| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/04425/И |
| Дугаар | 191/ШШ2025/07201 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/07201
2025 09 02 191/ШШ2025/07201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, .....
Хариуцагч: ..... нарт холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 324,279,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тү,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А
Хариуцагч ......консалтинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч..... ХХК нь хариуцагч ......консалтинг ХХК, Б.Гү нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:..... ХХК нь ......консалтинг ХХК, иргэн ..... нартай 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний дагуу Б.Гү, ......консалтинг ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 123,192,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 81,200,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 81,200,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш тус тус авч өнөөдрийг хүртэл нийт төлбөрөөс огт төлж барагдуулаагүй байна.
Талуудын байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2-т Худалдан авагч нь 2.1 дүгээр заалт болон бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээний дагуу зээлээр худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг тухайн бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногийн дотор төлж барагдуулна, 3.5-д Худалдан авагч тал газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.25 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч талд төлнө гэж тус тус заасан.
Иймд нийт худалдан авсан дизель түлшний үнэ болох 285,592,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 123,192,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшний 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 63 хоногийн алдангид 19,402,740 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 81,200,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшний 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 54 хоногийн алдангид 10,962,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 81,200,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшний 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 41 хоногийн алдангид 8,323,000 төгрөг, нийт 324,279,740 төгрөгийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Гү, ......консалтинг ХХК-аас гаргуулж өгнө үү.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар Б.Гү, ......консалтинг ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд хариуцагч компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар өгсөн. Дээрх хуулийн 242.5-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэгэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөнө гэх заалтыг дурдах нь зүйтэй байна гэв.
2.Хариуцагч ......консалтинг ХХК болон Б.Гү нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд заасан үүргийг гүйцэтгэх этгээдийг зөв тодорхойлоогүй буюу хариуцагчийг зөв тогтоогоогүй талаар.
2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг ......консалтинг ХХК болон..... ХХК-ийн хооронд байгуулсан.
Гэрээний дагуу манай компани 3 удаагийн татан авалтаар нийт 100тн түлшийг хүлээн авч, гэрээний төлбөрт нийт 285,592,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн.
Гэвч манай компанийн үйл ажиллагаа гадаад зах зээлээс шалтгаалан (БНХАУ-ын нүүрсний зах зээлийн ханшийн уналт 45%-д хүрсэн) хүндрэлд орсноор гэрээний үнийн дүнг тодорхой хугацааны дараа төлж барагдуулах нөхцөл байдалд хүрээд байна. Энэ талаар нэхэмжлэгч талтай анхны хэлцэл хийх үед харилцан тохиролцсон байсан боловч уг хэлцэл биелэгдэх боломжгүйд хүрсэн гэж үзсэний үндсэн дээр нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлд дурдсанчлан хариуцагчаар ......консалтинг ХХК болон компанийн гүйцэтгэх захирал Б.Гүг хамтран хариуцагч этгээдээр татсан гэж үзэхээр байна. /Нэхэмжлэлд заасан үүргийг гүйцэтгэх этгээдийг зөв тодорхойлоогүй/
Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн этгээд хооронд байгуулагдсан гэрээ тул ......консалтинг ХХК бүрэн хариуцах бөгөөд Б.Гүг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй юм.
Учир нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж, Компанийн үндсэн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Компани нь Компанийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан.
Уг хуулийн заалт болон дүрмийн заалтуудаас үзвэл компанийн гүйцэтгэх удирдлага Б.Гүг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй, ......консалтинг ХХК дангаар хариуцагчаар татагдах ёстой юм.
Иймд дээрх үндэслэлээр..... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх3/,..... ХХК-ийн дүрэм /хх5-8/, Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ /хх9-13, 36-40/, зарлагын баримт /хх14-16/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх17/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч..... ХХК нь хариуцагч ......консалтинг ХХК, Б.Гү нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 324,279,740 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч..... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч..... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ......консалтинг ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал Б.Гү нартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Хариуцагч ......консалтинг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хариуцагч нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид тул гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрх үүссэн. Түүнчлэн гэрээний 3.5-д зааснаар хариуцагч этгээдүүдээс алданги гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж тайлбарласан.
3. Хариуцагч ......консалтинг ХХК болон Б.Гү нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ Нэхэмжлэгч нь үүргийг гүйцэтгэх этгээдийг зөв тодорхойлоогүй буюу хариуцагчийг зөв тогтоогоогүй. Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг ......консалтинг ХХК болон..... ХХК-ийн хооронд байгуулсан. Хариуцагч компани нь гэрээний дагуу 3 удаагийн татан авалтаар нийт 100 тн түлшийг хүлээн авч, гэрээний төлбөрт нийт 285,592,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Гэвч компани нь гадаад зах зээлээс шалтгаалан (БНХАУ-ын нүүрсний зах зээлийн ханшийн уналт 45%-д хүрсэн) хүндрэлд орсноор гэрээний үнийн дүнг тодорхой хугацааны дараа төлж барагдуулах нөхцөл байдалд хүрээд байна.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Компанийн дүрмийн 4.1-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага Б.Гүг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй, ......консалтинг ХХК дангаар хариуцагчаар татагдах ёстой юм гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан ба гэрээнд худалдагч нь гэрээний хугацаанд нийт 100 тн /100,000 литр/ ГТБ дизель түлшийг худалдах бөгөөд литр тутмын үнийг 2,900 төгрөг байх ба худалдагчийн үнэ нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тодорхойлогдох гааль, онцгой албан татвар, НӨАТ багтсан үнэ байх, худалдан авагч нь гэрээний 2.1 заалт болон бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээний дагуу зээлээр худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногийн дотор төлж барагдуулах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зохицуулсан.
Гэрээний нөхцөл, талуудын харилцан хүлээсэн үүргийн шинж чанараас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Талууд газрын тосны бүтээгдэхүүний үнийг тодорхой хугацаанд хүүгийн хамт төлөх, төлбөл зохих хүүгийн хэмжээний талаар тохиролцоогүй зэргээс тэдгээрийн хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй.
5. Зохигч талууд гэрээ байгуулагдсан, үүний дагуу нэхэмжлэгч талаас газрын тосны тосны бүтээгдэхүүнийг хариуцагч компанид нийлүүлсэн талаар маргаагүй боловч хариуцагч Б.Гү нь гэрээний тал буюу хамтран үүрэг гүйцэтгэгч мөн эсэх, төлбөрийг хариуцах эсэх талаар маргаж байна.
6. Нэхэмжлэгч талаас гэрээний удиртгалын нөгөө талаас гэсэн хэсэгт ......консалтинг ХХК /цаашид худалдан авагч гэх/-ийг төлөөлж Б.Гү гэснээс гадна иргэнийхээ хувьд Б.Гү гэж бичигдэн, түүний мэдээлэл тусгагдсан. Гэрээний төгсгөлд 1 хүний 2 гарын үсэг зурагдахаас сэргийлж толгой хэсэгт оруулсан гэсэн бол хариуцагч нараас ...Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Компанийн дүрмийн 4.1-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага Б.Гүг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй гэж татгалзсан.
Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээнээс үзвэл, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр талууд тохиролцон, Б.Гү нь иргэнийхээ хувьд гэрээний тал болон оролцсон нь Компанийн тухай хуулийг зөрчөөгүй ба хариуцагч Б.Гү нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болно.
7. Гэрээний 2.7-д Худалдан авагч худалдагчаас хүлээн авсан газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авснаа баталгаажуулж дагалдах падаан /хариу падаан/-д гарын үсэг зурж баталгаажуулна. Худалдан авагч нь аливаа шалтгаанаар хариу падаан үйлдээгүй бол нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний нарийвчилсан хэмжээг худалдагч талын санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн тооцно гэрээний хавсралт 1-д худалдан авагч тал нь агуулахаас бүтээгдэхүүнийг хүлээн авсан даруйд хариу падаан бичиж хүлээлгэн өгнө гэжээ.
2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Зарлагын баримт болон Тооцооны үлдэгдлийн баталгаа хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч..... ХХК-аас 285,592,000 төгрөгийн үнэ бүхий 98,480 литр дизель түлшийг хариуцагч компанид нийлүүлсэн болох нь тогтоогдож байна.
8. Шүүх хуралдааны явцад хариуцагч ......консалтинг ХХК нь тайлбартаа ...нэхэмжлэлийн үнэ болох 324,279,740 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, тооцоололд маргаангүй... гэсэн.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
Хариуцагч ......консалтинг ХХК болон Б.Гү нь гэрээний 2.1, 3.1-т зааснаар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч..... ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй.
9. Талууд гэрээний 3.5-т Худалдан авагч тал газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.25 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч талд төлнө гэх алдангийн тохиролцоог хийж, уг заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь алданги нэхэмжилсэн.
Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж зохицуулсантай нийцжээ.
Хариуцагч нар нь гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,25 хувиар тооцож алдангийг хариуцагч нараас шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч..... ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 123,192,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшний 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 63 хоногийн алдангид 19,402,740 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 81,200,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшний 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 54 хоногийн алдангид 10,962,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 81,200,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшний 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 41 хоногийн алдангид 8,323,000 төгрөг, нийт алдангид 38,687,740 төгрөг шаардсаныг хангах үндэслэлтэй байна.
10. Дээрх бүгдээс дүгнэвэл, хариуцагч ......консалтинг ХХК болон Б.Гү нараас 324,279,740 /285,592,000+38,687,740/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч..... ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
11. Нэхэмжлэгч..... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,779,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......консалтинг ХХК болон Б.Гү нараас 1,779,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч..... ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......консалтинг ХХК болон Б.Гү нараас 324,279,740 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч..... ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч..... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,779,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......консалтинг ХХК болон Б.Гү нараас 1,779,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч..... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ