| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0905/Э |
| Дугаар | 947 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 947
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Оюунтуяа,
Шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А т холбогдох 1803 00150 0185 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилтай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, тоотод оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Овогт Б А .
/Холбогдсон хэргийн талаар /
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 2 дугаар сарын 17-ны оройн 21 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны зүүн замд У.Анарын эзэмшлийн Хюьндэй соната-5 маркийн 37-98 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” , мөн дүрмийн 2.3-т заасан Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2-т заасан "Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Я.Золзаяаг мөргөж амь насыг нь хохироож, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүүгчээс өршөөл хүсч, тэнсэж өгөөч гэж хүсч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Оюунтуяа мэдүүлэхдээ: “…Манай ээж осолд орохын өмнө орой 6-7 цагийн үед хамт амьдардаг хүнтэйгээ хамаатаны гэрт нь очиж золгоно гээд явсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад ээжийн дүүгийн эхнэр над руу залгаж “өнгөрсөн” гэж хэлсэн. Маргааш нь өнжиж нөгөөдөр нь дуудсан учир цагдаагийн газар очсон. 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мөргөсөн хүн олдохгүй байна, хайж байгаа гэж бид нарыг дуудаагүй. 2 дугаар сарын 19-ний өдөр уулзаж Б.Амгаланбаярыг харсан. Ахтайгаа ирсэн байсан. Ах нь “ажил явдалд хэрэглээрэй” гэж 2.200.000 төгрөг анх өгсөн. 49 хоногт нь 500.000 төгрөг өгсөн. 5 дугаар сарын 28-ны өдөр 3.500.000 төгрөг өгсөн. Нийт 6.200.000 төгрөг авсан байгаа. Үүнээс гадна 2.000.000 төгрөг өгнө гэж ярьж тохирсон. Үүнийг аваад өөр гомдол саналгүй. Шүүхээс гаргасан ял өгвөл түүгээр нь байна…Гэрээг хийж байхдаа өмгөөлөгч ах надад энэ гэрээг байгуулж байгаа нь Б.Амгаланбаярын хэргийн ялыг наашлуулаад 3-4 жилийн хэмжээнд болгох ч юм уу тийм хэмжээнд очиход уг гэрээ туслана гэж хэлж байсан. Мөнгө өгөхдөө гэрээ хийсэн, манайх ч гэсэн бүр их гомдол саналгүй, бүр ял шийтгэл өгөхгүй гэдэг байр суурьнаас биш зүгээр улсаас хэдэн жилийн ял өгөх нь үү, түүнийг нь л дагана, бүр их хүндрүүлж гомдолтой гэж явахгүй гэсэн байр суурьнаас манайхан хандаж байсан. Өмгөөлөгч ах уг гэрээг хийж байгаагийн учир нь бүр олон жил ял эдлүүлэхгүй, ядаж эдлэх ялыг нь наашлуулж 3-4 жил ч юм уу, 2-3 жил ч юм уу хэмжээнд болгох учир гэрээ хийж байгаа гэж хэлсэн лдээ. Гомдол байхгүй. Б.Амгаланбаярын дайрч мөргөсөнөөс л манай ээж нас барсан гэж шинжээчийн бүх дүгнэлтээр гарсан. Гэрчийн мэдүүлэг ч гэсэн үнэн зөв байх. Энэ бүх үйлдэлд 1 жилийн ял өгч байгаа юм уу?, уг ял нь их биш байна, бүр тэнсэн гээд ямар ч хэрэг хийгээгүй хүн шиг болгох гээд байх юм. Энэ хүн чинь хэдий гомдолтой байгаа ч, өмгөөлөгч ах нь энэ хүнийг ядаж 3-4 жил ял эдлэх нь тодорхой гэж хэлж байсан. Тэгсэн атлаа одоо тэнсэн гээд байх юм. Улсаас өгсөн ялын хэмжээг дагана. Хорих ялыг биечлэн эдлүүлж болдоггүй юм уу. Манай ах дүү нар ч хэлсэн. Хүний мууг үзэх гэж байгаа биш, нэгэнт нас барсан хүн босоод ирэхгүй учир очоод олон жил хориулна, гомдол гэж хэлэд яах вэ гэсэн. Нэгэнт өнгөрсөн хүн, гомдолтой гээд яах вэ наад хүн чинь тодорхой хэмжээний улсаас өгсөн ялаа эдлэх л байх гэж хэлсэн. Манайхан илүү гомдолтой гэж гүйгээгүй, манай ээжийг аймаар дайрчихсан байсан. Энэ ах өөрөө задлан хийсэн зураг хөрөг бүх зүйлтэй танилцсан гэсэн. Би бас тэрийг нь өөрөө үзсэн. Өөрөө болохоор юм мэдээгүй, миний доогуур нэг юм гараад явсан гэж сая хүртэл тэгж хэлж байсан. Надад гэрээ хийж мөнгө өгөхдөө тэнсэн авахуулах гэж ярьж байгаагүй, шүүхээс энэ хүн мэдээж хүний амийг хөнөөчихсөн, хохироосон учир олон жилийн ял авах байх. Тэгээд ялыг нь арай жаахан нааш нь татаж 3-4 жил болгох хэмжээнд л аваачих гэсэн юм гэж хэлсэн атлаа одоо болохоор ингэж яриад байна.“ гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-8/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Оюунтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-35-36/, гэрч Б.Гэрэлчулууны өгсөн мэдүүлэг /хх-68-69/, гэрч Б.Энхтайваны өгсөн мэдүүлэг /хх-72-75/, гэрч Б.Оюунтөгсийн өгсөн мэдүүлэг /хх-81-82/, гэрч Л.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /хх-85-86/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцосны гадна үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хийсэн 484 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-100-101/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хийсэн 1467 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-113-116/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 18/7861 дугаартай дүгнэлт /хх-120-122/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хийсэн 1894 дугаартай дүгнэлт /хх-128/, Тээврийн прокурорын газарт гаргасан хохирол хүлээн авч, гомдолгүй болсон тухай хүсэлт /хх-174/, шүүгдэгч Б.А ын урьд ял шийтгэгсэн эсэхийг шалгах хуудас /хх-154/, шүүгдэгч Б.А ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-158/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А нь 2018 оны 2 дугаар сарын 17-ны оройн 21 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны зүүн замд У.Анарын эзэмшлийн Хюьндэй соната-5 маркийн 37-98 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” , мөн дүрмийн 2.3-т заасан Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2-т заасан "Хол. ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Я.Золзаяаг мөргөж амь насыг нь хохироож, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Оюунтуяагийн өгсөн: “…Би талийгаачийн төрсөн охин нь болох хүн байна. Би эхээс хоёулаа манай төрсөн дүү Нармандах одоо 21 настай, манай эмээ Янжмаатай хамт амьдарч байгаа. Манай ээж эхээс гурвуулаа айлын дундах хүүхэд байсан. Манай ээжийн төрсөн дүү Төмөрбаатар нь “Гачууртын хар хошуу” гэх газарт малчин, төрсөн ах Баттөгс нь Сэлэнгэ аймагт мал маллаж амьдарч байгаа. Хохирлын хэмжээ баримтаар 2.259.447 төгрөг зарцуулсан байгаа. Жолооч буяны ажлын үер 2.200.000 төгрөг төлсөн байгаа.” /хх-35-36/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч У.Анарын өгсөн: “...Би Б.Амгаланбаяртай 2009 онд анх танилцаад найзалж байгаа миний найз болох хүн юм. Би уг автомашиныг Б.Амгаланбаярт 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөгөөр зарсан ба мөнгөө 3 сарын эхээр авахаар болж автомашинаа Б.Амгаланбаярт өгөөд явуулсан. Миний зөвшөөрөлтэй жолоодож явсан. Би мөнгө төгрөг төлөөгүй байгаа. Би үүрэг хариуцлагаараа боломжоороо төлнө гэж бодож байгаа.” /хх-55, 90/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Гэрэлчулууны өгсөн: “…2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 20 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Ургах наран" хороолол орж хадам аав Батсайхнаас өөрийнхөө төрсөн хүүхэд Мөнхгэрэлийг авах гээд гэрээсээ буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн нэгдүгээр хэсгийн 418 тоотоос 93-49 УБИ улсын дугаартай Nissan Vannet маркийн автомашинтай эхнэр Энхмаа болон төрсөн дүү Энхтайван нарын хамтаар гарсан юм. Тухайн үед машин бариад урд суудал дээр манай эхнэр Энхмаа суугаад арын зааланд манай төрсөн дүү Энхтайван суугаад 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороо, “Ногоон зоорь”-ны зам дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа буюу Улаанбаатараас Налайх чиглэлд 30 орчим км цагиин хурдтай ойрын гэрэл дээрээ явж байтал өөдөөс ирж явсан цагаан өнгийн жижиг суудлын машин хүн мөргөөд тэр хүн нь урд хамар хэсгээр нь мөргөгдөөд уг мөргөсөн машины дээгүүр даваад ард нь зам дээр унасан юм. Тэгэнгүүт нь би шууд машинаа зогсоогоод буугаад очих үед нөгөө мөргүүлсэн эмэгтэй ямар ч хөдөлгөөнгүй газарт толгой хэсэг нь зүүн урагшаа харсан дээшээ харсан байдалтай байсан. Тухайн хүнийг мөргөсөн жижиг цагаан өнгийн машин хурдаа хасаагүй мөргөөд л шууд зугтаагаад яваад өгсөн. Би тэр машины содон шинж тэмдэг номер дугаар болон маркийг нь харж чадаагүй. Харин тэр машины ар талд саарал өнгийн приус 20 маркийн автомашин 3-4 метр зайтай явж байсан. Явган зорчигч яг хаанаас зам гарч явсанг хараагүй мөргүүлээд унаж байхыг л харсан юм, жижиг цагаан машин хамар хэсгээрээ мөргөх үед мөргүүлсэн хүн уг машины дээгүүр даваад ард нь унасан юм.” /хх-68-69/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхтайваны өгсөн: “…2018 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 20 минутын үед ах Б.Гэрэлчулуун Nissan Vannet маркын 93-49 УБИ улсын дугаартай автомашинтай “Хужирбулан”-гаас “Ургах наран" хороолол орохоор явж байсан. Машиныг манай ах Б.Гэрэлчулуун барьж явсан. Харин би хойд талын суудал дээр сууж явсан. Ахын эхнэр Энхмаа нь жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Тэгээд манай машин Баянзүрхийн товчооноос ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийш чиглэлтэй явж байтал эсрэг урсгалд буюу зүүнээс баруун тийш явж байтал цайван өнгийн суудлын машины дээд талаар тортой зүйл давж харагдсан. Юу болов гээд хартал уг машины зүүн хойд дугуйнд хүн дайрагдаад зам дээр өнхөрөөд гараад ирсэн. Тэр хүнийг дайрсан цайван өнгийн суудлын машин зогсолгүй тэр чигээрээ баруун тийш явж байгаа харагдсан.” /хх-72-75/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюунтөгсийн өгсөн: “…2018 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 187 цаг өнгөрч байхад Говьсүмбэр аймаг дээрээс Улаанбаатар хот орох гээд замаас нэг хүн аваад нөхөр хүүхдийн хамт гарсан. 20 цаг өнгөрч байхад Налайхын замаар ороод Ургах Нарангаар уруудаад явж байтал урд талд явж байсан ногоон Мицибуши делика маркын машиныг манай нөхөр гүйцэт түрүүлээд Хюьндэй соната-5 маркийн автомашины ар талд нь гарсан. Тэгтэл урд явж байсан цагаан өнгийн Хюьндэй соната-5 маркийн автомашины жолооч нь хүн мөргөөд зугтаасан. Тэр үед манай нөхөр огцом тоормос гишгээд зам дээр хэвтэж байсан хүнийг тойрч гараад тухайн автомашиныг хөөгөөд 100 метр хиртэй яваад нөгөө машиныг зогсоогоод урд нь манай машин хөндөлдөөд зогссон. Би хэд тэнд хэдэн минут харж зогссон. Удалгүй тэр машины хаалга онгойхоор нь би хэд яваад өгсөн. Тухайн үед бид хэд хаалга нь онгойхоор нь эргээд тэр хүн дээр явж очиж байна гэж бодсон. Тухайн үед баяр ёслол болж байсан болохоор тэнд буугаагүй явсан.”/хх-79-80/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Л.Ганбаатарын өгсөн: “…2018 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Говьсүмбэр аймгаас 18 цагийн орчим гараад Улаанбаатар хот руу явсан. Би өөрийн эзэмшлийн тоёота приус-20 маркийн 36-94 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад эхнэр, хүүхэд болон замаасаа нэг хүн аваад хөдөлсөн. Тэгээд 20 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн товчооны зүүн замд байхад урд талд явж байсан ногоон өнгийн делика маркийн машиныг гүйцэт түрүүлээд явахад урд талд явж байсан Хюьндэй соната-5 маркийн автомашин миний урд талд явж байсан. Тэгсэн удалгүй урд талд цагаан тортой зүйлс унаад ирсэн. Тэгтэл зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тэр Хюьндэй соната-5 маркийн машины жолооч нь тэр чигээрээ явахаар нь араас нь хөөгөөд 100 гаран метр яваад урд талд нь гараад зогсоосон.” /хх-85-86/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Б.А ын яллагдагчаар өгсөн: “…2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр цагаан сарын шинийн 2-ны өдөр байсан ба энэ өдөр би Баянзүрх дүүргийн товчооны цаана Ногоон зоорь гэх газар авга ах Даваадорж ах дээр очиж золгохоор 19 цагийн үед төрсөн ах Анхбаярын охин 8 настай Бямбасүрэнгийн хамт гэрт нь очсон. Би худалдаж аваад удаагүй байсан Соната-5 маркийн автомашиныг жолоодож очсон…Би машинаа жолоодоод дүү Бямбасүрэнг урд суудалд жолоочийн хажууд суулгаад хөдлөөд явахад ойролцоогоор 20 цаг 40 минут болж байсан байх Баянзүрхийн товчооны чиглэлтэй явж байтал өөдөөс эсрэг урсгалд нэг автомашин гэрлээ хол дээр нь тавиад өөдөөс ороод ирэхэд би гэрлээрээ дохиод зөрж өнгөрөөд 2 метр орчим яваад нэг юман дээгүүр гарах шиг болоод машин оволзоод явсан. Тухайн үед би юу юм бол гэж бодоод хүн амьтан биш гэж бодоод цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан.” /хх-146-147/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн цогцост хийсэн 484 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлий, аарцгийн битүү гэмтэл, элэгний задрал, аарцаг ясны 2 талын ууц, сүүжний үелэх хэсгийн салсан хугарал, аарцгийн зөөлөн эд, булчингийн цус хуралт, хэвлийн хөндий, гялтангийн арын цус хуралт, цусан хураа /1000гр/, 2 бөөрний өөхөн эд, үүдэвч, чацархайн тархмал цус хуралт, дотор эрхтэнүүдийн жигд бус дүүрэлт, баруун дунд чөмөр ясны далд зөрөөтэй хугарал баруун шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал, зүүн нүдний гадна булангийн шарх. зүүн шанаа, хацар, эрүүний зулгаралт, баруун эгэм, 2 ташааны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь насанд аюултай ба гэмтэл авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.
3. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.
4.Талийгаачид 2018 оны 2 дугаар сарын 17-ны 00:00 цагт цогцост хийсэн үзлэгээр нас бараад 1-2 цаг болсон гэжээ.
5. Талийгаач нь дээрхи авто ослын хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
6. Талийгаач нь цусны АВО системээр О 1-р бүлгийн цустай байна.
7. Талийгаачийн цусанд 4,2% спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. /хх-100-102/ гэх дүгнэлт,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-103-104/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1467 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн гадуур хүрмэнд 78х40 мм, бор эрээн богино ханцуйтай цамцанд 30х25мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд гарсан байна.
2. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гарсан шинэ гогдолт, ханзралтууд нь зам тээврийн осолд орох үед үүсэх боломжтой.” /хх-113-114/ гэх дүгнэлт,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-115-117/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 18/7861 дугаартай дүгнэлтэд:
1. Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага "MNS45985; 2011 стандартын шаардлагад заасан автомашины ойрын болон холын гэрлийн тусгалын хүч 10000-225000 cd буюу люкс байх заалтыг зөрчиж байна. Зам тээврийн осол үйлдэгдсэн зам нь гэрэлтүүлэггүй тохиолдолд автомашины холын гэрлийн тусгал нь зам тээврийн осол хэрэгт нөлөөлнө.../хх-121-122/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1895 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Соната-5 маркийн автомашин тоормосны шингэн дамжуулгатай. Тоормосны механизм ажиллаж байна.
2. Туршилтаар зам дээр тоормозны мөр үүсэж байна. /хх-125/,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-126-127/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1894 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 37-98 УНХ улсын дугаартай. цагаан өнгийн Х.Соната маркийн автомашинд сэв. эвдрэл гэмтэл гарсан байна. 2 Шинжилгээнд ирүүлсэн автомашинд үүссэн 83 см. 16.5 см 5 см 4.5x8 см, 32x18 см хэмжээтэй гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан байна. -Автомашины баруун хоид хаалганы хөмсөг салсан гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна.-автомашинд үүссэн 35x19 см, 20 см, 37x45 см хэмжээтэй гэмтэл хатуу үзүүр, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна.” /хх-128/ гэх дүгнэлт,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-129-130/,
Замын Цагдаагийн албаны 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...
1. 37-98 УНХ улсын дугаартай Х.Соната-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан, 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож. ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүчд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрзгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Янжмаа овогтой Золзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл байвал дүгнэлтэд илрээгүй болно. /хх-135-136/ гэх дүгнэлт,
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-13/,
-Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-21/,
-Хохирол нэхэмжилсэн баримт /хх-43-54/,
-Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23, 24-26/,
-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-31, 77/,
-Нас барсаны гэрчилгээний хуулбар /хх-40-41/,
-Шүүгдэгч Б.А ын урьд ял шийтгэгсэн эсэхийг шалгах хуудас /хх-154/,
-Шүүгдэгч Б.А ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-158/,
-Тээврийн прокурорын газарт гаргасан хохирол хүлээн авч, гомдолгүй болсон тухай хүсэлт /хх-174/ зэргээр тогтоогдсон болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.А нь 2018 оны 2 дугаар сарын 17-ны оройн 21 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны зүүн замд У.Анарын эзэмшлийн Хюьндэй соната-5 маркийн 37-98 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” , мөн дүрмийн 2.3-т заасан Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2-т заасан "Хол. ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Я.Золзаяаг мөргөж амь насыг нь хохироож, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.А г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан,
мөн энэ хуулийн 27.10-д заасан гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.А г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан торгуулийн ял шийтгэлийг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс Б.А т оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Оюунтуяа нь цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.А н ¹479761 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 58 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Овогт Б А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.А т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дүйцүүлэн 1 сарын хугацаагаар тогтоож, нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Б.А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Оюунтуяа нь цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.А ын В ангилалын 479751 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.А т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.А т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧ