Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2018/0259

 

П.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.А-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:
   Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасныг баримтлан иргэн П.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай П.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар “... Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “П.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/18 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Үүнд: Нэг. Авлигатай тэмцэх газар нь иргэнээс ирүүлсэн гомдлын мөрөөр Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.А-г шалгахад Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн нь тус тус тогтоогдсон байдаг. Энэхүү хууль зөрчсөн үйлдэлд нь сахилгын арга хэмжээ авах талаар Авилгатай тэмцэх газраас аймгийн Засаг даргын нэр дээр ирүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Хариуцлага тооцуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай” 05/3535 албан үүргийг дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцох үндэслэлтэй байна.
Хоёр. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Төрийн албаны тухай хуулийн болон Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй тус хуулиудыг зохицуулалтаас давсан хууль бус шийдвэр гаргасан гэсэн нь захиргааны шийдвэрийн хуулийн үндэслэл, агуулгыг нэхэмжлэгч бүрэн ойлгоогүй гэж харагдахаар бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах “сахилгын шийтгэл” хүлээлгэнэ хэмээн нарийвчлан зохицуулсан тул Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах шаардлагагүй.
Гурав. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалтын дагуу П.А-д албан тушаалын цалингийн хэмжээг гурван сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн Засаг даргын Б/18 дугаар захирамж нь үндэслэл бүхий, хуульд нийцсэн захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Дөрөв. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “... мөн нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 9 дүгээр тушаал гаргаж өөрийн охин Б.Ч-г жирэмсний амралтын хугацаагаар ажлаас нь түр чөлөөлж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар тушаалаар сул орон тоон дээр бус хуучин ажилд нь эгүүлэн томилсон байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна” гэж зөвхөн нэг тохиолдлыг барьж, бусад нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс хандив хүссэн асуудлуудыг авч үзээгүй буюу “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй” гэж үзэж байна.
Тав. Шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт “... П.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосугай” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан 7 тохиолдлын алийг нь баримталсан зэрэг нь тодорхойгүй нь “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу “... нотлох баримт нь ... бичмэл, эсхүл баримт бичиг ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалтуудыг хэрэгжүүлэлгүй зөвхөн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 05/7826 дугаар албан тоотод ач холбогдол өгч, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 05/3535 дугаартай албан тоотыг үнэлээгүй нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
Зургаа. Нэхэмжлэгчийн гол гаргаж буй санаа бол сахилгын шийтгэл Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй гэсэн шаардлага бөгөөд Авлигатай тэмцэх газрын шалгалтаар тогтоогдсон асуудалд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь хэсэгт зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, тухай асуудлыг нарийвчлан зохицуулагдсан хуулиар сахилгын шийтгэл ногдуулсан байтал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11, 106 дугаар заалтад тусгагдсан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хуулийг авч үзэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа тул Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
                                                                              ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.А нь “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
“Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.А нь арга зүйч З.Г-г ар гэрийн гачигдалтай байх 4 сарын хугацаанд ажилласнаар ирцийг бүртгэж цалин олгосон, Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэг байгуулагдсaны 60 жилийн ойг 2016 онд тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар тус суманд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий хуулийн этгээдэд албан бичиг хүргүүлсэн, охин Б.Ч-г жирэмсний амралтаа эдлэх болсонтой холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 9 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар тушаалаар ажилд орон хүсэлт гаргасныг нь үндэслэн багшийн ажилд томилж, “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” 5 дугаар тушаалаар үндсэн цалингийн 45 хувь, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар тушаалаар үндсэн цалингийн 30 хувиар тооцож урамшуулал олгож шийдвэрлэсэн, мөн Б.Ч-г 2016 онд шагналаар шагнуулахаар тодорхойлсон, 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалаар охин Б.Э-ийг тус цэцэрлэгт багшаар томилж, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн, охин Б.Ч, Б.Э нарыг цэцэрлэгтээ багшаар томилон ажиллуулж байх хугацаандаа дээд сургуульд суралцуулж мэргэжил эзэмшүүлсэн зэргээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 8 дугаар зүйлийн 8.2, 8.6, 11 дүгээр зүйлийн 11.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг тус тус зөрчсөн зөрчлийг П.А нь гаргасан” тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2.2 дахь заалтыг үндэслэн хариуцагч тооцож, цаашид зөрчлийг гаргахгүй байх, хуульд заасан арга хэмжээний талаар Авлигын эсрэг тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дотор хариу мэдэгдэнэ үү” гэх Авлигатай тэмцэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05/3535 дугаар албан бичгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.
Харин Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь “... санхүүгийн болон ашиг сонирхлын зөрчил гаргасан Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар тогтоогдсон” гэж үзэж Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 6.6, 6.8, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2, Төсвийн тухай хуулийн 6.4.1, 14.2.3, 14.2.5, 40.4.2, 41.2.3, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 05/3535 дугаар албан бичгийг тус тус үндэслэн маргаан бүхий захирамжаар Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.А-ийн албан тушаалын цалинг 3 сарын хугацаатайгаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг түүнд ногдуулжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь “П.А-д албан тушаалын цалинг 3 сарын хугацаатайгаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ Авлигатай тэмцэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05/3535 дугаар албан бичгийг үндэслэл болгосон” гэж тайлбарлаж байгаа боловч дараах үндэслэлээр П.А-ийн гаргасан гэх зөрчил нь тогтоогдохгүй байна.
1. П.А-ийн гаргасан “ ...охин Б.Ч-г жирэмсний амралтаа эдлэх болсонтой холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 9 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар тушаалаар ажилд орон хүсэлт гаргасныг нь үндэслэн багшийн ажилд томилж, “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” 5 дугаар тушаалаар үндсэн цалингийн 45 хувь, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар тушаалаар үндсэн цалингийн 30 хувиар тооцож урамшуулал олгож шийдвэрлэсэн, мөн Б.Ч-г 2016 онд шагналаар шагнуулахаар тодорхойлсон, 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалаар охин Б.Э-ийг тус цэцэрлэгт багшаар томилж, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн, охин Б.Ч, Б.Э нарыг цэцэрлэгтээ багшаар томилон ажиллуулж байх хугацаандаа дээд сургуульд суралцуулж мэргэжил эзэмшүүлсэн” гэх зөрчлийн тухайд:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 21 дугаар тушаалаар өөрийн охин Б.Ч-ийг тус цэцэрлэгт туслах тогоочоор, 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар тушаалаар яслийн бүлгийн багшаар тус тус томилжээ. Мөн өөрийн охин Б.Э-ийг 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар тушаалаар 24 цагийн ажиллагаатай ээлжийн багшаар томилж, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар тушаалаар Б.Э-ийг ажлаас чөлөөлжээ.
Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 30 дугаар зүйлийн 30.1-д “Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж энэхүү хуулийн дагаж мөрдөх хугацааг хуулиар тогтоосон байна.
Иймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг нийтээр дагаж мөрдөж эхлээгүй байхад буюу 2004 онд өөрийн охин Б.Ч-г, 2011 онд Б.Э-г нарыг ажилд томилсныг энэхүү хуулийг зөрчсөн гэж үзэхгүй юм.
Б.Ч нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн “Сургуулийн өмнөх боловсролын сургууль”-ийг “боловсролын багш, арга зүйч” мэргэжлээр суралцаж, бакалаврын зэрэгтэй 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төгссөн, тус цэцэрлэгт 2004 оноос нийт 13 жил тус багшаар ажиллаж байгаа, мөн П.А нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гарсан Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгтээ өөрийн охин Б.Ч нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгт багш ажилтай болохыг мэдүүлсэн байна.
Авлигатай тэмцэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05/3535 дугаар албан бичгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхээс өмнө өөрийн охин Б.Э-ийг 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сониpхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц” гэсэн нөхцөл байдал арилсан байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тушаалаар багш, ажилчид болох нийт 32 ажилтанд 2016 оны 1 дүгээр улирлын урамшууллыг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар тушаалаар багш, ажилчид болон нийт 28 ажилтанд 2 дугаар улирлын урамшууллыг олгосон бөгөөд үүний дотор багш /өөрийн охин/ Б.Ч-д 1 дүгээр улиралд 45, 2 дугаар улиралд 30 хувийн урамшуулал олгосныг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг П.А шууд зөрсөн гэж үзэх боломжгүй юм.
Тиймээс нэхэмжлэгч П.А-г Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “олон нийтийн зүгээс ашиг сониpхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц”, 8 дугаар зүйлийн 8.1-д “... гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, 8.2-т “...энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, 8.6-д “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2. “Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэг байгуулагдсaны 60 жилийн ойг 2016 онд тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар тус суманд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий хуулийн этгээдэд албан бичиг хүргүүлсэн” гэх зөрчлийн тухайд:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.А- нь “тус цэцэрлэг үүсгэн байгуулагдсан 60 жилийн ойг угтаж, цэцэрлэгийн түүхийн ном, баримтат кино бүтээх ажилд санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа тул бидний ажлыг дэмжиж хандив туслалцаа үзүүлнэ үү” гэсэн агуулаг бүхий 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 76, 77, 78, 79, 80 дугаар албан бичгийг “М б” ХХК, “Ц б”, “С м”, “С т”, “Ш-Б” зэрэг компаниудад хүргүүлжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Албан тушаалтан, ... албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа ... ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хуулийн 17.1-д заасан хязгаарлалтад хамаарахгүй бол авч болно” гэж зааснаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.А нь дээрх аж ахуйн нэгжүүдээс албан тушаалынхаа хувьд шууд ашиг сонирхлын зөрчилд оруулахаар хандив, санхүүгийн туслалцаа хүсээгүй байна.
Нөгөөтэйгүүр, дээрх албан бичгийн дагуу нэр бүхий хуулийн этгээдүүдээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.А-д хандив, тусламж үзүүлсэн гэх нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
3. “Арга зүйч З.Г-г ар гэрийн гачигдалтай байх 4 сарын хугацаанд ажилласнаар ирцийг бүртгэж цалин олгосон” гэх зөрчлийн тухайд:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.А нь тус цэцэрлэгийн арга зүйч З.Г-г 4 сарын хугацаанд ажилд ирснээр ирцийг нь бүртгэж, нийт 2,508,300 төгрөгийн цалин олгосон зөрчил гаргасан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв байх зарчмыг, 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно” гэж заасныг зөрчсөн болохыг үгүйсгэх боломжгүй юм.
Учир нь арга зүйч З.Г-д чөлөө олгосон шийдвэр байхгүй, мөн З.Г нь “нөхөр маань 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр авто осолд орж, Улаанбаатар хотод ГССЗКЭТ-д хэвтэн эмчлүүлэхэд 2016 оны 01 дүгээр сарыг дуустал чөлөө авсан. Энэ хугацаанд надад цалинг маань эрхлэгч бүрэн бодож олгосон” гэсэн тайлбарыг Авлигатай тэмцэх газарт өгсөн байна.
П.А-ийн дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл эсэх, эсхүл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл болохыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга тогтоогоогүй.
Дээрх үндэслэлүүдээр П.А-д шийтгэл ногдуулахдаа түүний гаргасан гэх зөрчлийг хариуцагч өөрөө шалгаж тогтоогоогүй, нөгөөтэйгүүр зөрчлийн шинж байдалд тохирсон арга хэмжээ аваагүй зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хууль бус гэж үзлээ.
Харин анхан шатны шүүх Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 05/7826 дугаар албан бичгийг үндэслэл болгон маргаан захиргааны актад дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь маргаан бүхий захиргааны акт 2017 оны 04 дүгээр сарын 28-ны гаргасан байхад түүнээс хойш иргэний хэрэгт ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгийг нотлох баримтаар үнэлэх нь буруу юм.
Түүнчлэн нэхэмжлэгч “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байхад анхан шатны шүүхээс Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
                                                                        ТОГТООХ нь:
   1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...илт...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР