| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/04754/И |
| Дугаар | 191/ШШ2025/06748 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/06748
2025 08 07 191/ШШ2025/06748
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ......-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.Со, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зор
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Со шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Со миний бие ....... их сургуулийн Санхүү эдийн засгийн газрын дарга албан тушаалд хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. Ажлаа хэвийн гүйцэтгэж алдаа дутагдал гаргаагүй байтал сургуулийн Захирлын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ..... тоот Э.Соын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ректорын тушаалаар ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг тушаалд сахилгын арга хэмжээ авч, ажлаас чөлөөлсөн гэх ч надад тушаалаар авсан сахилгын арга хэмжээ байхгүй.
Иймд үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Шүүх хуралдаанд явцад талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна.
Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэгч нь сүүлийн 3 сар бүтэн авсан цалин буюу 2024 оны 10, 11, 12 дугаар сарын цалингаас дундаж цалин хөлсийг тооцвол цалин 14,628,791 төгрөг, ажлын хоног 64 хоног байх тул 1 хоногийн цалин 228,575 төгрөг байна. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх цалинг гаргуулах, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр эвлэрэн хэлэлцэж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх 2 шаардлагыг хариуцагч байгууллагын зүгээс бүрэн зөвшөөрч байна. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг үргэлжлүүлж ажиллуулахаар шийдвэрлэсэн тушаалаа шүүгчийн захирамжийг үндэслээд дараа нь хүчингүй болгоно. Нэхэмжлэгч нь ....... их сургуульд санхүү эдийн засгийн газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахаасаа татгалзаж байгаа гэв.
3. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд:
...2.1. Нэхэмжлэгч Э.Со нь ....... их сургуулийн Санхүү эдийн засгийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа өөрөө татгалзаж, эвлэрэх хүсэлт, саналаа бичгээр өгсөн тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаасаа 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговорт 34,091,492 төгрөг, түүнээс холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр тохиролцов.
2.2 Хариуцагч ....... их сургууль нь нэхэмжлэгч Э.Со ....... их сургуулийн Санхүү эдийн засгийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, түүнээсээ холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх шаардлагыг шүүхээс энэхүү гэрээг хүлээн зөвшөөрч баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарсны дараа ажлын 10 хоногт багтаан төлж шийдвэрлэхээр нэхэмжлэгчийн санал, хүсэлтийг хүлээн авч тохиролцов.
2.3 Талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, бусад төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол хүсэлт гаргах эрхгүй, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг зөвшөөрсөн болно гээд нэг талаас нэхэмжлэгч Э.Со, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эр, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зор нар гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Со нь хариуцагч ....... их сургуульд холбогдуулан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Э.Со нь ....... их сургуулийн Санхүү эдийн засгийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,
2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 34,091,492 төгрөгийг хариуцагч ....... их сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Э.Соад олгож, 34,091,492 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговроос хариуцагч ....... их сургууль нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх /шүүхээс зохигч талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсны дараа ажлын 10 хоногт/-өөр талууд харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.Соын нэхэмжлэлтэй, хариуцагч ....... их сургуульд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.Со нь ....... их сургуулийн Санхүү эдийн засгийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,
2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 34,091,492 төгрөгийг хариуцагч ....... их сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Э.Соад олгож, 34,091,492 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговроос хариуцагч ....... их сургууль нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх /шүүхээс зохигч талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсны дараа ажлын 10 хоногт/-өөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Э.Соын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдолд хамаарах тул түүний нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ....... их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 328,407 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ