Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

 

 

 

 

  2025        01        22                                         2025/ДШМ/11

 

   Д.От холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч: Д.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Иргэний хариуцагч: Г.Д, Э.Ө,

Иргэний хариуцагч Г.Дийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/359 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О, иргэний хариуцагч Г.Д, Э.Ө нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.От холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Их мянган овогт Дын О, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 00-р байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

Д.О нь Эрчим хүчний тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Эрчим хүчний тоног төхөөрөмж байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-ийн 5.7.18 агаарын шугамд үзлэг хийх, урьдчилан сэргийлэх шалгалт, хэмжилт хийхэд илэрсэн дутагдлуудыг ашиглалтын баримт материалд тэмдэглэж тэдгээрийн үзүүлэх нөлөөллийг харгалзан ноцтойг яаралтай арилгах, бусдыг нь техникийн үйлчилгээ буюу их засвар хийх үед устгах хэрэгтэй гэсэн заалт, болон ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд хийгдэх ажлууд хэсгийн ХАБЭА-н дүрмийг хэрэгжүүлэх, чандлан сахих, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 00 тоотод иргэн Ч.Б ийн хашааны дээгүүр хөндлөн татсан хэрэглээний 04 кв-ийн цахилгааны шонгоос бэхэлж орхисон цахилгааны утаснаас 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Б.А нь барьж нөлөөллийн хүчдэлд цохиулж, түлэгдэн биед хоёр хөлийн шилбэ, тавхай, хуруу, хоёр гарын сарвуу, хурууг хамарсан биеийн 20-25 хувийн, 3-4 дүгээр зэргийн түлэгдэл бүхий хүнд гэмтэл учруулан эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/359 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Их мянган овогт Д ын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Дын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 00 дугаарсарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дын От оногдуулсан 2 ( хоёр) жилийн хорих ялыг өршөөн хасч, Иргэний хуулийн 490 дугаарзүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 6,314,454 (зургаан сая гурван зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун тавин дөрөв) төгрөгийг шүүгдэгч Д.Оаас 1,262,891 (нэг сая хоёр зуун жаран хоёр мянга, найман зуун ерэн нэг) төгрөгийг, иргэний хариуцагч Э.Өоос 1,262,891 (нэг сая хоёр зуун жаран хоёр мянга, найман зуун ерэн нэг) төгрөгийг, иргэний хариуцагч Ц.Т аас 1,262,891 (нэг сая хоёр зуун жаран хоёр мянга, найман зуун ерэн нэг) төгрөгийг, иргэний хариуцагч Г.Доос 1,262,891 (нэг сая хоёр зуун жаран хоёр мянга, найман зуун ерэн нэг) төгрөгийг иргэний хариуцагч Х ХХК-наас 1,262,891 (нэг сая хоёр зуун жаран хоёр мянга, найман зуун ерэн нэг) төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бэд олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б нь шүүгдэгч Д.О, иргэний хариуцагч Э.Ө, Ц.Т, Г.Д, Х ХХК-иас 106,000,000 төгрөгийн гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 72 метр урттай 4 багц нийт 288 метр хөнгөн цагаан өнгийн цахилгаан утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг шүүгчийн туслах Д.Ст даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдолдоо:  “...Д.О миний бие доорх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн      1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл шалтгааныг тогтоохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн дүүрэн хангалттай хийгдээгүй. Насанд хүрээгүй хохирогчийн эцэг Б нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээр барахгүй хүүхдээ усны том сав цэвэрлүүлэхээр гаргаснаас хүүхдийн хувцас норж цахилгаан гүйдэл дамжих нахцөл байдлыг бүрдүүлсэн, мөн хашаан дундуур хөндлөн татагдсан хүчдэлд холбоогүй байсан утаснуудаас урьд өмнө хүүхдүүд нь удаа дараа тоглодог байсан талаар хохирогчийн дүү нарын өгсөн мэдүүлэг, энэ хэргийн гол субъект болох зөвшөөрөлгүй татсан шугамын захиалж татуулсан эзэн, татаж өгсөн гүйцэтгэгч бэлээхэн тодорхой байхад заавал гуравдагчаар намайг татан яллуулж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гэж яллагдагч миний хувьд үзэж байна. Бодит байдалд хохирогчийн аав Б нь насанд хүрээгүй хүү Аг усанд явъя, саваа цэвэрлээдэх гэсний дагуу хүү А нь 1 тоннын багтаамжтай саваа цэвэрлэхээр дотор нь орж хувцсаа норгон норгосон хувцастайгаа нөгөө хүчдэлгүй, шонгийн дунд сахих урдуур байрладаг 10 кв-ын агаарын шугамны утсанд зөвшөөрөгдөх зайнаас ойртож нөлөөллийн хүчдэлд цохиулж хүү Агийн биед хүнд гэмтэл учирсан байдаг. Мөн энэхүү хэрэгт намайг бутуутгахдаа энэ шугамыг буулгуулах талаар удаа дараа амаар хэлж байсан гэх боловч энэ нь ямар ч баримтаар нотлогдоогүй, хэлээгүй байдаг. Хохирогчийн аав Б нь уг шугамыг хэн барьсан, хэн бариулсныг мэдсээр байж буулгуулахгүй байсаар хүүхдээ уг утаснаас зүүгдэн нойтон хувцастай хүчдлийн нөлөөлөлд ороход л ухаарсан ба урьд нь захиалагч, гүйцэтгэгчид хэлж хэлж арга хэмжээ авахгүй байсаар осол гарах өдөр хүртэл явсан байдаг. Иргэн Ч.Б нь хүүхдээ харж хамгаалах, хараа хяналт тавих, осол аваарьгүй, амар амгалан амьдрах үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол ийм осол гарахгүй байх бүрэн боломжтой байсан нь хэргийн материалаас харагддаг боловч мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүх ажиллагаа нь зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасанд миний хувьд маш их гомдолтой байна.

2. Энэ хэрэгт намайг буруутгахдаа Эрчим хүчний тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Эрчим хүчний тоног төхөөрөмж байгууламжийн .техник ашиглалтын дүрэм”-ийн 5.7.18 агаарын шугамд үзлэг хийх, урьдчилан сэргийлэх шалгалт, хэмжилт хийхэд илэрсэн дутагдлуудыг ашиглалтын баримт матераилд тэмдэглэж тэдгээрийн үзүүлэх нөлөөллийг харгалзан ноцтойг яаралтай арилгах, бусдыг нь техникийн үйлчилгээ буюу их засвар хийх үед устгах хэрэгтэй гэсэн заалт, ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолтын ажлын хүрээнд хийгдэх ажлууд хэсгийн ХАБЭА-ийн дүрмийг хэрэгжүүлэх, чандлан сахих болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах гэсэн үүргээ биелүүлээгүй улмаас Мөрөн сумын 7-00тоотын хашааны дээгүүр татагдсан иргэн Бийн хашааны арын шонгийн дунд бэхэлж уясан утаснаас зүүгдэн урдуур татагдсан 10кв-ын агаарын шугамын нөлөөллийн хүчдэлд насанд хүрээгүй Б.А цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт энэ зүйл заалтаар намайг буруутган татаж байгаа боловч компанийн харьяа шугам сүлжээний ашиглалт, аюулгүй ажиллагааг шат шатны инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн ажилтнууд хариуцан ажиллаж хяналтыг шат шатандаа тавьж ажиллах талаар холбогдох дүрэм журмуудад заасан байдаг тул энэхүү айл өрхийн цахилгаан хангамжийн байдалд хяналт шалгалтыг шат шатны инженер техникийн ажилтнууд, хариуцсан цех хэсгийн ахлах инженер, мастер, хяналтын инженер, тоолуурын заалт авагч, авлага барагдуулагч нар шат шатандаа хяналт тавьж ажиллах ба энэ айл өрхийн цахилгаан хангамжийн байдалд миний зүгээс өөрөө явж хяналт тавих боломжгүй байдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Осол болсон газар болох иргэн Бийн болон арын хашаанд нь татсан шугам, тэдгээрийн ойр орчмын шугамууд бүгд манай компанийн /Х ХХК/ харъяа шугам сүлжээ биш ба Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 5.11-д иргэн өөрийн сууц, граж, хашаа, туслах аж ахуйн болон зуслангийн байрны цахилгаан шугам, дотоод холболт, цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцах” гэсэн заалтаа иргэн Б хэрэгжүүлж ажиллаагүй нь илт харагдаж байгаа юм.

 3. Энэхүү хэргийн материалд авагдсан мэргэжпийн байгууллагын хүмүүсээс гаргасан дүгнэлт нь дутуу дулимаг, зөвхөн нэг талыг барьсан дүгнэлтүүд байгаа тул дүгнэлтүүдийг дахин гаргуулах хүсэлт гаргаж байна.

4. Иргэн Ч.Б нь энэхүү хэргийн урьдчилан хэлэлцүүлэг болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгт оролцохдоо яллагдагчаар татагдсан О миний нэр хүндэд илт худал хуурмагаар хандаж дайрч доромжлон надад амаар удаа дараа шугамын талаар хэлж байсан гэж тулган гүтгэх, миний хадам аав Даваажав асан, хүүхдүүдийн хамт амьдарч байсан 13-01- 1 тоотын хашаанд намайг өөрөө 0,4 кв-ын шугам татсан, дараа нь буулгасан, энэ хашаагаа байнга эргэж тойрдог гэх зэргээр илт худал гүтгэн доромжилж, бүр сүүлд нь энэ хүн чинь тэтгэвэрт гарчихлаа одоо яах вэ гэх зэргээр илт дээрэлхэж доромжилж байгаад маш их гомдолтой байна.

 5. Миний өмгөөлөгч Б.Батдоржийн удаа дараа гаргасан хохирогчийн аав Ч.Бийн үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11-р зүйлд заасан гэмт хэргийн шнж агуулагдсан ба яллагдагчаар татах шалгах шаардлагатайг хэрэгжүүлэх хүсэлт, жинхэнэ хэргийн мөн чанарыг олж тогтоолгох, шат шатны мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг дахин гаргуулах, энэ хэргийн жинхэнэ буруутныг олж тогтоолгох гэсэн хүсэлтүүдийг прокурор болон мөрдөн байцаалт, анхан шатны давж заалдах шатны хуралд авч хэрэгсээгүй тул хүсэлтийг хүлээн авч гүйцэтгэлийг хангуулах хүсэлт гаргаж байна.

6. Энэхүү хэргийн шүүн таслах тогтоолд дурьдагдсан иргэн Бийн ор үндэслэлгүй нэхэмжилсэн 106 сая төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэйг дурьдсан тогтоолыг хүчингүй болгуулах.

Ийнхүү энэ хэрэгтэй холбоотой дээрхи гомдлуудыг маань хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Иргэний хариуцагч Э.Ө, Г.Д нар давж заалдах гомдолдоо: “...Э.Ө, Г.Д бидэнд гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэхдээ Иргэний хуулийн 490 дугаарзүйлйин 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон байх боловч, тус хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүгч нь мөн хуулийн 490 дугаарзүйлийн 497.3 дахь хэсэгт заасан “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэх зохицуулалт болон 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэх заалтыг буруу ойлгож, хэрэглэсэн нь хууль хэрэглээний гажуудлыг үүсгэжээ.

...Э.Ө, Г.Д биднийг иргэний хариуцагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хянан шийдвэрлэснээс 4 дэх заалтын Э.Ө, Г.Д нарт холбогдох хэсгийг өөрчлөн хасаж, ...бидний эрх зүйн байдалд нийцэлтэй шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, иргэний хариуцагч нарын  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Д.О хүний эрүүл мэндэд хүнд  хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон” талаарх  дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг  зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан  гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан  нь дээрх зарчмуудад нийцсэн, шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын тухайд:

1.Шүүгдэгч Д.О нь “Х” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хувьд эрчим хүч хэрэглэгчийн хүсэлтийн дагуу зохих арга хэмжээ аваагүй болох нь  хохирогч Ч.Бийн “Хний ерөнхий инженер Отай захиргааны байрны гадаа уулзахдаа “манай урд талаас зөвшөөрөлгүй цахилгааны утас татаад манай хашааны дээр холбочихсон, энэ утас нь их аваартай утас байна” гэж хэлэхэд “тиймээ, тийм мэдэж байгаа. ...Татсан утсыг нь холбогдох хүмүүс нь буулгаж авах байх” гэж хэлж байсан. Үүнээс хойш 0.4 шугамын зөвшөөрөл авахаар хүсэлтийг тавихаар Хөвсгөл[БС1]  Эрчим хүчний газарт Отай уулзахдаа “манай хашаанд ороотой татсан гудас гудамжинд зоосон шонгуудыг буулгаад авчихаач” гэх хүсэлтийг амаар тавихад “манай байгууллага хувийн хэвшлийн эзэмшлийн шугамыг буулгаж авах эрх байхгүй наад хүмүүс чинь өөрсдөө буулгаж авах байх” гэсэн хариултыг өгч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54, 2-р хх-ийн 67, 211, 3-р хх-ийн 22-р хуудас/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтудаар нотлогдон тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүхийн “шүүгдэгч Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай” талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэх  ба уг дүгнэлтийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болно.

2.Шүүгдэгч Д.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг бодитой тогтоосон байна.

3.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан байх ба гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

4.Мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч, шүүх хуралдааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан гэж үзэх зөрчил тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Д.Оын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.О нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруутай эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасны дагуу гэм хорын хариуцлагыг ажил олгогчид хүлээлгэх нь зүйтэй.

 Иймд энэ талаар гаргасан иргэний хариуцагч Э.Ө, Г.Д нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар “Н” ХХК нь “Х” ХХК-ны эзэмшлийн 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст ажил гүйцэтгэхдээ зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэсэн нь тогтоогдсон тул гэм хорын хариуцлагыг “Х” ХХК, “Н” ХХК-д тэнцүү хэмжээгээр хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Оын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч Г.Д, Э.Ө нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/359 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 4 дэх заалтын “шүүгдэгч Д.Оаас 1,262,891 (нэг сая хоёр зуун жаран хоёр мянга, найман зуун ерэн нэг) төгрөгийг, иргэний хариуцагч Э.Өоос 1,262,891 (нэг сая хоёр зуун жаран хоёр мянга, найман зуун ерэн нэг) төгрөгийг, иргэний хариуцагч Ц.Таас 1,262,891 (нэг сая хоёр зуун жаран хоёр мянга, найман зуун ерэн нэг) төгрөгийг, иргэний хариуцагч Г.Доос 1,262,891 (нэг сая хоёр зуун жаран хоёр мянга, найман зуун ерэн нэг) төгрөгийг иргэний хариуцагч Х ХХК-наас 1,262,891 (нэг сая хоёр зуун жаран хоёр мянга, найман зуун ерэн нэг) төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн” гэснийг “Х”-аас 3,157,227 /гурван сая нэг зуун тавин долоон мянга хоёр зуун хорин долоо/ төгрөг, “Н” ХХК-аас 3,157,227 /гурван сая нэг зуун тавин долоон мянга хоёр зуун хорин долоо/ төгрөг” гэж, “шүүгдэгч Д.О, иргэний хариуцагч Э.Ө, Ц.Т, Г.Д, Х ХХК-иас” гэснийг “”Х” ХХК, “Н” ХХК-аас” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРХҮҮ

                                        ШҮҮГЧИД                                  Л.ЭРДЭНЭБАТ

                                                                     Б.СОСОРБАРАМ