Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 38

 

                    

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3-р багт оршин суух, иргэн Шаазгай овогт Чулуунбаатарын Баттогтох,

            Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

            Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн Б/70 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,Э.Наранмандах, Г.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ч.Баттогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч.Баттогтох миний бие 1972 онд төрсөн нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 1980-1990 онд бүрэн дунд боловсрол, 1990-1993 онд Багшийн сургууль, 2000-2001 онд УБИС-ийн баклавр, 2007-2009 онд ХУИС-ийн магистр, 2016 онд Удирдлага хөгжлийн академид Боловсррлын удирдлагаар мэргэшиж боловсролын салбарт 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал багшаар 17, сургалтын менежерээр 3, захирлаар 3, нийт 23 жил ажилласан.  2013 оны 02 дугаар сарын 25 нд Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдог 2013 оны 3 дугаар сард сонгон шалгарууланд орж жинхэлсэн болно. Захирлаар ажиллах хугацаандаа хамт олон болон сурагчдыг эрүүл зөв дадал, хэвшилтэй болгоход анхаарч ажиллаж, “Архи тамхигүй ажлын байр” уралдаанд аймагт 2-р байр, “Эрүүл дадалтай сургууль” уралдаанд аймагт 3-р байрыг тус тус эзэлсэн. Увс аймгийн Засаг дарга нь эрхээ Улаангом сумын Зсаг даргад шилжүүлснээр Засаг дарга О.Ганхуягтай үр дүнгийн гэрээг байгуулан ажиллаж, 2013 онд 95%, 2014 онд 91.6%, 2015 онд 90.2 % тус тус дүгнүүлсэн. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр намайг ээлжийн амралт дуусаагүй байхад аймгийн Засаг дарга захирамж гарган ажлаас чөлөөлсөн. Тус захирамж нь Боловсролын хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 “ аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх; төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-д үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэсэн заалтуудыг үндэслэжээ. Миний бие нь эзэмшсэн мэргэжил, боловсрол ажлын дадлага туршлага ур чадвар, арга зүйн талаар хүрсэн амжилтуудаа дээр товч дурьдсан бөгөөд Төрийн албаны хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010.04.26 –ны өдрийн 08 тоот тогтоолд “ төрийн албаны төв байгуулалгаас тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшин / үр дүнгийн гэрээний биелэлт /-г үнэлэх журамд зааны дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүн авсныг ойлгоно” гэж тайлбарласантай миний бодит абйдал тохирохгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөхтэй холбоотой харилцааг захицуулахаар хуульчдагдсан байна. Төрийн жинхэнэ алба хаагч гэдгийг энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д тодорхойлсон байх ба миний бие төрийн жинхэнэ алба хаагч биш төрийн үйлчилгээний алба хаагч тул энэ заалтаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “ Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно   ” гэж заасан байтал хөдөлмөрийн харилцаан зохицуулж буй Хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг захирамжинд дурьдаагүй нь энэ захирамж илт хууль бус болохыг баталж байна. Хичээллийн шинэ жил эхлэхийн урьд өдөр аймгийн төвийн 6 ахлах сургуулийн 4-ийнх нь болох Цогцолбор 2, Ахлах 4, Увс-Эрдэм, Чандмань-Эрпэм  ахлах сургуулийн захирлуудыг гэнэт ажлаас чөлөөлсөн нь цаанаа улс төрийн шалтгаантай байна гэж хардахад хүргэж байна. Энэ нь Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг минь зөрчиж ялгаварлан гадуурхсан үйлдэл юм. Миний бие нь захирлаар ажиллах хугацаандаа төрийн ажлыг чин шударгаар хариуцлагатай хийж байсан. Би оюутан хүүхэдтэй, ипотекийн өндөр зээлтэй. Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/70 тоот захирамжийг хүчингүй болгож намайг Увс-эрдэм ахлах сургуулийн захирлын албан тушаалд буцаан томилуулж ажилгүй байсан үеийн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, төрийн үйлчилгээний албаны улирлын урамшууллыг нөхөн олгуулж өгнө үү” гэжээ.

          Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сургуулийн захирал нь үр дүнгийн гэрээгээр ажилладаг төрийн албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг захирамжинд дурдаагүй явдал нь тухайн маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй юм. Иймд Ч.Баттогтохын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

     Гуравдагч этгээд П.Пүрэвдорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Увс-эрдэм ахлах сургуулийг үүсч байгуулагдаад 10 сарын дараа сургуулийн захирлаар ирж ажилласан. Ажиллах хугацаандаа шинэ хамт олныг бүрдүүлэн төлөвшүүлэх, сургуулийн гадна дотно орчинг тохижуулж, сургалтын орчин бүрдүүлэх, чадвартай сайн багш нарыг татан сургуульдаа ажиллуулан, багш нарыг чадваржуулах, сурагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг нэн даруй хийх ажлуудыг богино хугацаанд хийж Увс-эрдэм ахлах сургуулийг аймгийн тэргүүний сургуулиудтай өрсөлдөх чадвартай, томоохон ахлах сургуулиудын нэг болгож хангалттай сайн ажилласан.

       2011-2012, 2012-2013 оны хичээлийн жилд багш, сурагчид, Улс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд амжилт гаргаж, багш Цэдэвсүрэн мэдээлэл зүйн Улсын олимпиадаас мөнгө, хүрэл медаль, багш Г.Баатаржав Улсын илтгэлийн уралдаанаас хүрэл медаль хүртсэн. Сургуулийн гадна орчны тохижилтоор улсад 3-р байр, Олимп танхим улсын шилдэг танхимаар, Аймгийн багш нарын дунд явагддаг спортын 5 төрлийн тэмцээнд 2010, 2011, 2012 онуудад аймагт 1-р байр, сурагчдын тоо 500 гаруй байсан бол энэ жилүүдэд 1000 гаруй суралцагчидтай болж өргөжсөн зэрэг ахиц амжилттайгаар ажиллаж байсан.

         2013 оны 2 дугаар сард Аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас халагдсан. 2016 оны 8 сарын 31-нд Аймгийн Засаг даргын Б/71 тоот захирамжаар Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандах, Г.Шинэбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулагдсан тул төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлаас чөлөөлсөн. Ингэж ажлаас чөлөөлөхдөө боловсролын газрын даргатай зөвшилцөж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийг дадлага туршлагад нь нийцсэн ажлын байраар хангахыг Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн захиралд даалгасан. Сургуулийн захирлыг чөлөөлөх нь Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Ч.Баттогтох нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг боловч үр дүнгийн гэрээ давхар байгуулсан тул үр дүнгийн гэрээг үндэслэж ажлаас чөлөөлөх ёстой гэж төрийн албаны зөвлөлийн 2014 оны 134 тоот тогтоолоор заасан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг тодорхойлсон. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан. Ч.Баттогтох нь төрийн үйлчилгээний албан хаагч юм. Үр дүнгийн гэрээ байгуулснаар хөдөлмөрийн гэрээ байхгүй болсон зүйл биш. Боловсролын хуулийн 30 дугаар зүйлийн 30.15 дахь хэсэгт үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн сургуулийн захирлыг чөлөөлөхөөр заасан. Аймгийн Боловсролын газраас Ч.Баттогтохыг чөлөөлөх санал гаргаагүй гэдэг нь аймгийн Боловсролын газрын дарга Дашнямын хариу мэдэгдсэн албан бичгээс харагдаж байна. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг дарга дуудаж уулзсан тул энэ нь аймгийн Засаг даргын санал санаачилга байсан. Мөн төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсгийг нэхэмжлэлд дурдсан. Үйл ажиллагааны үр дүн, мэргэшилийн түвшин, тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэдгийг тайлбарласан улсын дээд шүүхийн тогтоолын тайлбар байдаг. Бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн албаны төв байгууллагаас тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээ/-ний биелэлтийг үнэлэх журамд заасны дагуу дүгнэсэн үнэлгээг хангалтгүй дүн авсан гэдгийг ойлгоно гэж заасан. Өнгөрсөн гурван жил Ч.Баттогтох үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхдээ А буюу маш сайн гэсэн үнэлгээ авч байсан. Ч.Баттогтохыг ажлаас чөлөөлөхдөө урьдчилан мэдэгдээгүй. Одоо хэдийгээр тайлбар гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сонсох ажиллагаа явуулсан гэж хэлдэг боловч урьд өдөр боловсрол соёлын газрыг дуудаж уулзаад маргааш өдөр буюу 8 дугаар сарын 31-ний өдөр захирамж гаргасан. Энэ захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн шаардлага хангахгүй, мөн ерөнхий хуулинд тавигдах бичгийн актын шаардлагуудыг зөрчсөн. Сонсох ажиллагаа хийгдээгүй, захирамжтай холбоотой дараагийн шатанд гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгөөгүй, захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн миний үйлчлүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангах боломжтой. Мөн хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт ээлжийн амралттай байгаа үед ажлын байрыг хэвээр хадгалах зохицуулалт байдаг. Ч.Баттогтох нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ээлжийн амралт дуусах ёстой буюу ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлж хуулийг зөрчсөн. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөр эрхлэлтын бодлогын тухай 122 дугаар конвенц, алагчлахгүй байх 111 дугаар конвенц гэх мэт манай улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ конвенц зэргийг давхар зөрчиж байгаа тул миний үйлчлүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна” гэв.

         Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхэд нэхэмжлэгч Ч.Баттогтох нь Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн Б/70 дугаартай “ Ажлаас чөлөөлөх тухай “ захирамжийг хүчингүй болгуулж, Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч , гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

         Нэхэмжлэгч Ч.Баттогтох болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар нь “Ажлаас чөлөөлөх тухай Засаг даргын захирамжид Төрийн албаны тухай хуулийн 23-р зүйлийг баримталсан нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамааралгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, захирлын албан тушаалыг хашихад шаардлага хангахгүй гэдэг нь нотлогдоогүй, захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримталж ажиллаагүй“ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

      Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “Сургуулийн захирал нь үр дүнгийн гэрээгээр ажилладаг төрийн албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хууль баримтлаагүй нь маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийг дадлага туршлагад нь нийцсэн ажлын байраар хангахыг Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн захиралд даалгасан”  гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

         Гуравдагч этгээдийн  хувьд Аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн  Б/71 дугаартай захирамжаар Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа талаараа тайлбар гаргажээ.

        Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн  Б/70 дугаартай “ Ажлаас чөлөөлөх тухай” захирамжинд[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ч.Баттогтохыг Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, захирамжийн 2 дахь заалтаар Ч.Баттогтохыг мэргэжил, дадлага туршлагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн захиралд даалгаж шийдвэрлэсэн байна.

          Нэхэмжлэгч Ч.Баттогтох нь Увс аймгийн Засаг даргын 2013 оны 04 сарын 11-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ [2]байгуулсан байх ба жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан[3] ажиллаж байжээ.

       Нэхэмжлэгчийг  ажлаас халсан тухай захиргааны акт гарсны дараа Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн  Б/71 дугаартай захирамжаар[4] Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Пүрэвдоржийг томилжээ.

     Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-д заасан “ үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон“ бол төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулахаар зохицуулсан заалтыг маргаан бүхий актад баримталснаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Баттогтохыг захирлын албан тушаалыг эрхлэх шаардлага хангахгүй гэж үзсэн байна.

     Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ч.Баттогтохыг ямар үндэслэлээр захирлын албан тушаалд тэнцэхгүй байгаа талаар тайлбарлаагүй, энэ талаар нотлоогүй тул Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн  Б/70 дугаартай “ Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

        Мөн Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д зааснаар сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар байх тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалт буюу төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах үндэслэлийн талаарх зохицуулалтыг маргаан бүхий захиргааны актад баримталсан нь буруу болжээ.

        Нэхэмжлэгч Ч.Баттогтох нь Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа аймгийн Засаг дарга болон Улаангом сумын Засаг даргатай жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж, 2013 оны үр дүнгийн гэрээгээ 95, 2014 оны үр дүнгийн гэрээгээ 91.6, 2015 оны үр дүнгийн гэрээгээ 90,2 гэсэн үнэлгээтэй дүгнүүлж, зохих урамшууллыг авч байжээ.

        Түүнчлэн Ч.Баттогтох нь багшаар болон захирлаар ажиллаж байх хугацаандаа үзүүлж байсан амжилтууд болон сургуулийн үйл ажиллагаантай үнэлгээ, амжилтуудын талаарх баримтуудыг[5] нэхэмжлэлдээ хавсаргасан бөгөөд мөн Боловсрол судлалын магистрын зэргийн диплом,  боловсролын удирдлагын чиглэлээр холбогдох сургалтуудад хамрагдаж байсан талаарх баримтууд болох сертификат, гэрчилгээ, батламж зэрэг бичгийн баримтууд[6] хэрэгт авагдсан байна.Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийг удирдах албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахуйц боловсролыг эзэмшсэн гэж үзэх боломжтой юм.

          Аймгийн Засаг дарга Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх бүрэн эрхтэй боловч захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймгийн Боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх хуулийн зохицуулалттай байна.

        Увс аймгийн Засаг дарга нь Боловсролын газрын даргатай зарим сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг ажлаас чөлөөлөх, сэлгэн ажиллуулах талаар ярьж зөвшилцсөн талаарх Боловсрол соёлын газрын дарга С.Дашнямын тодорхойлсон албан бичгийн агуулгаас үзэхэд хариуцагчийн зүгээс Ч.Баттогтохыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийн талаар зөвшилцсөн гэж үзэх боломжгүй байх ба мөн Ч.Баттогтохтой 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнээгүй атлаа ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

       Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул маргаан бүхий захиргааны акт буюу Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн Б/70 дугаартай “ Ажлаас чөлөөлөх тухай “ захирамж нь уг хуульд заасан зохицуулалтад нийцсэн эсэхэд дараах дүгнэлтийг хийв.

        Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа 1/ Оролцогчийг тодорхойлох, 2/ Нөхцөл байдлыг тогтоох, 3/ Нотлох баримтыг цуглуулах, 4/ Оролцогчийг сонсох ажиллагааг хийсэн байх шаардлагатай байна.

      Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх журмыг хэрэгжүүлээгүй байна.

        Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах шаардлагуудыг нэг бүрчлэн дурдсан байх ба уг шаардлагуудыг Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн Б/70 дугаартай “ Ажлаас чөлөөлөх тухай “ захирамж нь хангаагүй байна.

       Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн Б/70 дугаартай         “ Ажлаас чөлөөлөх тухай “ захирамж нь хууль бус байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Баттогтохыг урьд эрхэлж байсан Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.

        Шүүхээс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоон шийдвэрлэж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “ Дундаж цалин хөлс толорхойлох журам”-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн цалингийн тооцооны карт, нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт зэргийг үндэслэн тооцоолж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

       Тус журамд зааснаар нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг үндэслэн ажилгүй байсан нийт 2 сар 1 хоногийн цалинтай тэнцэх олговор 2273392 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Баттогтоход олгох үндэслэлтэй байна.

         Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлын 2016 оны 06 сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай “2015-2016 оны хичээлийн жилийн ээлжийн амралт олгох тухай” тушаалд зааснаар Ч.Баттогтохын ээлжийн амралтыг 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 09 сарын 12-нд дуусахаар баталжээ.

        Нэхэмжлэгч ээлжийн амралтын мөнгөө 2016 оны 7 сард тооцуулан авсан байх тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо  ээлжийн амралт дууссан өдрөөс буюу 2016 оны 09 сарын 13-ны өдрөөс тооцов.

Дараах хүснэгтэд олговрыг тооцоолов.

Тооцоолол

Сарын ажлын өдөр

 

 

Ажлаас халагдахаас өмнөх 3 сард авсан цалин

 

2016 оны 7 сар

/Ээлжийн амралтын олговор цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй тул ээлжийн амралтын мөнгийг тооцоогүй/

 

998312 төгрөгийн цалин +330324 төгрөгийн урамшуулал нийт 1328636 төгрөг

 

 

16 хоног

2016 оны 6 сар

998312 төгрөг

21 хоног

2016 оны 5 сар

998312 төгрөг

22 хоног

1 сарын дундаж цалин хөлс

1108420 төгрөг

 

1 сарын дундаж ажлын өдөр

 

19,6 хоног

1 өдрийн дундаж цалин хөлс

56552 төгрөг

 

Ажилгүй байсан хугацаа

2016.09,13-ны өдрөөс 2016.11.14-ний өдөр буюу

 2 сар 1 хоног

 

Нийт олгох олговор

2273392 төгрөг

 

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Баттогтохын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн Б/70 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Ч.Баттогтохыг Увс аймгийн Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

      2.Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.273.392/ хоёр сая хоёр зуун далан гурван мянга гурван зуун ерөн хоёр / төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Баттогтоход олгосугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Баттогтохоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Баттогтоход олгосугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 4-р хуудас

[2] Хавтаст хэргийн 7-12-р хуудас

[3] Хавтаст хэргийн 32-66-р хуудас

[4] Хавтаст хэргийн 123-р хуудас

[5] Хавтаст хэргийн 73-83, 14-31-р хуудас

[6] Хавтаст хэргийн 90-95, 97-107-р хуудас