Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00545

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00545

 

 

Ц.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04066 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Баярцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 821 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 60 хоногийн хугацаатай 2 000 000 төгрөгийг Д.Баярцэцэгт зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад тэрээр 2 600 000 төгрөг төлөх байсан. Ингээд Д.Баярцэцэгтэй харилцан тохиролцож бэлнээр мөнгө хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хоног тутамд 2 000 төгрөгөөр тооцож торгууль нэмж төлөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагч Д.Баярцэцэг нь нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнгийн эхнэртэй нь найз байсан бөгөөд түүнээс бараа, бүтээгдэхүүн зээлээр авдаг байсан. Гэтэл нэхэмжлэгчийн эхнэр нас барсан ба Д.Баярцэцэг зээлийг хугацаа хожимдуулан төлж байгаад 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2 821 000 төгрөг төлөх талаарх тодорхойлолт бичиж өгсөн. Үүнээс хойш тэрээр утсаа авахгүй зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Мөнгийг Д.Баярцэцэгт гэрээнд зааснаар дансаар өгөөгүй, бэлнээр түүнд хүлээлгэн өгсөн боловч баримт үйлдээгүй, эргүүлж төлөх хуваарьт заасны дагуу цувуулж өгсөөр 487 000 төгрөг буцааж өгсөн. Бараа, бүтээгдэхүүнийг хоорондын итгэлцлээр өгч авалцаж байсан учир баримт байхгүй. Х.Улаанхүүг танихгүй учир түүнд мөнгө өгөөгүй. Иймд Д.Баярцэцэгээс үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 600 000 төгрөг, зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ 221 000 төгрөг, нийт 2 821 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Баярцэцэг миний бие Баянзүрх дүүрэгт байрлах Алтанговь худалдааны төвд хувиараа бизнес эрхэлдэг Ц.Лхагвасүрэнгийн талийгаач эхнэртэй найз нөхдийн холбоотой байсан учраас нэхэмжлэгчийг таньдаг. 2015 оны 7 дугаар сард манай хамаатны дүү Х.Улаанхүү надтай уулзаад мөнгө зээлдүүлэх хүн байна уу гэж асуусан. Тэгээд Ц.Лхагвасүрэнгээс мөнгө зээлдүүлэх эсэхийг асуухад энэ хүмүүс эргүүлж төлж чадах уу гэхэд нь Х.Улаанхүүгийн нөхөр н.Баттөмөр барилгын инженер учраас төлөх боломжтой, чадна гэдгийг хэлсэн. Ингээд Ц.Лхагвасүрэн, Х.Улаанхүү нар зээлийн гэрээ хийж, 2 000 000 төгрөгийг, өдрийн 43 000 төгрөг төлөхөөр авсан. Миний бие Ц.Лхагвасүрэнгээс мөнгийг аваад Х.Улаанхүүд өгсөн, түүнийг авсан мөнгөө буцааж төлж чадахгүй бол намайг төл гээд гэрээнд батлан даагчаар гарын үсэг зур гэсээр байгаад зуруулсан. Х.Улаанхүү эгч өрийнхөө мөнгийг төлж явсаар байгаад төлж чадахгүй болсон учир 2016.01.14-ний өдөр үндсэн мөнгө болох 2 000 000 төгрөгөө Ц.Лхагвасүрэнд төлсөн. Ц.Лхагвасүрэнгээс зээлж авсан гэх 2 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй учраас нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй. Мөн дэлгүүрээс авсан бараа, материалыг буцаагаад өгчихсөн, надад ямар ч өр төлбөр байхгүй. Зээлийн гэрээнд Д.Баярцэцэг хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан болохоос уг мөнгийг хүлээн аваагүй, зээлдүүлэгч нь мөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Д.Баярцэцэгээр дамжуулан Х.Улаанхүүд зээл өгч байсан, тэрээр зээлийг төлж байсан. Үндсэн зээл 2 000 000 төгрөгийг 2016.01.14-ний өдөр буцаан төлсөн болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул Д.Баярцэцэг хариуцагч биш гэж үзэж байна. Гэрээнээс харахаар сарын 11-12 орчим хүүтэй, 2 000 000 төгрөгийг өдөрт 43 500 төгрөгөөр тооцож эргүүлэн төлөхөөр 60 хоногт 2 600 000 төгрөг болно. Хугацааны эцэст 2 600 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүнээс үзэхэд хүү биш харин хариу төлбөр тохиролцсон юм шиг харагдаж байна. Үүнээс үзэхэд гэрээний дагуу 5 200 000 төгрөг төлөхөөр байх бөгөөд 2 000 000 төгрөгийг төлсний дараа Ц.Лхагвасүрэн нь эхнэрийнхээ хамт сууж байгаад ийм мөнгө төлөх юм байна бич гэхээр нь 2016.02.24-ний өдөр 2 281 000 төгрөг төлнө гэдгээ бичсэн. Үндсэн зээл 2 000 000 төгрөгийг гэрч Х.Улаанхүү төлчихсөн гэдгээ мэдүүлж байгаа учир шүүх хуульд заасны дагуу хүүг багасгах боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хүү болох 600 000 төгрөгөөс 478 000 төгрөгийг авсан гэж байх тул үлдэх 122 000 төгрөгийн хүүг төлөхийг зөвшөөрнө. Барааны үлдэгдэл гэх 221 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 262 дугаар зүйлийн 262.1-т тус тус зааснаар хариуцагч Д.Баярцэцэгээс 1 521 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 299 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 пугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Баярцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 39 294 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Талуудын хооронд болсон үйл баримтын талаар дурдвал 2015 оны 07 дугаар сард Х.Улаанхүү нь Д.Баярцэцэгтэй уулзаж, мөнгө зээлдүүлэх хүн байна уу гэсний дагуу нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнтэй уулзаж, үндсэн зээлдэгч Х.Улаанхүү нь 2 000 000 төгрөг зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулах саналыг Ц.Лхагвасүрэнд тавьсан. Ц.Лхагвасүрэн нь 2 000 000 төгрөг зээлдүүлэхийг хүлээн зөвшөөрч, гэрээг бичгээр байгуулж, 2 000 000 төгрөгийг Х.Улаанхүүгийн өмчлөлд шилжүүлсэн. Энэ талаар Х.Улаанхүү шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн. Хууль зүйн талаас нь дүгнэвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх гэснийг анхаарах нь зүйтэй. Зээлдүүлэгчийн үндсэн үүрэг нь зээлдэгчид мөнгийг тохиролцсон хугацаанд захиран зарцуулах эрхийг олгоход оршдог. Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2 000 000 төгрөгийг Д.Баярцэцэгт зээлүүлсэн бол уг мөнгө түүний өмчлөлд шилжиж 2 000 000 төгрөгийн өмчлөгч нь болж, тухайн мөнгийг тодорхой хугацаанд захиран зарцуулах эрхтэй байх ёстой. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэжээ. Д.Баярцэцэгийн хувьд Ц.Лхагвасүрэнгээс зээлсэн гэх мөнгө нь түүний өмчлөлд шилжиж, захиран зарцуулах эрх үүсээгүй байна. Гэрч Х.Улаанхүү тухайн мөнгийг би бэлнээр Ц.Лхагвасүрэнгээс хүлээж авсан гэж гэрчээр мэдүүлдэг. Иймд Ц.Лхагвасүрэн, Д.Баярцэцэг нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 2015 оны 06 сарын 03-ны өдрийн байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алданги нийт 2 821 000 төгрөг гаргуулах байсан бөгөөд шүүх хурал дээр зээлээр худалдан авсан бараа материалын үлдэгдэл 221 000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчид танилцуулах, түүнтэй холбогдуулж шүүхэд хариу тайлбар гаргах эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Зохигчдын хооронд зээлийн гэрээний маргаан үүсээгүй байхад шүүх зээлийн гэрээний маргаан гэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн нь хариуцагч Д.Баярцэцэгт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 2 821 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлээс 122 000 төгрөгийг зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн нь Х.Улаанхүү, Д.Баярцэцэг нартай 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 2 сая төгрөг зээлдүүлнэ, зээлийг 60 хоногт тэнцүү хуваан 43 500 төгрөгөөр цувуулан төлж барагдуулна, хугацааны эцэст 2 600 000 төгрөгийг эргүүлэн өгнө гэж тохиролцжээ. /хх-ийн 2/

 

Зээлийн 2 000 000 төгрөгийг хариуцагч Д.Баярцэцэг аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч түүнд 2 сая төгрөгийг шилжүүлсэн гэдгээ нотлох ёстой. Гэвч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, харин Х.Улаанхүү авсан болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлдэг тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээс гадна хариуцагч Д.Баярцэцэг хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, Ц.Лхагвасүрэнд 2 821 000 төгрөгийг өгөх талаар баталгаа гаргаж байсан /хх-ийн 4/ тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх, мөн хуулийн 242.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй байгаа талаар анхан шатны шүүх хуульд нийцсэн зөв дүгнэлт хийжээ.

 

Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...600 000 төгрөгийн хүү хаанаас бодож гаргаад байгаа хүү юм бэ? гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн асуултад ...2 600 000 төгрөгийн бэлэн бараа авсан... гэж ойлгомжгүй хариулснаас /хх-ийн 41/ үзэхэд талуудын хооронд хийгдсэн дээрх зээлийн гэрээнд хүүгийн талаар тохиролцсон гэж үзэхэд эргэлзээтэй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн зохицуулалтын агуулгад нийцсэн гэж үзэх боломжгүй байх тул хүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх ба энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Д.Баярцэцэг нь үндсэн зээлээс 2 000 000 төгрөг төлсөн гэх тайлбараа өөр баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотолж чадаагүй ба зөвхөн мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй гэрч Х.Улаанхүүгийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэхэд учир дутагдалтай болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Баярцэцэгээс үндсэн зээл 2 000 000 төгрөгөөс төлсөн 478 500 төгрөгийг хасч үлдэх 1 521 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ