Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 16

 

“А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ҮА-ын газар,

тус газрын ГА-ын газрын аудитор

М.Н-д холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                       Б.Мөнхтуяа

                                              П.Соёл-Эрдэнэ

                                              Ч.Тунгалаг 

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:  Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлан”-гийн Бүлэг 2 буюу “Э ү” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0393 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 554 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, Ц.А, Н.Э, Э.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж, Д.О нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0393 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12-д заасныг тус тус үндэслэн “А” ХХК-ийн “Үндэсний Аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан “Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн Бүлэг 2 буюу “Э ү” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 554 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0554 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Магадлалын ХЯНАВАЛ хэсгийн “...холбогдох шаардлагатай нотлох баримтыг нэмж цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тухайн дүгнэлт хэсгийн улмаас зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай ..." гэжээ. Аудитын тайлангийн бүлэг 2-т хамаарах 17 заалт бүрт холбогдох /500 орчим хуудас/ нотлох баримтыг шүүхэд хариуцагчийн зүгээс нэг бүрчлэн гаргаж хүргүүлсэн тул нэгэнт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтууд бүрэн гүйцэт цугларсан, нэмж нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж үзэж байна.

5. Мөн “...Маргаан бүхий 01/84 дүгээр актад “...ашиглалтын төлбөрийг НӨАТ тооцоогүй дүнгээр хүлээж авсан...” гэж дурдсан боловч хэрэгт нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн баримт, падаан, тайлан авагдсанаас үзвэл “Э ү” ХХК-д ашиглалтын төлбөрийг НӨАТ-тай дүнгээр төлж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна…” гэжээ. Хэрэгт авагдсан нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн баримт, падаан, тайлан зэрэг нь маргаан бүхий акт буюу, дутуу төлсөн ашиглалтын төлбөртэй хамааралтай эсэх талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн НӨАТ төлсөн баримт, падаан, тайлан нь нэхэмжлэгч /”А-И” ХХК/-ийн өөр бусад үйл ажиллагаатай хамааралтай байхыг үгүйсгэх аргагүй бөгөөд баримт нэг бүрийг тулган баталгаажуулаагүй байж ерөнхий байдлаар дүгнэн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

6. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий акттай холбогдох тайлбар, түүний үндэслэл, нотлох баримтыг бүрэн дүүрэн гаргаж өгсөн бөгөөд тооцоолол нэг бүрийг маш ойлгомжтойгоор гаргасан болно. Тухайлбал, аудитаар “Э ү” ХХК-ийн 2015 оны 5/199-15 дугаар гэрээний 2.2 дахь заалтыг үндэслэн “А” ХХК-иас 2015 онд 449,964.6 мянган төгрөг, 2016 онд 998,731.6 мянган төгрөг, 2017 онд 2,708,327.2 мянган төгрөг, нийт 4,157,023.3 мянган төгрөгийн ашиглалтын төлбөр хүлээн авсныг нягтлан үзсэн. “А-И" ХХК-ийн “Орхон аймгийн Гаалийн газраар дамжуулан 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарыг хүртэлх гаалийн бүрдүүлэлт хийгдсэн экспортын бараа катодын зэсийн тоо хэмжээ, статистик дүнг экспортод гаргасан тухайн өдөр бүрийн статистик дүн нь ам.доллар байсныг Монгол банкны тухайн өдрийн валютыг /хаалтын ханш/ төгрөгт шилжүүлэн тооцооллыг хийсэн. Аудитаар “А-И" ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарыг хүртэлх гаалийн статистик мэдээ дэх экспортод гаргасан 36,350.5 тн катодын зэс, 408,785.0 сая төгрөгийн борлуулалтын орлогын дүнд тулгуурлан ашиглалтын төлбөрийг гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцоход нийт 500.2 сая төгрөгийг “А” ХХК-аас “Э ү” ХХК-д төлөх тооцоо гарч байна. /хүснэгт №1/

7. Аудитаар “Э ү” ХХК-ийн “А” ХХК-иас хүлээн авсан ашиглалтын төлбөр 2015 онд 548.299.4 мянган төгрөг, 2016 онд 1.404.809.9 мянган төгрөг, 2017 оны 3 дугаар улиралд 2.203.913.9 мянган төгрөг, нийт 4.157.023.4 мянган төгрөг байсныг холбогдох баримттай тулгаж хянасан. /Хавсралтад харуулав, хүснэгт №1/

     “А” ХХК-ийн гаалийн бүрдүүлэлтийн тоо мэдээнд үндэслэн тооцсон борлуулалтын орлого, ашиглалтын төлбөрийн судалгаа /сая төгрөгөөр/

Огноо

Катодын зэс хэмжээ

/тн/

Борлуула-лтын орлого

Гэрээ-нд заасан ашиглалтын төлбөр ногдуу-лах хувь

Ашигла-лтын төлбөр /НӨАТ-гүй/

НӨАТ

Аудитаар тооцсон ашиглалт-ын төлбөр /НӨАТ-тай/

“Э ү” ХХК-д төлсөн дүн

Зөрүү

А

1

2

3

4=/2*3/

100

5=4*10/

100

7=4+5

8

9=7-8

2014 он

1,402.2

16,618.8

0.5

83.1

8.3

91.4

0.0

91.4

2015 он

10,530.2

102,522.6

0.5

512.6

51.3

563.9

548.3

15.6

2016 он

13,810.3

141,299.2

1.0

1,413.0

141.3

1,554.3

1,404.8

149.5

2017 оны 3-р улирал

10,607.8

148,344.5

1.5

2,225.5

222.5

2,447.7

2,203.9

243.8

Нийт дүн

36,350.5

408,785.0

 

4,233.9

423.4

4,657.3

4,157.0

500.2

           Эх сурвалж: О аймгийн Гаалийн газраас ирүүлсэн судалгаанд үндэслэн тооцоолов.

8. “А” ХХК-ийн төлсөн ашиглалтын төлбөрийн дүнг аудитаар тооцоолсон дүнтэй харьцуулахад гэрээнд 2014 онд ашиглалтын төлбөр төлөх хувь хэмжээг тусгаагүйгээс 91.4 сая төгрөгийн орлого олох боломжоо “Э ү” ХХК алдсан байсан боловч энэхүү алдагдлыг актад оруулж тооцоогүй. /Хүснэгт №2/

“А” ХХК-ийн экспортод гаргасан катодын зэсийн тоо хэмжээ, борлуулалтын орлогын дүнд суурилан тооцсон ашиглалтын төлбөрийн тооцоолол /төгрөгөөр/

 

Хамрагдах хугацаа

Ашиглалтын төлбөр /НӨАТ-гүй/

НӨАТ

Ашиглалтын төлбөр /НӨАТ-тэй/

“Э ү” ХХК-д хүлээн авсан ашиглалтын төлбөр

2015 оны нийт дүн 0.5%

498,454,030.58

49,845,403.05

548,299,433.63

2016 оны нийт дүн 1%

1,277,099,957.75

127,709,995.78

1,404,809,953.53

2017 оны 3-р  улирлын нийт дүн 1.5%

2,003,558,158.95

200,355,815.89

2,203,913,974.84

2015-2017 оны 3-р улирал нийт дүн

3,779,112,147.28

377,911,214.72

4,157,023,362.00

Аудитаар тооцсон

 

 

2015 оны нийт дүн 0.5%

512,613,124.87

51,261,312.49

563,874,437.36

2016 оны нийт дүн 1%

1,412,991,631.97

141,299,163.20

1,554,290,795.17

2017 оны 3-р  улирлын нийт дүн 1.5%

2,225,167,390.92

222,516,739.09

2,447,684,130.01

2015-2017 оны 3-р улирал нийт дүн

4,150,772,147,76

415,077,214.78

4,565,849,362.54

Зөрүү дүн

2015 оны нийт дүн 0.5%

14,159,094.29

1,415,909.44

15,575,003.73

2016 оны нийт дүн 1%

135,891,674.22

13,589,167.42

149,480,841.64

2017 оны 3-р  улирлын нийт дүн 1.5%

221,609,231.97

22,160,923.20

243,770,155.17

2015-2017 оны 3-р улирал нийт дүн

371,660,000.48

37,166,000.06

408,826,000.54

Эх сурвалж,  “Э ү” ХХК-д “А” ХХК-иас ашиглалтын төлбөр шилжүүлсэн нэгтгэл, Орхон аймгийн Гаалийн газраас ирүүлсэн судалгаанд үндэслэн тооцоолсон.

9. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хурлын явцад, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ ч Үндэсний аудитын газар нь “Э ү” ХХК-д аудит хийх эрхгүй, Компанийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байсан, аудитын байгууллага хувийн эрх зүйн гэрээний харилцаанд хөндлөнгөөс хутгалдан орсон гэх зэргээр тайлбарлаж, маргадаг. Уг асуудлыг хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд ойлгож, тайлбарлах боломжтой бөгөөд анхан шатны шүүх энэ асуудлын талаар үндэслэл бүхий дүгнэж, шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тухайлбал, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Үндэсний аудитын газрын аудит хийх бүрэн эрхийг тухайлан хуульчлаад, 15.1.2-т “төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх” гэж заасан.

10. "Төлбөр барагдуулах тухай" 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар актад ...”Э ү” ХХК, “А” ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “гэрээ”-ний 2.2 дахь заалтад тусгасан хувь хэмжээг /2015 онд 0,5 хувь, 2016 онд 1 хувь, 2017 онд 1,5 хувь/ үндэслэн 2015-2016 он, 2017 оны 3 улирлын байдлаар нийт 408,826.0 мянган төгрөгийн дутуу тооцсон ашиглалтын төлбөрийг “А-И" ХХК-иас нөхөн төлүүлэн авч “Э ү” ХХК-ийн орлого болгох...гэж тогтоосон, харин НӨАТ нөхөн төлүүлэх талаар дурдагдаагүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан үндэслэлүүд тогтоогдсон нөхцөлд л хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах байтал магадлалын үндэслэлд хуулийн эдгээр нөхцөл байдлуудаас хамаарах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

11. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0393 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0554 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд дараах үндэслэлээр гомдлыг хангасангүй.

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан “Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн Бүлэг 2 буюу “Э ү” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн тайлбар болон холбогдох нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр “...нэршлийн хувьд тайлан гэдэг нэртэй, нэхэмжлэгчид шууд хандаагүй учир эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөхгүй, эрх зүйн үр дагаваргүй, захирамжилсан шинжгүй” гэж ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

14. Иймээс “анхан шатны шүүх энэхүү шаардлагын үндэслэлтэй холбоотой зарим баримтыг цуглуулсан атлаа тэдгээр баримтыг үнэлж, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь буруу” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

15. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс магадлалын энэхүү хэсэгтэй холбогдуулан “хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн гүйцэт өгсөн тул нэмж нотлох баримт цуглуулах шаардлагагүй” /Тодорхойлох хэсгийн 4/ гэж маргаснаас бус “анхан шатны шүүх цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүгнэсэн”, эсхүл “уг нэхэмжлэлийн зүйл /тайлангийн хэсэг/ нь захиргааны акт биш тул дүгнэх шаардлагагүй” гэсэн агуулгаар үндэслэл бүхий гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг үгүйсгэх боломжгүй юм.

16. Иймд, анхан шатны шүүх маргаан бүхий тайлангийн хэсгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжүүдийг агуулж буй эсэх, тодруулбал тухайн тайлан буюу тайлангийн маргаан бүхий хэсгүүд нь ямар зорилготой, ямар эрх зүйн үр дагавартай, тэрхүү үр дагавар нь нэхэмжлэгчийн хувьд шууд болон шууд бусаар нөлөөлөх эсэх, хэрэв нөлөөлөхөөр бол ямар байдлаар нөлөөлөх /тайлангийн маргаан бүхий хэсгүүд нэхэмжлэгчид шууд нөлөөлөх үү, эсхүл өөр бусад эрх зүйн актаар дамжин нөлөөлөх үү, тэрхүү шууд болон шууд бус нөлөөллийн үр дагавар нь нийтийн эрх зүйд хамаарах уу, эсхүл хувийн эрх зүйн хувьд хамаарах уу гэх мэтийг тодруулах/ зэргийг нэг бүрчлэн дүгнэсний үндсэн дээр захиргааны акт мөн эсэхэд эргэлзээгүйгээр дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай. 

17. Мөн Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А” ХХК-д холбогдох хэсгийн тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл талууд актаар тогтоосон мөнгөн дүнгийн хувьд маргаантай гэж үзэхээр байх тул “анхан шатны шүүх энэхүү маргааныг тасалж чадаагүй” талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв тул магадлалд дурдсан асуудлыг тодорхой болгосны үндсэн дээр маргаан бүхий акт хууль ёсны эсэхийг шийдвэрлэх хэрэгтэй байна.

18. Иймээс “давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь  буруу” гэсэн /Тодорхойлох хэсгийн 5-8,10/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.

19. Харин энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-д заасан “Үндэсний аудитын газар нь “Э ү” ХХК-д аудит хийх эрхгүй, Компанийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байсан, аудитын байгууллага хувийн эрх зүйн гэрээний харилцаанд хөндлөнгөөс хутгалдан орсон...” гэх зэрэг асуудлаар давж заалдах шатны шүүх ямар нэгэн дүгнэлт өгөөгүй тул энэ нь магадлалыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

20. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 554 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.   

 

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                              М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                                        Г.БАНЗРАГЧ