Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 158/ШШ2026/0039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******,

Хариуцагч: Булган аймгийн ******* сумын Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, Б.******* нарын хоорондын “Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/95, А/96 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Иргэн М.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/95, А/96 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар маргав.
  2. Дээрх 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/95 болон А/96 дугаартай захирамжуудаар нэхэмжлэгчийг сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/75 болон 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаартай захирамжуудаар ******* сумын ,* дугаар багт байршилтай нэгж талбарын ** дугааруудтай, тус бүр 300 м2 талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор зориулалтаар эзэмшиж байсан газруудаа “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй...” гэх үндэслэлээр эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/95, А/96 дугаартай захирамжууд нь нэхэмжлэгч М.*******ы “нэгж талбарын  6307003013 дугаар бүхий 300 мкв, 6307003093 дугаар бүхий 200 мкв газруудыг эзэмших эрхийг зөрчсөн” гэж маргасан бөгөөд
    1. Нэхэмжлэлийн үндэслэл болон тайлбартаа: “...Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль журмын дагуу тус газрыг эзэмшиж, газрын дуудлага худалдааны төлбөрийг бүрэн төлсөн ба газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноос хойш газрын төлбөрийг хугацаанд нь төлж, Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлж ирсэн. Тус газруудыг эзэмшсэнээс хойш дараах бодит ажиллагааг хийсэн:

Газрыг ашиглалтад оруулахад саад болж байсан *******ийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлүүлсэн, ...2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тухайн газар дээр барилгын суурийн ажил хийлгэсэн,

2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр "******* ******* сүрвей" ХХК-тай Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил гүйцэтгэх 228, 229 дугаар гэрээ байгуулж газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг тус тус хийлгүүлж..., Төслийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор ...2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хөрөнгө оруулалтын санал хүргүүлсэн... 03 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгө оруулагчтай албан уулзалт хийсэн,

Дээрх Засаг даргын захирамжууд нь эрх зүйн үндэслэлгүй буюу Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэх заалтыг үндэслэсэн бөгөөд ******* сумын Засаг дарга, сумын газрын даамал, бусад холбогдох байгууллагаас нэхэмжлэгч намайг нэг ч удаа газар эзэмших гэрээгээ дүгнүүлэх талаар мэдэгдэж байгаагүй,

Захирамж гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа хийгээгүй буюу тус захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан 4.2.5 зорилгодоо нийсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг зөрчсөн, тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэх шаардлагыг зөрчсөн. ...” гэжээ.

3.1. Тэрээр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч М.******* нь тус сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/75 дугаар захирамжаар худалдаа үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар Булган аймгийн ******* сумын 2 дугаар баг, Найрамдал 4-406 тоот хаягт 300 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшдэг байсан. Хоёрдугаарт Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар мөн тус хаяг буюу 408 тоотод хаягт худалдаа үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар 200 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшдэг байсан. Гэтэл Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/95, А/96 дугаартай захирамжуудаар дээрх газар эзэмших эрхийг цуцалсан байгаа. Уг захирамжуудыг нэхэмжлэгчид гарах гэж байгаа талаар мэдэгдээгүй, нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа зохион байгуулах зэрэг ажиллагаануудыг огт хийгээгүй. Шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.*******ыг дуудан ирүүлээд ямар учраас энэ хоёр газраа ашиглахгүй байгаа юм бэ?, ямар шалтгаан байгаа юм бэ? гэдгийг асууж тодруулаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийсний үндсэн дээр тус захирамжуудыг гаргах ёстой байсан. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо хоёр үндэслэлээр хүчингүй болгосон. Нэгдүгээрт газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй гэсэн. Гэтэл газар эзэмших гэрээнд зааснаар гэрээг дүгнүүлэх үүрэг нь хоёр талд хоёуланд нь байгаа. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийг гэрээгээ дүгнүүлээгүй гэж үзээд газар эзэмших эрхийг цуцлаад байгаа нь үндэслэлгүй байна. Ядаж нэхэмжлэгчид газар эзэмших гэрээгээ дүгнүүлээрэй гэдгийг урьдчилан мэдэгдэж мэдэгдэл хүргүүлээгүй. Хоёрдугаарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэдэг байдлаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тухайн газрыг ямар байдлаар яаж ашиглах ёстой байсан юм, хүндэтгэн үзэх шалтгаан байсан юм уу? байгаагүй юм уу? гэдэг нөхцөл байдлуудыг хариуцагч талаас тодруулах ажиллагааг хийгээгүй. Тухайн газрыг худалдаа үйлчилгээ, төв цогцолбор зориулалтаар гэдэг нь яаж хэрэгжүүлэх ёстой байсан юм, эсхүл байшин барилга барих ёстой байсан юм уу? гэдэг талаас нь ажиллагаа хийгээгүй байж газар эзэмших эрхийг нь цуцлаад байгаа нь үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгчийн хувьд анх хүлээж авсан газар нь чанар байдлын хувьд эрс өөрчлөгдсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрыг огт ашиглаагүй биш хуульд заасан эрхийн дагуу ашиглаад үр ашгийг нь хүртээд явж байсан. Газрын төлбөрийг цаг тухай бүрт нь төлж байсан. Тухайн газар дээр цахилгаан дамжуулах 5 ширхэг шугам байсан гэдэг. Тухайн 5 ширхэг шугамыг шилжүүлэн чөлөөлөх ажлыг хийсэн. “******* ******* *******” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил гүйцэтгэх 228, 229 дугаартай гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу “******* ******* *******” ХХК нь маргаан бүхий газар дээр ирж газрын төлөв байдал хянан баталгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын чанар хянан баталгааны ажил явагдаагүй гээд байгаа. Уг гэрээг хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байгаа. Маргаан бүхий газар дээр төсөл хөтөлбөрийг яагаад удаашралтай бариад байсан бэ? гэхээр санхүүгийн хувьд маш хүндхэн байсан. Харин одоо бол тухайн газар дээр төсөл хөтөлбөр, үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байшин барихаар хөрөнгө оруулагч нарыг татан оруулж, хөрөнгө мөнгө босгосон байгаа. Хөрөнгө оруулалт авсан тухай уулзалтыг тэмдэглэлийг хэрэгт баримтаар гаргаж өгсөн байгаа. Шүүхээс нэхэмжлэл хангагдаж газар эзэмших эрх олгогдоод явбал цаашид дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх болно. Дараагийн хийсэн ажил бол тус хоёр газрыг холбосон суурь буюу хундам цутгасан байгаа. Оролцогчийн эрхийг хангаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаануудыг хийгээгүй тул Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/95, А/96 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна” гэв.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий газар дээр байсан цахилгааны шонгуудыг зөөвөрлөсөн гээд байна. Гэтэл үүнийг манайхаас “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хархорин салбар руу албан тоот хүргүүлж тухайн байгууллагатай хамтран ажиллаж зөөвөрлүүлсэн. Энэ талаар 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/1/55 тоот албан бичгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч газрыг гэрээнд заасны дагуу ашиглаагүй гэж үзэж байна. Уг гэрээний 41.1.6-д заасны дагуу тухайн газрыг бодитоор ашиглаагүй гэж үзэж байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт тухайн газарт эвдрэл гэмтэл үүссэн, цөлжилт бий болсон, хууль бус үйл ажиллагаа, үйлдлээс болсон, эсхүл байгалийн гамшиг болсон зэрэг нөхцөл байдлыг авч үздэг. Мөн тухайн газрыг өөрийн эзэмшилдээ авснаас хойш 2 жилийн хугацаанд тухайн газраа ашиглаж хашаа хороо барих, эсхүл барилга байгууламж бариагүй. “******* ******* *******” ХХК-тай гэрээ байгуулж газрын хянан баталгаа хийлгэсэн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр тухайн компани руу байгаль орчны байцаагч миний бие өөрийн биеэр утсаар залган ийм нэртэй, ийм хүний эзэмшлийн газар дээр газрын хянан баталгаа хийсэн үү? гэхэд үгүй гэж хэлсэн. Дүрэм, журамдаа бол газрын төлөв байдал, хянан баталгааны ажлыг хийх гэж байгаа бол тухайн газрынхаа газрын албаар хянан батлуулсан байхыг шаарддаг. Үүний дагуу манайхаас Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт албан бичиг хүргүүлэн хариу авахад нэхэмжлэгч талын 6307003013, 6307003093 нэгж талбар бүхий газрыг шалгахад 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар газрын төлөв байдал, чанарын баталгаа хийлгээгүй гэдэг нь батлагдсан. Тухайн газар дээр барилга байшин барих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч нартай уулзаж хөрөнгө оруулалт татсан гэдэг нь тухайн газрыг гэрээний дагуу эзэмшиж ашиглаж байгаа гэсэн үг биш юм. Газар эзэмшүүлэх гэрээний дагуу газар эзэмших үүргээ биелүүлээгүй гэдэгтээ орно. 2024 оны 11 дүгээр сард миний бие газар эзэмшигч М.*******д албан мэдэгдэл хүргүүлсэн. Тэгээд манайхаас тухайн газраа зориулалтын дагуу ашиглах болов уу? гэж 2025 онд хүлээсэн. Гэрээний дагуу газраа ашиглаагүй тул 2026 оны 04 дүгээр сард албан мэдэгдэл хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл манайхаас тухайн маргаан бүхий газрыг зориулалтаар нь албан мэдэгдэл хүргүүлсэн. Гэрээгээ дүгнүүлээгүй байгаа нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Энэ нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох нэг үндэслэл болсон гэж хэлмээр байна. Хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо зөвхөн Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээ, бусад хуулийг баримталсан болно. Түүнээс биш хувийн ямар нэгэн ашиг хонжоо харж, эсхүл бусдын ятгалгад автаж, эсхүл хувийн зан харилцааны улмаас хандаагүй болно” гэв. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрээ дүгнүүлээгүй гэдэг асуудлын талаар яривал хоёр тал хоёулаа дүгнүүлэх ёстой байсан гээд байх шиг байна. 2021, 2022 онд байгуулсан гэрээний дагуу газар эзэмшигч талын хууль ёсны шаардлагын дагуу нэхэмжлэгч өөрөө үүргээ хүлээх ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.******* газар эзэмших гэрээнд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулснаас хойш жил болгон гэрээгээ дүгнүүлэх ёстой байсан юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь нэхэмжлэгч М.*******д “худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор” гэх зориулалтаар тус бүр “15 жил”-ийн хугацаатай эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн
  • нэгж талбарын * дугаартай 300 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн ** дугаарын гэрчилгээ,
  • нэгж талбарын **дугаартай 200 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн ** дугаарын гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулахаар Булган аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан маргаан үүсгэсэн.
  1. Нэхэмжлэл үндэслэлтэй байна.
  2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь “Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/95, А/96 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжууд нь иргэн М.*******ы газар эзэмших эрхийг зөрчиж байна,
  • Маргаан бүхий захирамжуудыг нэхэмжлэгчид гаргах гэж байгаа талаар мэдэгдээгүй, тухайн газрыг ямар байдлаар ашиглах ёстой байсан, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа зохион байгуулах зэрэг ажиллагаануудыг огт хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн,
  • газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийг “газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй” гэх үндэслэлийг заасан ба гэрээг дүгнүүлэх үүрэг нь хоёр талд хоёуланд нь байхад зөвхөн нэхэмжлэгчийг гэрээгээ дүгнүүлээгүй гэж үзээд газар эзэмших эрхийг цуцлаад байгаа нь үндэслэлгүй,
  • Нэхэмжлэгч тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах зорилгоор шаталсан арга хэмжээ авч үргэлжилсэн байдлаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа” гэх агуулгаар маргав.
  1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байна.
    1. “***” дугаартай “Нэгж талбарын хувийн хэрэг”-ийг Булган аймгийн ******* сумын Засаг дарга /цаашид “Засаг дарга” гэх/-ын 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/68 дугаартай захирамжийг үндэслэн мөн өдөр нь нээсэн гэх бичвэртээ бөгөөд түүнд авагдсан баримтуудаар
  • Монголын ******* нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт зохион байгуулсан тус сумын 2 дугаар баг Хүн эмнэлгийн ар талд байршилтай 300м2 газрыг эзэмших эрхийг худалдах дуудлага худалдаанд оролцон ялагч болж, мөн өдөр нь газрын даамал П.*******тэй “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г байгуулсан байх ба тухайн сарын 12-ны өдөр дуудлага худалдааны үнэ 340000 төгрөгийг шилжүүлсэн, 
  • Засаг дарга нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б/75 дугаартай захирамжийг гарган М.*******д дээрх газрыг эзэмших эрхийг олгосон бөгөөд тухайн захирамжийг үндэслэн Булган аймгийн ******* сумын * тоотод байрлах, нэгж талбарын *** дугаар бүхий 300 м.кв газрыг “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор”-ын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх №*** дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгож /хавтаст хэргийн 9 дэх тал/,
  • мөн өдөр нь М.******* болон ******* сумын газрын албаны мэргэжилтэн П.******* нар ** дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байна. /хавтаст хэргийн 11 дэх тал/.
    1. “***” дугаартай “Нэгж талбарын хувийн хэрэг”-ийг Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/132 дугаартай захирамжийг үндэслэн мөн өдөр нээсэн гэх бичвэртэй бөгөөд Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаартай “Газрын гэрээ гэрчилгээг шинэчлэн олгох тухай” захирамжийг хадгалсан /эх баримт/,
  • Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг үндэслэн тус сумын ** тоотод байрлах, нэгж талбарын ** дугаар бүхий 200 м.кв газрыг “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор”-ын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх №*** дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г  2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгож /хавтаст хэргийн 10 дахь тал/,
  • мөн өдөр нь М.******* болон ******* сумын газрын албаны мэргэжилтэн П.******* нар 0** дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байна. /Эх баримт болон хавтаст хэргийн 74-75 дахь тал/.
    1. Иргэн М.******* нь ******* сумын ** тоотод байрлах нэгж талбарын *** дугаар бүхий 300 м.кв газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “******* ******* *******” ХХК-тай байгуулсан. /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
    2. Булган аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******гээс
  • “...газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/, 40 дүгээр зүйлийн 1.5 /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй/ гэсэн үндэслэлээр ...*** нэгж талбарын дугаартай ...300 м2 талбай бүхий газрыг хуулийн хүрээнд хураан авч байгааг үүгээр МЭДЭГДЭЖ байна” гэх 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Албан мэдэгдэл” /хавтаст хэргийн 48 дахь тал/,
  • “...300 м2 талбай бүхий *** нэгж талбарын дугаартай..., ... 200 м2 талбай бүхий *** нэгж талбарын дугаартай ...газрыг дуудлага худалдаагаар тус тус авсан байна. Дээрх газруудыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ тухайн газрыг хүчингүй болгож сум орон нутгийн мэдэлд хураан авч байгааг үүгээр МЭДЭГДЭЖ байна” гэх 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Албан мэдэгдэл”-ийг тус тус гаргаж М.*******д мэдэгдсэн. /хавтаст хэргийн 47 дахь тал/,
    1. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх” ТӨХК-ийн Хархорин салбарын 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/55 дугаартай албан бичгээр “******* сумын төвийн 10кВ-ын ЦДАШ-д 2019 оны төлөвлөгөөт засвараар бүрэн төмөр бетон тулгуур шилжүүлсэн тул ...модон тулгуур байх боломжгүй...” гэх /хавтаст хэргийн 49 дэх тал/,
    2. Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/566 дугаартай албан бичгээр “...*** дугаартай  нэгж талбарыг шалгаж үзэхэд 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар газрын төлөв байдал, чанарын улсын захиалгат хянан баталгаа хийгдээгүй байна” гэх мэдээллийг тус тус ******* сумын Засаг даргад хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 49 дэх тал/
  1. Маргаан бүхий захирамжуудыг
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 /Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана/ дэх хэсэг,
  • Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэг,
  • 40 дүгээр зүйлийн 40.1.6,
  • Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалт,
  • Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Улсын байцаагчийн 35-17-01/018/15 дугаартай албан шаардлагыг тус тус үндэслэн гаргажээ.
  1. Засаг даргын 2026 оны А/95 болон А/96 дугаартай захирамжууд нь М.*******ы нэгж талбарын *** болон *** дугаартай газруудыг эзэмших эрхийг дуусгавар болгосон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актууд байх тул тэдгээрийн хууль зүйн үндэслэлээр тодорхойлогдсон бөгөөд газрын харилцаа болон захиргааны шийдвэр гаргах ажиллагааг илүү нарийвчлан зохицуулсан Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтуудыг судлан үзвэл:
    1. “Газрын тухай хууль”-ийн
      1. 27 дугаар зүйлийн 27.1 болон 27.2, 27.3 дахь хэсгүүдэд газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байхаар,
      2. 34 дүгээр зүйлийн 34.6-д газар эзэмших гэрээнд тусгах зүйлсийг тодорхойлсон ба 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж,
      3. 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт газар эзэмшигчийн эдлэх эрхийг заасан бөгөөд 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж,
  • 35.3 дахь хэсэгт хүлээх үүргийг заасан бөгөөд 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.4-т “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх” гэж,
      1. 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг 7 заалтаар хуульчилсны 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж,
      2. 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч... нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж,
      3. 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн... газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1-т заасан ...албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг ...эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.
    1. “Захиргааны ерөнхий хууль”-ийн
      1. 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримтална гэж,
      2. хуулийн гуравдугаар бүлэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг заасан ба 15 дугаар зүйлийн 15.1-д “15.1.1.захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах”, 15.4-т “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх” гэж оролцогчийн эрхийг хуульчилсан бол,
      3. 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээх бөгөөд тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохыг үүрэгжүүлсэн. 
      4. Түүнчлэн мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохыг,
      5. 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсгүүдэд зааснаар захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлэх үүргийг хэрэгжүүлэхээр тус тус зохицуулсан байна.
      6. Харин 37 дугаар зүйлийн 37.1, 37.6 дахь хэсгүүдэд захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг “захиргааны акт” гэж, эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг “хууль бус захиргааны акт” гэж ойлгохоор тус тус тодорхойлсон бөгөөд
      7. 40 дүгээр зүйлийн 40.1-д “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана”, 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гээд 5 заалт бүхий зохицуулалт байгаагийн дотор 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж,
      8. 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гээд 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”  гэжээ.
  1. Хариуцагч нь 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1/“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 2/“газар эзэмших гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй” хэмээн М.*******ы нэгж талбарын *** болон ** дугаартай газруудыг эзэмших эрхүүдийг нь хүчингүй болгосон А/95, А/96 дугаартай захирамжуудыг гаргасан байна.
  2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэсэн байх тул дээрх захирамжууд нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болжээ.
  3. Тиймээс хариуцагч нь дээрх шийдвэрүүдийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт хуульчилсан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тодруулбал: Засаг дарга М.*******ыг өөрийн эзэмшиж буй нэгж талбарын ***, *** дугаартай газруудыг “худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор”-ын зориулалтаар эзэмшихгүй байгаа гэж үзсэн бол ямар шалтгаан нөхцөлийн улмаас зориулалтын дагуу эзэмшихгүй байгааг тодруулах ажиллагааг явуулах учиртай.
  4. Гэтэл тэрээр 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн  А/95 болон А/96 дугаартай захирамжуудыг гаргахаас өмнө нэхэмжлэгч М.*******тай сонсох ажиллагааг явуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн шүүх хуралдаанд гаргасан “...2026 онд бидний зүгээс мэдэгдлээ хүргүүлээд очих гэтэл гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би утас руу нь ярихад би одоо Ховд аймагт явж байна, авах боломжгүй байна гэж хэлэхээр нь би ийм захирамж гарсан гэдгийг нь тайлбарласан. Ингэхдээ бид хоёр фейсбүүкээр чаталсан юм...” гэх тайлбараар нотлогдож байна.
  5. Засаг даргыг шийдвэр гаргахын өмнө М.*******тай сонсох ажиллагаа явуулахыг шаардаж буй хуулийн гол зорилго нь М.*******

- газар эзэмших эрхээ үнэхээр хэрэгжүүлэхгүй байна уу,

- эсхүл газраа зориулалтын дагуу эзэмшихэд нь бэлтгэл үйл ажиллагаа явуулах шалтгаан нөхцөл үүсээд түүнд нь тодорхой цаг хугацаа шаардагдаад байна уу,

- эсхүл дээрх хэсэгт тусгасан шиг бэлтгэл ажиллагаа шаардагдаагүй ч өөр бусад хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсоны улмаас эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна уу гэдгийг нь сонсох ажиллагааны журмаар тогтоох боломжтой бөгөөд ингэж гаргасан шийдвэр нь газар эзэмшигч М.*******ы тухайд ч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж гомдох нөхцөлийг үүсгэхгүй, шууд хэрэгжих боломжтой, маргаангүй захиргааны акт болох явдал юм. Тухайлбал: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасанчлан М.******* нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй”-гээр газраа зориулалтын дагуу эзэмших эрхээ хэрэгжүүлэх идэвхтэй үйлдлийг хийхгүй байна уу, эсхүл хуульд заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” байсны улмаас эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байсан уу гэдгийг М.*******аас гаргах санал, тайлбар болон нотлох баримтаар тогтоогдох боломжтой.

  1. М.*******ы эзэмшлийн нэгж талбарын *** дугаартай газрууд нь нэг дор байршилтай, хил залгаа газрууд бөгөөд түүний барьсан бетон суурь нь ******* сумын цэцэрлэгийн өргөтгөлийн хэсгийн гадна хашааны орц, гарцтай тулсан байршилтай болсон болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.*******гийн “...Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цэцэрлэгийн өргөтгөл хийсэн газартай нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар тулчихсан. Бүр тодруулбал 10 см-н зайнд тулсан байгаа...” гэх, төлөөлөгч М.Оюундарийн “...нэхэмжлэгч М.*******ы газар нь хүүхдийн цэцэрлэгийн барилга байгууламжтай тулгаад барьчихсан байсан...” гэх тайлбар, газрын тухайн хэсгийг харуулсан бетон суурь болон цэцэрлэгийн барилгыг харуулсан гэрэл зургаар тогтоогдов.   
  2. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч Б.*******гийн “...Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2022 онд батлагдсан ...Цэцэрлэгийн өргөтгөл 2024 онд баригдаж дуусаад ашиглалтад орсон...” гэх, төлөөлөгч М.Оюундарийн “...хүүхдүүдийн эрх ашгийг болон төрийн байгууллагын эрх ашгийг хөндөж байна гэж үзсэн...” гэх тайлбаруудаар ******* сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2022 онд батлагдаж, түүнд тусгагдсан цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 2024 онд ашиглалтад орсон бөгөөд уг барилгын гадна хашааны хаалга нь М.*******ы эзэмшлийн газар луу харсан болох нь нотлогдов.
  3. Хариуцагчийн төлөөлөгч М.******* нь маргаан бүхий захирамжуудын хууль зүйн үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тодорхойлсон шалтгаан нөхцөлийг “...хүүхдүүдийн эрх ашгийг болон төрийн байгууллагын эрх ашгийг хөндөж байна гэж үзсэн тул дээрх заалтыг барьсан...” гэж шүүх хуралдаанд тайлбарлав.
  4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно“ гэж тайлбарласан бол 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гээд 5 заалтаар хүчингүй болгох тохиолдлуудыг хуульчилсны дотор 48.2.2 буюу “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх тохиолдлыг оруулжээ.
  5. Гэтэл Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/75 болон 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар захирамжууд нь М.*******д газар эзэмших эрх олгосныхоо тухайд “эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт” мөн бөгөөд тус захирамжуудтай холбогдох маргаан үүсээгүй, хүчинтөгөлдөр үйлчилж байсныхаа тухайд “хууль бус захиргааны акт”-д хамаарахгүй юм.
  6. Дээрх бүгдээс хариуцагч нь нэхэмжлэгчийн нэгж талбарын *** дугаартай газруудын эзэмших эрхийг хүчингүй болгох зорилго нь цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж, орц гарцын давхцал үүсгэсэнтэй холбоотой гэх дүгнэлт хийхэд хүргэж байна.
  7. Тиймээс ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл нь М.*******д нэгж талбарын *** дугаартай газруудыг эзэмших эрхийг олгосноос хойш баригдсан байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах учиртай.
  8. Нөгөө талаар М.*******тай байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нүүдийн 4.14-т “газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх”[1] гэж, 5.4-т “Газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх”[2] гэж гэрээний аль аль талууд нь тухайн гэрээний хэрэгжилтийг жил бүр дүгнэж байхаар харилцан тохиролцжээ.
  9. Бодит байдал дээр ******* сумын Засаг дарга, газрын даамал нар нь газар эзэмшигч иргэнтэй байгуулсан гэрээг жил бүр дүгнэдэггүй болох нь хариуцагчийн төлөөлөгч Б.*******гийн шүүх хуралдаанд гаргасан “...Гэрээг дүгнэх ажиллагааг газрын даамалтай хийгддэг. Гэрээг дүгнэх ажиллагааг голчлон аж ахуй нэгжүүдтэй хийдэг...” гэх тайлбараар илэрхийлэгдэж байна.
  10. Засаг дарга нь сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн   М.*******тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг дүгнэх үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна, энэ талаарх тайлбарыг гаргаагүй.
  11. Түүнчлэн нэхэмжлэгчтэй сонсох ажиллагаа явуулахаар хүргүүлсэн гэх “Албан мэдэгдэл”-ийг ******* сумын газрын харилцааны асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд болох сумын Засаг дарга болон газрын даамлаас бус байгаль орчны асуудал хариуцсан улсын байцаагчаас  гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд 2024 болон 2026 онуудад хүргүүлсэн “Албан мэдэгдэл”-үүд нь сонсох ажиллагаа явуулах тухай бус М.*******ы дээрх нэгж талбарын газруудыг эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийн талаар мэдэгдэж буй агуулгатай байна.
  12. Тиймээс хариуцагч сонсох ажиллагаа явуулах мэдэгдэл хүргүүлсэн ч оролцоогүй гэж нэхэмжлэгчийг буруутгах эрхгүй бөгөөд М.*******ы газар эзэмших эрхийг хөндсөн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг нь хангаагүй хариуцагчийн үйлдлийг зөвтгөх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцэхгүй.
  13. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хуульчилсан бөгөөд 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн.
  14. Гэтэл Засаг даргын маргаан бүхий 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан А/95 болон А/96 дугаартай захирамжуудын аль аль нь дээрх зохицуулалтыг зөрчсөн, хуульд нийцээгүй захиргааны шийдвэр болжээ.
  15. Дээрх үндэслэлүүдээр Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/95 болон А/96 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжууд нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тэдгээр захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.3, 60 дугаар зүйлийн 60.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.5, 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/95 болон А/96 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТЧИМЭГ

 

[1] Газар эзэмшигч М.*******ы гэрээгээр хүлээсэн үүргийн хэсгээс.

 

[2] Газар эзэмшүүлэгч Засаг дарга, тус сумын газрын даамлын гэрээгээр хүлээсэн үүргийн хэсгээс.