Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2026/0658

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч прокурор: Н.А*******,

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*******д холбогдох 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-тай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл, дүгнэлт гаргагч прокурор Н.А*******, хариуцагч Д.Б******* /цахим/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Дүгнэлтийн шаардлага:

1.1. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*******гийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Ц.Б*******д шийтгэл оногдуулсан 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн тайлбар:

3.1. Дүгнэлт гаргагч прокурор Н.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.Б******* нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт шалган нэвтрүүлэх цэгээр гарал үүслийн бичиггүй загас тээвэрлэсэн гэх мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч Ц.Б*******гийн мэдүүлэг, хураан авсан эд зүйл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, ан амьтан барих эрхийн бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон "Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын голоос ахуйн зориулалтаар 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр агнуурын амьтан болох гутаарь загас 5 ширхэг, цурхай загас 2 ширхгийг барьж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт шалган нэвтрүүлэх цэгээр 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим ******* УНР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн" үйлдэлд шийтгэл оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Агнуурын бус нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно"; Мөн Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т "Агнуурын амьтан агнах, барих гэрээ, эрхийн бичиг, тусгай зөвшөөрлийн загварыг төрийн захиргааны төв байгууллага батална", 25.3-т "Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт (цаашид "тодорхойлолт" гэх) олгоно", 25.4-т "Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолтын загвар, олгох журам, тодорхойлолт олгогдвол зохих ан амьтан, тэдгээрийн түүхий эдийн жагсаалтыг төрийн захиргааны төв байгууллага батална" гэж тусгайлан зохицуулсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/75 дугаартай тушаалаар батлагдсан "Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт олгох, хяналт тавих журам"-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр А/68 дугаартай тушаалаар хүчингүй болгожээ. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Зөрчил үйлдсэн хүнд зөрчлийн шинжийг харгалзан Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна" гэж шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхой заасан байхад хяналтын улсын байцаагч Д.Б******* нь хүчингүй болгосон дээрх журмын 1.2-т заасан "ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт (ан амьтныг... нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэхэд... зохих журмын дагуу агнасан болохыг гэрчилсэн баримт)-гүй 6 загас тээвэрлэсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно", 2 дахь хэсэгт "Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно", 4 дэх хэсэгт "Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэх хууль ёсны зарчимд болон уг хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хүнд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчимд тус тус нийцэхгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан амьтны тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа Ц.Б*******д холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, мэдүүлэг авахгүйгээр шийтгэл оногдуулж, түүний эрхийг ноцтой зөрчсөнийг дурдах нь зүйтэй. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*******гийн 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Ц.Б*******д шийтгэл оногдуулсан 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив... гэжээ.

Хариуцагч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Амьтны тухай хуулийн 28.1-т зааснаар иргэн зохих төлбөр төлж сумын Засаг даргаас эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтны бусад амьтныг ахуйн зориулалтаар барьж болно. Хуулийн дагуу торгууль ногдуулсан. Прокурорын хэлээд байгаа мэдүүлэг авахгүйгээр шийтгэл оногдуулсан нь экологийн цагдаагийн эрх бүхий албан хаагч, зөрчлийг баримтжуулаад тухайн үед Ц.Б******* тодорхойлолтгүй, зөвхөн гарал үүсэлтэй явж байсан. Ц.Б******* агнаад тээвэрлэж байгаа , гарал үүслийн бичиг нь байгаа ч тухай сумын Засаг даргаас Ц.Б******* агнасан. Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт байх ёстой. Амьтны тухай хуульд заасан үндэслэлээр шийтгэлийг оногдуулсан... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*******гийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Ц.Б*******д шийтгэл оногдуулсан 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан.

3. Уг шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 300,000 төгрөгөөр торгожээ.

4. Хариуцагч нь дээрх хуульд заасан үндэслэлээр агнуурын бүс нутгаас бусад газарт тээвэрлэсэн гэх үйлдэлд холбогдуулан Ц.Б*******д хариуцлага ногдуулахдаа ахуйн зориулалтаар ан агнах эрхийн бичгээс гадна тодорхойлолт аваагүй, харин прокуророос хүчингүй болсон журмыг үндэслэж хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй талаар маргасан.

5. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид тодорхойлолт /олгоно гэж зааснаар амьтныг худалдах тохиолдолд тодорхойлолт авахаар байна.

6. Харин тухайн тохиолдолд зөрчилд холбогдогч Ц.Б******* нь 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих эрхийн бичиг-ээр Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын голоос Гутаарь загас 5 ширхэг, цурхай загас 2 ширхэгийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 1 хоногийн хугацаанд барих зөвшөөрөл авч агнасан, үүнийгээ тээвэрлэж явсан учир тодорхойлолт авах шаардлагагүй юм.

7. Гэтэл хариуцагч нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/68 дугаар тушаалаар хүчингүй болсон Ан амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт олгох, хяналт тавих журам-ын 2.1-д Тухайн сумын улсын байцаагч ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн тодорхойлолтыг олгохдоо тухайн сумын Засаг даргын Тамгын газраас олгосон ахуйн зориулалтаар ан агнах эрхийн бичиг болон үйлдвэрлэлийн зориулалтаар ан агнах гэрээг үндэслэнэ гэж заасны дагуу тодорхойлолт аваагүй гэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно, 4-д Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй ба энэ талаарх прокурорын дүгнэлт үндэслэлтэй.

8. Өөрөөр хэлбэл, Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлээр агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглосон зохицуулалтад зөвшөөрөл бүхий этгээд агнасан ангаа ангийн бус газар тээвэрлэхэд тусдаа зөвшөөрөл авах зохицуулалт байхгүй байхад хүчингүй болсон журмыг үндэслэж хариуцлага тооцсон нь хууль бус юм.

9. Мөн хариуцагчаас шийтгэлийн хуудсыг гаргах үндэслэлээ Амьтны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Энэ хуулийн 21.1-д заасан иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно. гэж зааснаар гаргах эрхтэй гэж тайлбарласан ч уг хуулийн зохицуулалт нь эрхийн бичгийн дагуу зохих журмын дагуу ахуйн зориулалтаар ан агнаж болохыг зөвшөөрсөн, тухайн тохиолдолд холбогдогч нь загас агнах зөвшөөрөл авсан байх тул хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.

10. Үүнээс гадна, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ, 3.6 дугаар зүйлийн 1-д Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа хүнийг гэрч гэнэ гэж заасан.

11. Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн баримтад шийтгэлийн хуудсаар Ц.Б*******д хариуцлага хүлээлгэсэн боловч 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч Ц.Б******* нь Та үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч байна уу? Танд хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл байна уу? гэхэд хариулаагүй буюу гэрчээр мэдүүлэг өгсөн,

мөн тэрээр огноо дугааргүй тайлбартаа ...автомашинаар 7 ширхэг загас холбогдох зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан нь үнэн болно гэх баримт авагдсан боловч түүнийг холбогдогчоор асуусан тэмдэглэл байхгүй, зөрчлөө хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй байхад хариуцагчаас энэ талаар шүүх хуралдаанд адил агуулгатай мэдүүлэг өгсөн учир холбогдогчоор асуугаагүй гэх агуулгаар тайлбарласан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 6.6 дугаар зүйлийн 2-д 3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж тус тус заасанд нийцэхгүй болно.

12. Дээр дурдсанаар хариуцагч нь шийтгэлийн хуудас ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуульд заасан зохих зөвшөөрлийн дагуу агнасан загасаа тээвэрлэсэн байхад хүчингүй болсон хэм хэмжээний актыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

13. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.1, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн дүгнэлтийг хангаж, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*******гийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Ц.Б*******д шийтгэл оногдуулсан 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар прокурор тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ