| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0803/Э |
| Дугаар | 856 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ю.Батсүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Ю.Батсүх,
Шүүгдэгч Г.З, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч Г.З, Б.Э нарт холбогдох эрүүгийн 1806 0370 00932 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа оёдол хийдэг, ам бүл-6, нөхөр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ДМ , Овогт Г З
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 10 сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа оёдол хийдэг, ам бүл-1, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ДМ , овогт Б Э .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.З, Б.Э нар нь бүлэглэн 2018 оны 4 сарын 19-ний үүрээр 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай САНКО баарны гадна иргэн Х.Туулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Х.Туулын /хх-15-18/, гэрч Ч.Ганзоригын өгсөн мэдүүлэг /хх-19-20/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 сарын 25-ны өдрийн №5222 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ЗЗ/, шүүгдэгч Б.Хонгорзулын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-14/, шүүгдэгч Г.З гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-21-23, 51-53/, шүүгдэгч Б.Энхжаргалын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх- 24-25, 56-58/, шүүгдэгч Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/, шүүгдэгч Г.Зулаагийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-62/, шүүгдэгч Б.Э ял шалгах хуудас /хх-59/, шүүгдэгч Г.Зулаагийн ял шалгах хуудас /хх-60/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.З, Б.Э нар нь бүлэглэн 2018 оны 4 сарын 19-ний үүрээр 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай САНКО баарны гадна иргэн Х.Туулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Х.Туулын өгсөн: “ 2018 оны 4 сарын 19-ний шөнө 02 цагийн үед Банзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах САНКО бааранд найз Ганзориг, түүний найз ахын хамт орсон. Тэгээд 03 цагийн үед тамхи татах гээд баарнаас гартал үүдэнд сууж байсан 4 эмэгтэй нөгөө бүдүүн янхан гээд намайг зодсон. Бааранд сууж байх хугацаанд "00" орох тоолонд будмал янхан, бүдүүн янхан гээд доромжлоод байсан. Тухайн 4 эмэгтэйг би харж байгаагүй танихгүй. Тэгээд баарнаас гараал хашаан дотор зогсож байтал нэг хүүхэн гүйж ирээд татаж унагаад, үсдэж бүх бие, нүүр нүдгүй өшиглөж цохьсон. Бас өсгийтэй гуталтай эмэгтэй нүүр лүү гутлаараа дэвссэн.” /хх-15-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ч.Ганзоригын өгсөн: “2018 оны 4 сарын 19-ний өдөр САНКО бааранд Туул бид хоёр орсон. Намайг баарнаас гарахад гадна Туулыг хүүхнүүд зодож байсан ба би салгасан. Тэр шөнө 3-аас 4 цагийн үед болсон. Богино үстэй жижиг хүүхэн Туулыг газар унагаад өшиглөөд үсдээд чирээд байсан. Нэг цагаан цувтай авгай өшиглөж дэвсээд байсан. ... Ямар ч байсан 2 нь бол зодож байсан. Цагаан цувтай болон жижиг богино үстэй хоёр зодож байсан.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 сарын 25-ны өдрийн №5222 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Х.Туулын биед тархи доргилт, дух, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцралт, зүүн хацар, баруун өвдөгний зулгаралт, зүүн мөр бугалга, шуу, баруун тохойны зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-ЗЗ/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Хонгорзулын өгсөн: “... Э эгч наад хүүхнээ тавиач гээд нэг удаа тэр хүүхний мөр рүү өшиглөж байсан. Харин Зулаа тэр хүүхний дээр мордоод үсдсэн байсан.” /хх-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.З гэрчээр болон яллагдагчаар өгсөн: 2018 оны 4 сарын 19-ний шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах САНКО бааранд танил эгч нар болох Энхжаргал, Оюунгэрэл, Хонгорзул нарын хамт орсон. Бааранд ороод хүн бүр 500 граммын Нийслэл, Сэнгүр пиво хоёр хоёрыг аваад пиво уугаад бүжиглээд байж байтал хажуугаар явсан согтуу эгч "халтаруудын арми хаанаас мөнгө олж архи ууж байгаа юм бол" гээд байсан гэсэн. Тэрийг би сонсоогүй, 03 цаг өнгөрч байхад бид гарахаар болсон. Тэгтэл нөгөө бүдүүн эгч 2 эрэгтэй хүнтэй сууж байснаа чангаар "халтарууд гарах гэж байна" гэхэзр би тэр үгийг сонсоод "та юу гээд байгаа юм бэ бид хэд гарах гэж байна" гэхэд "янханууд минь зайл" гэж хэлсэн. Тэгээд би тэр эгчтэй барилцаад автал зөөгч нартай нийлээд хамт явж байсан манай 3-ван эгч салгасан. Бид гадаа гараад байж байтал нөгөө бүдүүн эгч хамт явж байсан 2 эрэгтэйн хамт гарч ирсэн. Үүдэн хэсэгт тэр эгчтэй хэрэлдэж байтал хамт явсан 2 эрэгтэй биднийг гаргахгүй, баарны хаалгыг нээхгүй байсан. Би тэр ахын суган доогуур гарч гүйгээд нөгөө бүдүүн хүүхэн дээр очоод үсдээд газар унгагаасан. Дээр суугаад наад хүмүүсээ тавихгүй бол энэ хүнийг чинь тавихгүй гэсэн. Тэр үед Энхжаргал эгчийг бүдүүн хүүхэнтэй хамт явсан том биетэй хөгшин залуу хувцасаар боогоод унгаачихсан Тэр үед би наад хүнээ тавь гээд орилоод байж байтал Энхжаргал эгчийг тавиад нөгөө бүдүүн залуу миний 2 мөрнөөс татаж шидсэн.”
“... Би дүгнэлтэй танилцсан. Газар зууралдаад унахад болон хатуу газар дээр бүдүүн эгчтэй зууралдсан үсдсэн энэ бүхнээс учирсан байх. Энжаргал эгч нэг удаа өсгийтэй гутлаараа өшиглөсөн гэсэн бид хоёрын энэ хүнтэй зууралдсанаас учирсан гэмтэл байх. Би тухайн үед өөрөө гэдэс том байсан учир зодолдоогүй үснээс зулгаасан. /хх- 21-23/ гэх мэдүүлэг,
“... Би үсдэж аваад толгой, бие рүү гараараа цохьсон. Тухайн эмэгтэй харин миний хоолойг хувцасаар боогоод тавихгүй байсан. Тухайн эмэгтэй бид хоёр газарт зууралдаж, надаас тавихгүй байхад Энхжаргал эгч мөр лүү өшиглөж байсан. Бид тухайн эмэгтэйгээс уучлалт гуйж эмчилгээний зардлыг нь төлье гэхэд би бренд өмсдөг та нар хүний сая сая төгрөг өг гэсэн. Би ямар их мөнгө юм бэ? одоо 300.000 төгрөг байна гэхэд үгүй гэж хэлээд яваад өгсөн. Хийсэн зүйлдээ гэмшиж байна.” /хх-51-53/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Э гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Баар хаах үед нөгөө согтуу бүдүүн хүүхэн дахиад халтар янханууд гээд байхаар нь манай Зулаа гэх залуу охин очоод "та яагаад хүн доромжлоод байгаа гээд бааранд зууралдахад баарнаас гар гээд ажилчид нь гаргасан. Нөгөө хүүхэн баарнаас гараад бид гарах гэхэд гэтэл баарны гадна үүдэнд бүдүүн залуу бид хэдийг чагтлаад гаргахгүй намайг хувцасаар боож унгагаад, манай 3 тавь гэхэд тавихгүй байсан. Тэгтэл Зулаа тэр залуугийн суган доогуур гүйж гараад нөгөө бүдүүн хүүхнийг барьж аваад нэг хартал хоёулаа газар унасан байсан. Би салгах явцдаа Зулаагийн гарнаас барьж байгаад үснээс тавиулсан. Тэр хүүхэн намайг өшиглөсөн гээд байгаа салгах явцад өсгийтэй гутлаар биений аль нэг хэсэгт гишгэгдсэн байж магадгүй.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,
“...Зодоон их болоогүй Зулаатай үсдэлцээд зууралдаад байсан. Би цохьсоноо санахгүй байна. Очоод салгах гэж оролдож байсан, өшиглөснөө санахгүй байна. Энэ хүмүүсийн хэлж байгаагаар өшиглөсөн юм шиг байгаа юм. Гэхдээ би өөрөө санахгүй байгаа Зулаа бид хоёроос бусад оролцоогүй.” /хх-56-58/ гэх мэдүүлэг мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/,
Шүүгдэгч Г.Зу иргэний үнэмлэхний хуулбар /хх-62/,
Шүүгдэгч Б.Э ял шалгах хуудас /хх-59/,
Шүүгдэгч Г.З ял шалгах хуудас /хх-60/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Г.З, Б.Э нар нь бүлэглэн 2018 оны 4 сарын 19-ний үүрээр 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай САНКО баарны гадна иргэн Х.Туулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднйийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь хохирогчид 780.000 төгрөгийг өгч барагдуулсан ба хохирогч нь өөр нэхэмжилсэн хохиролгүй болно. Энэ нь шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар шүүгдэгч Г.З , Б.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Г.З , Б.Э нарт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.З , Б.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.З, овогт Б Э тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Г.З , Б.Э нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.З , Б.Э нар нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.З , Б.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.З , Б.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Зулаа, Б.Энхжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.З , Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС