2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/06911

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 19 191/ШШ2025/06911

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ..... дугаар хороо, .... гудамж, .... тоот хаягт оршин суух, ......-ын хүсэлттэй,

 

Э.У нас барсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Б.Ч

Гэрч Б.Са, Н.Цэ

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Ч нь Э.У нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.Ч миний бие Сүхбаатар дүүрэг, .... дугаар хороо, Д.......тоот хаягт оршин суудаг. Миний бие 6 хүүхэд төрүүлсэн бөгөөд ууган хүү ...... нь ..... аймгийн ...... сумын нэгдсэн эмнэлэгт 1981 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн. Хүү маань 1983 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт өвчин буюу хордлогод орсны улмаас нас барсан байдаг. Миний хувьд 1983 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрөөд удаагүй байсан. Хүү маань нас барсны дараа эмнэлгээс бичиг хийж өгсөн боловч Шарын голд ажил явдлын гүйцэтгэхдээ тухайн оршуулгын газрын захиргаанд үлдээсэн.

Миний бие алдарт эхийн 1 дүгээр одон авах хүсэлт гаргах зорилгоор Улсын бүртгэлд нас барсны бүртгэл авахаар хандсан боловч нас барсан тухай бүртгэл гарч ирэхгүй гэдэг хариу өгсөн.

Улмаар Улсын архив болон тус эмнэлгийн архив шүүлгэхэд төрсний гэрчилгээ гарч ирсэн боловч нас барсан болохыг тогтоолгохоор өөрийн оршин суудаг газрын шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Энэхүү нэхэмжлэл нь Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар иргэний сураггүй алга болсон тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах нэхэмжлэл биш бөгөөд харин нас барсан болохыг тогтоолгох буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхийн нэхэмжлэл юм

Нас барсныг тогтоох болон нас барсан гэж зарлах нь хоорондоо ялгаатай бөгөөд нас барсныг тогтооход Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлахаар Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар зөвлөмжид заасан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйл бус харин тус хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/

2.2 Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-4/

2.3 ..... аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-5/

2.4 .... аймгийн нэгдсэн эмнэлгийн албан бичиг /хх-6/

2.5 Гэрэл зураг /хх-47-48/

 

3. Шүүх гэрч Б.Са, Н.Цэ нараас 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус тус гэрчийн мэдүүлэг авсан болно.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.Ч нь Э.У нас барсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Тэрээр хүсэлтийн үндэслэлээ Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон авах зорилготой ба хүү Э.Уутөрсний бүртгэлийн гэрчилгээ байгаа хэдий ч нас барсны бүртгэлд бүртгүүлээгүй, баримт гарч ирэхгүй байгаа тул шүүхийн журмаар хүү Э.У нас барсныг тогтоолгох болсон гэж тайлбарлав.

 

2. Иргэний нас барсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д зохицуулсан.

3.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлт гаргагч Б.Чын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

3.1 Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Төрөгсдийг бүртгэх анкет..... болон бүртгэлийн .... дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаагаар ...... /эрэгтэй/ нь 1981 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр .... аймгийн ..... сумын нэгдсэн эмнэлэгт төрж /төрөх үеийн биеийн жин, урт 3,700 гр, 50 см/, түүний эхийн бүртгэлд хүсэлт гаргагч Б.Ч, эцгийн бүртгэлд Г.Эн бүртгэгдсэн байна.

 

3.2 .... аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвөөс 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр 1981 оны төрөлтийн түүхийг шүүн үзэхэд Б...... баримт хадгалагдаагүй гэжээ.

 

3.3 ....... аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн .... дугаар албан бичгээр Э.Уу1983 оны 8 дугаар сард нас барсан тухай бүртгэлийг байгууллагын архиваас шүүн үзэхэд олдоогүй, мөн 1985 оноос өмнөх төрөлтийн түүхийн хадгалах хугацаа дуусаж журмын дагуу устгалд оруулсан тул төрсөн тухай лавлагаа олгох боломжгүй болохыг уламжилж, түүнтэй холбоотой Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн устгах бичгийн түүвэр жагсаалт, Баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлын протокол, 1983-2002 устгах бичгийн түүвэр жагсаалт, Ашиглах хугацаа дууссан өвчний түүх болон бусад баримтыг устгах тухай хурлын тэмдэглэлийг ирүүлсэн байна.

 

3.4 Улсын бүртгэлийн ерөнхий газраас ...Э.Уунас барсны бүртгэлийг ........ 1983-1984 оны бүртгэлд шалгахад холбогдох баримт гараагүй гэх 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 9/7318 дугаартай албан бичгийг ирүүлжээ.

 

3.5 Түүнчлэн Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архиваас ирүүлсэн 1989 он, 2000 оны хүн амын тооллогын бүртгэлд Э.У бүртгэгдээгүй байна.

 

3.6 Хүсэлт гаргагчийн шаардлага, Э.Уунас барсан талаар гэрч Н.Цэрэндамба нь ...Б.Ч нь 1981 онд төрж, 1983 онд Э.У хүүхэд нь Дархан аймагт нас барсан. Оршуулгыг нь би гардаж хийж байсан. Тухайн үед Б.Ч төрөөд удаагүй байсан. Хүүхэд бие нь өвдөж гэнэт нас барсан. Өнөөдрөөр бодоход Улаанбурхан туссан байх гэж боддог. Эмнэлэгт түргэнээр ирээд 1 хоноод нас барсан. Иргэдийн нийтийн аж ахуйн харъяа газар, газар авахдаа тухайн үед байсан бичгийг алга болгосон байсан. Эмнэлгийн моргийн өрөөнд 1 хонуулаад маргааш нь оршуулж байсан. Би тухайн үед Ахуйн үйлчилгээний дарга байсан. Тухайн үед манай дүүгийн ээж л байсан. Маш олон хүн явж байсан..., ...31 дүгээр маягт өгч байсан, түүнийг нь аваад нийтийн аж ахуйн оршуулгын буяны газарт өгч зөвшөөрөл авахад үедээ тэндээ орхисон байсныг анзаараагүй. Газрын гэрчилгээ өгч байсан. Дархан аймагт шарил дээр нь очиход тэр үед байсан тэр чигээрээ байсан... гэж,

гэрч Б.С нь ...Найз маань анхныхаа хүүхдийг 1981 онд гаргаж, 1983 оны намар навч шарлаж байх үед алдаж байсан. Хүүхдийн аавынх нь нэрийг .... гэдэг байсан. Хүүхэд ..... аймагт маш хурдан нэг хоногийн дотор өнгөрч, Дарханд нутаглуулсан. Хордлого болсон байх. Тухайн үед нагац ах нь байсан гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрчийн мэдүүлгүүдэд дурдсан хүүхдийн оршуулгын гэрэл зураг хэрэгт авагдсан болно.

 

4. Хүсэлт гаргагч нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хүү Э.Уунас барсныг тогтоолгож, Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон авах зорилгоор шүүхэд хүсэлт гаргасан ба дээр дурдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, төрөл садангийн лавлагаа, иргэний бүртгэлийн баримт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл Э.Уунас барсан байдлыг шүүхийн журмаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ...... аймгийн .... сумын нэгдсэн эмнэлэгт 1981 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, Дархан-Уул аймаг, 2 дугаар хороо, Цахир 3, 181 тоотод оршин суух, Монгол Улсын иргэн ..... 1983 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барсан болохыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн зүйлийн 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Э.Уунас барсан талаарх бүртгэл, эмнэлгийн баримт, өвчний түүх хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт баримтаар тогтоогдож байх бөгөөд Э.Уунас барсан байдлыг шүүхээс өөр журмаар тогтоох боломжгүй байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

 

6. Хүсэлт гаргагч Б.Чын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан .... аймгийн ....л сумын нэгдсэн эмнэлэгт 1981 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, .... аймаг, .... дугаар хороо, .... тоотод оршин суух, Монгол Улсын иргэн ...... нь 1983 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нас барсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ