Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 70

 

Г.Бд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар магадлалтай, Г.Бд холбогдох 1836001750163 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, А овогт Г.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх прокуророос шүүгдэгч Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Г.Бийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бийг 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 128 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүгдэгч Г.Б 39.374.400 төгрөгийн хохирол нөхнө төлснийг дурдаж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсны төлбөр нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ховд аймгийн Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэг бүхий 4 ширхэг СД, эмч Б.Баттулгын үзлэгийн тэмдэглэл, Б.Даваацэнгэл, Н.Дэлгэрцэцэг нарын үзлэгийн тэмдэглэлийг тус тус хэрэгт хавсаргасныг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Бийн Хаан банкны дансан дахь 561.358.98 төгрөгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун нар хамтран гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 6-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итгэл төвийн үүдэнд иргэн Ч.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа зодолдож улмаар алсан гэмт хэрэгт холбогдон, Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1-д “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 3.2-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэж заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Б талийгаач Ч.Бын амь насыг хохироох буюу хор уршгийг хүсээгүй боловч, түүнийг үхэлд хүргэх үйлдлийг зориуд хийсэн байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт "...Харин шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч нарын “талийгаач Г.Б нь шүүгдэгч Г.Бийг газар унагаах гэж байгаад өөрөө газарт унахдаа боржур дээр унасан гэх үйл баримт” тогтоогдоогүй байна” гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж гарсангүй. Хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэрчүүдийн мэдүүлэгт, тухайлбал:

гэрч М.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр 2018 оны 10 дугаар сарын 6-ны орой хоёр Б найзын хамт Итгэл төвийн бүжгийн талбайд бүжиглэж байтал бүжгийн талбайд согтуу хүн явж байсан. Нөгөө согтуу хүн Бийн хамт сууж байтал ширээн дээр байсан зүйлийг авч шидэх гээд байсан. Талийгаач Бийн нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Г.Б тухайн залуутай барилцаж авсан, тухайн залуу Г.Бийн урд талын энгэрээс заамдсан, Б заамдсан гарнаас нь барьсан, тухайн залуу Г.Бийн энгэрээс татаад унахдаа доод талд нь тухайн Б гэдэг залуу Итгэл төвийн урд талд байдаг улаан цагаан өнгөтэй боржууран дээр ар дагзаараа унаж, дээр нь Г.Б унаад Г.Б эхэлж босож ирээд Б гэдэг залуу босож ирэхгүй байсан чинь нэг цагаан малгайтай, ноосон цамцтай Л гэх залуу ирээд Б гэдэг залууг босоочээ гэж хэлээд татаад босгосон чинь Б гэдэг залуу хөл дээрээ босож чадахгүй, дахиад хажуу талаараа хэвтсэн. Тэгээд байж байтал нэг махлагдуу казак эмэгтэй гарч ирээд Л гэдэг залуу руу чи хүн зодлоо гэж хэлээд байж байтал Б гэдэг залуу босоод ирсэн. Тэгээд тухайн үед С.Б миний хажууд ирээд зогссон байсан. Г.Б, С.Б бид гурав буцаж баар луу ороод сууж байгаад шөнө 23 цагийн үед баарнаас гараад намайг хоёр Б манай гэрт хүргэж өгөөд явцгаасан юм. Б тухайн үед жолоо барьж явсан болохоор архи уугаагүй. Б хохирогчийг цохьсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

гэрч Б.Лын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ч.Быг танина, Цэргийн ангид хамт ажилладаг. Талийгаач бүжгийн зааланд бүжиглэж байгаад хоорондоо маргалдсан. Энэ хоёрыг ширээнээс дагуулаад гарсан. Зууралдах явцдаа ар дагзаараа унасан. 2 минут босохгүй байж байгаад босож ирсэн. Урьд нь ширээ цохиод зөөгч рүү гараа далайж байсан. Таксинд би суулгасан. Нөгөө такси надтай шөнийн 01 цагийн үед 52 уулзвар дээр таарсан. Намайг таксинд нь суухад чиний суулгасан хүн чинь гэрээ олохгүй машинд шүлсээ хаяад байхаар нь буулгачихлаа гэж байсан. Толгойных нь цусыг би угааж өгсөн. Нүүр нүдэнд нь зулгаралт байгаагүй. Хамт явсан эгч над руу чи цохьсон гээд дайраад байхаар нь би цохиогүй гэж хэлсэн. Тухайн үед эмнэлэг дуудаж үзүүлээгүй. Надтай зүгээр л харьцаж байсан. Б гэдэс рүү нь цохьсон. Талийгаач, Б нар барилцаж аваад Б талийгаачийн дээр нь дарж унаад, талийгаач унахдаа улаан алаг боржуур толгойгоороо мөргөөд унасан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Итгэл бааранд хоёр найзын хамт ороод бүжиглэсэн. Хохирогч бааранд байсан хүмүүсийн толгой руу цохиод яваад байсан. Тэр үед найз С.Б ширээнд сууцгаая гэхээр нь найз Лийн хамт сууж байтал хохирогч ирээд янз бүрийн үг хэлээд өдөөд байсан. Хохирогч баарнаас түрүүлж гараад араас нь Л, дараа нь би хаалгаар гарч байтал хохирогч Лийг цохиод авах гэхэд нь манай найз бултах зуур миний зүүн талын хацарт цохиод авахад би гарыг нь бариад, барьсан чигээрээ давхарлаж унасан. Надад хохирогчийг зодож, цохих санаа зорилго байгаагүй. Урьд нь би танихгүй, хувийн харилцаа болон өс хонзонгийн асуудал байхгүй. Хохирогч нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Г.Б нь болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Давж заалдах шатны шүүх “ ...Анхан шатны шүүх гэрч Б.Л, Д.Н нарын дээр дурдсан хэргийн үйл баримтын талаарх мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ заахгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь мөрдөн байцаалтад гэрч Д.Нын өгсөн “...Б гэдэг ах эхлээд тэр жижиг залууг цохиод авсан чинь тухайн жижиг залуу нь тэр Б ахыг эргүүлээд цохиод авах шиг болсон чинь тэр Б гэдэг ах арагшаагаа улаан цагаан өнгөтэй боржур дээр дагзаараа саваад унасан... Асуулт: Та Б гэдэг хүнийг Г.Б нь хаашаа цохисныг харсан уу? Хариулт: Би яг хаашаа цохисныг нь мэдэхгүй, ямар ч байсан цохих шиг болсон, тэгээд арагшаагаа унасан. Асуулт: Та тухайн зодоон болоход яг хаана байсан бэ? Хариулт: Би яг зодоон болоход баарны үүдэнд байсан ба Б ахыг унахаар нь би гарсан чинь...” /1хх-66/ гэсэн мэдүүлэгт гэрч Д.Н нь талийгаачийг боржур мөргөж унаснаас хойно гарч ирсэн бөгөөд тухайн үед яг ямар үйл явдал болсныг өөрийн нүдээр харж тайлбарлаагүй, харин өөрийн таамгаар мэдүүлэг өгсөн байна. Энэхүү мэдүүлгийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаарх мэдүүлэг гэж үзэж байгаа үндэслэлээ тодорхой тайлбарласангүй, ойлгомжгүй, эргэлзээтэйгээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хэргийн бодит нөхцлийг шууд харсан байдал нь өөр өөр бөгөөд гэрч нар нь өөрсдийн шууд харсан болон тусгаж авсан байдлаараа мэдүүлэг өгсөн, түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хэргийг харж дүгнэлт хийж байгаа тул түүнийг заавал үгүйсгэж байгаа үндэслэлээ заах шаардлагатай гэж үзэхгүй байна.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсгээс тодорхой харагдана. Шүүгдэгч Г.Бийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх нь гэрч Д.Н, Б.Л нарын мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлийг заасан, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд зааснаар хэргийн газрын үзлэг хийсэн “...2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр болсон хэрэгт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Итгэл” төвийн урд хэсэгт байрлах цемент буюу хэрэг болсон газраас цус мэт хүрэн өнгийн зүйл байсныг нэрлэн усыг маарланд шингээн арчиж авч А үсгээр тэмдэглэв. Мөн түүний хажууд байрлах цагаан өнгөөр бүрсэн голдоо нүхтэй урт цементэн дээр цус мэт хүрэн өнгийн зүйл байсныг Б үсгээр тэмдэглэж нэрмэл усыг маарланд шингээж цус мэт хүрэн өнгийн зүйлсийг бэхжүүлэн авч тэмдэглэл үйлдэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үүгээр үзлэгийг дуусгаж оролцогч нарт танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болно...” гэх тэмдэглэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэзээ хаана, яаж үйлдсэн”-ийг тогтоосон байна.

Хохирогч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ хэлсэн. Одоо надад хэргийн талаар хэлэх зүйл байхгүй. Бэс нэхэмжлэх зүйл, гомдол санал алга. Г, Р нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс харахад санаатайгаар амь насыг хохироосон гэдэг нь тогтоогдохгүй байна...” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн...

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаартай тайлбарт “...Энэ зүйлд заасан хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсаны улмаас бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийг хүнийг шууд бус санаатай алах үйлдлээс ялгаж зүйлчлэхэд анхаарвал зохино. Энэ хоёр үйлдэл нь хүний амь хохироосон үр дагаварт хүргэсэн санаа зорилгоороо ялгагдана”... гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаартай “...Ч.Бын цогцост учирсан гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. Ч.Бын цогцост учирсан тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь үхэлд хүргэсэн. Ч.Б нь тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Ч.Б нь дээрх гэмтлүүдийг авсан боловч амь насыг аврах боломжтой байна..” гэх дүгнэлт,

шинжээч Д.Тогтохын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Цогцост учирсан гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гадны мохоо зүйл гэдэг нь хурц үзүүртэй зүйлээс бусад зүйлийг хэлж байгаа юм. Яг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй учир олон төрлийн шарх гэмтэл байгаа болно. Цогцост учирсан баруун чамархай хэсгийн цусан хураа гэмтэл нь үхэлд хүргэсэн. Тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Тухайн үед хугацаа алдалгүй хагалгаа хийсэн бол амь насыг аврах боломжтой...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 7-ны орой 00 цагт эргүүлийн цагдаа нар Быг өргөж оруулж ирсэн. Амин үзүүлэлтийг үзсэн. Баруун чамархай хэсэгт шалбарсан өнгөц зулгарсан байсан. Өвдөлт мэдрүүлэхэд ёолж байсан. Шөнийн 2 цагт 103 дуудлага өгөхөд ирж үзээд хэвийн байна гээд үлдээгээд явсан. Өглөө дахин дуудлага өгч 103 луу аваад явсан. Согтолтыг тодорхойлохоор драгер үлээлгэхэд үлээхгүй, үлээх оролдлого ч хийхгүй байсан. Бд 3-4 удаа үзлэг хийсэн. Камерт оруулахад ямар нэгэн эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй. Даваацэнгэл эмч ирэхээс 20-30 өмнө хурхирч унтаж эхэлсэн. Хүнд зэргийн согтолттой үед эрүүлжүүлсний дараа драгер үлээлгэхэд Ч.Б хүнд зэргийн согтолттой байсан. Ч.Б нь баруун тохойндоо шалбархайтай байсан....” гэх мэдүүлэг,

гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 7-ны шөнө 02 цаг 31 минутад Цагдаагийн газраас эрүүлжүүлэх байранд зодуулсан байдалтай хүн ирлээ гэсэн дуудлага ирсний дагуу очиход Б гэх хүнийг эрүүлжүүлэх байранд хийсэн байсан. Тухайн хүний артерын даралтыг үзэхэд 130-90, пульс нь 100-тай, толгой хэсэг нь баруун талдаа цэвэрлэсэн шархтай байхаар нь би боолт хийж өгөөд эрүүлжүүлэх байранд үлдээгээд явсан. Тухайн үед нүдээ аньсан, унталтын байдалтай байсан. Амин үзүүлэлт хэвийн, нэлээн согтолттой байсан учир эмнэлгийн байгууллагад хүргээгүй. Ухаан алдсан байсан талаар сайн мэдэхгүй, согтуу учир архи нь гарсны дараа ухаан алдсан эсэхийг тодорхойлно...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 7-ны өглөө 08 цагийн үед Даваацэнгэл дуудлага хүлээж аваад байж байтал 103 цагдаагийн эрүүлжүүлэх байрнаас дуудлага ирлээ гэж ээлжийн сувилагч Гэрэлчимэг хэлэхэд нь очиж үзэхэд толгойгоо боосон байдалтай, зүүн хажуу талаараа хэвтсэн байхаар нь даралт амин үзүүлэлтийг нь үзэхэд даралт нь 150/110 байхаар нь даралт бууруулах тариаг судсаар хийж, хүчилтөрөгчийн хангамж 91-тэй байхаар нь тухайн хүнийг тээвэрлэж 103 дээр авч ирээд Эрхэмбаяр эмчид хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагандаа явсан...” гэх мэдүүлэг,

гэрч С.Нийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ч.Б нь өглөө хүлээн авахад хүргэгдэн ирсэн байсан. Биеийн байдал туйлын хүнд ухаангүй, амин үзүүлэлт өөрчлөгдсөн, гэрлийн урвалгүй болохоор нь амьсгалуулах арга хэмжээ авсан. Рентгэнээр оношийг тогтооно. Томографт оруулж, оношийг тогтоосны дараа онош нь тодорхой болоход хагалгаа хийх эсэхийг шийдвэрлэдэг. Бд үхлийн өмнөх байдал үүссэн байсан. Өвчтөн орчиндоо харьцаагүй болно гэдэг нь 5 амин үзүүлэлтийн нэг нь заавал доголдсон байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний биеийн байдал онош тогтооход төвөгтэй байдаг. Быг зохиомол амьсгалын аппаратад авч, эмийн эмчилгээ хийсэн. Толгой хэсэгт авсан гэмтлийг компьютер томографаар тогтоох боловч тухайн үед манай БОЭТ-д аппарат ажиллахгүй байсан. Бын баруун чамархайд үүссэн цусан хурааг оношилсон бол яаралтай хагалгаа хийх заалтад ордог. Тархинд цус алдалт явагдана гэдэг нь судасны хэмжээ, бүдүүн нарийн аль судаснаас цус алдалт явагдаж байгаагаас ихээхэн хамааралтай...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...БОЭТ-ийн гэмтлийн эмч ажилтай. 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сэхээний тасагт ухаангүй үүсэх рефлексүүд байхгүй байсан. Цус хуралт нэмж үүсэхээс сэргийлж эмчилгээ хийгдэнэ. Рентгэн зургаар хугарал гарсан. Томографаар бусад оношийг тогтооно. Ч.Бд үрэвслийн эсрэг тархины хаван бууруулах, цус алдалтын эсрэг, тархины эд эсийг сэргээх амьсгал зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийгдсэн. Талийгаачийн баруун чамархай хэсэгт үүссэн цусан хурааг компьютер томограф болон МК1-аар тогтоох боломжтой. Гаднаас нь хараад тогтоох боломж байхгүй. Хугаралтай гэх онош нь яаралтай хагалгаа хийх заалтад байхгүй. Тархины үйл ажиллагаа байхгүй болсон тохиолдолд аппарат салгахаас өөр аргагүй болно.." гэх мэдүүлэг,

гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ч.Быг үзэхэд биеийн байдал нь хүнд ухаангүй, хүүхэн хараа өргөссөн. Амьсгалын аппараттай байсан. Эмчилгээ хийгдсэн. Ч.Бын толгойн чамархай хэсэгт олон тооны зулгарсан шархтай, өөр ил харагдах шарх байгаагүй. Өвчтөнийг үзэхэд тархиндаа хүнд гэмтэлтэй гэдэг нь ойлгомжтой байсан. Тухайн үед эмнэлгийн томограф ажиллахгүй байсан. Одоо ажиллахгүй байгаа. Бд шаардлагатай эмчилгээ хийгдсэн. Аргагүй тохиолдолд аппарат салгадаг...” гэх мэдүүлэг,

гэрч Л.Лны мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 8-ны өглөө намайг ажилдаа ирэхэд Нагашбай эмч надад манай тасагт хүнд хүн ирсэн. Ямар ч рефлекс байхгүй байна гэж хэлсэн. Эмч бид нар үзэж, зөвлөлдөөд эмийн эмчилгээ хийе, найдваргүй гэдгийг ар гэрт хэлье гэж шийдвэрлэсэн. Талийгаач Бын тархины гавал ясны хугарлыг рентген зураг авч, гавал ясны хугарлыг оношилсон. Харин тархин доторх эд буюу цусан хураа, тархины эдийн няцрал, байрлал хэмжээ зэргийг компьютер томограф буюу МР1 тогтоох боломжтой. Манай БОЭТ-д компьютер томограф байдаг, ажиллахгүй болоод удаж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон мэргэжлийн шинжээч эмч нарын мэдүүлгүүдээр амь хохирогчийг мэс засал хийсэн тохиолдолд, томограф аппаратаар эрт оношилсон тохиолдолд амь насыг аврах боломжтой гэмтэл байжээ...

Шүүгдэгч нь амь хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоох, түүнийг өөрийг нь заамдсан гарыг тавиулах зорилгоор барилцаж, улмаар хамтдаа унаснаас талийгаачийн амь нас хохирч болохыг мэдэх боломжгүй, харин согтуу хүн унаж бэртэл гэмтэл авах талаар мэдэх боломжтой байсан боловч хохирогчийн амь нас хохирно гэдгийг мэдээгүй нь гэм буруугийн болгоомжгүй байдлыг бий болгосон гэж үзэхээр байна...

Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хэлсэн саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй. 60 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт “амь хохирогчийн олон тооны гэмтлүүд гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой боловч хэдэн удаагийн үйлчлэл болохыг нарийн тогтоох боломжгүй” гэсэн байна. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг эргэлзээтэй. Нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх ёстой байтал давж заалдах шатны шүүх хүний амь насыг санаатайгаар хохироосон гэж дүгнэсэнд гомдолтой байна. Болгоомжгүй болон санаатай гэмт хэргийг зүйлчлэхдээ өөр байдлаар тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүх болон прокурор Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасныг үндэслэлгүй тайлбарлаж хэрэглэсэн буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирох ойлголтыг тайлбарлахгүйгээр захиргааны хэм хэмжээний актыг тайлбарласан. Иймд анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг хэлсэн саналдаа: “Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Харин Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар магадлал үндэслэлгүй гарсан. Нотлох баримтууд зөрүүтэй байхад үнэлсэн буюу хэрэгт авагдаагүй баримтын талаар дүгнэлт хэсэгтээ бичсэн. Давж заалдах шатны шүүх эргэлзээтэй баримтыг үнэлсэн нөхцөл байдал тогтоогдсон учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болж чадаагүй. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Б нь амь хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоох, өөрийг нь заамдсан гарыг тавиулах зорилгоор барилцаж улмаар хамтдаа унаснаас талийгаач замын хашлага боржур дээр дагзаараа унаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан, өөрөөр хэлбэл хохирогчийг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Талийгаачийн толгойд үүссэн гэмтэл нь түүнийг шууд үхэлд хүргээгүй, гэмтэл авснаас хойш 3 хоногийн дараа нас барсан, эмчилгээ хийгдсэн тохиолдолд түүний амь насыг аврах боломжтой гэсэн шинжээчийн 60 дугаартай дүгнэлт гарсан, бүсийн оношлогооны төвийн компьютер томограф болон MRI ажиллахгүй байснаас талийгаачийн баруун чамархайн хэсэгт үүссэн цусан хурааг тогтоох боломжгүй байсан, хугаралтай гэх онош нь яаралтай хагалгаа хийх заалтад орохгүй, шаардлагатай эмийн эмчилгээ хийгдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаагаар нотолвол зохих асуудлыг бүрэн шалгасан гэж үзэхээр байна.

Хэрэг үйлдэгдэх үед болсон үйл явдлыг нүдээрээ харсан талийгаачтай хамт ажилладаг байсан гэрч Б.Лын мэдүүлгээр талийгаач нь М.Л, Г.Б хоёрыг ширээнээс нь дагуулаад гарсан, талийгаач Ч.Б нь Г.Бийн эрүү рүү нь гараа атгаж байгаад цохьсон, Г.Б нь талийгаачийн гэдэс рүү нь нэг цохиод барилцаж аваад талийгаачийн дээрээс нь дараад улаан алаг өнгийн боржуран дээр талийгаач ар дагзаараа унасан үйл баримт тогтоогджээ. Дээрх үйл баримт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нарын мэдүүлэг, үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн 60 дугаартай дүгнэлт, шинжээчийн дүгнэлт гаргасантай нь холбогдуулан шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, эмчлэгч эмч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр талийгаачийн амь насыг хохироосон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, анхан шатны шүүх түүнд хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд болсон үйл явдлыг нүдээр хараагүй гэрч Д.Нын мэдүүлгийг хэргийн үйл баримтын талаарх мэдүүлэг гэж үзсэн үндэслэлээ тодорхой, ойлгомжтой дүгнээгүй, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон, санаатай гэмт хэрэг гэсэн дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхэд хэргийг прокурорын яллах дүгнэлтийн зүйлчлэлээр шийдвэрлэх чиглэлийг 2 дахь удаагаа өгсөн гэж үзэхээр байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн гомдол гаргасан байх ба анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Г.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Г.Бийг 2018 оны 10 дугаар сарын 6-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” төвийн үүдэнд иргэн Ч.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа зодолдож улмаар түүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Бийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтыг шууд харсан гэрч М.Лхагвадоржийн өгсөн “би тухайн залуугийн араас баарнаас гартал тэр залуу намайг цохих гэхээр нь би бултсан чинь миний ард явж байсан Г.Бийн урд талын энгэрээс заамдаж Г.Б гарнаас нь барьсан. Тухайн залуу Бийн энгэрээс татаад тэр хоёр унахдаа доод талд нь тухайн Ч.Б гэдэг залуу “Итгэл” төвийн урд талын боржууран дээр унасан” гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч Г.Бийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч М.Лх, шүүгдэгч Г.Б нарын тогтвортой өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгээгүй атлаа гэрч Б.Лын өгсөн “Ч.Б ах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг Г.Б гэдэг залуугийн эрүү лүү нь гараа атгаж байгаад цохих шиг болтол нөгөө Г.Б гэдэг залуу эргүүлээд гэдэс рүү нь нэг цохиод барилцаж аваад Г.Б нь Ч.Б ахыг дээрээс нь дараад унасан, унахдаа Ч.Б ах “Итгэл” төвийн үүдэнд байсан улаан алаг өнгийн боржууран дээр толгойгоороо унаад ухаан алдсан...” гэх мэдүүлэг, мөн гэрч Д.Нын өгсөн “...хоорондоо маргалдаж байгаад Ч.Б гэдэг ах эхлээд тэр жижиг залууг цохиод авсан чинь тухайн жижиг залуу нь тэр Ч.Б ахыг эргүүлээд цохиод авах шиг болсон чинь тэр Ч.Б гэдэг ах арагшаагаа улаан цагаан өнгөтэй боржуур дээр дагзаараа саваад унасан” гэх зөрүүтэй мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Г.Бийг талийгаач Ч.Бын амь насыг хохироох буюу хор уршгийг хүсээгүй боловч түүнийг үхэлд хүргэх үйлдлийг зориуд хийсэн ба прокуророос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилсэн нь тохирсон гэж дүгнэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээр тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг шийдвэрийнхээ үндэслэл болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг зөрчсөн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд шүүгдэгч Г.Б нь амь хохирогчийн заамдсан гарыг тавиулахаар түүнтэй зууралдаж, улмаар хамтдаа давхарлалдаж унах үед хохирогч ар дагзаараа замын тэмдэглэгээ бүхий цементэн боржуур мөргөж биедээ амь насанд аюултай хүнд гэмтэл авсан талаар анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайлбал давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан гэрч Б.Л, Д.Н нарын өгсөн “амь хохирогч Ч.Б, шүүгдэгч Г.Б нар маргалдах явцад Ч.Б нь эхэлж Г.Бийн нүүрэн тус газар цохисны дараа Г.Б нь амь хохирогч Ч.Бын гэдсэнд цохиж, улмаар тэд харилцан зууралдах үедээ давхарлалдаж унах үед амь хохирогч Ч.Б нь дагзаараа замын боржуур мөргөж биедээ хүнд гэмтэл авсан” талаарх мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Бийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэрээр хүнийг алах гэсэн субъектив санаа зорилго тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Бийн хувьд амь хохирогч Ч.Бын зүй бус үйлдлийг эсрэг түүнтэй зууралдсан үйлдлийн улмаас тэрээр тэнцвэр алдан унахдаа боржуур мөргөж амь нас нь хохирогч болохыг урьдчилан мэдэх боломжгүй байснаас гадна тухайн хэрэг гарахад амь хохирогчийн илт буруутай үйлдэл нөлөөлсөн байх тул шүүгдэгч Г.Бийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь насыг хохироосон гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд нийцсэн байна.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

                           

                                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                      ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН