| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 2438000000453 |
| Дугаар | 2025/ДШМ/14 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/14
2000 01 29 2000/ДШМ/14
Б.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Бүрэнчимэг,
Хохирогч: Б.П,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2004/ШЦТ/464 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Б.Пын давж заалдах гомдлоор Б.Бт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2000 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, А овогт Бын Б, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.
Б.Б нь 000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн хашаан дотор хохирогч Б.Пыг хавсарч унгаагаад баруун хөл дээр нь дэвсэж биед нь халдаж баруун талын шаант ясны дунд доод хэсгээр ташуу эргэлттэй, тахилзуур яс дунд дээд хэсгээр ташуу тус тус зөрөөтэй хугарлууд үүсгэн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2004/ШЦТ/464 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч А ургийн овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4-д зааснаар шүүгдэгч Б.Быг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 007 дугаар зүйлийн 007.1, 500 дугаар зүйлийн 500.1-д зааснаар шүүгдэгч Б.Баас эрүүл мэндийн хохирол 876,550 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Пт олгох, малчны цалин гэх 6,400,000 төгрөг, урсгал зардал 2,500,000 төгрөг, нотлох баримтын шаардлага хангаагүй 362,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.П нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,511,982 (нэг зуун гучин найман мянга хорин хоёр) төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 00 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.
Хохирогч Б.П давж заалдах гомдолдоо: “...миний бие Б.Бт хөлөө хугалуулснаас болж эдийн засаг, сэтгэл санаа, бие махбодиор хохирсон дээрээ хохирлоо. Учир нь Б.Б хөл хугалснаас болж 2 удаа хагалгаанд орж, хөдөлмөрийн чадваргүй болсон. Энэ байдлаас шалтгаалан малчин хөлслөх асуудал үүссэн. Мөн дээрээс нь анхан шатны шүүх миний сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг гаргуулаагүй. Б.Бт ял завшуулж, түүнд давуу байдал олгож байгаад гомдолтой байна.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Хохирогч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Хөл хугарсанаас болж хөдөлмөрийн чадвараа алдаж, сэтгэл санааны хүнд байдалд орсон. Миний сэтгэцэд учирсан хохирлыг авч хэлэлцээгүй.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... миний үйлчлүүлэгч Б.Бт хөлөө хугалуулсны улмаас сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш их хохирсон. Тийм учраас “сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоож өгнө үү” гэх хүсэлт шүүхэд гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
1.Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Б.Б нь 00 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн хашаан дотор хохирогч Б.Пыг хавсарч унгаагаад баруун хөл дээр нь дэвсэж биед нь халдсаны улмаас баруун талын шаант ясны дунд доод хэсгээр ташуу эргэлттэй, тахилзуур яс дунд дээд хэсгээр ташуу тус тус зөрөөтэй хугарлууд үүсгэн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Тодруулбал: Хохирогч Б.П нь 2004 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгох хүсэлт гаргасан /хх-н 61/ байхад шүүх уг хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл”-ийг заагаагүй нь шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
3. Дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарах тул хохирогчийн “...миний сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг гаргуулаагүй, шүүхээр авч хэлцээгүй...” гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогчид эмчилгээ хийлгэж, үйлчилгээ үзүүлэхэд 1,511,982 төгрөгийн зардал гарсан талаарх албан бичгийг холбогдох баримтын хамт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хүргүүлснийг үндэслэж мөрдөгч тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр Г.А-г тогтоож, мэдүүлэг авахад тэрээр “Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,511,982 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна.” гэж мэдүүлжээ /хх-н 19-23 тал/.
Гэтэл шүүгдэгч Б.Б нь 000 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол гэх 1,511,982 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 00дугаарын дансанд төлж /хх-н 60тал/ энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх уг төлбөрийг шүүгдэгчээс дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь бурууг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2004/ШЦТ/464 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Л.ЭРДЭНЭБАТ