Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/02367

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/02367

 

 

2017 11 17 210/МА2017/02367

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01805 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 14 286 187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие 2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухрын замд хариуцагч ХХХХ-ийн 16-46 УБЦ Toyota fancargo маркийн автомашинд суун явж байгаад зам тээврийн осолд орж, миний биед хүнд гэмтэл учирсан. Улмаар эмнэлэгт олон сараар хэвтэн эмчлүүлж, одоо Мөнгөн гүүр эмнэлэгт эмчилгээ болон боолт хийлгэж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэл 144 тоот тогтоолоор ХХХХ-д 1 жилийн хорих ялыг тэнссэн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардал, цалингийн зөрүүг өгч байхаар шийдвэр гарсан.  ХХХХ-аас эмчилгээний зардалд 2016 оны 10 сарын 12-ны өдрийн байдлаар 9 500 000 төгрөг нэхэмжилжилнээс 9 280 350 төгрөг нь шүүхийн шийтгэл тогтоолоор баталгаажсан. Үүнээс хойшхи эмчилгээний зардал, цалингийн зөрүүг өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Анхан шатны эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарснаас хойшхи эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас тэтгэвэр авч ажил эрхлэхгүй байгаа тул дундаж цалин болон тэтгэврийн зөрүү зэргийг нэхэмжилж байна. Голомт банкинд ажиллаж байхдаа авч байсан 1 сарын цалингийн дундаж нь 1 354 776 төгрөг, 1 сард авч буй тэтгэвэр 420 657 төгрөг байгаа тул зөрүүд 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 сар хүртэлх 12 сарын хугацаанд 11 209 428 төгрөг, шийтгэх тогтоол гарснаас хойшхи эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зэрэг хохирол, зардалд 3 076 759 төгрөг, бүгд 14 286 187 төгрөг, нийт 14 286 187 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эмчилгээний зардлын тухайд: Нэхэмжлэгч ХХХХ-ийн эмчилгээний зардалд 9 280, 350 төгрөг нь шүүхээр баримтаар баталгаажсан гэж буруу зүйл бичсэн байна. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор баримттай 3 600 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр гэсэн шийдвэр гарсан. Энэ мөнгийг мөрдөн байцаалтын явцад төлсөн бөгөөд шүүхээс ХХХХ-г эмчилгээний зардалд 9 280 350 төгрөг төлүүлэхээр шийдвэр гараагүй. Гарсан бол шийдвэр гүйцэтгэх албаны журмаар төлөх ёстой. ХХХХ нь 5 000 000, 4 500 000 төгрөг, нийт 9 500 000 төгрөгийг нэхэмжлэгчил өгсөн. Харин ч илүү мөнгөн төлсөн бөгөөд энэ хэргийн талаарх бүх баримт эрүүгийн хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч ХХХХ-ийн эмчилгээний зардалд гэж өгсөн мөнгийг нэхэмжлэгч өөрийн эмчилгээнд зарцуулалгүй банкинд хадгаламж нээлгэн өөрийнхөө нэр дээр хуримтлал бий болгосон байдаг. Уг мөнгийг эмчилгээний зардалд авч хэрэглээгүй байх магадлалтай байна. Тийм болохоор эмчилгээний зардал эсхүл мөнгөн хуримтлал бий болгох зорилгоор мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч, сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан байна. Харин мөнгөн хуримтлал хадгаламж төлөх үүрэгтэй гэж хуульчлаагүй байна. Мөнгөн гүүр эмнэлэгт эмчилгээ болон боолт хийлгэхэд 2 061 400 төгрөгний зардал гарсан гэдэгт итгэхгүй байна. ХХХХ-ийн өгсөн мөнгийг эмчилгээнд хэрэглэхгүй банкинд хийчихээд давхардуулан эмчилгээний зардал нэхэмжилж байна гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Дутуу авсан гэх цалин хөлсний тухайд хуулинд цалингийн зөрүү гэж зааж өгөөгүй байна. ХХХХ нь ажил олгогч биш, ажил олгогч бол Голомт банк юм. Голомт банкнаас нэхэмжлэгч ХХХХд дутуу авсан цалин гэж 30 000 000 - 40 000 000 төгрөг өгсөн байна. Дутуу авсан цалин хөлсөө авсан атлаа дахин давхардуулж цалингийн зөрүү гэж нэхэмжилж байна. Эрүүгийн хэргийн яллах дүгнэлтийн хавсралтанд ХХХХийг 3 386 075 төгрөгийн хохиролтой гэж бичсэн байна. Гэтэл ХХХХ 9 500 000 төгрөгийг төлсөн, Голомт банк дутуу авсан цалин хөлсийг нь нөхөөд өгсөн байхад дахин нэхэмжлэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ-аас 13 970 828 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэлээс үлдэх 315 359 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ХХХХ-аас 227 804 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн ХХХХ давж заалдах гомдолдоо:

... Нотлох баримт дутуу цугларсан учраас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлж чадаагүй. Тийм учраас шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Эрүүгийн хэрэгт ХХХХ-ийн гаргаж өгсөн баримт нь энэ хэрэгт гаргаж өгсөн баримттай давхцаж байгаа. ХХХХ эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болоход таягтай явж байсан, таягныхаа мөнгийг авчихсан байсан. Шүд гэмтсэн гэж ямар ч баримтгүй зүйл худал нэхэмжилсэн. Мөн ХХХХ-ийн эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн баримтууд нь эмчилгээний зардал гэж дандаа шатахуун авсан талон чек байсан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогч ХХХХд 9 280 359 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоолын тогтоох хэсэгт зааж өгөөгүй. Мөн хариуцагч ХХХХ-г эрүүгийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч ХХХХд 9 280 359 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн байх тул" гэж огт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Эрүүгийн хэрэгт ХХХХд учирсан хохирлын хэмжээг 3 386 075 төгрөг гэж тогтоосон байдаг. Энэ тухай баримт буюу яллах дүтнэлтийн хавсралт хэрэгт авагдсан байгаа. Харин хариуцагч уг тогтоосон мөнгөнөөс илүү буюу 9 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Гэтэл анхан шатны шүүх иргэний хуулийг буруу хэрэглэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг хэрэглэсэнгүй. Учир нь зохигчдын хэн аль нь Голомт банкинд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Авто осол болох үед албан ёсоор ажлаа хийгээд явж байсан. Тийм ч учраас Голомт банк ХХХХд цалин ба тэтгэврийн зөрүү, эмчилгээний зардалд 25 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Гэтэл ХХХХ ажиллаж байгаа байгууллагаасаа эдгээр шаардаад байгаа мөнгийг авч хадгаламжийн дэвтэртээ хийчихээд одоо ХХХХ-аас давхардуулан нэхэмжилж байна. Голомт банкийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж шүүх хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байсан. Гэтэл уг хүсэлтийг шүүх хангаагүй. Иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлт ч энэ талаар бичигдсэн байхад үүнийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Эрүүгийн хэргээс ХХХХ-ийн гаргаж өгсөн хохирлын баримтыг гаргуулж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Голомт банкийг татан оролцуулж цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлүүлж үндэслэл бүхий шийдвэр гаргуулах саналтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа боловч тухайн маргаанд хамааралтай хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн хариуцагч ХХХХ-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 14 286 187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойшхи хугацааны эмчилгээний зардал болон цалингийн зөрүүг гаргуулна гэж тодорхойлжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 144 дугаар хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ХХХХ нь согтуугаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие мах бодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон байх бөгөөд уг ослын улмаас нэхэмжлэгч ХХХХ-ийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан байна. /хх-ийн 5-8, 14-15, 83-89, 125-133 тал/

 

Хуульд зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг төлөх үүргийг хүлээдэг тул нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-аас эмчилгээний зардал болон цалингийн зөрүүгээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх эрүүгийн шийтгэх тогтоол гарснаас хойшхи эмчилгээний зардалд зарцуулсан нотлох баримтуудыг үндэслэн эмчилгээ, сувиллын зардалд 2 981 041 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 сар хүртэлх 12 сарын хугацааны цалин тэтгэврийн зөрүүд 11 209 428 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...осол гарах үед зохигчид албан үүргээ гүйцэтгэж явсан, уг хэрэгт Голомт банкийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг хэрэглээгүй гэж тодорхойлсон байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байх бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор хариуцагч нь 2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны шөнө 02-03 цагийн үед өөрийн эзэмшлийн автомашиныг согтуугаар жолоодож явахдаа осол гаргасан болох нь тогтоогдсон, осол гарах үед албан үүргээ гүйцэтгэж явсан, үйлдвэрлэлийн осол байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШТ2017/00239 дугаар тогтоолоор хариуцагчийн Голомт банкийг гуравдагч этгээдээр татах хүсэлтийг хангахгүй орхисон нь зөв байна. /хх-ийн 160-162/

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирол учруулснаас үүссэн маргаантай харилцааг илүү нарийвчилсан зохицуулалт болох тээврийн хэрэгслийн ашиглалтаас учирсан гэм хорын хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нөхөн төлөхөөр зохицуулсан Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж баримтлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Мөн хариуцагч эрүүгийн хэргийн материалаас нэхэмжлэгчийн эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлтийг хангаагүй, таягны болон шүдний эмчилгээний үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн, эмчилгээний зардлаар мөнгөн хуримтлал үүсгэсэн гэсэн үндэслэлүүдийг давж заалдах гомдолдоо гаргаж байгаа боловч анхан шатны шүүх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн шүд гэмтсэн талаар шийтгэх тогтоолд болон шүүх эмнэлгийн тогтоолд дурьдагдаагүй гэсэн үндэслэлээр шүдний эмчилгээний зардлыг хариуцагчаас гаргуулаагүй, нэхэмжлэгч шийтгэх тогтоол гарснаас хойшхи хугацааны зардлыг нэхэмжилж байгаа тул эрүүгийн хэрэг шийдвэрлэх үед гарсан эмчилгээний зардлын баримтыг авахуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь хууль зөрчсөн гэх үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 182/ШТ2017/00171 дугаар тогтоолоор эрүүгийн хэргээс нэхэмжлэгчийн эмчилгээний картыг хуулбарлан авах хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, уг захирамжийн дагуу нэхэмжлэгч ХХХХ-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хэрэгт нотлох баримтаар хуулбарлан хавсаргасан байна. /хх-ийн 125-132/

 

Мөн хохирогчид учирсан гэмтлийн зэрэг болон хэрэгт авагдсан фото зургуудаас үзэхэд нэхэмжлэгч ХХХХд таяг зайлшгүй хэрэгтэй болох нь тогтоогдсон, уг таягны үнийг хариуцагч ХХХХ өмнө нь төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих хуулийн заалтыг нэмсэн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01805 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...499 дүгээр зүйлийн 499.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 805 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.БАТЗОРИГ

  ШҮҮГЧИД                            Б.НАРМАНДАХ

                                                          Ц.ИЧИНХОРЛОО