагч 2026.07.22-ны өдрийн 01/1606 дугаартай албан бичгээр "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 37 дугаар зүйлийн 37.2.4-т зааснаар цахим дэлгүүрээс худалдан авна" гэж шийдвэрлэсэн талаар хариуг цахимд нийтэлсэн.

Монополын эсрэг газрын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар албан бичгээр гарсан шийдвэр нь нэг аж ахуйн нэгжид давуу байдал бий болгож, дотоодын үйлдвэрлэгчдийн шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарлаж байгаа, цахим дэлгүүрт байршсан барааны стандарт захиалагчийн зарласан барааны техникийн тодорхойлолтын стандартаас зөрүүтэй зэргийг шалгуулах гомдол гаргасан боловч хариуцагч 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хуулийн 58.3-т заасныг үндэслэн гомдлыг агуулгаар нь хянахгүйгээр татгалзаж буцаасан.

Хариуцагчийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн улмаас уг багц нээлттэй тендерээс хасагдаж, цахим дэлгүүрийн ерөнхий гэрээгээр худалдан авах хэлбэрт шилжсэнээр нэхэмжлэгчийн:

- төрийн худалдан авах ажиллагаанд тэгш нөхцөлөөр өрсөлдөх эрх;

- тендерт оролцож үнэлүүлэх эрх;

- гэрээ байгуулах боломжийн төлөө шударгаар өрсөлдөх хууль ёсны ашиг сонирхол;

- тендерт оролцохын тулд гаргасан зардал, бэлтгэл ажиллагааны үр дүнгээ ашиглуулах ашиг сонирхол бодитоор хязгаарлагдсан.

Хариуцагчийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай "Тендерийн баримт бичгийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" шийдвэр нь хуульд заасан зорилго, зарчимд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Маргаан бүхий шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагааг ил тод, шударга өрсөлдөөнийг хангах, оролцогчдод тэгш боломж олгох үндсэн зорилго, зарчимтай нийцээгүй байна. Учир нь нээлттэй тендерээр худалдан авахаар зарлагдсан Багц 5-ыг хүчингүй болгож, цахим дэлгүүрийн ерөнхий гэрээгээр худалдан авахаар шийдвэрлэснээр нэхэмжлэгч болон ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад дотоодын үйлдвэрлэгчдийн тендерт оролцох, шударгаар өрсөлдөх боломжийг бүрэн хязгаарласан.

Өрсөлдөөний тухай хуулийн зорилго нь зах зээлд шударга өрсөлдөөнийг хамгаалах, аливаа аж ахуйн нэгжид үндэслэлгүй давуу байдал бий болгохоос сэргийлэхэд оршдог. Гэтэл маргаан бүхий шийдвэрийн үр дүнд цахим дэлгүүрийн ерөнхий гэрээнд өмнө нь хамрагдсан цөөн нийлүүлэгчид бодит давуу байдал бий болж, ерөнхий гэрээнд хамрагдах боломж огт олдоогүй нэхэмжлэгч зэрэг бусад үйлдвэрлэгчдийн өрсөлдөх боломж бүрэн хаагдсан нь өрсөлдөөнийг дэмжих бус харин хязгаарласан үр дагаврыг бий болгосон.

Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага нь шийдвэрээ хуульд үндэслэн, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг тэнцвэртэй харгалзан, эрх тэгш байдлыг хангаж гаргах үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь нээлттэй тендерийг хүчингүй болгосноор тухайн барааг цахим дэлгүүрээс худалдан авах бодит эрх зүйн болон бодит боломж бүрдсэн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр шийдвэр гаргасан байна. Үүний улмаас нэхэмжлэгчийн тендерт оролцох, тэгш өрсөлдөх хууль ёсны ашиг сонирхол үндэслэлгүйгээр хязгаарлагдсан.

Засгийн газрын 2024 оны 162 дугаар тогтоолоор баталсан "Ерөнхий гэрээний аргаар худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалт"-д "Хөдөлмөр хамгааллын гутал, хувцас, хэрэгсэл" ангиллын барааг ерөнхий гэрээний аргаар худалдан авч болохоор тусгасан боловч уг ангиллаар ерөнхий гэрээ байгуулах сонгон шалгаруулалт огт зохион байгуулагдаагүй байна. Харин цахим дэлгүүрт байршсан "Хамгаалах хувцас" нь өөр ангиллын буюу "Зарим ерөнхий нэршлийн эм, эмнэлгийн хэрэгсэл"-ийн ерөнхий гэрээний сонгон шалгаруулалтаар бүртгэгдсэн бараа байсан бөгөөд нэхэмжлэгч болон ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тухайн ажиллагаанд оролцох эрх зүйн болон бодит боломжгүй байсан.

Нээлттэй тендерийг хүчингүй болгож, ерөнхий гэрээний худалдан авалтын хэлбэрт шилжүүлсэн нь Засгийн газрын 162 дугаар тогтоолын зорилго, хэрэгжилтэд нийцээгүйгээс гадна төрийн худалдан авах ажиллагаанд өрсөлдөөнийг хангах үндсэн зарчмыг алдагдуулж, цөөн этгээдэд давуу байдал бий болгосон шийдвэр болсон байна.

Иймд хариуцагчийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийдвэр нь дээр дурдсан хууль тогтоомжийн зорилго, зарчим, зохицуулалтыг зөрчсөн, нэхэмжлэгчийн тендерт тэгш нөхцөлөөр оролцох, шударгаар өрсөлдөх, гэрээ байгуулах боломжийн төлөө өрсөлдөх хууль ёсны ашиг сонирхлыг шууд хязгаарласан хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа тул Монополын эсрэг газрын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай "Тендерийн баримт бичгийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэв.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “…Нэхэмжлэгч Б ХХК-иас Монополын эсрэг газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

- Маргаан бүхий шийдвэр гаргасан үндэслэлийн талаар

Э ХК-иас зарласан ЭТТХК/******* дугаартай "Тусгай хамгаалах хувцас, хэрэгсэл" тендерийн Багц 5 "Нэг удаагийн комбинезон /Дотоодын үйлдвэрлэл/"-тэй холбоотойгоор М ХХК-иас тус газарт гомдол гаргасан.

М ХХК нь уг бараа нь Төрийн худалдан авах ажиллагааны "Цахим дэлгүүр"-т ерөнхий гэрээгээр худалдаалагдаж байгаа тул нээлттэй тендерээр дахин худалдан авах нь хуульд нийцэхгүй гэж гомдол гаргасан.

Тус газар гомдлыг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн ТШЗ 2.1-д дээрх барааг 1,033,463,640 төгрөгөөр нээлттэй тендерээр худалдан авахаар тусгасан байсан.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31.2-т ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээг хуульд өөрөөр заагаагүй бол цахим дэлгүүрээс худалдан авахаар заасан байдаг.

Иймээс тухайн барааг цахим дэлгүүрээс худалдан авах боломжтой байхад нээлттэй тендерээр худалдан авахаар тусгасан нь хуульд нийцээгүй гэж үзэж, хуулийн 58.5.1-д заасан эрх хэмжээний хүрээнд Багц 5-д хамаарах тендерийн баримт бичгийг хэсэгчлэн хүчингүй болгосон.

- Б ХХК-ийн эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэлийн талаар

Б ХХК нь тус шийдвэрийн улмаас тендерт оролцох, үнэлүүлэх, гэрээ байгуулах боломжоо алдсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна.

Гэвч тус газрын ******* дугаартай албан бичгийн шийдвэрээр Б ХХК-ийг тендерээс хассан, эсхүл тус компанид чиглэсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй.

Тус газар нь хэн нэгэн аж ахуйн нэгжийг сонгон тендерт оролцуулахгүй болгосон биш, харин тендерийн баримт бичигт тухайн барааг ямар хэлбэрээр худалдан авахаар тусгасан нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж, хуульд нийцээгүй гэж үзсэн хэсгийг хүчингүй болгосон.

Уг шийдвэр нь тендерт оролцохоор сонирхлоо илэрхийлсэн бүх этгээдэд адил үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, зөвхөн Б ХХК-ийн боломжийг хязгаарласан шийдвэр биш юм.

Мөн тендерийн баримт бичгийг худалдан авч, тендерт оролцохоор бэлтгэл хийсэн нь тухайн тендерийг заавал үргэлжлүүлэх, тендерт заавал үнэлүүлэх, улмаар гэрээ байгуулах баталгаатай эрхийг бий болгохгүй.

- Нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэх асуудлын талаар

Нэхэмжлэгч нь тус газрын шийдвэрийн улмаас цахим дэлгүүрт бараагаа байршуулсан цөөн нийлүүлэгчид давуу байдал бий болсон гэж үзсэн байна.

Гэвч тус газрын ******* дугаартай албан бичгийн шийдвэрээр аль нэг аж ахуйн нэгжийг сонгож, давуу эрх олгоогүй.

Тус газар зөвхөн тухайн тендерийн Багц 5-ыг нээлттэй тендерээр худалдан авахаар тусгасан нь хуульд нийцээгүй гэж үзэж, уг хэсгийг хүчингүй болгосон.

Түүнчлэн М ХХК-ийн анхны гомдолд тухайн компани өөртөө давуу байдал олгуулах тухай бус, цахим дэлгүүрт ерөнхий гэрээгээр байгаа барааг хуульд заасан журмын дагуу цахим дэлгүүрээс худалдан авах ёстой гэсэн асуудлыг тавьсан.

Иймээс тус газрын шийдвэрийг тодорхой нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй.

- Нэхэмжлэлд дурдсан бусад асуудлын талаар

Б ХХК нь нэхэмжлэлдээ Засгийн газрын 2024 оны 162 дугаар тогтоол, цахим дэлгүүрт байгаа барааны ангилал, ерөнхий гэрээ байгуулах сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан эсэх зэрэг хэд хэдэн асуудлыг дурдсан байна.

Гэвч эдгээр асуудал нь М ХХК-ийн анхны гомдолд тавигдаагүй бөгөөд тус газрын ******* дугаартай албан бичгийн шийдвэрээр шийдвэрлэсэн асуудал биш.

Тус газар нь гомдлыг гаргасан этгээдийн тавьсан асуудлын хүрээнд хянан шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шинээр дурдсан дээрх асуудлууд нь ******* дугаартай албан бичгийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

- Дүгнэлт

Тус газрын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай албан бичгийн шийдвэр нь Б ХХК-д чиглэсэн шийдвэр биш бөгөөд тухайн тендерийн Багц 5-ыг ямар хэлбэрээр худалдан авах нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянан үзэж, хуульд нийцээгүй гэж үзсэн хэсгийг хүчингүй болгосон шийдвэр юм. Энэ нь нэхэмжлэгчийн тендерт оролцох, шударгаар өрсөлдөх эрхийг тус газар зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Б ХХК-иас 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай "Монополын эсрэг газрын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай албан бичгийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.3. Гуравдагч этгээд Э ХК шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Э ХК-иас ЭТТХК/******* дугаартай Тусгай хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг /Багц 5. Нэг удаагийн комбинезон /Дотоодын үйлдвэрлэл/, 1,033,463,640 төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер/ 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зарласан.

Тендерт оролцохыг сонирхогч этгээдээс Монополын эсрэг газарт гомдол гаргасан тул Монополын эсрэг газрын 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар албан бичгийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид "ТБОНӨХБАҮХАТХ" гэх/-ийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар тендер хүлээн авах, нээлт хийх ажиллагааг түр түдгэлзүүлсэн.

Монополын эсрэг газраас 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ТБОНӨХБАҮХАТХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн, 58 дугаар зүйлийн 58.5.1-т заасныг үндэслэн *...тендер шалгаруулалтын баримт бичгийн Багц 5 "Нэг удаагийн комбинезон /Дотоодын үйлдвэрлэл/ 1,033,463,640 төгрөг" хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Э ХК нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2- т зааснаар дээрх албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулан 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/1520 дугаартай "Тодруулга хүргүүлэх тухай" албан бичгээр тендерт оролцохыг сонирхогч этгээдүүдэд Багц 5-д тендер шалгаруулалт зохион байгуулахгүй, цахим дэлгүүрээс худалдан авалт хийх талаар мэдэгдсэн.

Монополын эсрэг газрын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай "Тендерийн баримт бичгийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" албан бичгийн тухайд:

Э ХК нь 92,356 ширхэг нэг удаагийн комбинзоныг 1,033,463,640 төгрөгөөр худалдан авахаар төсөвт тусгасан бөгөөд нэгжийн өртөг нь 11,190 төгрөг байна. Гэтэл цахим дэлгүүр дэх хамгаалах хувцасны нэгжийн үнэ 23,000 төгрөг буюу 2.05 дахин илүү үнэтэй байгаа нь компанийн хувьд үр ашиггүй, алдагдалтай байдал үүсгэх, мөн төсөвт тусгасан хэмжээгээр худалдан авалтыг хийх боломжгүй нөхцөлийг бүрдүүлж байна.

Цахим дэлгүүрт санал болгож байгаа бүтээгдэхүүн нь зах зээл дээр байгаа дундаж үнээс хэт өндөр үнэтэй, мөн цахим дэлгүүрт уг бүтээгдэхүүнийг санал болгож байгаа нэг л компани байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална." гэж заасантай зөрчилдөх буюу өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчим биелэгдэхгүй байх үр дагавартай байна.

Иймд, Монополын эсрэг газрын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай "Тендерийн баримт бичгийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" албан бичгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

3.4. Гуравдагч этгээд М ХХК шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “1/ Захиалагчийн сонгон шалгаруулалтын тухайд.

Э ХК-иас ЭТТХК/******* дугаартай Тусгай хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг (Багц 5. Нэг удаагийн комбинезон /Дотоодын үйлдвэрлэл/, 1,033,463,640 төгрөгийн төсөв өртөг бүхий тендер) 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зарласан.

М ХХК нь захиалагч Э ХК-д 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай албан тоотоор ЭТТХК/*******/01/01 урилгын дугаартай "Тусгай хамгаалах хувцас, хэрэгсэл" нэртэй тендерийн багц 5 "Нэг удаагийн комбинезон” /Дотоодын үйлдвэрлэл/-д тодруулга хүссэн. Тодруулбал, тус багцын бараа нь цахим дэлгүүрт байршсан, цахим дэлгүүрээр худалдаалагддаг тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасны дагуу тус багцын барааг цахим дэлгүүрээс худалдан авалт хийхийг хүсэж, холбогдох линкийг илгээсэн.

Захиалагч Э ХК нь 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ******* тоот албан бичгийн хавсралтаар тендерт оролцохыг сонирхогч этгээдүүдэд тодруулга хүргүүлсэн байсан. Уг тодруулгын 11-д манай 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай тодруулга, хүсэлтэд "...цахим дэлгүүрт байршуулсан мэдээллээс тендерийн техникийн тодорхойлолтод заасан EN 13982-1, EN 14126, EN 13034 стандартуудыг хангасан эсэхийг нотлох мэдээлэл тодорхой харагдахгүй байна. Иймд тендерийн техникийн тодорхойлолтод тусгагдсан бүх шаардлага, үзүүлэлтийг бүрэн хангасан болохыг нотлох холбогдох чанарын гэрчилгээ, туршилтын тайлан болон бусад баталгаажуулах баримт бичгийг ирүүлсэн тохиолдолд тухайн барааг цахим дэлгүүрээс худалдан авах боломжтой..." гэх хариу өгсөн.

Улмаар бид 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* дугаартай "тодруулга өгөх тухай" албан тоотоор Э ХК-д цахим дэлгүүрт байршуулсан өөрийн бүтээгдэхүүн, түүний түүхий эдийн чанартай холбоотой баримт бичгүүдийг хавсралт болгож хүргүүлсэн.

Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу "хууль дээдлэх" үндсэн зарчимд нийцэх учиртай тул захиалагч Э ХК нь аливаа бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах үйл ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлах учиртай. Тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээг мөн хуульд өөрөөр заагаагүй бол цахим дэлгүүрээс худалдан авахаар тухайлан заасан.

Иймд М ХХК нь захиалагч нь хуулийн дээрх заалтын дагуу худалдан авалтаа хийх ёстой гэж үзэж холбогдох хуулиар олгосон эрхийн хүрээнд тодруулга хүсэж, улмаар Монополын эсрэг газарт холбогдох журмын дагуу гомдол гаргасан.

2/ Монополын эсрэг газарт гаргасан гомдлын тухайд

Бид 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монополын эсрэг газарт ******* дугаартай албан тоотоор гомдол гаргасан. Уг гомдолд "Э ХК-иас зарласан ЭТТХК/******* дугаартай тендерийн багц 5-ын "Нэг удаагийн комбинезон /хамгаалах хувцас/”-ыг М ХХК нь олон улсын болон Монгол Улсын стандарт, шаардлагын дагуу дотооддоо үйлдвэрлэдэг бөгөөд тус бүтээгдэхүүнийг Төрийн худалдан авах ажиллагааны газартай Ерөнхий гэрээ байгуулж, цахим дэлгүүрт байршуулсан. Тиймээс уг бүтээгдэхүүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу цахим дэлгүүрээс худалдан авалт хийх ёстой тул захиалагч байгууллагын тендерийн багц 5-ыг цуцлах талаар" дурдсан.

Гомдлыг хянаж, шийдвэрлэсэн хариуцагч Монополын эсрэг газрын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай "Тендерийн баримт бичгийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр болсон гэж гуравдагч этгээд М ХХК үзэж байгаа.

3/ Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд.

Нэхэмжлэгч Б ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлдээ хариуцагч Монополын эсрэг газрын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийг дараах таван үндэслэлээр хууль бус гэж үзжээ. Гуравдагч этгээд М ХХК эдгээр үндэслэлтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нээлттэй тендерийг хүчингүй болгосон нь ил тод, шударга өрсөлдөөний зарчимд нийцээгүй гэх тухай.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээг цахим дэлгүүрээс худалдан авахаар хуульчилсан нь энэ төрлийн худалдан авалтад тухайлсан журам болж, нээлттэй тендер шалгаруулалтын журмаас илүү нэн тэргүүнд хэрэглэгдэх зохицуулалт юм. Иймд хариуцагч Монополын эсрэг газрын тухайн барааг цахим дэлгүүрээс худалдан авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн шийдвэр нь ил тод, шударга өрсөлдөөний зарчмыг зөрчсөн бус, харин хуулиар тогтоосон тусгай журмыг зөв хэрэгжүүлсэн явдал юм. Хууль дээдлэх зарчмын дагуу захиалагч болон хариуцагч Монополын эсрэг газар аль аль нь энэхүү тусгайлсан зохицуулалтыг үл харгалзаж, ерөнхий журмаар (нээлттэй тендер) шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн ерөнхий гэрээний тогтолцоо нь өөрөө нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр байгуулагддаг бөгөөд М ХХК тухайн шалгаруулалтад өрсөлдөж, шаардлага хангасны үндсэн дээр гэрээ байгуулсан болно. Иймд ижил төрлийн үйлдвэрлэгчид, үүнд нэхэмжлэгч Б ХХК хамаарна, холбогдох стандарт шаардлагыг хангасан тохиолдолд цаашид зохион байгуулагдах сонгон шалгаруулалтад оролцож, ерөнхий гэрээнд хамрагдах хууль ёсны боломж нээлттэй хэвээр байгаа тул "өрсөлдөх боломжийг бүрэн хязгаарласан" гэх нэхэмжлэгчийн үндэслэл хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр шийдвэр гаргасан гэх тухай.

Хариуцагч Монополын эсрэг газар нь М ХХК-ийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай гомдол, М ХХК-ийн цахим дэлгүүрт байршуулсан бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ, техникийн баримт бичгүүд болон захиалагч Э ХК-иас зарласан сонгон шалгаруулалттай холбоотой баримт бичигт үндэслэн шийдвэрээ гаргасан гэж ойлгож байгаа. Энэ нь хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэл болно гэж үзэж байна. Иймд "бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр шийдвэр гаргасан" гэх нэхэмжлэгчийн үндэслэл нотлогдохгүй байна гэж үзэж байна.

3. Бүтээгдэхүүний ангиллын зөрүүтэй байдлын тухай.

Захиалагч Э ХК нь 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот тодруулгаараа цахим дэлгүүрт байршсан байгаа бүтээгдэхүүн нь тендерийн техникийн тодорхойлолтод заасан EN 13982-1, EN 14126, EN 13034 стандартуудыг хангасан эсэхийг нотлох холбогдох чанарын гэрчилгээ, туршилтын тайлан болон бусад баталгаажуулах баримт бичгийг ирүүлсэн тохиолдолд тухайн барааг цахим дэлгүүрээс худалдан авах боломжтой талаар тусгасан. М ХХК энэхүү шаардлагыг бүрэн хангаж, баталгаажуулах баримт бичгийг захиалагчид хүргүүлсэн болно.

Иймд бүтээгдэхүүн аль ангилалд бүртгэгдсэн нь захиалагчийн худалдан авах шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд гол шалгуур нь бүтээгдэхүүн техникийн шаардлагыг хангасан эсэх мөн. Түүнчлэн ерөнхий гэрээний сонгон шалгаруулалт зарлагдаагүй, ангиллын алдаа, зөрчил байгаа гэж үзвэл энэ нь хариуцагчийн бус эрх бүхий байгууллагатай холбоотой асуудал тул тэдгээрт үндэслэн маргаан бүхий шийдвэрийг хууль бусад тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

4. Засгийн газрын 162 дугаар тогтоолын зорилгод нийцээгүй, цөөн этгээдэд давуу байдал бий болгосон гэх тухай.

Монгол Улсын Засгийн газрын 162 дугаар тогтоол, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг нь хоёулаа ерөнхий гэрээгээр худалдан авалт хийхийг тухайлан зөвшөөрсөн агуулга бүхий зохицуулалт юм.

Хууль дээдлэх зарчмын үүднээс аливаа захиалагч, төрийн байгууллага үйлчилж буй хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс үүрэгтэй бөгөөд үүнийг "цөөн этгээдэд давуу байдал бий болгосон" гэж үзэх нь хуулийн шаардлагыг зөрчсөн эсэхтэй холбоогүй, харин хуулийг хэрэгжүүлсэн шийдвэрийг эсэргүүцсэн үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан тендер шалгаруулалттай холбоотой бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монополийн эсрэг газрын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай “Э ХК-иас 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зарласан ЭТТХК/******* дугаартай Тусгай хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт: Багц 5 “Нэг удаагийн комбинзон /Дотоодын үйлдвэрлэл/” 1,033,463,640 төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер”-ийг хэсэгчлэн хүчингүй болгосон” шийдвэрийг дараах үндэслэлээр хууль бус хэмээн үзэж хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            1. Хариуцагч Монополийн эсрэг газар нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцээгүй” гэх гомдлоор тендерийн баримт бичгийг хянан үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хамаарлыг зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс шийдвэр нь төрийн худалдан авах ажиллагааны хэмнэлттэй, үр ашигтай байх, өрсөлдөх тэгш боломжийг хангах зарчмууд зөрчигдөхөд хүргэсэн байна гэж үзлээ.

            1.1. Аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Монополын эсрэг газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд 15 дугаар зүйлийн 15.1.12-т заасан “эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх” бүрэн эрх эрхлэх асуудлын хүрээгээр буюу маргаанд хамаарах харилцааны хувьд “тендерийн баримт бичиг тендерт оролцогчдын тэгш шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан” гэх гомдлын хүрээгээр хязгаарлагдана.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тендер шалгаруулалтын баримт бичиг “өрсөлдөөн хязгаарласан” тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг ... хүлээн авна”, 58.4-т “гомдлын үндэслэлийн хүрээнд хянан шийдвэрлэнэ” гэж тус газрын хүлээн авах гомдлын болоод тендерийн баримт бичгийг хянах хүрээг хуулиар маш тодорхой тодорхойлж, захиалагчийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хянах, шийдвэр гаргах хүрээнээс зааглаж хуульчилсан.  

Ийнхүү хуулиудын дээрх зохицуулалтаар Монополийн эсрэг газар нь Өрсөлдөөний тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тендерийн баримт бичиг нь өрсөлдөөнийг хязгаарласан эсэхийг тендерт оролцогчийн “шударгаар тэгш өрсөлдөх боломжийг хязгаарласан” гэх гомдлоор л хянахаар тодорхойлсон.

Гэтэл Монополын эсрэг газарт М ХХК-иас гаргасан гомдол нь тендер сонгон шалгаруулалтын баримт бичиг нь өрсөлдөөнийг хязгаарласан гэх агуулгагүй, “багц 5-ын "Нэг удаагийн комбинезон /хамгаалах хувцас/”-ыг М ХХК нь дотооддоо үйлдвэрлэдэг, тус бүтээгдэхүүнийг Төрийн худалдан авах ажиллагааны газартай Ерөнхий гэрээ байгуулж, цахим дэлгүүрт байршуулсан тул уг бүтээгдэхүүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу цахим дэлгүүрээс худалдан авалт хийх ёстой тул захиалагч байгууллагын тендерийн багц 5-ыг цуцлах” агуулгатай, өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх, захиалагч зөрчсөн эсэх, тендер шалгаруулалт зарласан нь зөв эсэх агуулгатай байна. Тиймээс хүлээн авч шийдвэрлэх гомдлын агуулгад хамаарахгүй гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь, хуульд заасан харьяаллыг зөрчин “хуульд нийцээгүй” гэх дүгнэлт хийж, тендер шалгаруулалтын тухайн багцыг хүчингүй болгосон нь хуулиар олгогдсон “өрсөлдөөнийг хязгаарласан” гэх гомдлыг шалгаж шийдвэрлэх эрх хэмжээг хэтрүүлжээ.

1.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Энэ хуулийн 37.2.4-т тодорхойлсон захиалагч ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээг энэ хуульд өөрөөр заагаагүй бол цахим дэлгүүрээс худалдан авна.”, 37 дугаар зүйлийн 37.2-т “Ерөнхий гэрээний аргын нэгдүгээр үе шатанд ерөнхий гэрээ байгуулах тендер шалгаруулалтыг дараах нөхцөлтэйгөөр энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж, захиалагчийн хэрэгцээнд үндэслэн бараа, үйлчилгээний нэгж дээд үнэ болон бусад нөхцөлийг урьдчилан тогтооно”, 37.2.4-т “үйл ажиллагааны салбар, газар зүйн байрлалд үндэслэн захиалагчийг тодорхойлсон байх” гэж зааснаар хариуцагч “захиалагчийг зөв тодорхойлоогүй”, хуулийн энэ заалтын агуулгыг буруу тодорхойлон хэрэглэжээ.

Тодруулбал уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Э ХК-иас уурхайн орчинд ажиллах ажилтныг нарийн ширхэгт тоосонцороос хамгаалах зориулалт бүхий тусгай хамгаалах хувцас, хэрэглэл нийлүүлэгчийг сонгох ЭТТХК/******* дугаартай “Тусгай хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын Багц 5-аар “Нэг удаагийн комбинзон /Дотоодын үйлдвэрлэл/” тендерийг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зарласан.

            ЭТТХК/******* дугаартай “Тусгай хамгаалах хувцас, хэрэгслийн нийлүүлэгч”-ийг сонгох тендер шалгаруулалтын Багц 5-ын “Нэг удаагийн комбинзон /Дотоодын үйлдвэрлэл/” техникийн тодорхойлолтод “...ажлын хувцасны гадуур өмсөх зориулалттай, биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад болохооргүй, салхи, ус, тос нэвтэрдэггүй полипропилен материалтай байна” гэж бүтээгдэхүүний зориулалтыг тодорхойлсон.

            Гэтэл Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим дэлгүүрт ерөнхий гэрээгээр гуравдагч этгээд М ХХК-ийн байршуулсан хамгаалах хувцас буюу нэг удаагийн комбинзон нь эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудыг халдварт өвчний эрсдэлтэй орчинд халдвараас хамгаалах зориулалттай бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас зарласан "Зарим ерөнхий нэршлийн эм, эмнэлгийн хэрэгсэл"-ийн ерөнхий гэрээний сонгон шалгаруулалтаар бүртгэгдсэн бараа байна.

            Тиймээс үйл ажиллагааны салбарын хувьд ч, барааны зориулалт, цахим дэлгүүрт бүртгэгдсэн ангиллын хувьд ч уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Э ХК-ийн уурхайн орчинд ажиллах ажилтныг нарийн ширхэгт тоосонцороос хамгаалах зориулалт бүхий тусгай хамгаалах хувцас худалдан авах тендерийн захиалагчийг  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас зарласан "Зарим ерөнхий нэршлийн эм, эмнэлгийн хэрэгсэл"-ийн ерөнхий гэрээний сонгон шалгаруулалтаар бүртгэгдсэн “эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн халдвар хамгааллын хэрэгсэл комбинзон”-ыг худалдан авах захиалагч гэж тодорхойлсон нь буруу, улмаар 31 дүгээр зүйлийн 31.2-т “Энэ хуулийн 37.2.4-т тодорхойлсон захиалагч ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээг энэ хуульд өөрөөр заагаагүй бол цахим дэлгүүрээс худалдан авна.” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн дүгнэлт буруу болжээ.

М ХХК-ийн үйлдвэрлэдэг, цахим дэлгүүрт ерөнхий гэрээгээр нийлүүлэхээр байршуулсан бүтээгдэхүүн нь “эм эмнэлгийн хэрэгслийн ангилал”-д бүртгэгдсэн, MNS 6843:2020 Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн халдвар хамгааллын хэрэгсэл комбинзон болон гутлын гадуур өмсгөлийн иж бүрдэл бөгөөд Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас баталж ирүүлсэн техникийн тодорхойлолтод Э ХК-иас зарласан “Тусгай хамгаалах хувцас, хэрэглэл нийлүүлэгчийг сонгох ЭТТХК/******* дугаартай тендерийн Багц 5-ын “Нэг удаагийн комбинзон /Дотоодын үйлдвэрлэл/”-ы техникийн тодорхойлолтын “EN13982-1, EN14126, EN13034 стандарт хангасан хангасан байна, Жин-50 болон түүнээс дээш грамм байна” зэрэг шаардлагыг тусгаагүйгээс техникийн тодорхойлолтод нийцэх эсэхийг тодорхойлох боломжгүйг Төрийн худалдан авах ажиллагааны газар шүүхэд 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн  ******* тоотоор илэрхийлжээ.

Хариуцагч Монополын эсрэг газар захиалагч Э ХК-ийг “Нэг удаагийн комбинзон /Дотоодын үйлдвэрлэл/” -ыг цахим дэлгүүрээс ерөнхий гэрээгээр худалдан авах боломжтой байхад тендер шалгаруулалт зарласан нь хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Энэ хуулийн 37.2.4-т тодорхойлсон захиалагч ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээг энэ хуульд өөрөөр заагаагүй бол цахим дэлгүүрээс худалдан авна.” гэснийг зөрчсөн гэж дүгнэхдээ Э ХК М ХХК-ийн үйлдвэрлэдэг, цахим дэлгүүрт ерөнхий гэрээгээр нийлүүлэхээр байршуулсан “эм эмнэлгийн хэрэгслийн ангилал”-д бүртгэгдсэн, “Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн халдвар хамгааллын хэрэгсэл комбинзон”-ы захиалагч мөн эсэх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс ийнхүү хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийг буруу хэрэглэжээ.

1.3. Түүнчлэн захиалагч Э ХК уг багц 5-ын “Нэг удаагийн комбинзон /Дотоодын үйлдвэрлэл/” барааг 1,033,463,640 төгрөгийн төсөвт өртгөөр, нэг бүрийг 11.900 төгрөгөөр, 92,356 ширхэгийг худалдан авахаар төсөвт тусгасан байхад цахим дэлгүүр дэх хамгаалах хувцасны нэгжийн үнэ 23,000 төгрөг буюу 2.05 дахин илүү үнэтэй байгаа нь компанийн хувьд төсөвт тусгасан хэмжээгээр худалдан авалтыг хийх боломжгүй нөхцөлийг бүрдүүлж, үр ашиггүй, алдагдалтай байдал үүсгэж байгаа нь төрийн мөнгөөр худалдан авах ажиллагаанд баримтлах үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг алдагдуулжээ.

Гэтэл хариуцагч Монополын эсрэг газар бүтээгдэхүүний нэгж үнэ, худалдан авахаар төлөвлөсөн тоо хэмжээнд багтаж байгаа эсэх энэ бодит нөхцөл байдлыг огт харгалзан хянан үзээгүйгээс шийдвэр нь бодит нөхцөлд нийцээгүй, үндэслэл бүхий болоогүй, ийнхүү  захиалагчийн төсөвт тусгасан хэмжээгээр худалдан авалтыг хийх боломжгүйд хүргэж, үр ашиггүй, алдагдалтай байдал үүсгэж, төрийн мөнгөөр худалдан авах ажиллагаанд баримтлах үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг алдагдуулахад хүргэжээ.

            Ийнхүү Э ХК-ийн ЭТТХК/******* дугаартай Тусгай хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт Багц 5-ын “Нэг удаагийн комбинзон /Дотоодын үйлдвэрлэл/” -ыг цахим дэлгүүрээс ерөнхий гэрээгээр худалдан авах боломжтой байхад тендер шалгаруулалт зарласан нь хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Энэ хуулийн 37.2.4-т тодорхойлсон захиалагч ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээг энэ хуульд өөрөөр заагаагүй бол цахим дэлгүүрээс худалдан авна.” гэснийг зөрчсөн гэж тендерийн баримт бичгийг хэсэгчлэн хүчингүй болгосон Монополын эсрэг газрын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийдвэр хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн тэгш шударгаар өрсөлдөх эрхийг хязгаарласан байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 37 дугаар зүйлийн 37.2.4, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалтыг тус тус баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монополын эсрэг газрын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай “Тендерийн баримт бичгийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монополын эсрэг газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ХАЛИУНА