Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01789

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01789

 

 

 

О.Уранзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/02011 дүгээр шийдвэртэй, О.Уранзаяагийн нэхэмжлэлтэй Б.Одбаяр, Т.Энхтуул нарт холбогдох хууль бус эзэмшлээс Тоёота приус маркийн автомашиныг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Уранзаяа, хариуцагч Б.Одбаяр, Т.Энхтуул, хариуцагчийн өмгөөлөгч Д.Данзандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч О.Уранзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Одбаярын ээж Т.Энхтуул Тоёота приус маркийн улсын 69-98 УББ дугаартай автомашиныг өөрийн дүүгийн хамт 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил дээр минь ирж, хүч хэрэглэж булааж авч явсан. Тухайн автомашиныг Том алт ХХК-д 10 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсан ба зээлийн төлбөрөө төлж дуусгаад эзэмших эрхийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Үүнээс өмнө зээлийн барьцаанд байхад нь би төлөлцсөн тул Б.Одбаяр миний нэр дээр шилжүүлж өгсөн. Иймд Т.Энхтуул, Б.Одбаяр нарын эзэмшлээс Тоёота приус маркийн улсын 69-98 УББ дугаартай автомашиныг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Энхтуул шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Том алт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Энхтуулд холбогдох Тоёота приус маркийн улсын 69-98 УББ дугаартай автомашиныг гаргуулах нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон татварын гэрчилгээний эх хувь нь надад байхад шүүхийн шийдвэрийг үл хүндэлж, Авто тээврийн үндэсний төвөөс дахин гэрчилгээ гаргуулж авсан байна. Тухайн автомашин нь Том алт ХХК болон О.Уранзаяа нарын нэр дээр 2 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байна. Уг автомашиныг тэтгэвэрт гарахад төрөөс олгосон өөрийн мөнгөнөөс 7 900 000 төгрөгөөр анх 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр худалдан авч, Б.Одбаярын нэр дээр гэрчилгээг авсан байсан.

Гэтэл О.Уранзаяа нь шунахай сэдлээр 10 000 000 төгрөгөөр 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Том алт ХХК-д барьцаалж, зээл авсан, автомашиныг түүний эзэмшилд хуйвалдаж шилжүүлсэн байсан. Тэр тухайн үед манай гэр бүлийн гишүүн байсан бөгөөд нөхөртөө байнга дарамт шахалт үзүүлж, ээжийнхээ автомашиныг миний нэр дээр шилжүүлчих, би барьцаанд тавихгүй гэж ам өчиг өгсөөр бэлэглэлийн гэрээгээр өөртөө шилжүүлж авсан. Уг автомашин миний хөрөнгө тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Одбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Тоёота приус маркийн улсын 69-98 УББ дугаартай автомашиныг ээж Т.Энхтуул авсан бөгөөд миний нэр дээр эзэмших эрхийг авсан байсан, би Бичил глобус ХХК-д барьцаанд тавьж зээл авсан байсан. Зээлийг О.Уранзаяа төлсөн. Тухайн автомашиныг О.Уранзаяад бэлэглэлийн гэрээгээр эзэмших эрхийг шилжүүлж өгсөн ба тэрээр ээжийн эзэмшилд шилжүүлж өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Т.Энхтуулаас 69-98 УББ дугаартай Тоёота приус маркийн автомашиныг гаргуулан нэхэмжлэгч О.Уранзаяад олгож, нэхэмжлэлээс хариуцагч Б.Одбаярт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Энхтуулаас 142 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.Энхтуул, түүний өмгөөлөгч Д.Данзандорж нар давж заалдах гомдолдоо: Улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар алдсан гэж мэдүүлэн дахин шинээр авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсээр байхад хөхүүлэн дэмжиж, мөн АТХ-ийн гэрчилгээнээс өөр нотлох баримтгүй байхад шүүгч өөрийн санаа бодлоор Тоёота приус-20 маркийн улсын 69-98 УББ дугаартай автомашиныг хариуцагч Т.Энхтуул, хүү Б.Одбаяртай худалдан авч, гэрчилгээг Б.Одбаярын гэр дээр бичүүлснийг О.Одбаярыг өмчлөгчөөр үзэн авто машиныг эзэмшигч эрхийг бэлэглэлийн гэрээгээр эхнэр О.Уранзаяад шилжүүлсэн гэж ямар ч нотлох баримтгүйгээр шүүгч дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Уг автомашиныг О.Уранзаяа түр эзэмшиж байх хугацаандаа Тoм алт ХХК-д барьцаалсан бөгөөд анх худалдаж авсан 7 900 000 төгрөгөөс илүү үнээр буюу 10 000 000 төгрөгөөр Тoм алт ХХК-ийн авто ломбардад хууль бусаар шилжүүлж, түүнийгээ баталгаажуулан өөрийн эзэмшил болгох зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Мөн нэхэмжлэгч О.Уранзаяа нь 10 000 000 төгрөг төлсөн, өмнөх хэрэгт барьцаалсан зээлийн төлөлтийн болон санхүүгийн ямар ч нотлох баримт байхгүй, зөвхөн Тoм алт ХХК-аас 10 000 000 төлсөн гэх баримт нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Шүүх төлбөрийг бүрэн төлсөн болгож дүгнэсэн нь учир дутагдалтай байх ба хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэхээс өөр аргагүй. Учир нь уг машины жинхэнэ гэрчилгээ нь Т.Энхтуулын эзэмшил, ашиглалтад байгаа байгаа бөгөөд энэ хугацаанд хүү Б.Одбаяр нь Япон улсад сурч ажиллаж байсан бөгөөд байнга эхнэр, хүүхэдтэйгээ харилцаж уг машиныг ээжид эргүүлэн өг гэдэг шаардлагыг удаа дараалан мессэжээр тавьж байсан бөгөөд О.Уранзаяа нь буцааж өгнө гэж амлаж байсан нотлох баримтын талаар мэдэгдсээр байхад огт хэрэгсэхгүй байгаад гайхаж байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар уг машиныг О.Уранзаяаг өмчлөгч байсан мэтээр тодорхойлсон нь уг машины өмчлөлийг хуулийн дагуу үнэ зөв тодорхойлоогүй бөгөөд О.Уранзаяагийн өмчлөлд байгаагүй нь тодорхой байгаа, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар уг гэр бүлийн дундын өмч мэтээр тооцсон, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан хамтран өмчлөх дундын мэт хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг харилцан тохиролцсоны үндсэн дээр эзэмших, ашиглах, заран зарцуулах эрхийг эдлэх тухай байхад тохиролцоогүй, дур мэдэн бусдын эд хөрөнгийг эзэмшихийг шүүх баталгаажуулсан нь аль ч талаас нь авч үзсэн тухайн хуулийн агуулгаар тодорхойлогдох боломжгүй байгааг анхааран үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О.Уранзаяа нь хариуцагч Б.Одбаяр, Т.Энхтуул нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс Тоёота приус маркийн улсын 69-98 УББ дугаартай автомашиныг чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учиртай.

Анхан шатны шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ автомашин зээлийн барьцаанд байсан ба тухайн зээлийг төлсөн учраас автомашины эзэмшлийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэж тодорхойлж тайлбар гаргасан. Харин хариуцагч Т.Энхтуяа нь маргааны зүйл болж буй автомашиныг өөрийн мөнгөн хөрөнгөөр худалдаж авсан учраас өөрийн хөрөнгө гэх агуулгаар тайлбарласан ба хариуцагч Б.Одбаяр нь энэнхүү тайлбарыг дэмжиж нэхэмжлэгч О.Уранзаяаг автомашиныг эзэмших эрхгүй гэх агуулгаар тайлбар гаргасан. Зохигчид эд хөрөнгийн эзэмшил, өмчлөлийн талаар ийнхүү маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нь энэ автомашиныг өөрийн эзэмшил, өмчлөлийн зүйл мөн болохыг нотлох үүрэгтэй. Хэрэгт энэ талаарх баримт байхгүй байна. Нэхэмжлэгч О.Уранзаяад шүүх 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр эрх үүргийг тайлбарласан. /хх-ийн 12 дугаар тал/ Шүүх 5 өдрийн дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэснээс дүгнэхэд нэхэмжлэгчид нотолгооны үүргийг хэрэгжүүлэх хангалттай боломжийг олгоогүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан зохигчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж бүрдүүлэх ёстой. Нэхэмжлэгч эрх үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байсан, зохигчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ.

Хэргийн 5 дугаар талд Автотээврийн үндэсний төвөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр О.Уранзаяад олгогдсон 6998 УББ улсын дугаартай автомашины техникийн тодорхойлолт байх боловч энэ нь уг эд хөрөнгө нэхэмжлэгчийн өмч болохыг хангалттай нотлохгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх замаар маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан эрх, үүрэг зөрчигдсөн гэж үзэхээр байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/02011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Б.НАРМАНДАХ