2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/05672

 

 

 

 

 

 

 

 

2025 08 12 191/ШШ2025/05672

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ......-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ха

Гэрч Д.Ба, Д.На

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ц.Са ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1 Ц.Са нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цахилгаан шуудан холбооны 28 дугаар салбарт үйлчлэгчийн албан тушаалд томилогдож, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан.

Ц.Са нь 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 50 нас хүрсэн бөгөөд 4 хүүхэдтэй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр настны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг гаргахад 1990-1994 оныг дуустал даргын ажилд орсон тушаал байх боловч ажлаас чөлөөлсөн тушаал нь байхгүй байх тул энэ хугацааны ажилласан жил тогтоогдохгүй байна.

2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/08335 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэг ...Цахилгаан шуудан холбооны байгууллага нь татан буугдсан эсэх, өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, тус байгууллагад хандсан эсэх, ямар хариу өгсөн болох нь тодорхойгүй, ажиллаж байсан байдлыг батлах баримт бичгийг шүүхээс өөр журмаар олж авах боломжгүй ямар нөхцөл байдал байгаа нь тодорхойгүй, хуулийн дээрх шаардлагыг хангаагүй... гэж дүгнэсэн.

Цахилгааны шуудан холбооны байгууллага нь татан буугдаагүй М Ца х ХК нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус байгууллагад хандахад Холбооны яамны шуудан холбооны газрын даргын тушаал гэсэн зүйл олддог боловч чанарын шаардлага хангаагүй, чөлөөлсөн тушаал нь олдоогүй.

Архивын газар болон Архивын Ерөнхий газарт хандан Цахилгаан шуудан холбооны байгууллагын баримт байгаа эсэхийг лавлахад тус баримт олдоогүй. Тухайн үед архив, бичиг хэргийн эрх зүйн орчин бүрдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт ...уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй... нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд Ц.Саг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Цахилгаан шуудан холбооны 28 дугаар салбарт үйлчлэгчийн албан тушаалд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1. Холбооны яамны шуудан холбооны газрын даргын тушаал /хх-4-5/

2.2 Шуудан холбооны газрын даргын 1991 оны 106 тоот тушаалын хавсралт /хх-6/

2.3 Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгт /хх-7-8/

2.4 Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-11/

2.5 Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-12/

2.6 Нийслэлийн архив, Үндэсний архивын газрын тодорхойлолт /хх-13-14/

2.7 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-15-/

2.8 Гэрч С.На, Д.На нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-16-20/

 

3. Шүүх гэрч Д.Ба, Д.На нараас 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг авсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Хүсэлт гаргагч Ц.Са нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тэтгэвэр тогтоолгох зорилготой, ажлаас чөлөөлсөн тушаал олдоогүйн улмаас ажилласан жилийг шүүхийн журмаар тогтоолгох болсон гэж тайлбарлав.

 

2. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зохицуулсан.

3.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлт гаргагч Ц.Сагийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3.1 Холбооны яамны Цахилгаан шуудан холбооны газрын даргын тушаалаар Ц.Саг 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 28 дугаар салбарт үйлчлэгчээр ажиллуулж, ажилласан хоногоор нь цалинжуулахыг ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрч шийдвэрлэжээ. /1хх 4-5/

 

3.2. Шуудан холбооны газрын даргын 1991 оны 106 дугаар тушаалын хавсралт №1-т 1991 оны ээлжийн амралт эдлэх хүмүүсийн нэрсийг гаргасан байх ба 18 дугаарт хүсэлт гаргагч Ч.Саранхүү /28 салбар/-ийн нэр бүртгэгдэж, 21 хоногийн ээлжийн амралт олгогдсон байна. /1хх6/

 

3.3 Түүнчлэн Шуудан холбооны газрын 28 дугаар салбарын 1990 оны 11 дүгээр сарын Цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгтэд Ц.Сад 18 төгрөг олгож гарын үсэг зуруулсан байна.

 

3.3 Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлын талаар гэрч Д.Н нь ...Би ......аймгийн сургуульд сурч төгсөөд, Японы сургалтын төвд хуваарилагдаж ирж байсан. 1983 оны 7 дугаар сарын 5, 6-ны өдөр Цахилгаан шууданд ажилд орсон. Тус байгууллагад хүргэгч, залгагч, касс хийж байгаад 2020 онд тэтгэвэрт гарсан. Тээврийн товчооны 28 дугаар салбарт би кассчин, залгагч хийж байхад Ц.Са хүргэгч билүү үйлчлэгчээр орж байсан..., ...Тухайн үед ..... дарга Ц.Саг ажилд авч байсан... Ц.Саг 1994 онд ажиллаж байсан... гэж,

Гэрч Д.Ба.... нь ... 1993 онд бид танилцахад Ц.Са холбоонд ажиллаж байсан. 1995 онд ... компанид ажилд орж байсан. 1990, 1991 оноос ажиллаж эхэлсэн байх. 28 дугаар салбарт ажиллаж байсан гэж ярьдаг байсан гэв.... гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрч Д.Наранцэцэгийн ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр хэрэгт цугларсан.

 

4. Дээрх хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл хүсэлт гаргагч Ц.Саг 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Цахилгаан шуудан холбооны 28 дугаар салбарт үйлчлэгч /хүргэгч/-ээр ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилласан байдлаа шүүхээр тогтоолгоно гэж тайлбарлан шаардлага гаргасан хэдий ч хэрэгт авагдсан даргын тушаалаар Ц.Саг 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 28 дугаар салбарт үйлчлэгчээр ажиллуулж эхэлсэн байх тул түүний ажилласан хугацааг дээрх тушаалд заасан хугацаанаас тооцох нь зүйтэй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн зүйлийн 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Хүсэлт гаргагч Ц.Сагийн тэтгэвэр тогтоолгох эрхийг үүсгэх, түүний ажиллаж байсан байдалтай холбоотой баримт бүрэн хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, архивын байгууллагуудын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд Ц.Сагийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

 

6. Хүсэлт гаргагч Ц.Сагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .......-ийн 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Цахилгаан шуудан холбооны 28 дугаар салбарт үйлчлэгч /хүргэгч/-ээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх Цахилгаан шуудан холбооны 28 дугаар салбарт ажиллаж байсан байдлыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ц.Сагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ